| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/00020/И |
| Дугаар | 191/ШШ2025/01257 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01257
2025 02 11 191/ШШ2025/01257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: У хот, Ч дүүрэг, дугаар хороо, Б тоот хаягт оршин суух, Бо овогт Да-ын Ол /РД:....../, Иргэний бүртгэлийн дугаар /......../-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Д.Ол
Гэрч Д.Ою, Д.Чу
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Ол ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1 Миний бие Д.Ол нь 1985 онд Техник мэргэжлийн 1 дүгээр сургуульд элсэн орж, 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд шавар будагчнаар ажилд орсон. Ингээд Техник туслалцааны барилга трест дотроо хуваагдаж Ба ББХК болж тус компанид шавар будагчнаар ажилд орсон.
Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал гарч ирэхгүй, ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна.
Иймд 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ба ББХК-д будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх-4/, Ч дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт /хх-5/, Х-У дүүргийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /хх-6/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт /хх-7/, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын лавлагаа /хх-8/, БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн даргын тушаал, хавсралт /хх-9-13/, Е.Сарантуяагийн тодорхойлолт /хх-14-15/, Д.Ою-ийн тодорхойлолт /хх-16-18/, Гэрэл зураг /хх-19/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Ол нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тэтгэвэр тогтоолгох зорилготой, ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ба ББХК-д будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэжээ.
2. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зохицуулсан.
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
3.1. Хүсэлт гаргагч Д.Ол нь 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Улсын Барилгын хорооны харъяа Техник туслалцааны үйлдвэрийн Барилга трестид шаварчин, будагчин, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ба ББХК-д засал чимэглэлчнээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн даргын тушаал, гэрчийн мэдүүлэг, гэрэл зураг зэрэг баримтаар тогтоогдож байна.
3.2 Тодруулбал, БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн даргын 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221 дугаар тушаалаар 1988 оны гадаад, дотоодын ТМС төгсөж ирсэн 126 мэргэжилтэй ажилчдыг КБУК, ХҮБК, ХАА-н контор, БҮБ-д хуваарилан ажиллахаар шийдвэрлэсэн ба тушаалын 1 хавсралтын 8-д Д.Ол нь Шаварчин, будагчин мэргэжилтэй, 3 дугаар зэрэгтэй №2075 томилолтоор ирсэн гэж бичигджээ.
3.3 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Барилгын техник мэргэжлийн 1 дүгээр дунд сургуулиас Д.Ол-д хөдөлмөрийн дэвтрийг нээн олгож, уг дэвтэрт ...1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Шаварчин будагчины ангийг төгссөн тул Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестид хуваарилав
1988 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хувиараар ирсэн тул шавар будагчнаар ажиллуулав.
1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр БНМАУ-ын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 тоот тогтоолоор Ба ББХК болон зохион байгуулагдсан тул тус компанид шилжүүлэв.
1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ба компанид засал чимэглэлчнээр авч ажиллуулав
1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр засал чимэглэлчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэсэн бичилт хийгдсэн байна.
3.4 Энэ талаар гэрч Д.Чу нь 1991-1994 оны хооронд Ба компанид засал чимэглэлчнээр, 1995 оноос нийтийн тээвэрт кондуктор хийж байсан. Бид 1988 онд анх танилцаж байсан, тэр үед Техник мэргэжлийн 1 дүгээр сургуулийг төгсөж Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестид хуваарилагдсан. Би тэр үед тус байгууллагад мужаан хийдэг байсан. Бид 1995 онд гэр бүл болсон гэж,
гэрч Д.Ою бид хоёр 1985 онд Барилгын техник мэргэжлийн 1 дүгээр сургуульд шаварчин мэргэжлээр 1 ангид элсэн орсон. Тэр цагаас хойш 3 жил буюу 1988 онд суралцаж төгсөөд Техник туслалцааны үйлдвэрийн барилгын трестэд 1 бригадад хуваарилагдаж ажилласан. Би 1991 оны 8 дугаар сар хүртэл тус байгууллагад ажилласан намайг ажиллаж байх хугацаанд Д.Ол хамт ажиллаж байсан нь үнэн гэж тус тус мэдүүлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн зүйлийн 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Хүсэлт гаргагч Д.Ол-г тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Архивын газрын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болсон байна.
5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл хүсэлт гаргагч Д.Ол нь 1988 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Улсын Барилгын хорооны харъяа Техник туслалцааны үйлдвэрийн Барилга трестид шаварчин, будагчин, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ба ББХК-д засал чимэглэлчнээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.
6. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох ба 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ба ББХК-д будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага гаргаж байх тул энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагч Д.Ол-гийн 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Улсын Барилгын хорооны харъяа Техник туслалцааны үйлдвэрийн Барилга трестид шаварчин, будагчин, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ба ББХК-д засал чимэглэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Д.Олгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бо овогт Да-/ын Ол /РД:....../, Иргэний бүртгэлийн дугаар /......../-г 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Улсын Барилгын хорооны харъяа Техник туслалцааны үйлдвэрийн Барилга трестид шаварчин, будагчин, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ба ББХК-д засал чимэглэлчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Д.Ол-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ