Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1144

 

 

 

 

      2024         10          10                                          2024/ДШМ/1144

 

Э.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогч З.А, түүний өмгөөлөгч Т.Багахүү,

шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал,  

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Хан-Уул  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/507 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч З.А-ын өмгөөлөгч Т.Багахүүгийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2203004850453 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

................. овгийн Э............. М............., 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .................. төрсөн, .. настай, э.эгтэй, ................ боловсрол... , хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..................... хамт, .................................................................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД: ................/, урьд:

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 189 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгийг торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

 Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ............. дүүргийн .. дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, .......................... замд ..... оны .. дугаар сарын ...-ны өдрийн 18 цаг 05 минутын орчимд Тоёота Саксид маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа буюу баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” болон 1.4, 1.1-1.3, 1.15-а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” мөн 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг тус тус зөрчсөний улмаас З.А-ын жолоодож явсан “Ямаха МТ-01" маркийн .............. улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж жолооч З.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Ямаха МТ-01” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.633.094 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Э.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ............. овогт Э.......... М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулан мэдэгдэж, түүнд 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-аас 6.106.476 төгрөг гаргуулан, хохирогч З.А-т олгож, З.А-ын нэхэмжлэлээс 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч З.А гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой өмнө гарсан болон цаашид гарах эмчилгээний зардал, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч З.А-ын өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй гэж үзэн ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ үндэслэл болсон заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг үндэслэсэн байх ба энэ заалт нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг зохицуулсан заалт болохоос гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай зохицуулалт биш юм. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.М нь өөрийн өмгөөлөгчдийн хамт 2022 оны 8 дугаар сараас эхлэн гэм буруутай үйлдэлд марган, удаа дараа мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гомдол, хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдох бөгөөд шүүх хуралдаанд уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь хохирогч З.А-ын буруутай үйлдлийн улмаас гарсан учраас хохирол нөхөн төлөхгүй, хор уршгийг арилгахгүй гэж маргаж оролцсон. Анхан шатны шүүх ямар нотлох баримтаар түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхой бус, хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байгаа. Учир нь шүүгч уг хэрэгт удаа дараа шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруу, хохирол, хор уршиг дээр маргаж байсан хүсэлтийн дагуу хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан. Мөн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгч нарын хамт гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу хэрэглэж шийдвэр гаргасан.

Шүүгдэгч Э.М нь 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан танхайрах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар тэнсэх боломжгүй нөхцөл байдал юм. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан тэнсэх тухай зохицуулалтыг буруу хэрэглэж, тэнсэх нөхцөл бүрдээгүй байхад шүүгдэгчид давуу байдлыг үүсгэн илт хууль бус шийдвэр гаргаж байна.

Хохирогч З.А-ын эд хөрөнгөд учирсан хохирлыг үнэлсэн шинжээчийн гурван дүгнэлт хэрэгт авагдсан ба шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоохдоо эд хөрөнгөд учирсан хохирол 7.633.094 төгрөгөөр үнэлэгдсэн шинжээчийн дүгнэлтийн үндэслэж тэдгээрийг шүүгдэгч наян хувь, хохирогч хорин хувийг хариуцах байдлаар дүгнэж шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн буюу хэрхэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны болох талаар үндэслэлээ заагаагүй, хэд хэдэн шинжээчийн дүгнэлтийг харьцуулан судлаагүй гэж үзэж байна.

Хохирогч болон гэрчийн мэдүүлгүүдээр тухайн загварын мотоцикл нь ховор буюу сэлбэг хэрэгслийг олж авахад хүндрэлтэй талаар хэд хэдэн удаа мэдүүлсэн ба шинжээч Ц.Түвшинцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс үзэхэд тухайн мотоциклийн сэлбэг хэрэгслийн үнэ бус учирсан эвдрэл гэмтлийг солих засварын зардлыг гаргасан болох нь харагдаж байна. Иймд Yamaha mt-01 маркийн мотоциклийн сэлбэг хэрэгсэл нь Монголд байх боломжгүй, захиалж ирүүлэх шаардлага үүсэхээр байтал хэрхэн Монголд байхгүй сэлбэг хэрэгслийн үнэлгээг гаргасан нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, үнэлгээчин нь тухайн үнэлгээний зүйлийн төрөл, шинж байдлыг бүрэн тодорхойлоогүй, тохирохгүй сэлбэг хэрэгслийн үнэлгээтэй ижлээр тогтоосноор хохирогч эд хөрөнгийн хохирлоо бүрэн барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүсгэж, уг дүгнэлтийг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэж буй нь бодит байдалд нийцээгүй.

Шүүх гэм хор учруулснаас үүдэх хариуцлагыг хүлээлгэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь заалтыг үндэслэсэн байх ба гэм хор учруулахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэн учирсан хохирлыг хохирогч З.А-т хариуцуулж байгаа нь үндэслэл муутай байна.

Дээрх хуульд заасан зохицуулалт нь бусдын амь нас, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хороо өөрөө хариуцан арилгах үүргийг ногдуулсан байх ба гэм хор учруулахад хохирогч хамтран оролцоогүй. Шүүгдэгч Э.М-ыг гэм буруутай гэж шүүх тогтоосон байтал хохирогчийн өөрт учирсан хохирлыг өөрөө хариуцан арилгахаар тогтоож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалтай тохирсон байх зарчимд нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... ” гэв.

 

Хохирогч З.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр энэ хэрэг гарсан бөгөөд миний бүдүүн гуя хугарсан. Тэгээд Самандбадраа уламжлалт анагаах ухааны эмнэлэгт 4.534.500 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Би 2 жил гаруй хугацаанд нэг ч төгрөг Э.М-аас аваагүй. Мөн нэг удаа ч миний биеийн байдлыг асууж яриагүй. Үүнд маш их гомдолтой байгаа. Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт гомдолтой байна. Иймд өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна... ” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.М-ын удаа дараагийн мэдүүлэг байгаа бөгөөд би тусгаарлах зурвасыг давсан, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, сөрөг урсгал руу орсон зэрэг дээр маргадаггүй. Харин урсгал сөрж, хурд хэтрүүлж явсан мотоциклийн үнэлгээ нь 20.000.000 төгрөг гарсныг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Үүнээс үүдэлтэйгээр хохирогч З.А, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн үү, үгүй юу, мөн эд хөрөнгөд учирсан хор хохирол энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанартай нийцэж байна уу гэдэг агуулгаар 2 удаа хэргийг шүүгчийн захирамжаар буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Тухайн дүгнэлтүүдээр З.А урсгал сөрж явсан нөхцөл байдал байдаг. Тээврийн хэрэгслийнхээ дугаарыг авсан атлаа зориуд мотоциклдоо зүүхгүйгээр явж байсан. Манай үйлчлүүлэгч хохирол дээр маргаж байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан дээр дахин дүгнэлт зэрэг зүйл гаргуулъя гэхэд хэргийг шилжүүлсэн. Хохирогчийн талаас хэргийг удаан шалгуулах шаардлага байхгүй, үнэлгээ хийлгэсэн 7.000.000 гаруй төгрөгөөр зөвшөөрч, хэргийг шүүхэд шилжүүлье гэдэг асуудлыг ярьж байсан гэдгийг онцолж хэлэх байна.

Анхан шатны шүүхээс тогтоосон 6 сая гаруй төгрөгийн хохирлыг бид төлөхөө илэрхийлсэн. Э.М-ын хувьд зүрхний титэм судасны бөглөрөл үүсэж, Улсын Гуравдугаар төв эмнэлэг дээр яаралтай тусламжаар эмчилгээ авч, цаашид үзүүлж стент тавиулах нөхцөл байдал үүссэн. Анхан шатны шүүх хуралдаанд энэ нөхцөл байдлуудаа тайлбарлаж хэргээ хурдан шийдвэрлүүлье, хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлж оролцсоны дагуу шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь буруу биш юм.

Шинжээчийн дүгнэлтүүдийг зөрүүтэй байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг асуудлыг ярьж байна. Шинжээчийн дүгнэлт буюу хурдыг 71.28 километрээр хэтрүүлж явсан, тоормосны мөр 14.8 метр байсан гэх мэтчилэн шинжээчийн дүгнэлтүүдэд хохирогч талаас дахин шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэж гомдол санал гаргадаггүй юм. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг тодорхой хэмжээнд зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, урсгал сөрсөн гэдэг асуудал дээрээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 сарын хугацаагаар хасуулж, 50.000 төгрөгөөр торгуулсан байдаг. Тэгэхээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн хурдыг 60 километр цагаас хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн хохирогчийн зүй бус үйлдэл тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6.6 дугаар зүйлд заасан тус тус заасан нөхцөл байдал гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

Сэтгэл санааны хохирлын тухайд энэ хэрэг нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн үйлдэл, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус хууль хэрэгжиж эхэлсэн гэхээр анхан шатны шүүх сэтгэл санааны хохирлыг шийдвэрлээгүй нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж чадсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... ” гэв.

 

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.М-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Осол болохоос сар гаруй хугацааны өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчхаад эрхгүй үедээ осол гаргасан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж тэнссэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал тавьдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж тэнссэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэж заасан. Гэм буруу дээрээ маргадаг, хохирлоо нөхөн төлөөгүй, төлөхөө ч илэрхийлээгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж тэнссэн нь буруу гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд З.А-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад урсгал сөрсөн үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 сарын хугацаагаар хасаж, торгуулийн арга хэмжээ авч хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хурд хэтрүүлсэн тухайд сүүлд хэргийг прокурорт буцааж, хурдыг тогтоолгоход хурд хэтрүүлсэн талаар гардаг. Хохирлын хувьд анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж, Э.М-д 80 хувийг, 20 хувийг З.А-т хариуцуулж буюу З.А-ын мотоциклд учирсан хохирол 7.633.000 төгрөгөөс Э.М-аас 80 хувь болох 6.106.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өмгөөлөгч сонгон авч, түүнд төлбөр төсний тухайд шүүгдэгч болон хохирогч нар өмгөөлөгч авах эсэх нь өөрсдийн эрхийн асуудал юм. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй. Сэтгэцэд учирсан хохирлын тухайд тус гэмт хэрэг 2022 оны 8 дугаар сард гарсан. Сэтгэцийн хор уршгийг тогтоох журам 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Анхан шатны шүүхийн шатанд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх талаар дурдаагүй. Тэгэхээр сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй, харин анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь буруу, тэнсэх ёсгүй байсан гэж үзэж байна... ” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Э.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ........... дүүргийн .. дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ............... замд ...... оны .. дугаар сарын ..-ны өдрийн 18 цаг 05 минутын орчимд Тоёота Саксид маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа буюу баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” болон 1.4, 1.1-1.3, 1.15-а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно” мөн 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг тус тус зөрчсөний улмаас З.А-ын жолоодож явсан “Ямаха МТ-01" маркийн .............. улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж жолооч З.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Ямаха МТ-01” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.633.094 төгрөгийн шууд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хохирогч З.А-ын өмгөөлөгч Т.Багахүүгээс “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу юм. ...хохирлыг бодитой тогтоогдоогүй. ...хөрөнгийн үнэлгээнд дүгнэлт хийгээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

Шүүгдэгч Э.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж, хор уршгийг арилгаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Э.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй байх нөхцөлт эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

 

Дээрх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, энэхүү илэрхийлэл нь бодитой, хэрэгжихүйц байх зэргээр илэрнэ.

 

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Э.М нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд ч гэм буруугийнхаа талаар маргаж оролцсон ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...эд хөрөнгөд учирсан хохирол дээр маргаж байгаа...” гэж мэдүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Э.М-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй хэмээн дүгнэж хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг түүнд хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэхэд хохирлоо нөхөн төлсөн эсэх нь зайлшгүй байх үндсэн нөхцөлийн нэг бөгөөд учирсан хохирол болон түүнтэй шалтгаант холбоотой нотлох баримтуудаар хор уршгийг барагдуулах нь хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэнд тооцогдоно.

 

Шүүгдэгч тухайн маргаантай байгаа эд хөрөнгөд учирсан хохирлын мөнгөн төлбөр дээр маргаж буй нөхцөл байдлыг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хэмээн үзэхгүй.

Иймээс хохирогч З.А-ын өмгөөлөгч Т.Багахүүгээс гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг нь буюу “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байна...” гэх гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, “...хохирол бодитой тогтоогдоогүй. ...хөрөнгийн үнэлгээнд дүгнэлт хийгээгүй” талаарх хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Мөн хохирогчийн өмгөөлөгч Т.Багахүүгээс шүүгдэгч Э.М нь урьд 2 удаа санаатай гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн байхад тэнсэж шийдвэрлэсэн буруу гэх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр ба түүнээс дээш гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн ба түүндээ эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байхыг ойлгоно. Харин шүүгдэгчийг урьд 2 удаа ял шийтгэгдсэн байдал дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй.

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай хэмээн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасантай нийцээгүй байна.

9 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг баримталж зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах эрхтэй гэж прокурорын эрхийг хязгаарласан байдлаар тусгасныг буруутган тэмдэглэж цаашид ийм төрлийн алдаа, зөрчил гаргахгүй байхыг анхаарвал зохино.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/507 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                          Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН