2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/01356

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 13 191/ШШ2025/01356

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, шүүгч Б.Ундраа, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг,  дугаар хороо, Ц хотхон, 353 тоот хаягт оршин суух, Ор овогт До-ын На /РД:......./

 

Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг,  дугаар хороо, Ц хотхон,  тоот хаягт оршин суух, Тэ овогт То-ийн Эн /РД:ЛД85123019/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У хот, Б дүүрэг,  дугаар хороо,  тоот хаягт оршин суух, Бо овогт От-ын Ни /РД:....../, Иргэний бүртгэлийн дугаар ....../-д холбогдох

 

Гэм хорын хохирол 4,602,900 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.На, Т.Эн

Хариуцагч О.Ни

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.На, Т.Эн нар нь хариуцагч О.Ни-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бидний хүү Э.Ам-Эр ийг 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд гэрийн хажуугийн цэргийн хотхоны замаар зам хөндлөн гарч байх үед О.Ни нь  .... приус маркийн машинаар мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон гэх үндэслэлээр 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1158 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан.

О.Ни нь Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дэх хэсэгт зааснаар 100,000 нэгжээр торгуулсан. Насанд хүрээгүй хохирогч Э.Ам-Эр ийн хууль ёсны төлөөлөгч Д.На болон Т.Эн нар нь Э.Ам-Эр ийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг жолооч О.Ни-гаас Иргэний шүүхэд хандан гаргуулах эрхтэй гэж үзсэн.

Хүү Э.Ам-Эр ийн эмчилгээ шинжилгээний зардал 382,900 төгрөг, аав Т.Эн хүүхдээ эмчилгээ шинжилгээ өгүүлэхээр 13 хоног ажил хийх боломжгүй байсан. Ажилгүй байсан хугацааны цалин 1,820,000 төгрөг, ээж Д.На хүүхдээ асарч 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 24 хоног ажил хийх боломжгүй байсан. Ажилгүй байсан хугацааны цалин 2,400,000 төгрөг нийт 4,602,900 төгрөг байна.

Шүүх хуралдааны явцад зам тээврийн ослоос шалтгаалсан гэм хорын хохирол болох 4,602,900 төгрөгөөс багасгаж 2,202,900 төгрөгийн хэмжээнд хариуцагч О.Ни-тай эвлэрэн хэлэлцэж байна гэв.

 

2. Хариуцагч О.Ни шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Эн цалин 1,820,000 төгрөг, хүү Э.Ам-Эр ийн эмчилгээ шинжилгээний зардал болох 382,900 төгрөг нийт 2,202,900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч нар нь 4,602,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас эхнэр Д.На-ийн ажилгүй байсан хугацааны цалин болох 2,400,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Т.Эны цалин 1,820,000 төгрөг, хүү Э.Ам-Эр ийн эмчилгээ шинжилгээний зардал болох 382,900 төгрөг нийт 2,202,900 төгрөгийг хариуцагч О.Ни нь 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэгч нарт төлөхөөр харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгч Д.На, Т.Эн, нөгөө талаас хариуцагч О.Ни гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.На, Т.Эн нар нь хариуцагч О.Ни-д холбогдуулан гэм хорын хохиролд 4,602,900 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.На, Т.Эн нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,400,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч О.Ни нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,202,900 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.На, Т.Эн нарт төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.На, Т.Эн нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,596 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ни-гаас 50,196 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.На, Т.Эн нарт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Д.На, Т.Эн нарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Ни-д холбогдох гэм хорын хохиролд 4,602,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.На, Т.Эн нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,400,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч О.Ни нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,202,900 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.На, Т.Эн нарт төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.На, Т.Эн нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,596 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ни-гаас 50,196 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.На, Т.Эн нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоол нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ

 

ШҮҮГЧИД Б.УНДРАА

 

Б.ЦОЛМОНГЭРЭЛ