Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2016/0818

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Г******* 

Хариуцагч: Ула******* хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага:

“Чингэлтэй дүүргийн , Д-ийн 60 байрны 6 тоот байрыг эзэмших эрхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаартай гэрчилгээг хүчингүй болгохыг Ула******* хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Б*******д даалгаж өгөх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: Ш.Г*******, өмгөөлөгч Т.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*******, Д.Ш, гуравдагч этгээд Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ур*******, нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“…Ш.Г******* миний ээж С.Х 1997 онд “байр худалдана” гэсэн зарын дагуу иргэн Ц.Бгоос 450,000 \дөрвөн зуун тавин м*******\-н төгрөгөөр Чингэлтэй дүүргийн , 60 дугаар байрны 6 тоот, нэг өрөө байрыг худалдан авсан бөгөөд уг сууцны эрхийн бичгийг Ц.Б нь манай ээжид шилжүүлж өгнө гэж худал хэлээд сураггүй алга болсон юм. Энэ цагаас хойш бид гэр бүлээрээ уг байрандаа 7 жил амьдарч байгаад ээж маань 2004 өвчнөөр нас барсан ба өнчирч үлдсэн ах дүүс Х.Г*******, Х.Га*******, Ш.Г*******, Ш.Г*******, Ш.Г*******, Ш.Г******* бид өнөөдрийг хүртэл 19 жил энэ байрандаа амьдарч байна.

Бид энэхүү байраа өөрсдийн эзэмшил, өмчлөлдөө авахаар 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Ц.Бгийн хаяг байршил тодорхойгүй, хаа байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байсан тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2895 дугаартай шийдвэрээр түүнийг эрэн сурвалжлуулж байж олж авсан юм.           

Ц.Б нь 18 жилийн өмнө бидэнд уг байрыг худалдан борлуулсан тухай баримт өгөөгүй ч гэсэн тэрээр 18 жилийн хугацаанд уг байрыг эзэмших, өмчлөх талаар хуулийн дагуу оролдлого хийж байгаагүй нь нэг талаар уг байрыг эзэмших эрхээсээ сайн дураар татгалзсан байгааг, нөгөө талаар биднийг шударга эзэмшигч болохыг нотолж байгаа билээ.

...Иргэн Ц.Б нь бидэнд уг байрыг 1997 онд худалдаж, Иргэний хуулийн 115.1 дэх хэсэгт заасны дагуу эзэмшлээсээ татгалзсан атлаа 18 жилийн дараа тухайн үед үнэ хүрэхгүй байсан байр нь он цагийн эрхээр үнэд ороод, дахин төлөвлөлтөд хамрагдаад ирэхлээр өөрийн өмч болгох зорилгоор бидэнд мэдэгдэлгүйгээр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн , 60 дугаар байрны 6 тоот манай байрны  талаарх маргаан хянагдаж байх үед Ула******* хотын Ерөнхий менежер болон  Захирагчийн ажлын албанд ямар нэгэн маргаангүй мэт ойлголтыг төрүүлж албаны  хүмүүсийг хууран мэхлэх арга замаар манай байрыг эзэмших эрхийн 2 дугаартай гэрчилгээг дахин шинээр 2015 оны 02 сарын 09-ний өдөр гаргуулан авсан байх тул уг 2 дугаартай гэрчилгээг хүчингүй болгохыг Ула******* хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Б*******д даалгаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1997 оноос хойш 20 жилийн хугацаанд тухайн байранд нэхэмжлэгч Ш.Г******* ээж, ах дүү нартайгаа амьдарч ирсэн. Энэ хугацаанд гуравдагч этгээдийн зүгээс шүүх цагдаа, хууль ёсны байгууллагад ямар нэгэн гомдол гаргаж байсан зүйл байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаад захиргааны хэргийг хэлэлцэж байхад тухайн байранд гурав, дөрвөн удаа очиход өөр өөр хүмүүс оршин сууж байсан. Харин ч очих болгонд амьдарч байгаа хүмүүс нь өөрчлөгдөөд байгаа нөхцөлд өөрсдийн эзэмшлийн өмч хөрөнгө гэж үзэж байгаа юм бол үүнд маргаан гаргах үндэслэлтэй байсан. Гэтэл гуравдагч этгээд нь огт ирж байгаагүй. 

Тухайн байранд оршин сууж байгаа хүмүүс огт өөрчлөгдөөгүй. 10 жилийн өмнө байсан бичиг баримтууд нь хуулийн дагуу архивлагдаад устаж байхгүй болсон. Түүнээс хойших баримт бичиг, гэрчийн мэдүүлгүүдийг үзэхэд Ш.Г*******, Ш.Г*******, Ш.Г******* гэх хүмүүс уг байранд 20 жил амьдарсан. Эзэмшлийн асуудал яригдаж иргэний  хэргийн шүүхэд маргаантай байхад хариуцагчаар тогтоогдвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулж олсон. 

Энэ үед эзэмших эрхийн гэрчилгээ алга болсон эсэх талаарх асуудал яригдаагүй байсан. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ гарч ирсэн. Энэ шинэ гэрчилгээг ямар журмаар хаанаас авсан гэх асуудал гарсан учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тухайн эзэмших эрхийн 2 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий  нэхэмжлэл гаргасан. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн эзэмших эрхийн гэрчилгээг 20 жилийн өмнө үрэгдүүлсэн. Уг гэрчилгээг шинээр олж авахдаа бүрдүүлсэн бичиг баримтууд нь хуурамч байж болзошгүй гэж шалгуулсан. Үүний дагуу зохих шалгалт үзлэгийг шүүхийн журмаар хийсэн. Тухайн хаягт 20 жил амьдраагүй, ямар ч бүртгэлгүй иргэн тухайн газарт амьдардаг гэсэн тодорхойлолтыг хууль зөрчиж өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*******, Д.Ш нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Чингэлтэй дүүргийн , Д, 60 дугаар байрны 6 тоот 1 өрөө орон сууцыг Цэдэнбалын Б нь 951197 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр 1995 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эзэмшиж эхэлжээ.

Ула******* хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 171 дүгээр тогтоолоор “Ула******* хотод, олон нийтийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газраас орон сууцыг хуваарилах журам” баталсан. Журмын 5-р хэсгийн 5.1-т: “Улсын буюу ашиглалт үйлчилгээг хотын орон сууц ашиглалтын байгууллага хариуцдаг орон суугчдад Ула******* хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас орон сууц  эзэмших эрхийн бичиг олгох бөгөөд иргэд зөвхөн эрхийн бичгийн үндсэн дээр тухайн сууцыг эзэмших эрх эдэлнэ” гэж заажээ. Дээрх заалтын дагуу Ц.Б нь уг орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд өөр иргэний нэр дээр эзэмших эрхийн бичгийн шилжилт хөдөлгөөн одоо болтол хийгдээгүй байна.

Мөн журмын 5-р хэсгийн 5.3-т: “Орон сууц эзэмших эрхийн бичгийг алдсан нөхцөлд түүнийг шалган үзэж сонинд зарлуулсны дараа, мөн түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаанаар сууц эзэмшигчийн нэр солиход өргөдөл гаргуулсны дараа орон сууц гудамжны хороо, орон сууц ашиглалтын трестийн тодорхойлолтыг харгалзан шийдвэрлэж тухайн байранд эрхийн бичиг олгоно” гэж заасан байна.

Иргэн Ц.Б нь орон сууц эзэмших эрхийн бичгээ үрэгдүүлсэн тул дахин олгохыг хүссэн хүсэлтээ 2014 оны 08-р сарын 21-ний өдөр манай албанд гаргажээ.

Хүсэлтдээ харьяа хороо, конторын тодорхойлолт, эзэмшигч мөн гэдгээ нотолсон нийслэлийн Архивын газрын лавлагаа, уг орон сууц хувьчлагдаагүй тухай Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын лавлагаа, орон сууц эзэмших эрхийн бичгээ үрэгдүүлсэн тухайгаа зарлуулсан сонин, өөрийн иргэний үнэмлэхийг хавсаргасан байна.

Орон сууц эзэмших эрхийн бичгийг дахин олгоход шаардлагатай материал бүрдсэн  тул Ула******* хотын Ерөнхий менежерийн 2015 оны А/13 дугаар тушаалаар иргэн Ц.Бд 2 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг олгосон.

Иргэн Ц.Бд орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон захиргааны байгууллагын үйлдэл нь холбогдох хууль журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Чингэлтэй дүүргийн , Дэнжийн м******* хорооллын 60 дугаар байрны 6 тоот хаягт байрлалтай орон сууцыг анх ажиллаж байсан байгууллагаас надад хуваарилан өгч, тухайн үед мөрдөж байсан бичиг баримт миний нэр дээр олгогдсоны дагуу 1995 оноос эхлэн эзэмшиж байгаа болно.

Би өөрийн байрны гэрчилгээг 2015 онд шинэчлэн гаргуулж авсан бөгөөд энэ гэрчилгээг гаргуулахад ямар нэгэн хууль бус, хууль зөрчсөн үйлдэл гараагүй болно.

Ийм ч учраас хариуцагч тал болох Ула******* хотын захирагчийн ажлын алба 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “Ц.Бд хуулийн дагуу орон сууц эзэмших эрхийн бичиг шинээр олгосон” гэсэн үндэслэл бүхий тайлбар өгсөн байна.

Би энэ байрандаа амьдарч байгаад ээж маань гэр бүл салсаны улмаас сэтгэл санааны хямралд орсон тул аргагүйн эрхэнд ээжийнхээ гэрт очиж хамт амьдран асарч сувилж байсан. Ингээд миний эзэмшлийн байранд ах маань амьдарч үлдсэн ба амьд сэрүүн байхдаа нэг гэр бүлийн эрэгтэй эмэгтэй хоёрыг гэртээ байлган хамт амьдарч байгаад нас барсан. Тэр айлыг ах маань байлгасан тул би хөөж байгаагүй.

Би ээжийгээ сахин гэрт нь амьдрах хугацаанд тус байранд байгаа айлыг байр чөлөөлж өг гэж шаардахаар очиход 1998 оноос хойш 4 удаа өөр өөр айл байж, оршин суугчид нь солигдож байсан.

Ш.Г******* болон түүний ээж гэх хүнд би байраа ерөөсөө зараагүй байхад намайг байраа зарсан, тэгээд зугтаасан гэж гүтгэн шүүхэд тайлбарладаг болно. Ш.Г*******, Ш.Гансүх нар нь миний эзэмшлийн байрыг Ц.Б болон түүний ааваас худалдан авсан гэж тайлбарладаг. Гэтэл манай аав 1994 онд ээжээс маань салж өөр хүнтэй суугаад Ховдод амьдарч байсан тул энэ хүмүүст байр зарахаар уулзах нөхцөл боломжгүй билээ.

Түүнээс гадна намайг надад мэдэгдэлгүй эрэн сурвалжлуулсан гэдэг нь байр зараад зугтаасан гэсэн үйлдэл биш бөгөөд би энэ Ш.Г******* гэгчтэй байрнаас гар гэж шаардаж очих үед тааралдаж байгаагүй болно.

Энэ нэхэмжлэл гаргасан хүмүүсийн эрх ашиг зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү”  гэв. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ур******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад ярьсан иргэний хэргийн шүүхэд хэлэлцэгдэж байсан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тухайн маргаан нь өмчлөлтэй холбоотой иргэний хэрэг үүсээгүй. Харин байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд захиргааны хэрэг үүссэн гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг буцааж хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч орон сууц хувьчлах товчооны тодорхойлолтын талаар маргаад байна. Гэтэл уг журмын 5 дугаар хэсгийн 5.3-т  орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг алдсан нөхцөлд түүнийг шалган үзэж сонинд зарлуулсны дараа олгоно гэж байгаа. Ямар тохиолдолд орон сууцны тодорхойлолт хэрэгтэй вэ гэхээр хүндэтгэн үзэх шалтгаанаар орон сууц эзэмшигчийн нэр солиход өргөдөл гаргасны дараа Орон сууц хувьчлах товчооны тодорхойлолтыг авна гэж тус тус заасан байдаг. Гэтэл Ц.Б орон сууц хувьчлах товчооноос тодорхойлолт авсан байгаа. Нэгэнт 1995 онд олгогдсон эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байхад Ц.Б шүүхэд нэхэмжлэл гаргах ямар ч үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Ган-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш.Г******* нь тус шүүхэд анх “2 дугаартай гэрчилгээг олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн , Д-ийн 60 дугаар байрны 6 тоот байрыг эзэмших эрхийн 2 дугаартай гэрчилгээг хүчингүй болгохыг Ула******* хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Б*******д даалгаж өгнө үү” гэж тодруулжээ. 

Чингэлтэй дүүргийн , Д, 60 дугаар байрны 6 тоот 1 өрөө орон сууцыг эзэмших 951197 тоот эрхийн бичгийг Ула******* хотын Ардын Депутатуудын Хурал /АДХ/-ын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр анх 1995 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Цэдэнбалын Бд анх олгосон байна . 

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “Ц.Б нь бидэнд уг байрыг 1997 онд худалдаж, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 115.1 дэх хэсэгт заасны дагуу эзэмшлээсээ татгалзсан атлаа 18 жилийн дараа байрны талаарх маргаан хянагдаж байх үед Ула******* хотын Ерөнхий менежер болон  захирагчийн ажлын албанд ямар нэгэн маргаангүй мэт ойлголтыг төрүүлж албаны хүмүүсийг хууран мэхлэх арга замаар манай байрыг эзэмших эрхийн 2 дугаартай гэрчилгээг дахин шинээр гаргуулан авсан нь хууль бус юм” гэж маргажээ. 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “Ц.Б нь 1997 онд тухайн байрыг бидэнд худалдсан атлаа албаны хүмүүсийг хууран мэхлэх замаар дахин гэрчилгээ бичүүлж авсан” гэж тайлбарлан маргаж байх боловч энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй бөгөөд Ц.Бд дээрх байрыг эзэмших эрхийн 2 тоот гэрчилгээг дахин олгосонд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь: 

1/ Ула******* хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан “Ула******* хотод, олон нийтийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газраас орон сууцыг хуваарилах журам” -ын “Орон сууц эзэмших эрхийн бичиг олгох” гэсэн “V” хэсгийн 1-т: “Улсын буюу ашиглалт үйлчилгээг хотын орон сууц ашиглалтын байгууллага хариуцдаг оршин суугчдад Ула******* хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас орон сууц эзэмших эрхийн бичиг олгох бөгөөд иргэд зөвхөн эрхийн бичгийн үндсэн дээр тухайн сууцыг эзэмших эрх эдэлнэ” гэж заасан байх бөгөөд Чингэлтэй дүүргийн , Д-ийн 60 дугаар байрны 6 тоот орон сууцыг эзэмших эрхийн бичгийг Ц.Бд олгосноос хойш эзэмших эрхийн бичгийн бүртгэлд өөрчлөлт ороогүй болох нь Архивын газрын 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6897 тоот лавлагаанд “...Цэдэнбал овогтой Бд Д, 60 дугаар байр, 6 тоот байрыг олгосон 951197 дугаартай эрхийн бичиг бүртгэгдсэн” гэсэн лавлагаагаар тогтоогдож байна.

2/ Мөн дээрх журмын “V” хэсгийн 3-т: “Орон сууц эзэмших эрхийн бичгийг алдсан нөхцөлд түүнийг шалган үзэж сонинд зарлуулсны дараа ... орон сууц гудамжны хороо, орон сууц ашиглалтын трестийн тодорхойлолтыг харгалзан шийдвэрлэж тухайн байранд эрхийн бичиг олгоно” гэж заасан байх тул Ц.Б “орон сууц эзэмших эрхийн бичгээ  үрэгдүүлсэн тул дахин олгох” хүсэлтийг  холбогдох материалуудын хамт  хүлээн авч 2 тоот орон сууц эзэмших эрхийн бичгийг олгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Тухайн байранд хэн оршин сууж байгааг бид мэдэхгүй, Ц.Б нь тухайн байрыг эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байсан тул хүсэлт, холбогдох баримт бичгийг бүрдүүлэлтийг хянаад, байр эзэмших эрхийн бичгийг дахин олгосон захиргааны байгууллагын үйлдэл нь холбогдох хууль журмыг зөрчөөгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй.

3/ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оршин суугчдын санал, өргөдөл, гомдол, тэдний ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон асуудлыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хянан шийдвэрлэнэ” гэж, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/156 дугаар захирамжаар батлагдсан “Ула******* хотын захирагчийн ажлын албаны дүрэм”-ийн  “Гурав” зүйлийн 3.1-д “Алба нь дараахь үндсэн чиглэлээр ажиллана”, 3.1.6-д “...нийтийн зориулалттай орон сууц эзэмшилт, орон сууцны эрхийн бичгийн олголт, шилжилт хөдөлгөөн, орон сууцны талаар санал өргөдлийн бүртгэл, шийдвэрлэлт...” гэж тус тус заасан байх тул хариуцагч нь маргаан бүхий байрыг эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн Ц.Бгийн хүсэлтийг  шийдвэрлэж эрхийн бичгийг дахин олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. 

Нэхэмжлэгч нь “Чингэлтэй дүүргийн , Дэнж 1000-60-6 тоотод бид 1997 оноос хойш оршин сууж байхад Ц.Б нь тус хорооны Засаг даргаас “Ц.Б нь ... тус хороонд бүртгэлтэй”  гэсэн хуурамч тодорхойлолт  бичүүлэн авсан байхад гэрчилгээг дахин олгосон нь хууль бус” гэж тайлбарлан маргаж байх хэдий ч шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн нь Чингэлтэй дүүргийн ны Засаг дарга Н.Оюунцэцэг нь Ц.Бд тодорхойлолт өгснөө үгүйсгэхгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...бүрдүүлбэл зохих материал бүрэн байсан” гэсэн тайлбарыг мөн үгүйсгэх боломжгүй байна.

Нөгөө талаас маргаан бүхий 2 тоот орон сууц эзэмших эрхийн бичиг нь Ц.Бд тухайн орон сууцыг анх эзэмшүүлж гарсан шийдвэр биш бөгөөд өмнөх эрхийн бичгийг хүчингүй болгож дахин олгосон байх тул уг эрхийн бичгийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна. 

Учир нь нэхэмжлэгч нь 1997 оноос хойш өнөөг хүртэл 18 жилийн хугацаанд тус байранд оршин сууж амьдарсан, Ц.Бгоос тухайн байрыг худалдан авсан гэх боловч уг байрыг эзэмших эрхийн бичгийг шилжүүлэн аваагүй байх бөгөөд шударга эзэмшигч мөн эсэх, Ц.Б нь эзэмшлээсээ татгалзсан эсэхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна.

Мөн нэхэмжлэгч Ш.Ган-Эрдэнийн “бид уг байранд 1997 оноос хойш өнөөг хүртэл тус байранд оршин сууж амьдарч байгаа” гэсэн тайлбар нь гэрчийн мэдүүлэг , Чингэлтэй дүүргийн ны иргэдийн “2004 оны цэргийн шинэчилсэн тоо бүртгэл” дэвтэрт бичигдсэн “Шаарийбуу Г******* Д-60-6 , “Иргэний бичиг баримтын үзлэгийн материал”-д “Шаарийбуугийн Г*******, Г*******, Г*******, Г*******”  гэсэн бичиглэлүүд болон бусад эрчим хүчний төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх хэдий ч нэхэмжлэгч Ш.Г*******д тухайн байрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Энэхүү шийдвэр нь Ш.Г******* нь Чингэлтэй дүүргийн , Д-ийн 60 байрны 6 тоот орон сууцны шударга эзэмшигч мөн эсэх, Ц.Б нь уг орон сууцны эзэмшлээсээ татгалзсан зэрэг асуудлаар маргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3,   106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ган-Эрдэнийн “Чингэлтэй дүүргийн , Д-ийн 60 дугаар байрны 6 тоот байрыг эзэмших эрхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаартай гэрчилгээг хүчингүй болгохыг Ула******* хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Б*******д даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.МӨНХЗУЛ