Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/00347

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/00347

Баян-Өлгий аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                             баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Б овогт М.Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Засаг даргын тамгын газар (даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Т)-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Тиянахын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Е-ээс хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан Б аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Тиянахын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Б аймгийн Засаг даргын тамгын гарын даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “М.Е-ийг ажилд томилох тухай” Б/96 дугаартай тушаалаар Баян- Ө аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн харьяа Хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн төвийн эрхлэгчийн албан тушаалд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн бүр томилогдон хугацаагүй буюу байнгын хөдөлмөрийн гэрээ байгуулан одоо хүртэл ажиллаж байна.

1.2.Гэтэл Б аймгийн Засаг даргын тамгын гарын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Тиянах нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар урьд гарсан Б аймгийн Засаг даргын тамгын гарын даргын 2024 оны дүгээр сарын 06-ны өдрийн Б/96 дугаартай тушаалыг хүчингүй болгож, М.Е намайг уг албан тушаалд түр томилон туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахаар шийдвэр гаргасан байна.

1.3.Маргаан бүхий тушаалыг дараах хууль зүйн болон бусад үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: М.Е би уг албан тушаалд зохих хууль тогтоомжийн дагуу бүр томилогдон ажиллаж байгаа. Уг албан тушаалд          ажил олгогч ажилтан М.Е надтай

хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Уг албан тушаалд М.Е би ажиллаж байхдаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй, ажлын тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан юм. Уг маргаан бүхий тушаалыг гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар ажил олгогчоос надад урьдчилан огт мэдэгдээгүй буюу Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй болно.

1.4.Иймд уг маргааныг хуулийн хүрээнд шалган төрийн үйлчилгээний албан хаагч М.Е миний гомдлыг ханган аймгийн Засаг даргын тамгын гарын түр орлон гүйцэтгэгч Ө.Т-ын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

 

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Е шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд: Нэхэмжлэгч М.Е би тус шүүхэд хариуцагчаар Б аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Тиянахыг тодорхойлж, “Б аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Тиянахын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/8 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэгч М.Е миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаан бүхий тушаалыг хүчингүй болгосон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Нэхэмжлэгч М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгосон болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч М.Е-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох Б аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Тиянахын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Е нь  уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай шүүхэд бичгээр  хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл болохыг дурдах нь зүйтэй байна.

7.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Е нь хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан “Б аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Т-ын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК