| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2025/00061/И |
| Дугаар | 191/ШШ2025/01256 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01256
2025 02 11 191/ШШ2025/01256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: У хот, Ч дүүрэг, дугаар хороо, С дугаар гудамж, тоот хаягт оршин суух, Бо овогт До-ын Са /РД:....../-ийн хүсэлттэй,
Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ду
Гэрч Д.Цэ, Д.Эр
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэнбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Са шүүхэд хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Ардын армийн 186 /210/ дугаар ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж 1986 онд цэргээс халагдаж ирсэн. Д.Са нэрээр Т аймгийн Б сумаас цэрэгт татагдсан. Ээж маань намайг 3 дугаар ангид байхад нас барсан. Миний ээж Х.До, миний аав Т.Да гэдэг.
2006 онд нүдээ гэмтээгээд өрөөсөн нүдгүй болсон. Тэгээд эмнэлгээр явахад намайг ээжээр овоглосон гэрчилгээ байсан учир өвчний түүх ээжээр овоглож бичигдсэн.
Да-гийн Са нэрээр цэргийн алба хаасан тухай Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас лавлагаа авахад Да-гийн Са нэрээр цэргийн алба хаасан лавлагаа гарсан.
Шүүхэд цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 1983-1986 онд цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох шаардлага гаргаж байна гэв.
2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
Батлах хамгаалах яам Батлах хамгаалахын төв архивын тодорхойлолт /хх-4/, Ч дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-5/, Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-7/ Д.Эр, Д.Ду нарын тодорхойлолт /хх-8-9/, гэрэл зураг /хх-10/, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-13-14/
3.Шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын харьяа Үндэсний төв архив, Нийслэлийн Архивын газар, Батлах хамгаалах яамны Батлах хамгаалахын төв архиваас тус тус нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Са нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тэтгэвэр тогтоолгох зорилготой, цэргийн алба хаасан баримтад Да гэж эцгээр овоглож бичсэний улмаас цэргийн алба хаасан байдлыг тогтоох боломжгүй болсон, 1983-1986 онд цэргийн алба хаасан байдлыг тогтоолгоно гэж тайлбарласан.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу цэргийн алба хаасан болохыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
3.1 Хүсэлт гаргагч Д.Са нь Т аймгаас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 /210/ дугаар ангид алба хааж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр халагдсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрөгсдийг бүртгэх анкет, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, гэрч Д.Цэ, Д.Эр нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
-3.2 Тодруулбал, хэрэгт авагдсан төрөгсдийг бүртгэх анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, төрөл садангийн лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл хүсэлт гаргагч Д.Са нь 1964 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эцэг Т.Да, эх Х.Доын хүү болон төрж, эх Хорлоогийн Доржпаламаар овоглож, төрсний бүртгэлд бүртгүүлсэн байна.
3.3 Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын лавлагаанд Да-гийн Са БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Төв аймгаас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 /210/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 620720 дугаартай цэргийн батлахтай халагдсан гэж бичигджээ.
3.4 Т аймгийн Б сангийн аж ахуйн боловсон хүчний тасгаас Д.Са-д хөдөлмөрийн дэвтэр нээн олгохдоо Да-гийн Са гэснээс гадна 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянцогтын Сангийн аж ахуйд тракторчиноор авч ажиллуулав, ...1983 оны 6 дугаар сарын 29-ний өдөр цэргийн 210 дугаар ангид хугацаат албан хаагчаар 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдөр цэргийн алба хаах хугацаа дууссан учир цэргээс халав... гэжээ.
3.5 1983 онд Т аймгийн Б сумаас цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетид Да-гийн Са, цэргийн албанд татагдахын өмнө 1981 оноос 2 комплекст тракторч хийж байсан, ам бүл 7, аав Да үхэрчин, эгч Цэ саальчин, 3 дүү сургуульд, ах Эр гэж бүртгүүлсэн байна.
3.6 Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзвэл хөдөлмөрийн дэвтэр, цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетид дурдсан Да-гийн Саг До-ын Са гэж үзэх үндэслэлтэй байна.
3.7 Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетид бичигдсэн Д.Са-гийн эгч Д.Цэ, ах Д.Эр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгч, бид эцэг эхээс зургуулаа, зөвхөн Д.Са ээжээр овоглож төрсний гэрчилгээ авсан, тэрээр цэрэгт татагдахдаа өөрийн овгийг аав Да гэж бичсэний улмаас овгийн зөрчил үүссэн, 1983-1986 онд хугацаат цэргийн алба хаасан нь үнэн гэж мэдүүлсэн.
4.Иймд хүсэлт гаргагч Д.Са-гийн хүсэлтийг хангаж, түүнийг 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Ардын армийн 186 /210/ дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Хүсэлт гаргагч Д.Са-гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Бо овогт До-ын Са /РД:....../-ийн 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Ардын армийн 186 /210/ дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Сагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ