Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00625

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00625

Баян-Өлгий аймаг

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт И.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Н сумын 1 дүгээр багт оршин суух, И овогт  К.С,

Хариуцагч: Б аймгийн  Н сумын 1 дүгээр багт оршин суух, И овогт К.Х нарт  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол болох машины гуперийн үнэ 250,000 төгрөг, булган шуба дээлний үнэ 1,600,000 төгрөг, нийт 1,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч И.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А,

Хариуцагч К.С,

Хариуцагч нарын өмгөөлөгч Я.С,

Орчуулагч М.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

Хариуцагч К.Хд шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч К.Х түүнийг төлөөлж өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаан хийхийг мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч К.Хн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч И.Жын хариуцагч К.С, К.Х нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 1,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч И.Ж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Н сумаас Ө сум руу Тоуоtа prius-20 маркийн тээврийн хэрэгслийг нөхөр Кунтуган жолоодож  нийт 5 хүний хамт ирж байхад оройн 17-18 цагийн үед Н сумын Табалтай гэх газарт ирэхэд  УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл өөдөөс ирж байсан тул зам тавьж өгч зогссон боловч өөдөөс ирж байсан машин хурдтай ирж байсан учраас манай тээврийн хэрэгслийг мөргөж, осол гаргасан билээ. Ослоос болж манай машины урд талын гупер гэмтэж хугарсан ба үнэлгээгээр 250,000 төгрөгийн хохирол гарсан. Тухайн үед К.С, К.Х нар манай нөхөр рүү дайрч, түүнийг хоолойгоор нь боож эхэлсэн үед миний бие машинаас бууж болиулах гэхэд К.Х нь миний өмсөж явсан булган шубийг урж өмсөхөөргүй болгосон. Иймд нийт хохирол 1,850,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч К.С, К.Х нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Бид 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр УАЗ-469 маркийн автомашинаар Ө сумаас гарч Н суманд байдаг аавын гэрт очихоор явж байхдаа Н сумаас ирж байсан Б.Кунтуганы унаад явж байсан автомашинтай бидний автомашин мөргөлдөж авто осол гарсан.  Нэхэмжлэгчийн автомашины урьд гуперт учирсан гэмтлийн хохиролд “А” ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 250,000 төгрөгийн орчим зардал гарна гэсэн үнэлгээ гарсан. Энэ мөнгийг төлж өгөхийг зөвшөөрч байна. И.Жын нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “... И.Жын өмсөж явсан булган шубагийн зүүн цээж хэсэг нь  оёдлын хажуугаас 20 см урагдсан, уг урагдсан хэсгийн хажуугаас буюу оёдолгүй газраас 12 см урагдсан, баруун зүүн ханцуйны үзүүрт байсан 2 товч тасарч унасан байдалтай байв ...” гэж тусгасан байх ба нэхэмжлэгч И.Жаас уг шуба нь К.Хн үйлдлийн улмаас урагсан гэж тайлбарласан байна.

4.2. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0734668 дугаартай Шийтгэлийн хуудсаар Эрх бүхий албан тушаалтнаас К.С нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх асуудлыг шалгаад түүнийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

4.3. 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр олгосон 04386830 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр улсын бүртгэлийн 0000 БӨҮ дугаартай, 2008 онд үйлдвэрлэсэн, шаргал өнгийн, Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Исханы Жахсылых  болох нь тогтоогджээ. 

4.4. “А” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-24-0074 дугаартай, БӨА-24-0060 дугаартай Үнэлгээний дүгнэлтүүдээр “2024 оны 02 дугаар сарын байдлаар Б аймгийн Цагдаагийн газрын Н сумын Цагдаагийн тасгийн төлөөлөгчийн тогтоолд дурдагдсан 2022 оны 12 дугаар сард худалдан авч 2024 оны 02 дугаар сар хүртэл хэрэглэсэн хуучин шуба 1,500,000 төгрөг, шубагийн урагдсан хэсгийн засаж, хэвийн байдалд оруулахад 100,000 төгрөг, нийтдээ 1,600,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэж, мөн “0000 БӨҮ улсын дугаартай, 2008 онд үйлдвэрлэсэн, Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас эвдэрч гэмтсэн, солих болон засах шаардлагатай эд ангийн үнэлгээг ажлын хөлсний хамт 250,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэж тус тус үнэлсэн байна. 

5.Нэхэмжлэгчээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон булган шубаны үнийг нэхэмжилсэн байх ба хариуцагч К.Сеиркболоос Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас эвдэрч гэмтсэн, солих болон засах шаардлагатай эд ангийн үнэ,  ажлын хөлс нийт 250,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч нараас булган шубаны үнэ 1,600,000 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч маргажээ. 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

7.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч К.С нь тээврийн хэрэгсэл ашиглах явцад нэхэмжлэгч И.Жын эзэмшлийн 0000 БӨҮ улсын дугаартай, 2008 онд үйлдвэрлэсэн, Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь тогтоогдож байх ба уг тээврийн хэрэгслийг засварлахад гарах зардал 250,000 төлж өгөхийг зөвшөөрсөн байна.

8.Хэрэгт авагдсан нотлох баримт болох эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр И.Жын өмсөж явсан булган шуба нь урагдаж гэмтсэн нь тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн зүгээс уг шуба нь хариуцагч К.Хн үйлдлийн улмаас урагдсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч К.Х нь ийнхүү гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй гэдгийг нотолж чадаагүй тул нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцах үүрэгтэй гэж үзлээ.  Нэхэмжлэгч И.Ж нь хариуцагч нараас булган шубагийн үнийг нэхэмжилсэн байх боловч “А”ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-24-0074 дугаартай Үнэлгээний дүгнэлтэд шуабгийн урагдсан хэсгийн засаж, хэвийн байдалд оруулахад 100,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэсэн байх тул хариуцагч К.Х нь  уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу гэмтсэн эд хөрөнгийг засаж арилгаж болох тул хариуцагчаас булган шубаг засварлахад гарах зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. 

9.Иймд нэхэмжлэгч И.Жын хариуцагч К.С, К.Х нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 1,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч К.Соос 250,000 төгрөг, хариуцагч  К.Хгаас 100,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И.Жт олгож, илүү нэхэмжилсэн 1,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,000 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.Соос 8,150 төгрөг, хариуцагч К.Хгаас 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Жт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2,  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К.Соос 250,000 (хоёр зуун тавин мянган) төгрөг, хариуцагч  К.Хгаас 100,000 (нэг зуун мянган) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И.Жт олгож, илүү нэхэмжилсэн 1,550,000 (нэг сая таван зуун тавин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,000 (дөчин таван мянган) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.Соос 8,150 (найман мянган нэг зуун тавин) төгрөг, хариуцагч К.Хгаас 4,550 (дөрвөн мянган таван зуун тавин) төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Жт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК