Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 217

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж О овогт Г.Б-д холбогдох эрүүгийн 1810004940297 дугаартай, 187/2018/0211/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, О овогт  Г.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дүгээр байрны .... тоотод өөрийн гэртээ эхнэр Г.У-г “гадуур архи ууж оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дүгээр байрны .... тоотод өөрийн гэртээ эхнэр Г.У-г “гадуур архи ууж оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

  1. Шүүгдэгч Г.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй…Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч Г.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой ….........-т байх өөрийн ажил дээр байж байхад 21 цаг болж байхад манай нөхөр Г.Б над руу утсаар залгаж “хаана яваад байгаа юм, ажил чинь аль эрт тарсан биз дээ” гэхээр нь би “одоо тарж байна цагаан сар болоод ажил их байлаа” гэж хэлтэл миний утасны цэнэг дуусаад унтарсан. Ингэхээр нь ажлын охиныхоо утсаар нөхөр Г.Б рүү залгаж яриад “одоо тарж байнаа, гараад унаанд суух гээд явж байна” гэсэн. Тэгэхэд манай нөхөр “ууж идээд яваад байгаа юм уу, орой тарлаа” гээд байхаар нь утсаа салгаад дахиж залгахаар нь найзынхаа утсыг аваагүй. Тэгсэн чинь манай нөхрөөс “хүүхэд уруу татлаа, худлаа ярьлаа, та нар яг хаана байгаа юм бэ, давраад байгаарай пизда чинь” гэсэн мессеж манай найзын утас руу явуулсан байсан. Би найзаасаа салж яваад унаанд сууж Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ..... дүгээр байрны ..... тоотод байх гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд гэр цоожтой байсан бөгөөд...манай гэрийнхэн ирээгүй байсан...Тэгээд хүлээгээд 23:12 цаг болж байхад манай дүү О.Б машинтайгаа ирэхээр нь гэрээ онгойлгож орсон. Ороод дүүгийнхээ утсаар нөхөр Г.Б рүү залгаж ярихад “би жаахан халамцуу байна очихоор хэрэлдэхийн нэмэр энд хоночихъё” гэсэн...Тэгээд унтах гээд 24 цаг болж байхад манай ажлын хүмүүс манай байрны гадаа ирээд намайг дуудаж уулзсан. Уулзаад “бид нар чамайг уруу татаад архи дарс уудаг биш дээ, нөхөрт чинь уулзаж үүнийгээ хэлье” гэсэн. Тэгэхээр нь би “манай нөхөр жаахан уучихсан болоод ингэж байгаа юмаа, эрүүлдээ зүгээрээ” гээд ажлынханаасаа уучлалт гуйгаад явуулсан. Тэгээд эргээд гэртээ ороод очтол манай нөхөр Г.Б ирчихсэн байсан. Намайг ороод очиход манай нөхөр “чи 01, 02 цаг болтол юу хийгээд байгаа юм бэ” гээд уурласан...хоёулаа маргалдсан. Маргаж байхдаа би нөхрийнхөө хувцасыг гэрийнхээ үүд рүү шидэж нөхрийгөө “зайл” гээд...хашгирсан. Энэ үед манай доод айлын хүмүүс цагдаа дуудчихсан байсан. Тэгтэл манай нөхөр уурлаад миний толгойн зүүн шанаа орчим гараараа нэг удаа цохиод, нэг алгадах гэхдээ дутуу цохиж миний нүүрийг самардчихсан. Ингэж цохихдоо намайг нэг гараараа багалзуурдаж байсан...Тэгээд цагдаа нар манайх руу орж манай нөхрийг авч явж эрүүлжүүлсэн...Урьд өмнө манай нөхөр Г.Б намайг зодож цохьсон зүйл байхгүй...Манай нөхөр Г.Б намайг хардаад түүнээс болж маргаж зодсон...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...Нөхөр бид хоёр эвлэрч одоо бие биеэ ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/

            3. Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед Г.Б ахынд буюу Хан-Уул дүүргийн .... дүгээр хорооны ..... тоотод ганцаараа байж байтал Дундговь аймаг руу явж хүүхдээ авчирна гээд өдөр явсан Г.Б ах зам хаачихсан байна гээд буцаад ирсэн. Ингээд Г.Б ах Г.У эгч чинь ирээгүй юм уу гэж асуугаад Г.У эгч рүү залгахад холбогдохгүй байсан. Тэгсэн чинь Г.Б ах ажлын газрын хүнийх нь утас руу залгаад, мессеж бичээд утсаар маргаад байх шиг байсан...Ингэж байгаад 10-20 минутын дараа Г.Б ах “ахыгаа 5 шар хүргээд өгчих энд байвал хэрэлдээд байх юм шиг байна” гэсэн...Г.Б ах...5 шарын хойно найзындаа хүргүүлсэн...Би хүргэж өгчихөөд буцаж байхад Г.У эгч гэрийнхээ гадаа ирчихлээ хаана байна гэж утсаар асуугаад байсан. Би Г.Б ахын байрны гадна 21 цагийн үед ирэхэд Г.У эгч шатан дээр сууж байсан. Ингээд Г.У эгч бид хоёр гэр лүүгээ орсон чинь Г.У эгч ажлынхаа хүмүүстэй утсаар яриад байх шиг байсан. Цаад ярьж байгаа хүмүүс нь гадаа ирчихсэн бололтой ярьж байсан...Г.У эгч “ажлын газрын хүмүүстэйгээ уулзчихаад ирье” гээд гарсан. Ингээд би гэртээ унтаж байхад шөнийн 00 цагийн үед Г.Б ах гаднаас гэртээ орж ирсэн...Г.Б ах Г.У эгч рүү утсаар яриад “орж ир, чи гэртээ алга байна, хаана юу хийгээд яваа юм” гэж байсан...Удалгүй...Г.Б ах...гараад Г.У эгчийг оруулж ирсэн. Орж ирээд Г.Б ах “чи согтуу байна шдээ, явж чадахгүй байна шдээ, ямар юмнуудтайгаа уугаад байгаа юм бэ” гэхэд Г.У эгч “чамд ямар хамаатай юм бэ, ажлынхантайгаа уулзаж болдоггүй юм уу” гээд л маргаад байсан. Ингэж маргаж байгаад Г.У эгч Г.Б ахын хувцасыг шкафнаас нь...гаргаад тарааж шидээд “зайл” гээд байсан. Ингэхэд нь Г.Б ах...уурлаад Г.У эгчийн нүүр рүү нэг удаа гараараа цохьчихсон. Тэгтэл Г.У “чи намайг зодлоо, зайл” гэж орилж хашгираад байхаар нь би түрүүлээд гарсан. Удалгүй араас Г.Б ах гараад ирэхэд цагдаа ирчихсэн байсан бөгөөд Г.Б ахыг аваад явсан...Маргааш нь...харахад Г.У эгчийн зүүн нүд нилээн хөхөрсөн харагдсан...Урьд өмнө Г.Б ах, Г.У эгч хоёр намайг тэднийд байх хугацаанд хоорондоо маргаж муудалцаж байгаагүй...хоорондоо зодолдож цохилцож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2487/-ний дүгнэлт:

                        -Г.У-н биед хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруу, эрүү, хүзүүнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19/

            5. Шүүгдэгч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 09-нд Дундговь аймаг руу явж байхад цас шуураад Төв аймгийн зам дээр гаргахгүй байхаар нь хүлээж байгаад буцсан. Буцаад гэртээ 22 цагийн үед иртэл манай эхнэр Г.У гэртээ ирээгүй байсан бөгөөд гэрт Г.У-н дүү О.Б байсан. Би гэртээ ирэхдээ хоёр пиво уучихсан байсан юм. Ингээд би Г.У рүү утсаар залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь дүү О.Б-р нь өөрийнхөө машиныг бариулаад 5 шард найзындаа хүргүүлсэн. Тэнд хоёр найзтайгаа уулзаад нэг пабд орж пиво ууцгаасан...Ингээд найзуудтайгаа пиво ууж байгаад 23 цаг өнгөрөөгөөд харьсан чинь Г.У гэртээ байхгүй дүү О.Б нь байсан. Дүүгээсээ эхнэрийгээ асуусан чинь хүнтэй уулзах гээд гараад явсан гэж хэлсэн. Ингэхээр нь би утсаар залгасан чинь “би хүнтэй уулзаж байна, яах гээд байгаа юм, машины чинь гадаа байна” гэж хэлэхээр нь би гарч машиныхаа хажууд очиход байхгүй байсан. Тэгэхээр нь би буцаж гэртээ ороод утсаар залгасан чинь “одоо очиж байна” гээд хэлсэн. Ингээд удалгүй Г.У гэртээ орж ирсэн. Орж ирэхээр нь би “чи хаашаа яваад ирэв” гээд асуухад Г.У “ажлынхантайгаа байж байгаад ирлээ” гээд маргалдсан...маргалдаж байгаад манай эхнэр миний хувцасыг авч над руу шидээд зайл гэхээр нь уур хүрээд Г.У-г барьж аваад 2-3 удаа хацар руу нь алгадчихсан. Тэгтэл манай эхнэр гараад зугтаачихсан бөгөөд удалгүй цагдаа нар зөрж орж ирээд намайг авч явж эрүүлжүүлсэн...Маргаан бол намайг хөдөө явах гээд гарсан хойно эхнэр гэртээ ирээгүй болохоор би уурлаад хардаад хаашаа яваад ирэв гэх асуудлаас болж...эхэлсэн...Би өөрийн эхнэр Г.У-г урьд өмнө цохиж зодож байсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2487/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.Б нь 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дүгээр байрны .... тоотод өөрийн гэртээ хохирогч эхнэр Г.У-тэй “өөрийг нь хөдөө явсан хойгуур гэртээ ирэхгүй, гадуур архи ууж оройтож ирлээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж биед нь хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруу, эрүү, хүзүүнд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б урьд өмнө нь  хохирогч Г.У-н эрх чөлөөнд халдаж зодож, цохиж байгаагүй, мөн тухайн хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь “хохирогчийг оройтож ирлээ” гэдгээс болсон зэрэг нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн шүүгдэгчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогчийг зодсон гэх 1 удаагийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн /хх-ийн /, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан, мөн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О овогт Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Г.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Г.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Г.Б-д сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР