Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/00019

 

Л.Отгонгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан,   Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1018 дугаар шийдвэр,        

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Л.Отгонгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдох,

Урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 2 029 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Отгонгэрэл, нарийн бичгийн даргаар  Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх Хөвсгөл аймгийн Холбооны газарт 2004 оны 04 дүгээр сард касс-оператороор ажилд орсон ба тасралтгүй 12 жил ажилласан. 2007 оноос маркетингийн менежерээр ажиллах болсон. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар алдаа дутагдал, зөрчил гаргадаггүй байсан бөгөөд 2014 онд жирэмсний амралтаа авч хүүхдээ асарч байгаад 2015 оны 9 сард ажилдаа орсон.Манай байгууллагын дарга Ц.Уранчимэг нь хоёр хүний үл ойлголцох байдлаар ажилдаа хандаж, ажлын байрны дарамт үзүүлж, 2016 оны 02 сард намайг тэмцээнд багаа удирдаж оролцоогүй гэсэн үндэслэлээр 2 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулж арга хэмжээ авсан. Гэтэл дараа нь даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын цагаар ажлын байранд байдаггүй гэсэн үндэслэлээр 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халсанд гомдолтой байна....Би Хөвсгөл аймгийн Холбооны газарт сургууль төгсөөд анх ажилд орж, олон жил ажилласан тул ажилдаа орно. Миний сарын цалин 620 000 төгрөг байдаг бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин 2 029 000 төгрөг гаргуулж авна.Иймд намайг урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дээрх цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Л.Отгонгэрэлтэй хамтарч ажиллаж байхад миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, намайг даргын ажлыг авснаас хойш надтай харьцаж ажилладаггүй байсан. Тэгээд би сануулах арга хэмжээ авсан. Дараа нь цалинг 20 хувиар бууруулсан арга хэмжээ авсан. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/78 тоот тушаалаар тус байгууллагын маркетинг үйлчилгээний мэргэжилтэн Л.Отгонгэрэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Л.Отгонгэрэл нь ...удирдах албан тушаалтантай зүй бусаар харилцах, хэрэлдэж маргах байдал удаа дараа гаргаж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байсан учраас Б78 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр заалтыг барьж ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Өмнө нь сахилгын зөрчил гаргаж байсан учир ноцтой зөрчил гэж үзнэ.Ажилтны хүлээх үүрэг, газрын даргын үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь сахилгын зөрчил давтан гаргасан зөрчил бөгөөд хөдөлмөрийн гэрээний заалттай ч тохирч байгаа. Иймд би өөрийн гаргасан тушаалыг зөв гэж үзэж байгаа ба энэ хүнийг ажилд эгүүлэн авах боломжгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1018 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдох урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Холбооны газрын маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 2 029 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Отгонгэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар магадлалаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1018 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Л.Отгонгэрэл би Хөвсгөл аймгийн Холбооны газарт Маркетинг үйлчилгээний мэргэжилтнээр 2004 оноос хойш 12 жил ажилласан бөгөөд ажил олгогчийн санаачлагаар 2015 оны 05 дугаар сарын 25-ны Б/78 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гэж гомдол гаргаж байна. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг мөрдөөгүй байхад намайг ажлаас чөлөөлснийг шүүх үндэслэлгүй чөлөөлсөн байна гэж үзсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлэн гомдол гаргасан байна гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэргэсэхгүй болгосон.Би ажлаас халагдсан дороо аймгийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргаж асуудлаа шийдвэрлүүлсэн бөгөөд миний гомдлыг ХМТКомисс 2016 оны 06 дугаар сарын 17-нд шийдвэрлэж “ажилд нь буцааж ав” гэсэн зөвлөмж гаргаж өгсөн. Зөвлөмжийн дагуу намайг ажилд буцаан авах байх гэж хүлээсэн бөгөөд надад ямар нэгэн хариу өгөлгүй байлгаад байсан. Ажилтан би “МЦХ” ХК-ийн хуулийн зөвлөх Азбаяраас шүүхэд гомдол гаргах талаараа зөвлөгөө авахад “ХМТК-т гомдол гаргасан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан байна гэж үзэж шинээр тоолно гэсэн үг. Тэгэхлээр чиний гомдол гаргах хугацаа 30 хоногоор хязгаарлагдахгүй. Тиймээс гомдол гаргахад хууль зөрчигдөхгүй” гэсний дагуу ХМТК-н зөвлөмжийг хүлээн авч ажил олгогч Уранчимэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 дэх хэсэгт зааснаар 10 хоногт давж заалдах гомдол гаргах байх гэж хүлээсэн мөн намайг дуудна гэж хүлээн 10 хоногт гомдол гаргах хугацаа нь дуусмагц шүүхэд нэхэмжлэлээ өгсөн. Гэтэл шүүхийн гаргасан шийдвэр, хуулийн зөвлөхөөс авсан шийдвэр хоёр хоорондоо зөрж нэхэмжлэгч миний хууль есны эрх ашиг зөрчигдөн хохироход хүрч байна.Хуульд заагдсан үндэслэл нь ажилтан миний эрх ашигт зөрчилтэй байх тул хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх үндэслэлтэй гэж үзэж шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж миний нэхэмжлэлийг хангуулах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул тэдгээрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Отгонгэрэл нь хариуцагч Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдуулан маркетинг үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар  шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Холбооны газар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй ба нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.

Зохигчид сахилгын зөрчил байсан эсэх, уг зөрчлийг ноцтой гэж үзэх эсэх асуудлыг маргааны зүйлээр сонгож, энэ асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцсэн нь буруу биш юм. Харин эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд шүүх тухайн маргааны үйл баримтын талаар эрх зүйн үүднээс бүрэн дүгнэлт хийхийн тулд зохигчид мэтгэлцээгүй боловч тухайн хэрэгт ач холбогдолтой эрх зүйн асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатайг анхаараагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчидын мэтгэлцээгүй, улмаар баримтаар нотлогдоогүй үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь алдаатай болжээ.

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргадаг байна. Нэхэмжлэгч Л.Отгонгэрэлийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б\78 дугаар тушаал 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гарсан бол Л.Отгонгэрэл шүүхэд нэхэмжлэлээ 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргажээ. Шүүх нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 2 хоногоор хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцээгүй болохыг анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл, талууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй үйл баримт буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн асуудлаар огт мэтгэлцээгүй, хэрэгт ийнхүү хугацаа алдсан байдлыг тайлбарласан, нотолсон, үгүйсгэсэн, хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх эсэх, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл байгаа эсэх талаар ямар нэг баримт авагдаагүй байхад шүүх ийнхүү хугацаа алдсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нөгөө талаар, зохигчидын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцсэн асуудлаар буюу нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан эсэх, уг зөрчлийг ноцтой гэж үзэх эсэх, нэхэмжлэгч сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх эсэх, сахилгын зөрчил гаргасан болон сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтуудын хоорондох хугацаa зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт болон эрх зүйн асуудлаар шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй тохиолдолд хяналтын шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээг зөрчиж, маргааны үйл баримтын талаар шууд дүгнэх үндэслэлгүйгээс гадна шүүхийн хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1018 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ЗОЛЗАЯА

           ШҮҮГЧ                                                                   Ц.АМАРСАЙХАН