Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 219

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч /хохирогч/ П.З,

шүүгдэгч /хохирогч/ Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт П.З, Б овогт Д.Л нарт холбогдох эрүүгийн 1810004820262 дугаартай, 187/2018/0217/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, Б овогт П.З

2. Монгол Улсын иргэн, Б овогт Д.Л

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.З нь Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” хүнсний дэлгүүрийн гадна 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.Л-тэй автомашинтайгаа замын түгжрэл үүсгэлээ, замаа чөлөөлсөнгүй гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “зулайд зөөлөн эдийн няцрал, дух хүзүү, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Д.Л нь Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” хүнсний дэлгүүрийн гадна 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэн П.З-г гичий гэж доромжиллоо гэх шалтгаанаар маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь “умайн булчингийн чангарал, баруун шанаа, баруун нүдний гадна булан хэсгийн хамрын зүүн угалз, хүзүүний зулгаралт, баруун шанаа, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хурууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч П.З нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” хүнсний дэлгүүрийн гадна байрлах автомашины зам дээр хохирогч Д.Л-тэй “автомашинтайгаа зам дээр зогсож түгжрэл үүсгэлээ, зам чөлөөлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Д.Л нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” хүнсний дэлгүүрийн гадна байрлах автомашины зам дээр хохирогч П.З-г өөрийг нь гичий гэж доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч П.З-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж байгаа зүйл байхгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж, бас ичиж байна... Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч Д.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж байгаа зүйл байхгүй...Түр зуурын уураа барьж чадалгүй ийм хэрэг хийсэндээ үнэхээр их гэмшиж байна...Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч П.З-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хохирогч Д.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

5. Хохирогч Д.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг өнгөрч байхад... ......... улсын дугаартай ........ маркийн автомашинтайгаа явах гээд ........ байрны автобусны буудлын зогсох хэсэг буюу карманаас гарах гэж байхад саарал өнгийн ....... улсын дугаартай ......... маркийн автомашинтай шүргэлцэн зам тээврийн осол гаргаж зам дагуу зогсож байхад араас зам түгжрэлтэй байсан ба цагаан сар дөхөж байсан учир автомашин ихтэй байсан. Тухайн үед замын цагдаад дуудчихаад машин дотроо сууж байхад үл таних хоёр эрэгтэй ирээд нэг их сүртэй мөргөлдсөн зүйл байхгүй юм байна шдээ тохиролцоод салчихаач гэж хэлж байсан, тэгсэн цаанаас үл таних хоёр эмэгтэй ирээд машины цонх тогшихоор нь онгойлгоход замаас холдооч гэхээр нь машинтай мөргөлдчихөөд замын цагдаа хүлээж байна гэж хэлэхэд сүртэй пизданууд вэ, зам дээрээс зайлаач гичий минь гэж хэлээд цааш явахдаа машины хойд талруу цохих шиг болохоор нь хэн сая гичий гэж хэлсэн бэ, хэн миний машиныг цохьсон бэ гээд машинаасаа буугаад хэлэхэд тэр үл таних эмэгтэйн туранхай нь буюу П.З нь намайг шууд үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдээд ноцолдсон. Тухайн үед бид хоёр газар унаж ноцолдсон ба би дээр нь гарсан байсан. Тэгээд манай нөхөр цаанаас ирээд салгасан...Тухайн үед хэрүүл маргаан зодооныг П.З эхлүүлсэн. Би өөрийн машинд зүгээр мөрөөрөө юм идээд л сууж байхад тэр П.З хүрч ирээд хэл амаар доромжлоод машин цохихоор нь уур хүрээд буугаад хэн гичий гэсэн, хэн машин цохьсон бэ гэхэд П.З намайг үсдээд авсан...Би тухайн үед П.З гэх эмэгтэйг хоёр гараараа үснээс нь зулгаасан ба цохьсон санагдаж байна...Надад гаргах санал хүсэлт, гомдол байхгүй бид хоёр эвлэрсэн...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

             6. Хохирогч П.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр... ....... байрны автобусны буудлын ойролцоо “.......” дэлгүүрийн урд талын замд явж байхад урд талд түгжрэл үүссэн байхаар нь хэсэг хугацаанд хүлээхэд түгжрэл нь болихгүй автомашинууд явахгүй байхаар нь би өөрийн автомашинаасаа буугаад юу болсон яасан талаар харах гээд урагшаа алхаад очиход ....... улсын дугаартай хар өнгийн ....... маркийн автомашинтай эмэгтэй жолооч зам дагуу аваарын дохиогоо ч асаагаагүй зогсож байсан ба наад талд нь ...... маркийн автомашин зогссон байсан. Тэр үед тэнд явж байсан үл таних залуу очоод тэр эмэгтэйн цонхыг нь тогшоод байж байсан ба би араас нь очоод тэр эмэгтэйд хандаж машинаа замаас чөлөөлчих явмаар байна, ажил төрөл хэцүүдлээ гэж хэлээд байж байхад түгжрэл дунд зогсож байсан үл таних эрэгтэй хойноос гичий минь замаас зайлаач гээд орилж байсан, тэр үед тэр эмэгтэй /Д.Л/ цонхоо онгойлгочихоод надад хандаж битгий хуц, би энд автомашинтай шүргэлцчихээд зогсож байна, зайл гэж хэлэхээр нь машин барьж чадахгүй бол яах гэж явдаг юм гэж хэлээд эргэж хараад алхах үед тэр эмэгтэй /Д.Л/ нь автомашинаасаа бууж ирээд миний хойноос үснээс зулгаагаад замын хашлаганы хажууд доороо оруулж унагасан, тэгэхээр нь би зөрүүлээд үснээс нь зулгаагаад бид хоёр хоорондоо ноцолдсон. Тэгсэн манай нөхөр Д.Б, эгч М, тэр эмэгтэйгийн нөхөр гэх залуу гарч ирээд салгаад болиулсан. Д.Л-н нөхөр гэх залуу нь манай эгч М-г заамдаж зогсчихоод цагдаа дуудаад байсан ба мөн ээж нь гарч ирээд намайг бас заамдаж аваад тавь гэхээр тавихгүй их хэцүү хүмүүс байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...Тухайн үед хэрүүл маргаан зодооныг Д.Л эхлүүлсэн...Намайг Д.Л эхэлж үсдээд газар унагаасан ба дух газар унахад шалбарсан байсан ба дээрээс цохиод байхаар нь би Д.Л-г үсдсэн. Тэр үед зүүн бугалганд цус хуралт үүсч хөхөрсөн байсан...Би тухайн үед Д.Л гэх эмэгтэйг хоёр гараараа үснээс нь зулгаасан, өөрөөр цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/

            7. Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн эхнэр Д.Л, хадам ээж н.Д бид 3-уулаа хар өнгийн ...... маркийн ...... гэх дугаарын машинтай ...... дэх Хаан банк ороод үүднээс нь машинтайгаа хөдлөх гэтэл машины баруун талаас нэг машин гарч ирээд мөргөсөн, тэгээд замын цагдаа дуудаад хүлээгээд байж байтал ард явсан машины жолооч зам чөлөөлөөч гичий минь гээд эрэгтэй хүн тэгсэн чинь манай эхнэр чи яахаараа намайг гичий гэдэг юм гээд хоорондоо маргалдсан. Тэгтэл арын машинаас гарч ирсэн жолооч эрэгтэйтэй хамт явсан эмэгтэй манай эхнэр рүү дайраад үсдэж аваад өшиглөсөн. Тэгээд бид нар...өргөдөл гомдол гаргаж байна...Урт куртиктэй эмэгтэй цохиж үсдэж байсан...урд машинтай аваар хийгээд зогсож байтал ард явсан машины хүмүүс зам чөлөөлөөч гичий минь гэж манай эхнэрийг хэлээд хоорондоо жаахан маргалдсан чинь л бууж ирээд л шууд үсдэж аваад ноцолдож эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/

            8. Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр эхнэр П.З-н хамт явж байсан...Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ..............-н .... дугаар гудамжинд...очих гээд явж байхад 15 цагийн үед санагдаж байна, .........-н уулзвараар байрнууд руу эргээд явж байхад “.......” дэлгүүрийн үүдэнд хоёр автомашин осол гаргаж зам дагуу зогссон түржрэл үүсээд жолооч нар нилээн бухимдсан байсан, тэгсэн манай эхнэр бууж очоод уг мөргөлдсөн хоёр автомашин дээр очоод замаа чөлөөлчих хойно чинь зөндөө түгжрэл үүсчихээд байна гэж хэлсэн мөн өөр автомашины жолооч болох улаан куртик өмссөн эрэгтэй бас очоод тэр эмэгтэйг гичий гээд л хэлсэн юм уу ойлгоогүй, гэнэт тэр Д.Л гэх эмэгтэй жолооч бууж ирээд манай эхнэрийн араас үсдээд газар унагаж дээр нь гарсан ноцолдож байхаар нь би гүйж очоод салгасан, мөн манай охин, эгч хоёр очсон байсан. Тэгээд эхнэрээ салгаж аваад машиндаа суулгасан. Тэгээд эхлээд замын цагдаа ирээд дараа нь хэв журмын цагдаа ирээд өргөдөл гаргасан...Тухайн үед бие биенээ харилцан үсдэлцээд ноцолдож цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/

            9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2469/-ний дүгнэлт:

                        -П.З-н биед зулайд зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

                        -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 28/

            10. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2462/-ний дүгнэлт:

                        -Д.Л-н биед умайн булчингийн чангарал, баруун шанаа, баруун нүдний гадна булан хэсгийн, хамрын зүүн угалз, хүзүүний зулгаралт, баруун шанаа, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 32/

            11. Шүүгдэгч П.З-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн хэрүүл маргаан зодооныг Д.Л эхлүүлсэн. Би ерөөсөө хэрүүл маргаан үүсгэж зодолдох зорилготой очоогүй, зүгээр яагаад түгжрэл үүсчихээд байгааг нь харах санаатай очиход Д.Л гэх эмэгтэй автомашинтайгаа зам дээр аваарын дохиогоо ч асаагаагүй зогсож байхаар нь замаа чөлөөлөөд зогсчихооч ажил төрөл хэцүүдлээ гэж хэлсэн харин намайг тэгж яриад зогсож байхад хойд талаас нэг үл таних эрэгтэй гичий минь зайлаач гэж орилсон ба Д.Л надтай хамт явж байна гэж бодсон уу яасныг мэдэхгүй, намайг эргэж хараад алхах үед хойноос үсдээд дараад газар унагаасан ба би ч адилхан түүнийг үсдсэн...Би өөрийн гэм буруутай үйлдлийг маш сайн ойлгож ухамсарлаж байгаа бөгөөд Д.Л-тэй эвлэрч, хохирлын хувьд маргаангүй, гомдол саналгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/

            12. Шүүгдэгч Д.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “.......-н байрны автобусын буудлын зогсох хэсэг буюу карманаас гарах гэж байхад саарал өнгийн ....... улсын дугаартай ........ маркийн автомашинтай шүргэлцэн зам тээврийн осол гаргаж зам дагуу зогссон. Ингээд байж байхад миний автомашины араас зам түгжрэлтэй байсан ба цагаан сар дөхөж байсан учир автомашин ихтэй байсан. Тухайн үед замын цагдаа дуудчихаад машин дотроо сууж байхад үл таних хоёр эрэгтэй ирээд нэг их сүртэй мөргөлдсөн зүйл байхгүй юм байна шдээ тохиролцоод салчихаач гэж хэлж байсан, тэгсэн цаанаас үл таних хоёр эмэгтэй ирээд машины цонх тогшихоор нь онгойлгоход замаас холдооч гэхээр нь машинтай мөргөлдчихөөд замын цагдаа хүлээж байна гэж хэлэхэд сүртэй юм бэ, зам дээрээс зайлаач гичий минь гэж хэлээд цааш явахдаа машины хойд талруу цохих шиг болохоор нь хэн намайг гичий гэж хэлсэн бэ, хэн миний машиныг цохьсон бэ гээд машинаасаа буухад тэр үл таних эмэгтэйн туранхай нь буюу П.З нь намайг шууд үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдээд ноцолдсон. Тухайн үед бид хоёр газар унаж ноцолдсон ба би дээр нь гарсан байсан. Манай нөхөр болон тэдний нөхөр зэрэг хүмүүс ирээд бид хоёрыг салгасан...Тухайн үед П.З бид хоёр харилцан үсдэлцээд ноцолдсон ба газар унасан, П.З намайг цохьсон харин би зөрүүлээд цохьсон. Газар унаад бас ноцолдсон. Би өөрийн гэм буруутай үйлдлийг маш сайн ойлгож ухамсарлаж байгаа бөгөөд П.З-тай эвлэрч, хохирлын хувьд маргаангүй, гомдол саналгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч П.З, Д.Л нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54, 56/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2469, №2462/-ний дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч П.З нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” хүнсний дэлгүүрийн гадна байрлах автомашины зам дээр хохирогч Д.Л-тэй “автомашинтайгаа зам дээр зогсож түгжрэл үүсгэлээ, зам чөлөөлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож биед нь умайн булчингийн чангарал, баруун шанаа, баруун нүдний гадна булан хэсгийн, хамрын зүүн угалз, хүзүүний зулгаралт, баруун шанаа, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хурууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг,

            шүүгдэгч Д.Л нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” хүнсний дэлгүүрийн гадна байрлах автомашины зам дээр хохирогч П.З-г өөрийг нь гичий гэж доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож биед нь зулайд зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч П.З, Д.Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.З, Д.Л нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нар нь харилцан эвлэрсэн /хх-ийн 66-67/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад улсын яллагчаас тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт П.З, Б овогт Д.Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт П.З, Б овогт Д.Л нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.З, Д.Л нарт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. П.З, Д.Л нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг П.З, Д.Л нарт сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.З, Д.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР