Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 123/2017/0016/З |
Дугаар | 221/МА2018/0155 |
Огноо | 2018-03-01 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2018/0155
2018 оны 03 сарын 01 өдөр | Дугаар0221/МА2018/0155 | Улаанбаатар хот |
|
|
“М-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ20174/0034 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “М-А” ХХК-ийн захирал Ц.Ц 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны А/312, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/313 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2017/0034 дүгээр шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М-А” ХХК-ний Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/312, А/313 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч “М-А” ХХК-ийн захирал Ц.Ц дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/036, 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/085 дугаар шийдвэрийг үндэслэн гаргасан газар эзэмшүүлэх 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 23 дугаар гэрээг ноцтой зөрчсөн.
2.Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасан хоёроос дээш жил тариалалт хийгээгүй бол гэрчилгээг хүчингүй болгоно гэснийг,
3.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан гэрчилгээг хүчингүй болгох хугацааг дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор тайлбарласан гэрээ хийгдсэн хугацаанаас эхлэн тооцох заалтыг,
4.Газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үндэслэлгүйгээр гүтгэсэн,
5.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасан тариалангийн газар эзэмшигч “М-А” ХХК-ийн эрхэд халдсан,
6.Г.Б дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор тайлбарласан хүндэтгэн үзэх шалтгаан болох хууль бус үйл ажиллагаа явуулж “М-А” ХХК-ийн эзэмшил 85 га, 76 га талбайг 2016 онд уринш хийлгээгүй нь баримтаар нотолсныг үндэслээгүй, бодит байдалд нийцэхгүй, Г.Б сонирхлын зөрчлийг ашигласан, түүний хууль бус үйл ажиллагааг хаацайлсан хууль бус шийдвэр гаргасан.
“М-А” ХХК 1996 оноос 22 дахь жилдээ 1026-5510 га тариалангийн талбайд үр тариа түүний дотор улаан буудай, гурвалжин будаа, тэжээлийн ургамал, тосны ургамал, төмс хүнсний ногоо тариалах, хадлан тэжээл бэлтгэх, 243 үнээ бүхий сүүний механикжсан фермийг ажиллуулж 60-70 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
“М-А” ХХК шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн “И” ХХК-ийн охин компани бөгөөд түүний санхүүжилт, ажил мэргэжлийн өндөр зэрэглэлийн хүмүүсийн тусламж, дэмжлэгт тулгуурлан ажилладаг. Бид Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Мал аж ахуйн хүрээлэн зэрэг байгууллага тэдгээрийн ажилтан, мэргэжилтэн, эрдэмтэдтэй олон жил хамтран ажилласны дүнд газар тариалангийн үйлдвэрлэлээ шинэчлэх, хөгжүүлэх “Тогтвортой ургацын шинэ технологи”-ийг нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимтэй явуулж байгаа.
“Тогтвортой ургацын шинэ технологи”-оо Т аймгийн Ж сумын Засаг дарга Д.Г танилцуулахад тэрээр маш анхааралтай хүлээн авч дэмжсэн. Тэгээд Ж сумын газар тариалангийн зөвлөх, гавьяат агрономич Г.Н, “А з” ХХК-ийн захирал, гавьяат механикжуулагч Д.Б, сумын газар тариалангийн толгой мэргэжилтнүүдээр хянуулан хэлэлцүүлсэн. Тэд дэмжиж улам үр дүнтэй, боловсронгуй болгох санал гаргасан.
Засаг дарга Д.Г энэ технологийг “М-А” ХХК-ийн үндсэн үүрэг, тариалангийн газар эзэмших зориулалтаар гэрээнд тусган оруулах, 2016-2017 онд сэлгэн тариалалтын технологийг нь туршиж нэвтрүүлэх улмаар сум, аймгийн хэмжээнд нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Шийдвэрийг хэрэгжүүлж “М-А” ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн гэрээг байгуулсан. Засаг даргын бас нэг чухал дэмжлэг нь “Тогтвортой ургацын шинэ технологи”-ийн 2016 оны ажилд шаардагдах санхүүжилтийн асуудлыг аймгийн Засаг дарга Д.Б, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Л.Д нарт оруулан шийдвэрлүүлсэн. Тэдгээр дарга нар дэмжиж асуудлыг нягтлан боловсруулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд Р.Б шийдвэрлүүлэхээр оруулсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны холбогдох мэргэжилтэн албан тушаалтнууд “М-А” ХХК болон түүний “Тогтвортой ургацын шинэ технологи”-ийг сайн мэддэг, дэмжлэгээ ашиглан 2016 оны тариалалтад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгсөн.
Хөрс хамгаалах тэг элдэн шүүлгийн технологийн толгой байгууллага болох “Э” ХХК-тай 2016 оны тариалалтыг 1026 га-д, 5 дугаар сарын 10-ны өдрөөс 10 хоногийн дотор хийхээр гэрээ байгуулан компьютерийн удирдлагаар ажилладаг, өндөр мэргэжил мэргэшлийн оператор (бидний мэддэг тракторч, комбайнч биш) удирдлагын пулт-кабинд ажилдаг хөдөлгөөнт суурь машинуудаа ажиллуулахаар болсон.
Засаг дарга Д.Г тэдгээр шинэ техник, технологиор “М-А” ХХК-ийн тариалангийн талбайд Төв аймгийн 2016 оны хаврын тариалалтын үзүүлэн, семинар зөвлөгөөнийг хийх шийдвэр гаргаад байсан.
Гэтэл “М-А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Б энэ компанийн хөрөнгө, эзэмшил газрын 49 хувь нь минийх, би компанийн тариалангийн үйлдвэрлэлийг хариуцан ажилладаг, энэ талбайд 20-иод жил тариалалт хийж байна, энэ талбайд бусдыг оруулдаггүй, одоо ч оруулахгүй гээд түүнээ батлан захирал Ц.Ц эрүү үгсүүлэхээр аймгийн цагдаад мэдүүлэг өгснөөр бүх асуудлыг чагталсан.
Засаг даргын захирамж гарсан 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө сумын газрын даамал Л.Ц өрөөнд орж түүнтэй уулзаад 85 га, 76 га талбайд 2016 онд уриншийн боловсруулалт хийсэн, одоо тариалалт хийх гэж байна очиж шалгаач, үзээч гэдэг хүсэлт тавьсан. Л.Ц миний дэргэд Засаг даргад энэ талаар мэдэгдэхэд Засаг дарга Т.Ц Л.Ц өрөөнд яаруу сандруу орж ирээд бүү яв, би мэдэж байна, төмс тарьж зориулалтын бус үйл ажиллагаа гэж үүрэгдээд гарсан. Тэгсэн мөртлөө 5 дугаар сарын 2-ны өдөр авсан хөрс боловсруулалтын фото зургийг нотлох баримт болгон өгснийг огноогүй зураг байна гээд зөвшөөрөөгүй.
Шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 85 га, 76 га талбайд үзлэг хийхэд 2016 онд хийсэн уринш биш, захирамж гарсны дараа хагалсан гэж гүтгэсэн. Үүнийгээ үзлэгийн үед талбай дээр надад хэлээгүй. Засаг дарга та нотлох нь дээ гэж шүүгч надад хэлсэн. Шүүгч ч энэ тайлбарыг дэмжих аясаар хэлсэн. Би итгэлтэй байсан учраас тоогоогүй, дээр дурдсан фото зураг, талбай дотор орж хөрс боловсруулалт, үрлэгээ, тариалалтын хугацаа заагийг хялбар тогтооно гаж бодож байсан. Гэтэл шүүгч үзлэгийг ямар ч мэдлэг, үндэслэлгүй том талбайн захад нэг цэгт алс зогсож хараад өнгөрсөн. Энэ өдөр 76 га талбайд трактороор үрэлгээний өмнөх технологийн боловсруулалт хаваас хийж байсан. Тэр талбайг бас л алсын нэг цэгээс хараад явцгаасан. Тэгсэн Засаг дарга түүнийг 2016 онд уринш хийгээгүй одоо л хагалж байна гэсэн тайлбар өгснийг шүүгч надад хэлсэн. Эдгээр тайлбаруудыг амаар хийсэн болохоос албан ёсоор бичгээр гаргаагүй. Миний бие 76 га үрэлгээний өмнөх боловсруулалт, 85 га төмс тариалалттай холбогдуулан тариалангийн технологийн прецессийн тайлбарыг шүүх хурал дээр хийсэн.
Надад 85 га, 76 га талбайн 2016 оны зун хийсэн уриншийг харуулсан 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн фото зураг байсныг шүүхэд өгсөн. Шүүгч аваад Засаг даргад дамжуулахад фото зургийн он сар өдрийг гаднаас компьютер ашиглан зохиомлоор оруулж болдог тул зөвшөөрөхгүй байна гэсэн. Тэгэхээр нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралд фото зургийн CD-г цагдан сэргийлэхийн шинжилгээний хүрээлэнгээр шинжлүүлж түүний он сар өдөр бодит болохыг тогтоолгох хүсэлт гаргасан.
Шүүх хурал дээр шүүгч надад 2 хувилбар тулгасан. 1 дэх нь хурлаа үргэлжлүүлэн хийгээд асуудлыг чинь шийднэ, 2 дахь нь хүсэлтийг чинь давж заалдах эрхтэйгээр хэрэгсэхгүй болгож захирамж гаргана гэсэн. Би захирамж гарга, давж заалдана гэсэн хариу өгсөн. Энэ өдрийг хүртэл миний бие эзэмшил газартаа уринш хийж гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласнаа баталснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдана гэдэг итгэлийг тээж ажилласан, тэгээд ч түүнийгээ нотолсон, баталсан.
Гэтэл шүүгч уринш хийсэн нь нотлогдоод ирэхээр уриншийг “М-А” ХХК өөрөө хийгээгүй, “Х б” ХХК-ийн Г.Б хийлгэсэн гэдэг үндэслэлээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь тодорхой болсон учраас давж заалдах хувилбарыг сонгосон.
Засаг даргын захирамж хууль зөрчсөн, хууль бус болохыг нотлох дараагийн үндэслэлийг гаргаж тавьсан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хурал дээр гэрээ хийгдээд дөнгөж 1 жил 2 сар 25 хоног өнгөрч байхад Засаг даргын захирамжийн 2 жил дараалан газраа ашиглаагүй гэсэн заалт нь илт хууль бус болохыг үндэслэн захирамжийг хүчингүй болгож өгөхийг шаардсан хүсэлт гаргасан. Дараалсан 2 жилийн хуулийн үндэс нь дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жил гэдэг тайлбар болно.
Хүсэлтийг хурал дээрээ хэлэлцэх байсан боловч Засаг дарга ч, шүүгч ч үл тоосон байдалтайгаар хурал тарсан. Дараа нь Засаг дарга миний хүсэлт, үндэслэлд хариу тайлбар өгнө гэдгийг шүүгчийн туслах н.Д сонссон. Засаг даргын тайлбарыг сурсаар байж гарангуут нь 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр очиж авсан.
Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 01/301 дугаар албан бичгээрээ “М-А” ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн гэрээг зөрчсөнөө баталсан.
“М-А” ХХК-д газар эзэмшүүлэх гэрээ нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэн сумын Засаг даргын 2007 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/036, 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/085 дугаар шийдвэрийг үндэслэн гаргасан хууль ёсны баримт бичиг мөн. Үүгээр 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа 1254 га газрын гэрээний эрх сэргээгдэж, 1026 га газрын эрх хууль ёсоор баталгаажсан болно.
Засаг дарга ч, шүүгч ч 1026 га газрыг эзэмшүүлэх 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/085 дугаар шийдвэрийг тохиолдлын байдлаар дурдахгүй байгаа юм бишээ. Дурдахгүй байгаа нь 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн гэрээг хууль зүйн үндэслэлгүй 2007 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/036 дугаар шийдвэрийн гэрээний хугацааг үндэслэнэ гэсэн хууль бус, албан ёсны гэрээг ноцтой зөрчсөн үйлдлээ нэг нь баталж нөгөө нь түүнийг нь дэмжиж байгаагийн илрэл мөн.
“М-А” ХХК-ийн эзэмшлийн 1026 га болон түүний доторх 85 га, 76 га тариалангийн талбай нь эзэмших эрхийн гэрчилгээ, эзэмшүүлэх эрхийн гэрээ, кадастрын зургаар хуульд заасны дагуу улсын бүртгэлд орсон хууль эрх зүйн маргаангүй газар болно. Засаг дарга ч, шүүгч ч 85 га, 76 га талбайг гэрчилгээ, гэрээний асуудалтай маргаантай мэтээр тайлбарлаж байгаа нь тэдгээр талбайд тариалалтыг хуульд заасан хугацаанд хийсэн эсэх үндсэн асуудлаас бусдын анхаарлыг хөндийрүүлэх, асуудлыг будлиантуулах хууль бус үйлдлүүдийнх нь нэг мөн.
Тариалалт хийгээгүй хугацааг гэрээ хийгдсэн хугацаанаас эхлэн тооцох хуулийн үндэслэлийг зөрчиж байгаа нь ноцтой асуудал мөн. Засаг дарга 2 жил дараалан гээд байгаа нь хууль бус, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасан хоёроос дээш жил тариалалт хийгээгүй бол заалтыг зөрчсөн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үйлдэл мөн. Шүүгч ийм илт хууль бус, буруу шийдвэрийг зориудаар гаргаж байгаа нь ихээхэн гомдол гайхширлийг төрүүлж байна. Газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь газар тариалангийн үйлдвэрлэлийн бодит байдалд нийцэхгүй, ямар ч үндэслэлгүй, зохиомол, хоосон хийсвэр, худал хуурмаг гүтгэлэг бөгөөд Засаг даргын захирамж үнэхээр “М-А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуулийн үндэслэлгүйгээр халдсан акт болохын бас нэг нотолгоо мөн.
85 га, 76 га талбайд улаан буудай, тэжээлийн ургамал (даршны эрдэнэ шиш, хошуу будаа, тэжээлийн манжин) тосны ургамлаас өөр юм тарьж байгаагүй. Харин Г.Б 2017 онд 85 га талбайд төмс тарьж харьцангуй өндөр ургац авсан.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасан газар эзэмшигч “М-А” ХХК-ийн эрхэд зүй бусаар халдсан. Газар эзэмшигчийн эзэмшил газраа бусдад ашиглуулах эрх, газрын харилцааны: төрийн бодлого, суурь зарчим, олон улсын түгээмэл үйл явц, хууль эрх зүйн үндэслэлтэй чухал эрх мөн. Энэ нь тариаланчдын үндсэн эрх бөгөөд эзэмшил газартаа дотоод, гадаадын хөрөнгө хүч, шинэ техник, дэвшилтэт технологи татах цорын ганц бөгөөд хууль эрх зүйн үндэс мөн. Монгол Улсын тариаланчид, ногоочид, жимсчид эзэмшил газраа бусдад түрээслүүлэх, бусдын хөрөнгө хүч, техникээр тариалалт хийлгэх үйл явц ирээдүйтэйгээр өргөжин хөгжиж байгаа.
Хэрэв бусдад ашиглуулсан газрын гэрчилгээг хүчингүй болгоно гэвэл Монголын тариаланчдын ихэнх нь хамрагдаж сүйрнэ. “М-А” ХХК-ийн эзэмшлийн 85 га, 76 га талбайд манай компанид олон жил ажилласан, компанийн хувьцаа эзэмшигч, эдгээр талбайд тасралтгүй 19 дэх жилдээ тариалалт хийж байгаа, улсын тэргүүний агрономич Г.Б 2016 онд уринш, 2017 онд тариалалт хийж ихээхэн ашиг орлого олоод байна. “М-А” ХХК-ийн 2016 онд ийм байдлаар уриншилсан талбайн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй.
Харин Г.Б “М-А” ХХК-ийн тариалангийн үйлдвэрлэл, технологид халдаж хууль бус тариалалт явуулж байгаа нь компани өөрөө уринш хийгээгүй бус хийлгээгүй болохын үндэслэл мөн. Г.Б “Х б” ХХК нь “М-А” ХХК-ийн тариалангийн талбайд Тариалангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон тариалангийн үйлдвэрлэлийг хууль бусаар явуулж хөрөнгөжсөний үндсэн дээр байгуулагдсан, өөрөө нэг га ч газаргүй компани юм.
Г.Б нь “М-А” ХХК-ийн агрономич, гүйцэтгэх захирлаар олон жил ажилласан, хөрөнгийн 49 хувийг бэлгэнд авсан, хувьцааны 49 хувийг эзэмшдэг байдлаа ашиглан “М-А” ХХК-д тариалалт хийдэг мэтээр бусдыг хуурч мэхлэх, залилах аргыг хэрэглэсээр байгаа.
Г.Б хууль бус, хүнлэг бус, хорон санаатай, худал хуурмаг, залилангийн үйл ажиллагааг нотлох нэг баримт 2017 оны 8 дугаар сард илэрсэн. Тэрээр би “М-А” ХХК-д ямар ч хамаагүй, гүйцэтгэх захирлаас халагдсан, агрономич хийдэггүй, “Х б” ХХК-иа тусад нь ажиллуулдаг, 85 га, 76 га талбайд 2016 онд “М-А” ХХК биш “Х б” ХХК уринш хийсэн, тэгээд сая 2017 онд тариалалт хийсэн мэтээр бусдад ойлгуулсан. “М-А” ХХК-ийн 85 га, 76 га газрын гэрчилгээг хүчингүй болгосныг ашиглан тэдгээрийг 1 га ч үгүй “Х б” ХХК-д авах бусармаг үйл ажиллагаа явуулсан.
Шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан дээр Засаг дарга Т.Ц газар дээр үзлэг хийж нотлох баримт гаргах хүсэлт гаргасан. Үзлэгийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хийхээр товлосон. Тариалалт хийгээд 2 сар гаруй хугацаа өнгөрч, таримал ургамал болцын шатандаа орж, талбайн газрын хөрс үзэгдэхгүй, харагдахгүй, танигдахгүй болсон үед юу үзэж, ямар нотлох баримт гаргах нь эргэлзээтэй зүйл. Тариалангийн ургацын процессод үзлэг хийх нь хугацааны хувьд хууль бус үйлдэл байсан. Учир нь газрын гэрчилгээг хүчингүй болгосон 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш явагдсан ажиллагаа нь асуудал шийдэхэд хамаарах ёсгүй.
Биднийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр талбай дээр очиход Засаг дарга Т.Ц, Г.Б түүний хэд хэдэн хүн бүхий бүлэг ирсэн. Шүүгч 85 га, 76 га-н ургацын зургийг авсан. Засаг дарга, Г.Б, шүүгч нар “М-А” ХХК 2016 онд өөрөө уринш хийгээгүйг нь батлах гэж ирсэн нь тодорхой болж над руу бүлэглэн дайрсан. Би шүүгчид хандан “Г.Б бидний хооронд сонирхлын зөрчлийн маргаантай болохыг та мэдсээр байж түүн дээр нь дөрөөлж байгааг чинь эсэргүүцэж байна. 2016 онд уринш хийсэн нь нотлогдохоор өөрөө хийгээгүй шалтаг сэдэж түүнээ нотлохоор энэ үзлэг гээчийг хийж байгаа чинь хууль бус шүү” гэсэн тайлбар хийсэн.
Засаг даргын албан өрөөнд шүүгч, “Х б” ХХК-ийн захирал Г.Б, тэдний тракторын жолооч Б.Ц нараас гэрчийн мэдүүлэг авахад тэд илт худал, гүтгэлгийн шинжтэй, хоорондоо зөрж зөрчилдсөн хариулт өгсөн. Энэ үзлэг гээчийн явцад Г.Б түүний хүмүүс, Засаг дарга Т.Ц нар үгсэн, Г.Б гэрчилгээг нь хүчингүй болгосон талбайг “Х б” ХХК-д авах хорон санаа агуулсан нь мэдрэгдсэн. Би энэ талаар бүгдийн өмнө ил тод хэлсэн, тэд үгүйсгээгүй.
“М-А” ХХК өөрийн эзэмшлийн 1026 га талбайг “Тогтвортой ургацын шинэ технологи”-оор 2016, 2017 онд улаан буудай,тэжээлийн ургамал, гурвалжин будаа, тосны ургамал тариалж 15 ц/га ургацыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, шинэ техник, дэвшилтэт технологи ашиглан өндөр мэргэжил мэргэшлийн операторуудын хүчээр баталгаатай авах байсан юм. “М-А” ХХК-ийн газар эзэмшүүлэх 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн гэрээний заалт, үүрэг, зориулалт болох ажлыг “Х б” ХХК, хувьцаа эзэмшигч Г.Б тариалангийн үйлдвэрлэл, технологид халдах аргаар ноцтой хууль бус үйл ажиллагаа явуулж тасалдуулсан одоо ч явуулсаар байгаа.
Уриншийг “М-А” ХХК өөрөө хийгээгүйн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан нь “Х б” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа болохыг нотолсон 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үндэслэлийг шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын хуралдаанд оруулж 10 тооны нотлох баримтаар тайлбарласан. Засаг дарга тайлбар өгнө гээд хуралдааныг хаасан. Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 01/622 дугаар тайлбараараа “М-А” ХХК хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө уринш хийгээгүйг зөвшөөрч, харин гэрчилгээг хүчингүй болгох хугацааг 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн гэрээгээр тооцох нь хууль зүйн үндэслэлгүй гэдгээ давтан тодорхойлсон.
“Х б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Б “М-А” ХХК-ийн эзэмшил талбайд тариалалт хийж байгаагийн хууль эрх зүйн үндэсний талаар Г.Болормаагаас гэрчийн мэдүүлэг авах албан ёсны саналыг шүүхэд 3-4 удаа гаргасан боловч шүүх хэрэгсээгүй.
“М-А” ХХК 2016 онд уринш хийсэн нь нотлогдож түүнийг өөрөө хийгээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг нь Засаг дарга зөвшөөрсөн буюу “М-А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрэн нотлогдоод байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд туйлын их гомдол, гайхшралтайгаар няцааж байна.
Гомдлын шаардлагад дурдсан “М-А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захирамжийг дэмжсэн, үнэн бодит байдалд нийцэхгүй, Г.Болормаагийн сонирхлын зөрчлийг ашигласан, түүний гэмт үйлдлийг хаацайлсан, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Маргаан бүхий захирамжуудын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл тухайн тохиолдолд цаг хугацааны хувьд үүсээгүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуулийн зохицуулалттай нийцээгүй байгааг анхан шатны шүүх анхааралгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор заасан, харин хэрэгт авагдсан баримтаас үзвэл хамгийн сүүлд аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/085 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн урьд эзэмшиж байсан газрын хэмжээг багасган 1026 га болгож, улмаар уг захирамжийг үндэслэн мөн оны 2 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “М а” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
Гэтэл хариуцагчаас ийнхүү гэрээ байгуулснаас хойш 1 жил 2 сар гаруй дараа буюу гэрээнд заасан 2 жилийн хугацаа болоогүй байхад гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
Түүнчлэн маргаан бүхий 2 захирамжаар хүчингүй болсон нийт 161 га талбай нь нэхэмжлэгчийн 2007 оноос хойш эзэмшиж байсан нийт газарт хамаарч байгаа, гэхдээ гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж буй энэ тохиолдолд анхнаас эзэмшиж байсан гэдгээр нь 2 жилийн хугацааг 2007 оноос тооцох боломжгүй.
Учир нь нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу эзэмшээгүй гэж үзвэл дахин захирамж гарган үргэлжлүүлэн эзэмшүүлэлгүйгээр гэрчилгээг хүчингүй болгох эрх хариуцагчид хуулиар олгогдсон байдаг.
Харин нэгэнт гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээг байгуулсан үеэс хойш гэрээний биелэлтийг газар эзэмшигчээс шаардах ёстой.
Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь 2-оос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчилсэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” гэж заахдаа энэхүү тариалалтыг зөвхөн газар эзэмшигч өөрөө хийнэ гэсэн шаардлага хуулиар тавигдаагүй байна.
Бодит байдалд тухайн талбайд тодорхой хэмжээний тариалалт хийсэнтэй хариуцагч маргадаггүй, гагцхүү түүнийг нэхэмжлэгч өөрөө бус бусдаар хийлгүүлсэн гэж нэхэмжлэгчийг буруутгадаг.
“Газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэх Газрын тухай хуулийн зохицуулалт нь тухайн газрыг анхны олгосон зориулалтаас өөрөөр эзэмшиж, ашигласан байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн тухайд энэ тохиолдолд өөрөө биш бусдаар эзэмшил газартаа тариалалт хийлгүүлсэн нь гэрээнд заасан зориулалтыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй.
Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн газраа ашиглах талаар ямар үйл ажиллагаа явуулж байгаа, тухайлбал тариалалт, уринш хийсэн эсэх нөхцөл байдлыг сайтар шалган тогтоогоогүй нь хууль бус.
Гэрч “...Г.Б 76 га-д 2017 онд тосны ургамал, 2016 онд төмс, 2017 онд 55 га газарт төмс тарих зэргээр “Хонгор буудай” ХХК-ийн хөрөнгөөр тариалалт хийсэн...” гэх мэдүүлгээс үзэхэд маргаан бүхий газарт зориулалтын дагуу ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэх боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2017/0034 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М-А” ХХК-ийн захирал Ц.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны А/312, А/313 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН