| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2025/0019/З |
| Дугаар | 126/ШШ2026/0020 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 126/ШШ2026/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Н.П******** , нарийн бичгийн дарга М.Хулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С******** , хариуцагч Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д******** , хариуцагч Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү******** нарыг оролцуулан,
Н.Н********-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нарт холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэйгээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага
Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, 2025 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн Б/09 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах
2.Маргааны талаар товч
Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Н.Н********-ыг 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн чөлөөлж, Б.С************-ийг уг албан тушаалд шилжүүлэн томилсноор маргаан эхэлжээ.
3.Нэхэмжлэгч Н.Н******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний ажиллаж байсан сул орон тоо болох Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мал аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр малзүйч Б.Н************ 2023 оны 07 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд эзэмшсэн мэргэжил минь ажлын байрны шаардлага хангаж байсан тул миний бие тухайн сул орон тоон дээр 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр томилогдсон юм. Энэ нь тухайн албан тушаалын сул орон тоо гарч, Б.Н************-н эрхэлж байсан ажлыг тасралтгүй явуулах шаардлагаас үүдэн түүнийг надад хариуцуулсан гэж ойлгодог.
Ажилд томилогдох үед миний бие дөнгөж их сургуулиа төгсөөд ирсэн тул төрийн албаны шалгалт өгөөгүй байсан ба мөн оны 11 сард аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалт зарлагдахад шалгалт өгч тэнцсэн.
Ингээд үүрэгт ажлаа хийн уг албан тушаал зарлагдах сонгон шалгаруулалтыг хүлээж байтал /сонгон шалгаруулалт зарлуулах үүрэг нь томилох эрх бүхий албан тушаалтан болох Засаг даргын Тамгын газрын дарга М.Б************-д хадгалагддаг/ 2024 оны 7 дугаар сараас хойш хариуцагч Засаг даргын Тамгын газрын дарга М.Б************ миний эрхэлж байсан албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зарлуулахгүй байсаар 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б/08 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн.
Хариуцагч нь ажлаас чөлөөлөхдөө энэ тухай надад урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй тул түүний энэхүү хууль зөрчсөн үйлдлийг миний хөдөлмөрлөх эрхэд халдсан гэж үзэж байна.
Хариуцагч Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б************ намайг ажлаас чөлөөлсөн өдрөө буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дахин Б/09 дүгээр тушаал гаргаж өөрийн төрсөн хүүгийн эхнэр болох Б.С************-ийг миний оронд ажилд томилсон.
Б.С************ нь Р************ сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлгийн тасагт мэргэжлийн дагуу тархвар зүйчээр ажиллаж байсан бөгөөд малын эмч мэргэжилтэй хүн юм.
Миний зүгээс тухайн томилгоог миний эрхэд халдсан хууль зөрчсөн томилгоо гэж үздэг.
Тэрээр албаны байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий хүнийг өөрийн удирдлагад томилсноос гадна эрхлэх үйл ажиллагаандаа дагаж мөрдөн биелэлтийг хангах ёстой Монгол Улсын Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй юм.
Үүнээс гадна хариуцагч М.Б************ нь өөрийн бэр Б.С************-ийг миний ажиллаж байсан албан тушаалд сэлгэн, шилжүүлэн ажиллуулсан гэдэг боловч малын эмч мэргэжилтэй Б.С************-ийн томилгоо нь уг журмын шаардлагыг хангаагүй байсан.
Түүний хийсэн дээрх хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүдээс шалтгаалан миний хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдлөө.
Нэхэмжлэгч миний бие хариуцагч У******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б************-г 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзсэн учраас хуульд заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлд намайг ажлаас чөлөөлсөн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн томилж, миний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэсэн утгатай гомдол гаргасан. Мөн гомдлоо аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд ч өгсөн.
Гаргасан гомдлын шийдвэрлэлтийн талаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс асуухаар манайх шийдэхгүй учраас дээш нь явуулсан гэдэг. Төрийн албаны зөвлөлийн Цэцэгмаа гэдэг хүнээс асуухаар шийдвэрлэнэ гэж хэлдэг байсан. Тухайн гомдол шийдэгдэхгүй байсаар Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариу өгсөн бөгөөд гарсан хариуг 06 дугаар сарын 30-ны өдөр шуудангаар хүлээж авсан.
Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөнөөс хойш сумын хөдөө аж ахуйн тасгийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангадаг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандаж гомдол гаргаж шийдвэрлүүлсэн. Мөн сумын Засаг даргатай удаа дараа уулзаж учир байдлыг тайлбарлаж байсан боловч миний асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөөгүй учраас 2025 оны 03 дугаар сарын 12-нд уг тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа буцаж орох талаар гомдлыг У******** сумын Засаг даргад гаргасан ба хариуг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн.
Нэгэнт У******** сумын Засаг дарга, түүний Тамгын газраас хууль бус томилгооноос үүссэн миний зөрчигдсөн эрхтэй холбоотой асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөөгүй учраас 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эрхээ хамгаалуулахаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм.
Харин Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газарт хийгдсэн төрийн албаны томилгоо нь хууль тогтоомжид нийцсэн эсэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ёстой Төрийн албаны зөвлөл миний эрхээ хамгаалуулахаар 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөлгүй маш их удаан чирэгдүүлж, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөөгүйд маш их гомдож байна.
Хариуцагч Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б************ нь миний түр томилогдон ажиллаж байсан өндөр насны тэтгэвэрт гарсан Б.Н************-н сул орон тоог төрийн албаны холбогдох байгууллагад мэдэгдэн сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэх ёстой байтал 2024 оны 07 дугаар сараас хойш хуульд заасан тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг эс үйлдэхүй гарган зөрчсөн гэж үзэж байна.
Хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сард сул орон тоог зарласан гэдэг боловч би энэ талаар огт мэдээгүй. Дээрх эс үйлдэхүйг хариуцагч М.Б************ хувийн ашиг сонирхлын дагуу миний эрхэлж байсан албан тушаалд өөрийн бэр болох Б.С************-ийг хууль зөрчин томилох хүсэлтэй байсантай шууд холбоотой гэж ойлгож байна.
Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б************-н хууль зөрчиж гаргасан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, хариуцагч М.Б************-д намайг ажилд эгүүлэн томилохыг даалган, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, У******** сумын хөдөө аж ахуйн тасгийн малын үржил бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тооны сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу зарлуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С******** нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа:
Нэхэмжлэгч Н.Н********-ыг чөлөөлсөнтэй холбоотой баримтыг цуглуулах явцад хариуцагч М.Б************-с гаргасан Н.Намхайбаатар, Б.С************-ийг томилж чөлөөлсөн 5 тушаал байгаа нь нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримт хоорондоо зөрүүтэй болохыг харуулж байна.
Үүнээс Б.С************-ийг томилсон 3 тушаалын 2 нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр, 1 тушаал нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус тус гарчээ.
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2 тушаалын нэг нь Б.С************-ийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр түүнийг ажилд томилсон, нэг нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажилд томилжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч М.Б************-н Б.С************-ийг 2025 оны 02 дугаар сарын 14-нд томилсон тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Тухайн тушаалыг хүчингүй болгуулсан ч Б.С************-ийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томилсон тушаал нь хүчинтэй хэвээр үлдэхээр байна.
Үүнээс гадна Б.С************ нь дээрх тушаалаараа захиргааны хэргийн шүүхэд улсын байцаагчийн захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэл гаргажээ.
Үүсч бий болсон нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа тул хариуцагчийн зүгээс гаргасан Б.С************-ийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томилсон Б/09 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч М.Б************ уг тушаалаараа Б.С************-ийг шилжүүлэн томилсон гэж үзэж байгаа боловч түүний мэргэжил нь тухайн албан тушаалд тавигдаж байгаа шаардлагыг хангахгүй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажиллаагүй, эрүүгийн хэргийн улмаас гэрч, хохирогчийн хамгаалалтад ороогүй байх тул шилжүүлэн томилох боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь Б.С************-ийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 02 дугаар сарын 14-ний өдөр томилсон тушаалыг илт хууль бусад тооцуулахаар Засаг даргад хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй.
Иймд хариуцагч М.Б************-н Б.С************-ийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 02 дугаар сарын 14-ний өдөр У******** сумын Хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон тушаалыг илт хууль бусад тооцож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С******** 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ:
... Хариуцагч М.Б************-н гаргасан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Б.С************-ийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менемент, малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бусад тооцож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч Н.Н******** 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч болон нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхдээ:
... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Б************-н гуравдагч этгээд Б.С************-ийг томилсон тушаалууд нь аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Л.А************-н 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай тушаалд үндэслэж миний эрхийг зөрчсөн болох нь тогтоогдлоо.
Тухайн газар өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хууль зөрчин Б.С************-ийг шилжүүлэн томилсноос шалтгаалан миний хууль ёсны эрх зөрчигдөж, мэргэжлээрээ ажиллах эрхгүй болон хөдөлмөрлөх эрхээ хууль бусаар алдсан гэж үзэж байна.
Аймгийн мал эмнэлгийн газар нь босоо удирдлагатай байгууллага бөгөөд сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо, албан тушаалын асуудлаар захиргааны акт гаргах чиг үүрэг бүхий байгууллага биш учраас тухайн байгууллагын гаргасан дээрх тушаал нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан, үндэслэлгүй захиргааны акт гэж ойлгож байна.
Ийм учраас уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нөхцөлд хамаарах бөгөөд мөн уг шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл байхгүй тул 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Л.А************-н 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцож өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С******** 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхдээ:
Нэхэмжлэгч Н.Н******** нь хариуцагч нарын хууль зөрчиж гаргасан шийдвэрийн улмаас ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн тул ажилдаа эгүүлэн томилогдсон тохиолдолд түүний хууль ёсны эрх ашиг сэргэх ёстой.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийг шилжүүлэн томилох үндэслэлгүй байсан, ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан үндэслэл байгаагүй, харилцан тохиролцоогүй, сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгчийн оронд мэргэжлийн бус хүн томилсон, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас У******** сумын хөдөө аж ахуйн тасагт мэргэжлийн хүн томилж ажиллуулах албан тоот явуулж байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ нь нэхэмжлэгч Н.Н************-н хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн болохыг нотолж байна.
Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2026/0099 дугаартай магадлалд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах тухай заажээ.
Иймд нэхэмжлэгч Н.Н********-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч У******** сумын Засаг даргын Тамгын газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Н******** нь төрийн захиргааны албан тушаалд цалин авч, эрүүл мэнд, нийгмийн даатгалын төлүүлэн, үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь түүнийг албан тушаалд бодитоор ажиллаж байсныг харуулж байна.
Хариуцагч М.Б************ түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй байхад сонсох ажиллагаа хийлгүйгээр Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлага хангаагүй хүнийг томилсон маргаан бүхий захиргааны актын үр дагавраар ажлаас чөлөөлөгдсөн тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн байна.
Хариуцагч У******** сумын Засаг даргын Тамгын газар нэхэмжлэгчийг түр ажиллаж байсан гэж үзэн сонсох ажиллагааг явуулах шаардлагагүй гэж байгаа боловч тухайн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд шууд нөлөөлсөн нь тодорхой байгаа тул Засаг даргын Тамгын газар сонсох ажиллагааг заавал явуулах үүрэгтэй. Шийдвэр гаргах гаргах процес ноцтой зөрчигдсөн.
Нэхэмжлэгч Н.Н******** нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж байсан тул түүнийг чөлөөлөх харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулах ёстой байхад Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө ямар ч нотлох баримтгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан харилцан тохиролцсон үндэслэлийг хэрэглэсэн байгаа нь уг чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна. Үүний улмаас өөр этгээдийг томилох нөхцөл бүрдсэн.
Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн тасагт мал зүйч мэргэжилтэн томилж ажиллуулах тухай албан тоот хүргүүлсэн. У******** сумын Засаг даргын Тамгын газар мэргэжлийн байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Хариуцагч М.Б************-н Б.С************-ийг томилсон тушаал нь хууль бус шийдвэр дээр үндэслэсэн албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлага хангаагүй этгээдийг томилсон байна.
Хууль дээдлэх зарчмын дагуу хариуцагч байсан М.Б************ тухайн сул орон тоон дээр гуравдагч этгээд Б.С************-ийг шилжүүлэн томилсон тушаалыг гаргахдаа албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад заасны дагуу Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолын 3 дахь заалтыг үндэслэн гаргах ёстой байтал У******** сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэн томилгоо хийх эрхгүй байгууллага болох аймгийн Мал эмнэлгийн газрын даргын тушаалыг үндэслэсэн байгаа нь гуравдагч этгээд малын эмч мэргэжилтэй Б.С************-ийг сумын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр томилсон нь хууль зүйн үндэслэлгүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг зөрчсөн томилгоо хийсэн болохыг харуулж байна.
Захиргааны байгууллага зөвхөн өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах ёстой. Гэтэл У******** сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Мал эмнэлгийн газар хууль тогтоомжоор эрх олгогдсон өөр өөр байгууллагууд юм.
Энэ нь Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар Р************ сумын Мал эмнэлгийн тасагт тархвар зүйч эмчээр ажиллаж байсан гуравдагч этгээдийг У******** сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн орон тоонд томилох буюу шилжүүлэх эрхгүй болохыг харуулж байна.
Иймд Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай Б.С************-ийг шилжүүлсэн тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 /өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар акт гаргасан/, мөн зүйлийн 47.1.6 /акт гаргах эрх зүйн үндэслэлгүй/ дахь заалтуудыг тус тус зөрчсөн.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын гаргасан тушаал нь зөвхөн өөрийн байгууллагын нэг албан хаагчийг шилжүүлэхтэй холбоотой мэт боловч бодит байдал дээр тухайн тушаал нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалд өөр мэргэжлийн бус этгээдийг томилох нөхцөл бүрдүүлсэн учраас түүний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлсөн.
Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас байгууллагууд хоорондоо тохиролцсон, нэхэмжлэгч Н.Н************-н эрхийг зөрчөөгүй гэх байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн зарчимд зааснаар аймгийн Мал эмнэлгийн газар нь өөр бусад чиг үүргийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцон томилгоо хийх эрхгүй, тохиролцсон гэх шалтгаан нь түүний хууль бус үйлдлийг зөвтгөхгүй учраас эрх бүхий байгууллагаас гаргаагүй акт нь хууль ёсны болохгүйгээс гадна тус байгууллагын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Б/08 дугаартай тушаал нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болж, түүний хууль ёсны эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Мал эмнэлгийн газар тушаалынхаа үндэслэлийг албан ажлын зайлшгүй шаардлагаар гэж тодорхойлсон байгаа нь Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор баталсан ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагад нийцүүлээгүй тул Төрийн албаны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан төрийн албан хаагчийн сэлгэн, шилжүүлэн ажиллуулах журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл өөрийн салбарын албан хаагч болох малын эмч мэргэжилтэй Б.С************-ийг У******** сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн тасгийн малын үржил, бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоон дээр шилжүүлсэн нь тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг харуулж байна.
Нэхэмжлэлийн үндсэн агуулга бол нэхэмжлэгч Н.Н********-ыг ажлаас чөлөөлсөн гуравдагч этгээд Б.С************-ийг ажилд томилсон шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхтэй холбоотой бөгөөд эдгээрийг эцэслэн шийдвэрлэх нь тухайн тушаалтай холбоотой үүссэн эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэнэ гэсэн үг юм.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны акт хүчингүй болсон тохиолдолд тухайн актаас үүссэн эрх зүйн үр дагавар мөн адил арилж, өмнөх хууль ёсны байдал сэргээгдэх зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл хууль бус шийдвэрээр өөрчлөгдсөн эрх зүйн байдал буцаан өмнөх байдалдаа очих ёстой.
Мөн Төрийн албаны тухай хуулийн хүрээнд төрийн албан хаагчийг хууль зөрчиж чөлөөлсөн, эсхүл түүний оронд хууль бус томилгоо хийсэн бол тухайн этгээдийн эрх зүйн байдлыг сэргээх, албан тушаалд нь буцаан томилох боломж хууль зүйн хувьд нээлттэй байдаг.
Н.Н******** нь хариуцагч М.Б************-н буруутай үйлдлийн улмаас эзэмшсэн мэргэжлээрээ хөдөлмөрлөх эрхгүй, ажилгүй болж, цалингүй болж орлого нь алдагдан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасарсан байна.
Хариуцагч У******** сумын Засаг даргын Тамгын газрын хувьд сул орон тоог 2024 оны 05 дугаар сараас хойш зарлуулаагүй байдал нь нэхэмжлэгчийг төрийн албаны тусгай шалгалтад хамрагдах боломжгүй болгож, эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн.
Энэхүү хариуцагчийн эс үйлдэхүй нь төрийн албаны суурь зарчмууд, Захиргааны ерөнхий хууль, төрийн албаны журмыг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн бэр болох малын эмч Б.С************-ийг хууль зөрчин томилох боломжийг олгосон гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Н.Н******** мэргэжлийн дагуу сул орон тоонд дээр ажиллаж байхад эрх бүхий албан тушаалтан 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хуульд заасан хугацаанд сонгон шалгаруулалт зарлаагүй нь төрийн албанд нээлттэй, ил тод, тэгш боломжийн зарчмыг алдагдуулсан болохыг харуулж, мөн захиргааны байгууллага хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйд хамаарч байна.
Хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн өдөр зар тавьсан гэж тайлбарлаж байгаа боловч уг зарыг надад мэдэгдээгүй, мөн ил тод байдлаар нийтэд хүргэсэн эсэх нь тодорхойгүй байна. Зарыг харах, утсаар лавлах боломжтой байсан гэсэн нь захиалга хуульд заасан журмаар явагдаагүйг нотолж байна.
Хариуцагч У******** сумын Засаг даргын Тамгын газар бичиглэлийн алдаа засах нэрийн дор 2025 оны 02 дугаар сарын 06 өдөр мөн өдрөөс эхэлж томилсон, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мөн өдрөөс томилсон захиргааны актыг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн зорилго зарчимд нийцэхгүй, зөвхөн шүүх шийдвэрлэх ёстой байтал өөрөө шийдвэрлэсэн нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл юм.
Гуравдагч этгээдийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өгсөн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тушаалыг өөртөө ашигтай гэж үзэн хүчинтэйд үлдээсэн нь бодит нөхцөл байдлыг гажуудуулсан, хууль бус.
Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Н.Н********-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн тодорхойлж байна гэв.
8.Хариуцагч Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б************ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Н.Н************-н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд, У******** сумын Тамгын газарт мал аж ахуй үйлдвэрийн төлөвлөлт, менежмент малын бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоон дээр Н.Н********-ыг дөнгөж сургууль төгсөөд ирэнгүүт нь түр томилон ажиллуулж байсан бөгөөд тухайн албан тушаал дээрээ төрийн албаны шалгалт өгөх ёстой шүү төрийн албаны шалгалт өгөөрэй гэж хэлж л байсан.
У******** сумын Засаг даргын тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг олон удаа зарлуулсан боловч шалгалтад орсон хүмүүс нь тэнцэхгүй байсан тул би 2025 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд уг ажлын байрыг зарлуулах захиалга өгсөн.
Ингэснээр Төрийн албаны салбар зөвлөлд уг захиалгыг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд тавьсан байсан.
Тухайн зард ... Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн, төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна гээд бүрдүүлэх материалыг зааж, материалаа 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг 00 минут хүртэл ирүүлэх гэсэн зар тавьсан байсан.
Учир нь Төрийн албаны зөвлөлд дээрх сул ажлын байрны захиалгаа өгч, Төрийн албаны зөвлөлөөс сул ажлын байрыг зарлахаас өмнө заавал сэлгэн болон шилжүүлэн ажиллах зарыг төрийн албан хаагчдад зориулан гаргадаг бөгөөд эндээс хүн гарч ирэхгүй бол нийтэд зарладаг хуультай.
Ингээд энэ зард заасан хугацаанд Р************ сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч Б.С************ нь У******** суманд шилжин ажиллах хүсэлтээ манайд ирүүлсэн.
Би хүсэлтийг нь Мал эмнэлгийн газарт цахимаар хүргүүлсэн. Ингээд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас Б.С************-ийг шилжүүлэх тухай" гэсэн Б/08 тоот тушаал ирсэн тул захиалгаа цуцлуулж, Б.С************-ийг ажилд томилох тухай 2025 оны 02 сарын 06-ны өдрийн Б/09 тоот тушаал гаргасан.
Ингэхдээ Б.С************-ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс томилсон.
Учир нь тус албан тушаалд ажиллаж байсан Н.Н******** нь би 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлаа цэгцэлье гээд мөн Б.С************ ч гэсэн Р************ орж ажлаа хүлээлгэн өгөөд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс ажиллах хүсэлтээ гаргацгааж байсан.
Н.Н************-н хувьд төрийн албаны шалгалтад орсон боловч тэнцээгүй учраас би Тамгын даргын хувьд Хөвсгөл аймгийн салбар зөвлөлд захиалга өгсөн. Төрийн алба ингэж л явах учиртай.
Уг албан тушаалд Н.Н********-ыг түр томилон ажиллуулсан, энэ хугацаандаа уг ажлын байран дээрээ төрийн албаны шалгалтдаа тэнцсэн бол үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байсан боловч Н.Н************ нь шалгалтдаа тэнцээгүй.
Тэгээд ч Н.Н********-ыг хэзээ шалгалтад тэнцэх юм тэр хүртэл уг албан тушаалыг зарлуулахгүй хадгалж байх боломжгүй. Байн байн төрийн албанаас шалгалт хийж түр хүн ажиллуулж байгаа албан тушаал байвал захиалгаа өг сэлгэн болон шилжүүлэн ажиллах захиалгаа өг шилжин болон сэлгэн ажиллах хүн гарч ирэхгүй бол нийтэд зарлуулахыг шахаж шаардаж байдаг.
Ийм учраас Н.Н************-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9.Хариуцагч Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б************ нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэмэгдүүлсэн шаардлагадаа М.Б************-н гаргасан 2025 оны 02 дугаар сарыг 14-ний өдрийн Б/08, 09 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх С************-ийг мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилсон 2025 оны Б/09 дугаартай тушаалуудыг илт хууль бусад тооцуулах гэжээ.
Нэмэгдүүлсэн шаардлагаас харахад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Тамгын газрын даргын Б/08, Б/09 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах гээд байна уу, эсхүл илт хууль бусад тооцуулах гээд байна уу гэдэг нь ойлгомжгүйгээс гадна тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа, хэрхэн сэргээлгэх нь ойлгомжгүйгээс гадна Б.С************-ийг томилсон Б/09 дүгээр тушаалыг илт хууль бусад тооцуулах гэснээс үзэхэд У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарыг 14-ний өдрийн Б/09 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцох, Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэж ойлгож дараах тайлбарыг гаргаж байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарыг 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар маргаан бүхий актынхаа талаар урьдчилан шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байхад урьдчилан шийдвэрлүүлээгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/09 дугаартай тушаалыг илт хууль бусад тооцох шаардлагын тухайд тус сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржлийн бүртгэл хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Н************-н ажлын байрыг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс зарласны дагуу Р************ суманд тархвар зүйчээр ажиллаж байсан Б.С************ хууль журмын дагуу шилжин ажиллах хүсэлтээ ирүүлж томилогдсон болно.
Миний гаргасан Б/09 тушаал нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн томилсугай гэж гарсан нь хэн нэгний хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй, уг томилж чөлөөлөх ажиллагаа нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн мал эмнэлгийн газрын даргын шилжүүлсэн тушаал ирсэн өдрөөс эхэлж нэхэмжлэгч Н.Н************-н бичиг баримтаа цэгцлэх хугацаа өг гэсэн хүсэлтээр 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр биш, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажил хүлээлцэхээр шийдвэрлэж уг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Н.Н********-ыг чөлөөлж, Б.С************-ийг томилж ажил хүлээлцэх ажлын хэсэг ажлыг нь хүлээлцсэнээр бүрэн албажиж дууссан болно.
Б.С************-ийн мэргэжил нь тухайн албан тушаалд тавигдаж байгаа шаардлагыг хангаагүй гэж маргаж байна тэгвэл тухайн ажлын байрны тодорхойлолт, Төрийн албаны зөвлөлөөс тавьсан зар дээр байгаа малын эмнэл зүй мэргэжил нь таарч байгаа болно.
Мөн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажиллаагүй, эрүүгийн хэргийн улмаас гэрч хохирогчийн хамгаалалтад ороогүй байх гэсэн заалт нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д тухайн ажилтан зөвшөөрөөгүй байхад зөвхөн удирдлагын санаачилгаар удирдлагын хооронд тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болох зохицуулалт нь Б.С************-ийн томилгоонд хамаарахгүй заалт юм.
Тухайн ажлын байр нь 2019 онд Б.Н************ гэдэг мэргэжилтэн ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарснаас хойш зургаан жилийн хугацаанд нөхөгдөөгүй.
Аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс 10 гаруй удаа шилжүүлэх, сэлгэн ажиллуулах болон тусгай шалгалтыг зарласан боловч нөхөгдөөгүй өдийг хүрсэн нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтын тайлбар хэсэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг боловсрол, мэргэжил мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх гэсэн нь албан ажлын зайлшгүй шаардлага гэдгийг хангаж байгаа гэж үзсэн болно.
Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д Сум дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын генетик нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч улсын байцаагч ажиллана гэсэн заалт нь тухайн томилгоонд хамааралгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн нөхөр улсын байцаагч Ц.Э************-р яг энэ хуулийн зүйл заалтаар намайг буруутгаж байсныг шүүх мэдэж байгаа байх.
Тэгээд ч Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гарсан байхад Төрийн албаны зөвлөлийн Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх сэлгэн ажиллуулах зар нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн цахим сайтад тавигдсан. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан ажлын байрны тодорхойлолт нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс албажиж мөрдөж эхэлж байгаа зэргээс харахад дээрх тогтоолыг гарахаас өмнө зар тавигдсан аливаа хууль журам эргэж үйлчлэхгүй дээрх томилгоонд хамааралгүй болно.
Мөн Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дугаар хамтарсан тушаалын хавсралт Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ыг үндэслэл болгон уг томилгоо хийгдсэн юм.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгчийг хэдий хугацааны хэдэн төгрөгийн цалин хэдэн төгрөг гэж нэхэж байгаа нь ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаагаас гадна Л.С******** гэх хүн нь У******** суманд ирж сумын Засаг даргыг улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэхгүй хүндээ арга хэмжээ ав эрх бүхий улсын байцаагчийн шаардлага гараад байхад биелүүлсэнгүй. Одоо Б.С************ декрит авсан юм чинь Н.Н********-ыг томил гэж үүрэг өглөө гэж шахалт үзүүлснээр би Засаг даргын ажлын албаны даргын хувьд 2025 оны 7 дугаар сард Б.С************-ийн оронд Н.Н********-ыг түр томилсон байгаа болно.
Ажлын байрны сул орон тоог зарлуулах гэсэн шаардлагын хувьд, төрийн байгууллагууд сул орон тоог хэрхэн яаж нөхөх талаар Төрийн албаны тухай хуулийн 26, 27 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоолд заасныг үндэслэн томилгоо хийгдсэн. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хасаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэл гэж юуг хэлэх талаар тодорхойлсон хуулийн заалтыг зөрчиж байна.
Н.Н******** түр томилогдон ажиллаж байсан төрийн албаны ерөнхий шалгалтыг өгсөн бөгөөд төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байсан иргэн байдаг.
Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагч гэдэг нь төрийн албаны ерөнхий шалгалт болон тусгай шалгалт өгсөн этгээд байх ёстой гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.10-д Төрийн албаны зөвлөл сул орон тоо гарсан тохиолдолд яах талаар заасан байдаг.
Уг маргаж буй албан тушаал нь төрийн жинхэнэ албаны туслах түшмэлийн сул орон тоо байдаг бөгөөд тус албан тушаалд ажиллаж байсан хүн 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.
Төрийн албаны сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж буй албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдаас нөхнө гэж заасан байдаг. Хамгийн анх тус сул орон тоог нөхөх зорилгоор шилжин, сэлгэн ажиллах зар тавина гэсэн үг.
Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу тухайн байгууллагад болон холбогдох төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас шилжүүлэн ажиллуулна, тус орон тоог нөхөх хүн гарч ирэхгүй бол нөөцөөс сонгон шалгаруулалт зарлаж томилох ёстой гэж заасан байдаг.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын дагуу тусгай шалгалтыг төрийн байгууллагын жинхэнэ албан тушаалд хамаарах гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор шилжин, сэлгэн ажиллах зарыг эхэлж гарган, хэрэв болзол хангаж буй хүн гарч ирэхгүй бол нөөцөд байгаа иргэнээс тусгай шалгалт авдаг.
Уг журмыг Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газар хэрэглэж, тухайн ажлын байрыг 10 гаруй удаа зарлуулсан материал хавтаст хэрэгт авагдсан байгаа.
25 дугаар тогтоолоор батлагдсан журмын 4.2-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий албан байгууллага, албан тушаалтан төрийн албаны хуульд заасны дагуу сул орон тоог нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд зөвлөлийн цахим хуудас, хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо, цахим системээр мэдээлнэ гэж заасан байдаг.
Ингэж төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж, шилжин ажиллах тохиолдолд тусгай шалгалт өгөлгүй шилжүүлэн томилж болно гэж тайлбарласан байгаа юм.
Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийг зөв томилсон эсэх болон сул орон тоо гарсан тохиолдолд сэлгэн буюу шилжүүлэн ажиллуулах зарыг байгууллагаас ирүүлсний дагуу Төрийн албаны тухай хуулийн 33.10-д зааснаар цахим сайтад байршуулах үүргийг гүйцэтгэдэг.
Төрийн албаны зөвлөлийн сайтад 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нийтлэгдсэн байсан зартай хэн ч маргахгүй, нийтэд илэрхий баримт гэж үзэж байгаа.
Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүнд сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй. Сонсох ажиллагааг төрийн албан хаагчийн хувьд сахилгын шийтгэл ноогдуулах, албан тушаалаас чөлөөлөх, халах шийдвэр гаргахаас өмнө тухайн албан хаагчийн эрхийг хамгаалах зорилгоор явуулах ёстой хууль ёсны эрх зүйн хамгаалалт байдаг. Харин түр томилогдсон хүн төрийн жинхэнэ албан хаагчийн статустай биш.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 7, 8 удаа нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж хүсэлт гаргасан бөгөөд үүнийг шүүх нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгож, хүлээн авч байгаа нь зохимжгүй гэж бодож байна.
Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/010 гэсэн захирамжийн дагуу батлагдсан.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 40 тоот зөвшөөрөл олгох тухай тогтоолын 5 дугаар хавсралтаар мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг баталсан байдаг. Үүнд мал аж ахуй 081105, зоотехникч 0811, зоо инженер технологич 081104, мал эмнэл зүй 084 гэх мэтээр мэргэжлийн индексийг дурдсан байдаг. Тус тогтоол нь Б.С************-ийг томилж байхад хүчинтэй байсан. 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу 7 хоногийн дараа Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолыг мөрдөх боломж байхгүй байсан. Төрийн байгууллагуудын ажил уялдаа холбоотой, хэм хэмжээ тогтоосон акт болон захиргааны актууд хэдийд яаж үйлчлэх, тухайн албан газарт хэзээ, яаж, ямар журмаар мөрдөгдөж, хэзээ хүргэгдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.
Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 140 тоот албан бичгээр Хөдөө аж ахуйн яам руу хүргэгдсэн бөгөөд Хөдөө аж ахуйн яамнаас аймгийн Засаг дарга нарт 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/546 тоот албан бичгээр хүргэгдсэн байдаг.
Харин аймгийн Засаг даргаас 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4/1121 тоот албан бичгээр сумдын Засаг дарга нарт зөвшөөрөл олгох тухай 70 дугаар тогтоолыг хүргүүлсэн байдаг.
70 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг хангаж, эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх арга хэмжээ авахыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт зөвлөсүгэй гэсэн байдаг.
Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн 40 дүгээр тогтоол үйлчилж байхад томилогдсон Б.С************-ийн эрх зүйн байдлыг яагаад заавал дордуулах ёстой юм бэ?
Уг албан тушаал нь төрийн жинхэнэ албаны туслах түшмэлийн албан тушаал учраас заавал тусгай шалгалт өгч байж томилогдох ёстой. Тэгэхээр тусгай шалгалт өгөөгүй хүнийг тус албан тушаалд томилох боломжгүй.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг.
Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, тэдгээрийг хэлэлцэх, илтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүйгээр илэрхийлсэн мэдэгдэл гаргана гэж заасан байдаг. Мөн хуулийн 8.2-т албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ, эсвэл цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасан байдаг.
М.Б************ тухайн албан тушаалд өөрийн бэрийг томилох гэж байхдаа энэ хуулийн дагуу өөрийг нь томилох эрх бүхий албан тушаалтан буюу сумын Засаг даргад уг асуудлын талаар мэдэгдсэн гэж ярьдаг. Энэ талаар мэдэгдэхэд ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, мэдээлэл хүлээж авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр эсвэл цахим хэлбэрээр гаргана. 8.5-д энэ тохиолдолд албан тушаалтны үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч гээд ямар тохиолдолд зөвшөөрч болохыг заасан байдаг.
8.2-т зааснаар Засаг даргад зөрчил үүсэж байгаа талаар мэдэгдэхэд түүнийг орлох албан тушаалтан байхгүй учраас Тамгын газрын даргыг тушаал гаргахыг зөвшөөрсөн байдаг.
Тус зөвшөөрлийг Авлигатай тэмцэх газрын цахим хуудсанд оруулсан гэж М.Б************ ярьдаг. Ийм учраас нэхэмжлэгч төлөөлж байгаа байгууллага болох У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Б************-г үүнтэй холбогдуулан 3 удаа Авлигатай тэмцэх газар мэдүүлэг хөтөлсөн эсэхийг шалгуулж, тус газраас 2, 3 удаа ирж шалгахад ямар нэгэн зөрчил байна гэж үзсэн албан бичиг өнөөдрийг хүртэл ирээгүй байна.
Тийм учраас ашиг сонирхлын зөрчил байсан, томилох ёсгүй байсан гэж Тамгын газрын даргыг буруутгах боломжгүй гэж үзэж байна.
Нөгөө талаас төрийн байгууллага, албан тушаалтны үйлдэж буй захиргааны акт, захиргааны гэрээ нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хөтлөгддөг.
Сүүлд гарсан Б/14 тоот захиргааны актын талаар яригдсан. Үүн дээр тайлбар хэлэхэд захиргааны байгууллагад өөрийн алдааг хэдийд ч засах эрх хэмжээ хадгалагдаж байдаг бөгөөд үүнийг буруу, төөрөгдүүлэх гэсэн явдал гэж үзэж болохгүй.
Нэхэмжлэгч болон Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан нар хоорондоо найз нөхөд байж болно. Гэтэл үүнийгээ ашиглан устгах ёстой байсан тушаалыг Н.Н************-т гардуулах ёсгүй байсан.
Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ уг албан тушаал дээр эргүүлэн томилуулах гэсэн шаардлага гаргасан байна. Ямар үндэслэлээр эргүүлж томилох гээд байгаа юм бэ? Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлээ тодорхой тайлбарлахгүй байгаа учраас ойлгохгүй байна.
Хэдэн төгрөгийн нөхөн төлбөр буюу цалин хөлс нэхэмжилсэн, хэдэн сарын хэдний өдрийн хооронд цалин хөлс нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй.
Мөн Б/08 тоот тушаалын талаар яригдсан бөгөөд тус тушаал нь Н.Н********-ыг ажлаас чөлөөлсөн тушаал байдаг. Захиргааны ерөнхий хуульд тухайн хүн үүнийг мэдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөлд хандах ёстой. Төрийн албаны зөвлөл 30 хоногийн дотор шийдвэрлэхгүй тохиолдолд шүүхэд хандах ёстой. Гэтэл энэ хугацаа хэдийнээ өнгөрсөн байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2025 оны 08 дугаар сард гаргасан байдаг бөгөөд 7, 8 сарын хугацаа өнгөрсний дараа гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан.
Нэхэмжлэгч ямар албан тушаалд шаардлага хангасан, Төрийн албаны тухай хуульд заасан ямар үндэслэлээр ямар албан тушаалд томилуулах гээд байгаа нь ойлгомжгүй байгаа.
Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд оруулж байна гэв.
11.Гуравдагч этгээд Б.С************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Гуравдагч этгээд Б.С************ нь Хөвсгөл аймгийн Р************ сумын мал эмнэлэгт ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн У******** сумын мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд шилжин ажиллах зар нийтлэгдсэний дагуу хүсэлтээ өгч, холбогдох болзол шаардлагыг хангаж байсан учраас Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 тоот тушаалаар дээрх орон тоонд томилогдон ажиллаж эхэлсэн.
Б.С************-ийн эрхэлж буй ажлын байр нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаардаг бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалыг эрхлэхийн тулд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг өгсөн байхыг хуулиар шаарддаг. Нэхэмжлэгчийн тухайд төрийн албаны ерөнхий шалгалтыг өгсөн хэдий ч тусгай шалгалт өгөөгүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэж өгнө үү гэжээ.
12.Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жанцанхорлоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Н.Н************-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлттэй танилцлаа.
Хүсэлтийн эцэст нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа тул хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүсэлт хэлбэрээр гаргасныг нэхэмжлэл гэж ойлгон хүлээн авах боломжгүй.
Тухайн хүсэлтэд дурдсан асуудлын талаар тайлбарлахад Н.Н******** бол сул орон тоон дээр түр ажиллаж байсан бөгөөд Н.Н********-ыг ажиллаж байх хугацаанд тухайн ажлын байрыг 2 удаа зарлагдахад хоёуланд нь болзол шаардлага хангаагүй тул уг ажлын байрыг Төрийн албаны хуульд зааснаар тухайн байгууллагад болон бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ алба хаагчдаас сэлгэж юм уу шилжүүлэн томилуулах захиалга өгсөн бөгөөд ингээд шилжин болон сэлгэн ажиллах төрийн жинхэнэ албан хаагч гарч ирэхгүй бол уг ажлын байр дээр сонгон шалгаруулалт зарлуулахаар Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймгийн салбар зөвлөлд захиалга өгсөн тул зар нь Төрийн албаны зөвлөлийн OPEN-EXAM цахим системд тавигдсан нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 22-ны зарыг харах 70388349 утсаар лавлах боломжтой байсан.
Нөгөө талаар Н.Н******** нь Төрийн албаны тухай хуульд заасан болзол шаардлага ханган төрийн жинхэнэ албан хаагч болоогүй учраас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг үндэслэсэн нь зөв бөгөөд түр томилогдон ажиллаж байгаа хүнд мэдэгдэх сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна.
Учир нь өөрөө Төрийн албаны тухай хуульд заасан болзол шаардлага хангаагүй түр томилогдсон гэдгээ мэдэж байсан тул буцаан томилох боломжгүй гэв.
13.Гуравдагч этгээд Б.С************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй байхад ажлаас чөлөөлсөн гэж тодорхойлдог. Гэтэл Н.Н******** нь 2023 онд маргаан бүхий ажлын орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг бөгөөд тус орон тоо нь өндөр насны тэтгэвэрт гарсан хүний орон тоо байсан тул Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоо гэж үзэж байсан.
Тэгэхээр Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газраас сул орон тоогоо нөхөх шаардлагатай бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд Төрийн албаны Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлд удаа дараа хүсэлт хүргүүлсэн байдаг.
Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зарлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн, сэлгэн ажиллуулах тухай зарын дагуу гуравдагч этгээд Б.С************ нь зохих шаардлагыг хангасан байсан учраас 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж эхэлсэн байдаг.
Гуравдагч этгээд Б.С************-ийн зүгээс маргаан бүхий ажлын орон тоон дээр хууль бусаар томилогдоогүй юм.
Нэхэмжлэгч талаас маргаан бүхий ажлын байран дээр төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зар тавих ёсгүй, тусгай шалгалт зарлах ёстой байсан гэж маргаад байна гэж миний зүгээс ойлгож байна.
Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27.1.2-т, мөн Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дээшлүүлэх, сонгон шалгаруулах журмын 4.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог хэрхэн яаж нөхөх талаар нарийвчлан зохицуулсан байдаг.
Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дээшлүүлэх, сонгон шалгаруулах журмын 8 дугаар зүйлд сул орон тоог нөхөх дарааллыг мөн нарийвчлан тогтоосон байдаг. Тус журмын 8.2-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх, туслах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар сонгон шалгаруулж нөхнө, мөн 8.1.2-т тухайн байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас энэ журмын 8.2.1-д заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс нөхнө гэж дарааллыг дэлгэрэнгүй заасан.
Мөн Б.С************-ийн шилжин ажиллах ажилтны шаардлага хангаж байгаа эсэхэд тайлбар хэлье. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад, тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан байдаг.
Уг заалтаас харахад төрийн жинхэнэ албан хаагчийг тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно гэж тусгасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Б.С************-ийг 10 ба түүнээс дээш жил ажиллаагүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 44.8-д заасан үндэслэл бүрдээгүй байхад шилжүүлэн ажиллуулах нь буруу байна гэж маргадаг.
Хуулийн 44.1 дэх заалтад эсхүл гэсэн холбоос үг байгааг нэхэмжлэгч ойлгохгүй байгаа юм уу, эсвэл өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байгаа юм уу гэдгийг мэдэхгүй байна. Хуульд болвол, эсхүл гэсэн 2 сонгох боломжийг хууль тогтоогчоос оруулж өгсөн. Тийм учраас Б.С************-ийн хувьд хуульд заасан шаардлага хангахгүй байхад томилсон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам гэж байдаг. Уг журмын 3.1-д албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах, хянаж зөвшөөрөл олгох, батлах гэсэн 3 үе шаттай байхаар заасан.
Тус журмын 5.1-д албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий шийдвэр гаргах ажилтан албан тушаал тус бүрээр батална гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд зөвшөөрөл олгох үе шат нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэрэгжсэн гэж харагдаж байна. Батлах үе шат нь Б.С************-ийг ажилд томилох үед буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэрэгжээгүй байсан байна.
Үүнтэй холбогдолтой зүйлс хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг. Байгууллага хооронд явуулсан албан бичгүүдийн огноог харахад Б.С************-ийг томилогдсоноос хойш ийм зүйлс болсон байдаг.
Эдгээрээс дүгнэхэд Б.С************-ийг томилох үе буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажил олгогч буюу Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь хэрэгжсэн байх ёстой, үүний шаардлагыг хангасан байх ёстой гээд маргаад байгаа Төрийн албаны зөвлөлийн 70 дугаартай зөвшөөрөл олгох тухай тогтоолыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан байна.
Мөн түүнчлэн 70 дугаар тогтоолын 4 дэх заалтыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Нэхэмжлэгч нь анх уг албан тушаал дээр түр томилогдон ажиллаж байсан. Хэрвээ шүүхээс нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томиллоо гэж үзэхэд тухайн сул орон тоон дээр холбогдох хууль журмын дагуу Төрийн албаны зөвлөлөөс дахин шилжүүлэн, сэлгэн ажиллах ажлын байрыг зарлана. Тус зарлагдсан ажлын байрт магадгүй Б.Сарангэрэлээс өөр хүн шилжин томилогдчихвол яах юм бэ? Дахин шүүхэд нэхэмжлэл гаргах юм уу, эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэх юм уу? Нэхэмжлэгч талаас эсвэл төрийн албан хаагчийг шилжүүлэн, томилох зар байршуулсныг буруу гэж үзээд байгаа юм уу? Нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй, тодорхойгүй байна гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Н.Н************-н тухайд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тухайн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг.
Тус албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалд ямар хүн томилогдох талаар Төрийн албаны тухай хуульд тусгайлан заасан байдаг. Гэтэл Н.Н************-н хувьд анх уг албан тушаалд томилогдохдоо хуульд заасан шаардлагыг хангаагүй байсан.
Тодруулж хэлбэл төрийн албаны ерөнхий шалгалтыг өгөөгүй байсан. Мөн төрийн албаны тусгай шалгалтыг өгөөгүй байсан. Томилогдсоноосоо хойш төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байдаг.
Н.Н************-т анхнаасаа уг албан тушаал нь хуулийн дагуу үүсээгүй бөгөөд түүний сэргээлгэх гэж буй шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны ашиг сонирхол нь биш гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдаг бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг.
Тодруулж хэлбэл Н.Н******** нь анхнаасаа хууль бусаар томилогдсон хэрнээ тухайн албан тушаалд жинхлэн томилогдох ёстой гэж маргаж байгаа нь шударга ёсны зарчимд хэр нийцэх юм бэ?
Мөн түүний хөдөлмөрлөх эрхийг бүхэлд нь хязгаарласан мэт тайлбар гаргаж байна. Н.Н******** нь хаана ч шалгалт өгч, холбогдох шаардлагаа хангавал ажиллах эрх нь нээлттэй байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
14.Хариуцагч Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Н.Н************-н Хөвсгөл аймгийн Малын эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг илт хууль бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.
Тус нэмэгдүүлсэн шаардлагаас үзэхэд дээрх тушаалын улмаас нэхэмжлэгч Н.Н************-н эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхой бус байна. Иймд дараах тайлбарыг гаргаж байна.
Мал эмнэлгийн газрын Р************ сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад Б.С************ хамгийн өндөр оноо авч, Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаар тогтоолоор тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшсэн.
Дээрх тогтоолын хэрэгжилтийг ханган Мал эмнэлгийн газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Б.С************-ийг Р************ сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйчийн албан тушаалд томилсон, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/31 дугаарт тушаалаар Б.С************-ийн туршилтын хугацааг дуусгавар болгож тус өдрөөс жинхлэн томилсон.
Б.С************ нь үндсэн харьяалал болох У******** суманд гэр бүлийн нөхцөл байдлын улмаас шилжин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд зарласан төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн сэлгэн ажиллуулах зарын дагуу У******** сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт болон холбогдох материал хүргүүлсэн байна.
Улмаар У******** сумын Засаг даргын Тамгын газраас Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, мал үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн-ний сул орон тоонд Б.С************-ийг шилжүүлэн ажиллуулах тухай хүсэлтийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 03/11 дүгээр албан бичиг, сумын Засаг даргын 2025 оны 01/20 дугаар албан бичиг, Б.С************-ийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хувийн хүсэлт зэрэг баримтыг манай байгууллагад ирүүлсэн болно.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу хуулийн шаардлагад нийцүүлэн бодит нөхцөл байдал, нотлох баримт, холбогдох хууль тогтоомжийн дагуу дээрх албан бичиг, хүсэлт, холбогдох баримтуудыг үндэслэн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаарт тушаалаар Б.С************-ийг шилжүүлсэн.
Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрөл болон байгууллагуудын харилцан тохиролцооны үндсэн дээр шилжүүлэхийг Төрийн албаны тухай хуулиар зөвшөөрсөн байдаг.
Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны Б/08 дугаар тушаал нь зөвхөн Б.С************-ийг шилжүүлэхтэй холбоотой бөгөөд нэхэмжлэгч Н.Н************-н хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
Иймд Н.Н************-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
15.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллагын даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/25 дугаартай албан бичгээр Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргад хандан Төрийн албаны тухай хуулийн 44.1, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тухай журмын 2.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн томилоход тавигдах шаардлага хангахгүй байна гэх албан бичгийг хүргүүлсэн.
Учир нь бидний зүгээс Б.С************-ийг мал эмнэл зүй гэх мэргэжлийн индекс нь албан тушаалын тодорхойлолтын тусгайлсан шаардлагад тавигдсан эсэхийг мэдээгүй байдаг. Тухайн үед бид Төрийн албаны зөвлөлийн сайтаас Б.С************-ийн гарган өгсөн материалыг үзээгүй байсан бөгөөд Б.С************ ч бидэнд үүний талаар хэлээгүй. Тиймээс мэргэжлийн шаардлага хангахгүй байгаа юм болов уу гэж үзэж дээрх албан бичгийг явуулсан юм.
Түүний дараа Хөвсгөл аймгийн Р************ сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч ажилтай Болдын С************-ийг уг албан тушаалын сул орон тоон дээр шилжүүлэн ажиллуулахад татгалзах зүйлгүй гэх Засаг даргын Тамгын газрын даргын 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан албан бичиг манай байгууллагад 2025 оны 02 дугаар сарын 06-ны И Ар Пи системээр ирсэн.
Бидний зүгээс систем рүү орж харахад төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоонд шилжүүлэн ажиллах зар байршуулсан байсан. Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн шилжин, сэлгэн ажиллуулах зар байршуулсан системд албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад мал эмнэл зүй буюу 084 кодтой Б.С************-ийн мэргэжлийн шаардлага хангасан нь тодорхой байсан.
Ийм учраас байгууллагын удирдлага Б.С************-ийн гаргасан хүсэлт дээр цохолт хийж, тус хүсэлтийнх нь дагуу шилжүүлье гэж үзээд шилжүүлэхээр болсон.
Мал эмнэлгийн газрын даргын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай тушаал нь Б.С************-ийг тухайн албан тушаалд шилжүүлж байгаа буюу Б.С************-тэй цаашид манай байгууллагын зүгээс хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа тушаал байдаг.
Мал эмнэлгийн газрын Р************ сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч Болдын С************-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс У******** сумын Засаг даргын Тамгын газрын Мал, аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд манайх бол шилжүүлсүгэй гэж тушаал гарсан.
Босоо удирдлагатай байгууллагын албан хаагч хэвтээ удирдлагатай байгууллагын сул орон тоонд шилжин ажиллах боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй.
2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Мал эмнэлгийн газрын даргын Б.С************-ийг шилжүүлсэн тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 буюу албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллага руу, удирдлага хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга нарын баталсан 2019 оны 34/31 дугаартай төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулах журмын 2.5-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч өөрөө хүсвэл энэ журмын 2.1-д заасан үндэслэлээр төрийн өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлтээ байгууллагын удирдлагад гаргаж болно гэх үндэслэлүүдийг харгалзан Б.С************-ийг шилжүүлсэн байдаг.
Б.С************ нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын веб сайт дээр зарлагдсан төрийн захиргааны албан тушаалын сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн болон сэлгэн ажиллуулах зарын дагуу тухайн байгууллагад хүсэлтээ өгч, тухайн байгууллагаас манай байгууллагад 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.С************-ийг шилжүүлэн ажиллуулах ийм хүсэлтэй, тус албан тушаалд тавигдах болзол шаардлагыг хангаж байгаа талаар албан бичиг ирүүлсэн байдаг.
Тэрээр мөн хүсэлтдээ гэр бүлийн нөхцөл байдлаа дурдсан бөгөөд гэр бүлийн хүн нь Хөвсгөл аймгийн У******** суманд ажиллаж, амьдардаг. Бага хүү нь аавтайгаа амьдарч байгаа учраас бид өөр өөр газар ажиллаж амьдрах нь хүндрэлтэй байна. Тиймээс зарлагдсан тус албан тушаалд шилжин, сэлгэн ажиллуулах зарын дагуу материалаа өгөхөд энэ шаардлагыг хангаж байна. Тийм учраас намайг шилжүүлж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлтийг ирүүлсний дагуу 2025 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн Б/08 тушаалаар шилжүүлсэн байдаг.
Манай байгууллагын удирдлагын гаргасан Б/08 дугаартай тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар бодит нөхцөл байдал нь тодорхой байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.
Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолоор батлагдсан албан тушаалын тодорхойлолт Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс албажиж, мөрдөгдөж эхэлсэн байдаг.
Үүнээс наана 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 338 дугаар тогтоолоор 70 дугаар тогтоолоор баталсан албан тушаалын тодорхойлолтод нэмэлт өөрчлөлт орсон.
Хөдөө аж ахуйн яаманд Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт батлахад олгож буй зөвшөөрлөөр 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06/440 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Тус өдрийн сайдын 01/546 дугаартай албан бичгээр аймгийн Хөвсгөл аймгийн Засаг даргад 70 дугаар тогтоолыг ирүүлсэн байдаг.
Тэгэхээр манай байгууллага Төрийн албаны зөвлөлийн 40 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалын тодорхойлолтоор Б.С************-ийг шилжүүлэх тушаал гарснаас хойш 10 гаруй хоногийн дараа 70 дугаар тогтоол ирсэн гэж ойлгосон.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
16.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хариуцагч тухайн нэхэмжлэгчийн албан тушаалд сэлгэн шилжүүлсэн Б.С************-ийн томилгоо нь журмын дагуу шилжүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ажлаас халагдсан өдрөөс тодорхой хугацаагаар цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж олговол хуульд нийцэх юм болов уу гэж дүгнэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
17.Н.Н********-ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нарт холбогдох Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Б/09 дүгээр тушаал, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Н.Н********-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар
18.Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/43 тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр иргэн Н.Н************-т хандан таны ... чөлөөлөгдсөн нь хууль дүрмийн хүрээнд явагдсан болохыг мэдэгдье гэсэн хариу өгсөн, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаарх гомдлыг сумын Засаг даргад хандахад шийдвэрлэж өгөөгүй гэж тайлбарласан. /хэргийн 2 хавтас 30 хуудас/
19.Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй, 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана, 93.2-т Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно гэж заасан.
20.Иймд Н.Н******** өөрийг нь ажлаас чөлөөлсөн захиргааны актын талаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан гэж үзлээ. Харин Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08, Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дүгээр тушаалын хувьд нэхэмжлэгч Н.Н************-т шууд чиглээгүй тул энэ асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан байхыг шаардахгүй.
Хөөн хэлэлцэх хугацааны талаар
21.Нэхэмжлэгч Н.Н******** Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн талаар гомдол гаргаж, хариуг тус Тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/43 тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр авсан.
22.Тус шүүхэд анх 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08, Б/09 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэсэн хугацааг зөрчөөгүй байна.
23.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасан бөгөөд Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:
24.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Н.Н************-н эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дараах байдлаар дүгнэлт хийв.
25.Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөө аж ахуйн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Наранцэцэгийг өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээр ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 1 дэх хавтас, 206 хуудас/
26.Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно: 42.1.8.албан хаагчийг албан тушаалаас нь , чөлөөлсөн, гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлэх ёстой байжээ.
27.Гэтэл Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын Б/29 дүгээр тушаалаар Н.Н********-ыг тус сумын мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон нь дараах байдлаар хууль бус байна.
28.У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 21.1, 42.1.7, 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсгийг үндэслэсэн гэжээ.
29.Төрийн албаны тухай хуульд 22 дугаар зүйлийн 21.1 гэсэн заалт байхгүй тул үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзлээ.
30.Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно: 42.1.7.албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй гэсэн хууль зүйн нөхцөл байдал үүсээгүй, өмнөх мэргэжилтэн Б.Наранцэцэгийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн /хэргийн 1 дэх хавтас, 206 хуудас/ болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байх тул У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.7 дахь заалтыг үндэслэсэн нь алдаатай болжээ.
31.Харин дээрх тушаалаас үзэхэд Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ: 43.3.4.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх гэж заасныг үндэслэн Н.Н********-ыг томилсон болох нь тодорхой байна.
32.Нэхэмжлэгч Н.Н******** нь 2023 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Зоо-инженер, технологи мэргэжлээр төгссөн. У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 дүгээр тушаал гарах үеийн байдлаар төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцээгүй, нөөцөд бүртгэгдээгүй байсан болох түүний өөрийнх нь тайлбар, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03/1475 тоот албан бичгээр нотлогдож байна. /хэргийн 2 дахь хавтас, 46 хуудас/
33.Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх нөхцөл нь:
1) жирэмсний болон амаржсаны амралттай,
2) хүүхэд асрах чөлөөтэй,
3) эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон гэх гурван тохиолдолд
a) албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар,
б) төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэхээр хуульчлан тогтоожээ.
34.Гэтэл Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Хөдөө аж ахуйн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтнийг өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн тул Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан 1)жирэмсний болон амаржсаны амралттай, 2)хүүхэд асрах чөлөөтэй, 3)эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон гэх гурван гурван нөхцлийн аль нь ч бүрдээгүй байна.
35.Хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэх заалтыг зөрчиж Н.Н********-ыг төрийн албанд түр орлон гүйцэтгэгчээр томилсон У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 дүгээр тушаал хууль бус юм.
36.Хууль бус тушаалаар томилогдсон этгээдэд хууль ёсны эрх үүсэх тухай ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Н************-н хувьд хуулиар хамгаалагдах субьектив эрх алга байна.
37.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, -ээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.3."нэхэмжлэл" гэж хүн, -ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 106.3.Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.1.захиргааны акт... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох; 106.3.4.захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан.
38.Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүх хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг буюу субьектив эрхийг хамгаалах зорилготой. Субьектив эрх гэдэг нь хууль буюу хэм хэмжээний актад шууд заасан, эсхүл тэдгээрийн үндсэн дээр олж авч болох эрх мэдэл буюу боломж юм. Энэ тохиолдолд Н.Н************-н эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
39.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С******** Н.Н************-н хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэмээн маргадаг боловч захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт зааснаар төрийн албаны сул орон тоог нөхсөн нь Н.Н************-н хөдөлмөрлөх эрхийг зөрчиж буй хэрэг биш юм.
40.Өөрөөр хэлбэл Н.Н******** төрийн албаны нөөцөд байгаа тул өөрт тохирох албан тушаалд төрийн албаны тусгай шалгалт өгөх, цаашилбал төрийн жинхэнэ албанд ажиллах эрх нь нээлттэй. Хариуцагч энэ эрхийг нь зөрчөөгүй байна.
41.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.3."чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг, 7 дугаар зүйлийн 7.1-д Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална: 7.1.5.төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах гэж заасан.
42.Өөрөөр хэлбэл чадахуйн зарчмын дагуу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох учиртай.
43.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, 33 дугаар зүйлийн 33.1-д Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна, 33.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна: 33.2.1.ерөнхий шалгалт; 33.2.2.тусгай шалгалт, 33.3-т Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна, 33.7-д Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулна, 33.8-д Энэ хуулийн 33.7-д заасан шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэнэ. Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна гэж тус тус заасан.
44.Иймд нэхэмжлэгч Н.Н******** нь 2023 оны 11 дүгээр сард төрийн албаны ерөнхий шалгалтанд тэнцсэнээр төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн байна. /Хэргийн 1 дэх хавтас, 46 хуудас/
45.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: 27.1.2.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, 27.1.3.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс гэж заасныг хариуцагч У******** сумын Засаг даргын Тамгын газар зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
46.Учир нь Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөө аж ахуйн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэний сул орон тоо гарснаас хойш 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тасралтгүй сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж байсан. /хэргийн 1 хавтас, 205 дахь хуудас/
47.Хариуцагч У******** сумын Засаг даргын Тамгын газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах захиалгыг өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, захиргааны байгууллага хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан байна.
48.У******** сумын Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах захиалгыг өгсөн нь нэхэмжлэгч Н.Н************-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
49.Нэхэмжлэгч талаас У******** сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэний сул орон тоонд тусгай шалгалт зарлагдахыг хүлээгээд шалгалтанд бэлдэж байсан тул эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж мэтгэлцэж байгаад дараах тайлбар өгье.
50.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 126/ШЗ2025/0171 дүгээр Нэхэмжлэлийн зарим шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, үлдэх хэсэгт бүрдүүлбэр хангах хугацаа олгох тухай захирамжаар Н.Н************-н Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08, Б/09 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, хариуцагч намайг ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлээр Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.
51.Уг захирамжийн 2 дахь заалтаар Н.Н************-с Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан У******** сумын Хөдөө аж ахуйн тасгийн Малын үржил, бүртгэл, мэдээллийн ажил хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтыг хуульд заасны дагуу зарлуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлэх хугацааг 7 хоногоор тогтоосон байна.
52.Улмаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 126/ШЗ2025/0188 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б************-д холбогдуулан гаргасан У******** сумын Хөдөө аж ахуйн тасгийн Малын үржил, бүртгэл, мэдээллийн ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалын сул орон тоог зарлахыг сумын Засаг даргын Тамгын газарт даалгах шаардлага бүхий Н.Н************-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд уг захирамжид гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна.
53.Дээрх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон тул У******** сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэний сул орон тоонд тусгай шалгалт зарлагдахыг хүлээгээд шалгалтанд бэлдэж байсан тул эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.
54.Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хангалттай үндэслэл тогтоогдож байгаа боловч хэргийн оролцогчид маргаж буй үндэслэлүүдэд дараах дүгнэлт хийлээ.
55.Гуравдагч этгээд Б.С************-ийг төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулсан нь хуульд нийцсэн эсэх талаар:
56.Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөө аж ахуйн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Н************-ийг өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
57.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар сул орон тоо гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгоно.
58.Хуульд зааснаар Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд сул орон тоо гарчээ.
59.Сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: ... 12.1.8.хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал гэж заасан төрийн захиргааны албан тушаалд хамаарч байна.
60.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна: 10.1.2.төрийн захиргааны албан тушаал, 10.3-т Энэ хуулийн 10.1.2, ...-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ гэж зааснаар Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний албан тушаал төрийн жинхэнэ албан тушаал юм.
61.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Энэ хуулийн 10.1.2, ...-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална, 18 дугаар зүйлийн 18.8-д Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэжээ.
62.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоолд зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ТЗ-9 зэрэглэлтэй, дэс түшмэл ангилалд хамаарах нутгийн захиргааны байгууллагын албан тушаал юм.
63.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тул хуульд зааснаар орон тоог нөхөх шаардлага үүссэн байна.
64.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: ... 27.1.2.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас; 27.1.3.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс, 27.2-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ гэж заасан.
65.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхүүлэхээр Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/871 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газарт анх хүргүүлжээ. /хэргийн 1 хавтас 207-211 хуудас/
66.Үүнээс хойш Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13/2218, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 13/44, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13/15, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13/47, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13/04, тоот албан бичгүүдээр тус тус Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газарт хүргүүлж байжээ. /хэргийн 1 хавтас 212-217, 218-222, 223-235, 236-242, 243-247 дугаар хуудас/,
67.Хамгийн сүүлд У******** сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/58 тоот албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлд хандан мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тооны захиалгыг хүргүүлсэн байна.
68.Дээрх хугацаанд сул орон тоо нөхөгдөөгүй тул 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд төрийн захиргааны албан тушаалд шилжүүлэн болон сэлгэн ажиллуулах зар өгчээ. /хэргийн 3 хавтас 191 хуудас/
69.Зарын дагуу ирүүлсэн гуравдагч этгээд Б.С************-ийн шилжин ажиллах хүсэлтээр түүнийг Р************ сумын Засаг даргын Тамгын газрын тархвар зүйчийн албан тушаалаас У******** сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
70.Тодруулбал: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно, Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно гэж хуульчилсан.
71.Хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах хоёр үндсэн нөхцлийг заасан байна.
72.Үүнд: Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн а) төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, б) тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар гэсэн хоёр нөхцөлд төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болохоор байна.
73.Хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагч, хамтран хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбараас үзэхэд дээрх а)-д заасан гипотез нөхцлөөр буюу албан ажлын зайлшгүй шаардлагаар төрийн албан хаагч Б.С************-тэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулсан болох нь дараах байдлаар нотлогдож байна.
74.Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэсэн болох нь Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөө аж ахуйн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Б.Н************-ийг өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээр түүнийг ажлаас чөлөөлснөөс хойш 2025 оны 01 дүгээр сарын 22-ны хүртэл таван жил шахам хугацаанд төрийн жинхэнэ албаны сул орон тоо нөхөгдөхгүй байснаар болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.
75.Төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсон болох нь Б.С************-ийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын u************@gov.mn цахим шуудангийн хаягаар 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн өргөдөл /хэргийн 2 хавтас, 237 хуудас/, түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
76.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү өргөдлийг хүлээж авсан дардас дарагдаагүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй хэмээн нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. Гэвч энэ нь цахимаар хүлээж авсан баримт учраас хүлээн авсан дардас дарагдсан байхыг шаардахгүй гэж үзээд шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.
77.Нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулсан болох нь хариуцагч Мал эмнэлгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/15 тоот албан бичиг, /2 хавтас, 5 хуудас/, Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаал /хэргийн 2 хавтас, 7 хуудас/, У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дүгээр тушаал /хэргийн 2 хавтас, 12 хуудас/, У******** сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/11 тоот албан бичиг болон Мал эмнэлгийн газрын тайлбар, У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.
78.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С******** Захиргааны байгууллага зөвхөн өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах ёстой. Гэтэл У******** сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Мал эмнэлгийн газар хууль тогтоомжоор эрх олгогдсон өөр өөр байгууллагууд юм. Энэ нь Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар Р************ сумын Мал эмнэлгийн тасагт тархвар зүйч эмчээр ажиллаж байсан гуравдагч этгээдийг У******** сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн орон тоонд томилох буюу шилжүүлэх эрхгүй болохыг харуулж байна гэж маргасан.
79.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д ... албан хаагчийг ... төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас У******** сумын Засаг даргын Тамгын газар руу шилжүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
80.Тодруулбал, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн, 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу тухайн үйл ажиллагааны зохих хүрээ, Ерөнхий сайд, сайд /цаашид "сайд" гэх/-ын саналыг үндэслэн Засгийн газар байгуулна, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо нь улсын хэмжээнд мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, лаборатори, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллага, аймаг, нийслэлд мал эмнэлгийн байгууллага, лаборатори, сум, дүүрэгт мал эмнэлгийн тасаг, лаборатори болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс бүрдэнэ,
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: ... 67.1.4.хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох ..., 67.4-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө,
Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.2.төрийн захиргааны алба, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэж тус тус заасан.
81.Үүнээс үзэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн тогтолцоонд хамаарах аймаг дахь мал эмнэлгийн байгууллагын дарга нь харьяа Р************ сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйчийг төрийн гүйцэтгэх эрх мэдлийн өөр нэг байгууллага болох У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргатай харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д ... албан хаагчийг ... төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасныг зөрчөөгүй байна.
82.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С******** Б.С************ тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэсэн шаардлагыг хангахгүй байгаа хэмээн маргасанд дараах тайлбарыг өгье.
83.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж зааснаас үзвэл хуульд дараах хоёр өөр гипотез нөхцөлийг зааж өгчээ. Эхнийх нь албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож гэсэн нөхцөл байгаа бол эсхүл гэсэн холбоос үгийн дараа тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар гэсэн өөр нэгэн гипотез нөхцлийг хуулиар тогтоожээ.
84.Тиймээс эсхүл холбоос үгний урд ба хойно байгаа энэ хоёр нөхцөлийн аль нэгийг сонгох байдлаар хэрэглэх бөгөөд хоёр нөхцөлийг зэрэг хангасан байхыг шаардахгүй.
85.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэсэн диспозици /зан үйлийн горим журам/ нь албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар гэсэн гипотез /нөхцөл заасан хэсэг/-ийн аль нэг нь биелэгдсэнээр хэрэгжих үр дагавартай байна.
86.Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Мал эмнэлгийн газрын Р************ сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйчээр Болдын С************-ийг жинхлэн томилсон. Тэрээр төрийн жинхэнэ албан хаагч мөн байна. /хэргийн 2 хавтас 126 хуудас/
87.Иймд Б.С************ нь төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 62 дугаар зүйлийн 62.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: 62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх гэсэн эрх зүйн хамгаалалт эдэлнэ.
88.Мөн төрийн жинхэнэ албан хаагч төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар шилжин ажилласан ч энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаагаар хангагдана.
89.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С******** Б.С************ нь гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн дагуу хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагч биш тул түүнийг төрийн албанд шилжүүлэн ажиллуулах үндэслэлгүй гэсэн агуулгаар маргасан.
90.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан бөгөөд Б.С************-ийн тухайд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагч биш гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй.
91.Б.С************-ийг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан үндэслэлээр бус мөн зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн ажиллуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг маргаж буй үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
Б.С************-ийн мэргэжил У******** сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэний албан тушаалд таарахгүй гэх мэтгэлцээний талаар:
92.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор сумын Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталж, уг тогтоол батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны Зөвшөөрөл олгох тухай 40 дүгээр тогтоолын 3, 5, 6 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцжээ. /хэргийн 2 хавтас 173-193 дугаар хуудас/
93.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны Зөвшөөрөл олгох тухай 40 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтад зааснаар Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд мал аж ахуй /081105/, Зоо-инженер, техниологи /081104/, мал эмнэл зүй /084/, менежмент ба удирдахуй /0413/ мэргэжилтэй байх тусгай шаардлагыг тавьсан байв. /хэргийн 1 дэх хавтас, 170-175 дүгээр хуудас/
94.Б.С************ нь Мал эмнэл зүй /D084101/ мэргэжилтэй болох нь түүний бакалаврын дипломын хуулбараар нотлогдож байгаа ба энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны Зөвшөөрөл олгох тухай 40 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтад заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байна. /хэргийн 2 дахь хавтасны 141 хуудас, 3 дахь хавтасны 182 хуудас/
95.Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалын тодорхойлолтод мал аж ахуй /081101/, мал зүй /081102/, мал амьтны гаралтай түүхий эд судлал /081104/, тэжээл, бэлчээр судлал /081103/ гэсэн мэргэжилтэй байх тусгай шаардлага тавьжээ. /Хэргийн 2 дахь хавтасны 229 хуудас/
96.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/546 тоот албан бичгээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Т************-т хандан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолоор баталсан сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд ажиллаж байгаа хөдөө аж ахуйн тасгийн албан хаагчдын тодорхойлолтыг хавсралтаар хүргүүлжээ. /хэргийн 2 хавтас 160 хуудас/
97.Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 4/1121 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 70 дугаар тогтоолын хавсралтад зааснаар албан тушаалын тодорхойлолтыг баталж, 2025 оны 05 дугаар сарын 09-ний дотор ирүүлэхийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт үүрэг болгожээ. /хэргийн 2 хавтас 132 хуудас/
98.Өөрөөр хэлбэл Б.С************-ийг У******** сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дүгээр тушаал гарах үед Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолоор баталсан сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд ажиллаж байгаа хөдөө аж ахуйн тасгийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг дээд шатны байгууллагаас хариуцагчид хүргүүлээгүй байжээ.
99.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолоор баталсан сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд ажиллаж байгаа хөдөө аж ахуйн тасгийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасан Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно гэх захиргааны акт бөгөөд хэм хэмжээний актын адил нийтэд мэдээлэгдэхгүй.
100.Харин Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолоор баталсан сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд ажиллаж байгаа хөдөө аж ахуйн тасгийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт захиргааны акт болохын хувьд түүнийг гаргасан байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэнэ.
101.Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан тул Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолыг сумдын Засаг даргын Тамгын газарт мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно.
102.У******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гаргахдаа Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолоор баталсан сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд ажиллаж байгаа хөдөө аж ахуйн тасгийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг мэдээгүй байсан нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй.
103.Түүнчлэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 70 дугаар тогтоолын 4-т Энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг хангаж, эрх зүйн байдлыг дордуулахгүй байх арга хэмжээ авахыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт зөвлөсөн болно.
104.У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно гэж зааснаар Б.С************-ийн хувьд эерэг үйлчлэл бүхий захиргааны акт юм.
105.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах гэж зааснаар Б.С************-ийн төрийн жинхэнэ албанд хууль ёсны дагуу шилжин ажиллаж, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах хууль ёсны итгэл хамгаалагдана.
106.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.С************-ийг шилжүүлсэн нь Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 70 дугаар тогтоолыг зөрчсөн гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
107.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаар тогтоолоор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлахыг аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсөн байх тул хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/2375 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт хандан ирүүлсэн албан бичиг нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна гэж үзэн шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. /хэргийн 2 хавтас 162-172, 197 дугаар хуудас/,
108.Сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлийн талаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.2.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: гэж тус тус заасан.
109.Үүнээс үзвэл бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой.
110.Харин Н.Н********-ыг төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр хууль бусаар томилсон тул түүний хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй.
111.Хариуцагчийн сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэх тайлбар үндэслэлтэй байна.
112.Нэхэмжлэгч талаас У******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б************ өөрийнхөө бэр Б.С************-ийг томилсон нь хууль бус, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна гэсэн агуулгаар маргасанд дараах тайлбар өгье.
113.Гуравдагч этгээд Б.С************ нь Б.Б************-тэй 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрлэсэн болох нь 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хэргийн 3 дахь хавтас, 176 хуудас/
114.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1."нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг;
3.1.2."хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;
3.1.3."ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;
3.1.4."нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;
3.1.5."хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг,
3.1.6."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг;
3.1.7."ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг;
4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна,
Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан,
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.4.гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; 3.1.5.төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг; 3.1.6.садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг гэж тус тус заасан.
115.Үүнээс үзвэл нийтийн албан тушаалтан У******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б************-н бэр Б.С************ нь түүний хувьд хамаарал бүхий этгээд, гэр бүлийн гишүүн, төрлийн хүн, садангийн хүн, нэгдмэл сонирхолтой этгээдийн алинд ч хамаарахгүй байна.
116.Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д "ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг ойлгохоор заасан тул тухайн тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсжээ.
117.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана, 8.6-д Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ, 8.7-д Эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан тушаалтны гаргасан энэ хуулийн 8.6-д заасан тайлбар болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт үндэслэн энэ хуулийн 8.4-т заасны дагуу шийдвэр гаргах бөгөөд шийдвэр гаргаагүй бол ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэнд тооцно гэж заасны дагуу М.Б************ сумын Засаг даргадаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тайлбар хийж хүргүүлэх үүрэгтэй байх юм.
118.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг хариуцагч хэрэгжүүлсэн эсэх талаар нэхэмжлэгч талаас маргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б************-г албан тушаалаа урвуулан ашиглаж бэрийгээ ажилд томилсон асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсан боловч хариу өгөөгүй, ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй байх тул Захиргааны хэргийн шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.
119.Хариуцагч албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн эсэх нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш.
120.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С******** Н.Н************-н ажлаас чөлөөлсөн Б/08 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан бөгөөд талууд харилцан тохиролцсон зүйл байхгүй. Хууль бус тушаал гаргаж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэсэн агуулгаар маргасанд дараах тайлбар өгье.
121.Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт заасныг баримталжээ.
122.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно: 78.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан гэж заасан.
123.Н.Н********-ыг мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан эрх зүйн харилцааг дуусгавар болгохдоо талууд харилцан тохиролцоогүй байхад энэ үндэслэлийг баримталсан бол захиргааны байгууллагын шийдвэр эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт болно.
124.Хууль бус захиргааны актыг дотор нь хууль бус, илт хууль бус гэж хоёр түвшинд авч үздэг.
125.Илт хууль бус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж зааснаар гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг.
126.Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан захиргааны акт нь хэдийгээр хууль бус боловч эрх зүйн үйлчлэлтэй байдаг онцлогтой.
127.Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус шинжийг агуулаагүй байна.
128.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсгийг баримталсан нь Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалын эрх зүйн үйлчлэлд нөлөөлөхгүй.
129.Дээрх үндэслэлээр Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
130.Хариуцагч Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
131.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С******** Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай Б.С************-ийг шилжүүлсэн тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 /өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар акт гаргасан/, мөн зүйлийн 47.1.6 /акт гаргах эрх зүйн үндэслэлгүй/ дахь заалтуудыг тус тус зөрчсөн илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гарган маргасан боловч уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх дараах үндэслэл байна.
132.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан.
133.Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай Б.С************-ийг шилжүүлсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй талаар энэ шийдвэрийн 55-75 хэсэгт дүгнэсэн.
134.Иймд захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхгүй.
135.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг томилох эрх бүхий этгээд түүнийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулж болохоор хуульд заасан учраас Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай тушаал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасанчлан илт хууль бус шинжийг агуулахгүй.
136.Түүнчлэн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй биш, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан үндэслэл байсан учраас /энэ шийдвэрийн 71 хэсэгт дүгнэсэн/ Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай тушаал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасанчлан илт хууль бус шинжийг агуулаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
Мал эмнэлгийн газар Б.С************-ийг шилжүүлэн ажиллах саналаа буцаан татсан талаар:
137.Мал эмнэлгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/15 тоот албан бичгээр Мал эмнэлгийн газрын Р************ сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч Болдын С************-ийг сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоон дээр шилжүүлэн ажиллуулахад татгалзах зүйлгүй болно гэж У******** сумын Засаг даргын Тамгын газарт саналаа хүргүүлсэн боловч 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/25 тоот албан бичгээр өмнөх саналаа буцаан татаж байгаагаа мэдэгджээ. /хэргийн 1 дэх хавтасны 158 хуудас, 2 дахь хавтасны 5 хуудас/
138.Үүний дараа Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Мал эмнэлгийн газрын Р************ сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйчээр ажиллаж байсан Болдын С************-ийг түүний гаргасан хүсэлтийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс У******** сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлжээ.
139.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үнэнбатын тайлбараас үзэхэд өмнө өгсөн саналаа буцаан татсан гэх боловч Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу гэснийг зөрчөөгүй байна.
140.Учир нь: Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж зааснаар авч үзвэл хариуцагч эхлээд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэхийг зөвшөөрсөн, дараа нь саналаа буцаан татсан, хамгийн сүүлд шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан байх тул хүсэл зоригийн илэрхийлэл нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан нөхцлийг зөрчөөгүй гэж дүгнэж болохоор байна.
141.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Б.С************-ийг томилсон нь Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтыг зөрчсөн гэсэн агуулгаар маргаж байгаад дараах тайлбарыг өгье.
142.Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын генетик нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч улсын байцаагч ажиллана гэж заасан байна.
143.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална, 23.6-д Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална, 23.7-д Тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 23.5-д заасан тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно гэжээ.
144.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны Зөвшөөрөл олгох тухай 40 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтад зааснаар Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд мал аж ахуй /081105/, Зоо-инженер, техниологи /081104/, мал эмнэл зүй /084/, менежмент ба удирдахуй /0413/ мэргэжилтэй байх тусгай шаардлагыг тавьсан байв.
145.Б.С************ нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны Зөвшөөрөл олгох тухай 40 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтад заасан тусгай шаардлагыг хангаж байгаа, итгэл хамгаалах зарчим үйлчлэх ёстой талаар энэ шийдвэрийн 105 хэсэгт дүгнэсэн.
146.Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д сумын хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын генетик нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч улсын байцаагч ажиллана гэж заасан бөгөөд мал зүйч мэргэжилтэй улсын байцаагч ажиллана гэж заагаагүй.
147.Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасан улсын байцаагчийн ажлын байранд ажиллаж болох нарийн мэргэжлүүдийг Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нарийвчлан тогтоосон нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д нийцэж байна.
148.Иймд мал эмнэл зүй мэргэжилтэй Б.С************-ийг У******** сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлсэн нь Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
149.Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар Байгууллагын архивд ороогүй удирдлагын гарын үсэг зурагдан гарсан Б.С************-ийг ажилд томилох тухай 2025 оны 02 сарын 06 гэсэн огноотой Б/09 дүгээр тушаалын тушаах нь хэсгийн 1 дэх заалтын Болдын С************-ийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс томилсугай гэсэн тушаал, мөн Б.С************-ийг ажилд томилох тухай 2025 оны 02 дугаар сарын 14 гэсэн огноотой Б/09 дугаартай тушаалын Тушаах нь хэсгийн 1 дэх заалтын Болдын С************-ийг 2025 оны 02 сарын 14-ний өдрөөс томилсугай гэсэн тушаалууд нь бичиглэлийн алдаатай, бодит нөхцөлд нийцээгүй тул хүчингүй болгожээ.
150.Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан.
151.Б.С************-ийг томилсон У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын гурван өөр тушаал хэрэгт авагдсан.
152.Үүнд: 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн огноотой, 06-ны өдрөөс хэрэгжиж эхлэх Б/09 дүгээр тушаал, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн огноотой, 14-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Б/09 дүгээр тушаал, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн огноотой, 14-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Б/09 дүгээр тушаал /хэргийн 1 дэх хавтас 9 хуудас, хэргийн 2 дахь хавтасны 8 хуудас/
153.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын баримт бичигт хийсэн үзлэгээр Б.С************-ийг сумын Засаг даргын Тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан албан тушаалд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс томилсон У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хуулбарлан авчээ.
154.Иймд төрийн архивт хадгалагдаж байгаа, эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт нь Б.С************-ийг сумын Засаг даргын Тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан албан тушаалд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс томилсон У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/09 дүгээр тушаал гэж үзэв.
155.Харин архивт хадгалагдаагүй, алдаатай захиргааны актуудыг Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.
156.Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/14 дүгээр тушаалтай нэхэмжлэгч тал маргаагүй. Ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.
157.Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/14 дүгээр тушаалыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
158.Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг баримтлан Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/14 дүгээр тушаал хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн болно.
159.Түүнчлэн хэргийн 2 дахь хавтасны 24 дүгээр хуудаст авагдсан Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн Б/28 дугаартай 1.Мал зүйч мэргэжилтэй Н.Н************-г хүнс, хөнгөн үйлдвэр хариуцсан мэргэжилтний албан тушаалыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлэхээр томилсугай гэсэн тушаалыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
160.Харин хэргийн 2 дахь хавтасны 23 дугаар хуудаст авагдсан 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/29 дугаартай 1.Зоо техникч Н.Н************-г Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлэхээр томилсугай гэсэн тушаалыг нотлох баримтаар үнэллээ.
161.Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалын бүртгэлийн 28 дугаарт: сар, өдөр 07/06, дугаар Б/28, товч утга Н.Н******** түр томилох, 29 дүгээрт: сар, өдөр 07/24, дугаар Б/29, М.Тэгш-Оюуныг эргүүлж томилох тушаал гэж тус тус бүртгэгдсэн байна. /хэргийн 2 дахь хавтасны 27 дугаар хуудас/
162.Хэргийн оролцогчид Н.Н******** нь Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан талаар маргадаггүй.
163.Н.Н********-ыг ажилд түр томилсон зөвхөн нэг тушаал гаргасан нь бүртгэлээр нотлогдож байгаа тул тушаалын бүртгэлд Б/28 дугаараар бүртгэгдсэн Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн Б/29 дугаартай Н.Н************-г Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалыг нотлох баримтаар үнэллээ.
164.Б/28 дугаарт бүртгэгдсэн тушаалыг Б/29 гэж алдаатай бичсэн эсэх нь уг захиргааны актын эрх зүйн үр дагаварт нөлөөлөхгүй, илт хууль бус алдаа биш гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
165.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тойргийн нотариатч Г.Б************-н 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрчилсэн 0599 дугаартай итгэмжлэлээс үзэхэд нэхэмжлэгч Н.Н******** нь төлөөлөгч Л.С******** т нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх олгожээ.
166.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Н.Н********-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлсон тул шүүх энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
167.Иргэдийн төлөөлөгчийн саналын тухайд: Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгч Н.П******** ын хариуцагч тухайн нэхэмжлэгчийн албан тушаалд сэлгэн шилжүүлсэн Б.С************-ийн томилгоо нь журмын дагуу шилжүүлсэн гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг хүлээн авлаа.
168.Харин нэхэмжлэгчийн ажлаас халагдсан өдрөөс тодорхой хугацаагаар цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлж олговол хуульд нийцэх юм болов уу гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
169.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
170.Иймд нэхэмжлэгч Н.Н************-н хувьд түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан зүйл байхгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Н********-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нарт холбогдох Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн У******** сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн /мөн сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн/ Б/09 дүгээр тушаал болон 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/08 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, Н.Н********-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжил төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ