Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1086

 

 

 

 

 

      2024           09           24                                           2024/ДШМ/1086

 

Д.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мөнх-Оргил,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Чинзориг

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/826 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2306040850360 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

.............. овгийн Д.............. Г............., 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр ............... төрсөн, э.эгтэй, ... настай, ........... боловсрол...., ....................... мэргэжил..., ........................................ ажил..., ам бүл.., ................................................. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: ................../,

Д.Г нь ...... оны .. дугаар сарын ..-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-тай “согтуугаар тээврийн хэрэгсэл барина, чи машинаас буу” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ........... овогт Д....................... Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй, хэргийн бодит байдлыг шүүхээс бодитой тогтоож чадсангүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хэргийн хохирогч Б.Б нь манай өмгөөлөгчийн асуултад хариулахдаа намайг газарт унасан байхыг харсан гэж хэлсэн бөгөөд яагаад унасан бэ гэхэд тодорхой хариулт өгч чадаагүй юм. Миний зүгээс хохирогч Б.Б руу идэвхтэй довтолсон зүйл байхгүй гэдгийг хохирогч өөрөө ч хэлсэн, би ч хэлсэн байдаг. Тиймээс энэхүү нөхцөл байдлыг сайтар анхаарч үзэж шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд тэнцвэр алдаж унахдаа санамсаргүй цохисон асуудлыг хохирогч ойлгохдоо өөрийг нь цохисон л бол санаатай байж таараа гэж өөрийг нь санаатай цохисон гэж ойлгосон байх өндөр магадлалтай байна. Мөн шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй байдал нь дахин шинжээч томилох үндэслэл болж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн очиж оролцох боломжоор хангаж өгөхийг хүсье. Мөн анхан шатны шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг бүхий тэмдэглэлийг давж заалдах шатны шүүхээс бүрэн эхээр нь үзэж хохирогчийн мэдүүлгийг нягтлан шалгаж өгнө үү... ” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэнгүй, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны мэтгэлцээний үеэр хохирогч Б.Б нь өөрөө шүүгдэгч Д.Г нь хэрэг болсон газарт газар унасан байхыг харсан гэх бөгөөд ямар учраас газар унаж бөгсөөрөө суусан байдалтай байсан талаар мэдүүлэхдээ тодорхой хариулт өгөөгүй бөгөөд дахин тодруулж асуухад хараагүй гэж мэдүүлсэн байх бөгөөд энэ нь манай үйлчлүүлэгч халамцуу байх үедээ халтирч унасан байхыг үгүйсгээгүй бөгөөд унахдаа хохирогчийг санамсаргүй шүд уруул хавьд хүрсэн байх боломжтой юм. Түүнээс манай үйлчлүүлэгчийн хувьд хохирогч Б.Б руу идэвхтэй довтолсон зүйл байхгүй гэдгийг хохирогч хэлдэг. Мөн түүнийг шүүгдэгч Д.Г тэнцвэр алдаж унахдаа санамсаргүй цохисон асуудлыг өөрийг нь санаатай цохисон гэж ойлгосон байх өндөр магадлалтай байна. Мөн шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй байдал нь дахин шинжээч томилох үндэслэл болж байна...” гэв.

          Прокурор Э.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх агуулга бүхий гомдол гаргаж байна. Шүүгдэгч Д.Г-ын үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай цугларсан. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцүүлж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хх 7,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9639 дугаартай “....Б.Б-ийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, дээд зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт хх 30-31,

        хохирогч Б.Б-ийн “...дуудлагаар хүргүүлж буй ах дахиад намайг чи буу гээд тэгэхээр нь би машинаас буух гээд бүсээ тайлаад эргээд хартал тухайн хүн баруун гараараа уруул хамар, хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би шууд цагдаа дуудсан. ...тухайн хүнийг гэрээсээ түшиж гаргаж ирээд машинд суулгасан. Машинаас буу гэхээр нь буух гэж байхад баруун гараараа миний уруул хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг хх 13-19,

        гэрч Ж.Б-ийн “...2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “би дуудлагын жолооч байна” машин бариад явж байхад согтуу машины эзэн намайг зодоод байна гэх дуудлага мэдээлэл хүлээн авч очоод дуудлага өгсөн хүнээс болсон асуудлыг нь тодруулчхаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Иргэн болон зодсон гэх этгээд хоёр хүнийг цагдаагийн хэлтэст авчирч тухайн өдрийн жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгч ажилласан...” мэдүүлэг хх 27,

          шинжээч эмч Т.Чимэд-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шүдний сулрал хуучин байсан бол эмзэглэл байхгүй байдаг. Шүүхийн үзлэгээр уруулын салстын гэмтэл байхгүй байх байсан. Тухайн шүдний сулрал гэмтэл шинэ гэмтэл байсан гэж үзсэн. ...Хүчний чиглэл хаанаас байна гэдгээс хамаараад нэг шүд үү, олон шүд гэмтэх нөхцөл байдаг. Хаанаас хүч үйлчилснээс болж нэг шүд хөдлөх боломжтой...” мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Д.Г нь ..... оны .. дугаар сарын ...-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-тай “согтуугаар тээврийн хэрэгсэл барина, чи машинаас буу” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.  

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Д.Г-ын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, “тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, эрүүл мэндэд учирсан хохирлын шалтгаан”, “гэм буруугийн хэлбэр”-ийн талаарх асуудлаар маргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.

 

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

 

            Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

          Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг  харьцуулахад хохирогч Б.Б-ийн дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, дээд зүүн нэгдүгээр шүдний сулрал бүхий гэмтлийг шүүгдэгч Д.Г нь би санаатай учруулаагүй гэх хэдий ч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...би машинаас буух гээд бүсээ тайлаад эргээд хартал тухайн хүн баруун гараараа уруул хамар, хэсэг рүү нэг удаа цохисон...” гэж тогтвортой мэдүүлдэг мөн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэргийг анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй.

 

          Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Г-ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, шинжээч эмч Т.Чимэд-Очир нь шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9639 дугаар дүгнэлтийг гаргасан ба түүнд хууль сануулсан, тэрээр гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээд байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр “...Шүүхийн үзлэгээр уруулын салстын гэмтэл байхгүй байх байсан. Тухайн шүдний сулрал гэмтэл шинэ гэмтэл байсан гэж үзсэн. ...Хүчний чиглэл хаанаас байна гэдгээс хамаараад нэг шүд үү, олон шүд гэмтэх нөхцөл байдаг. Хаанаас хүч үйлчилснээс болж нэг шүд хөдлөх боломжтой...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

 

Мөн Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилжээ. 

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

 

Дээрх хууль тогтоомжийн үйлчлэлд 2023 оны 7 дугаар сарын 30-нд үйлдэгдсэн гэмт хэргийн цаг хугацаа хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус зааснаар мөрдөгч, прокурор нь хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж, хохирогч Б.Б-ийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох талаарх ажиллагааг огт хийгээгүйг буруутгаж байна.

 

Иймд шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гэм буруугийн талаарх маргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/826 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Чинзориг нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН