Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
Хэргийн индекс | 2105018350525 |
Дугаар | 2024/ДШМ/1145 |
Огноо | 2024-10-10 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Г.Намжил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/1145
2024 10 10 2024/ДШМ/1145
С.Э, М.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Намжил,
шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Д.Туяа,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/621 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э, шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Д.Туяа нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2105018350525 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ................... овгийн С............ Э........., 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ......................... төрсөн, .. настай, э.эгтэй, ......................... боловсрол.., ................... мэргэжил...., хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ................... хамт ............................................. оршин суух, /РД: ............./, урьд:
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 264 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон.
- Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.
2. ............ овгийн М.......... Н............., 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .................. төрсөн, .. настай, э.эгтэй, ................... боловсрол....., ............ мэргэжил..., хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл, ....................... хамт, .............................................. оршин суух, /РД:.............../, урьд:
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дуусгавар болсон.
С.Э нь М.Н-тай бүлэглэн .... оны .. дугаар сарын ..-ны өдөр .............. дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны .... тоот иргэн Р.Ү-ын гэрт хууль бусаар нэвтэрч 43.750.000 төгрөгийг нууцаар авч “хулгайлах” гэмт хэрэг,
М.Н нь С.Э-ыг ..... оны ... дугаар ...-ны өдөр .............. дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоот иргэн Р.Ү-ын гэрт хууль бусаар нэвтэрч, түүний биет 43.750.000 төгрөгийг нууцаар авч “хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд хохирогч Р.Ү-ын гэрийн хаягийг зааж өгөх, түлхүүрийг нь олж өгөх зэргээр урьдчилан амлаж дэмжлэг үзүүлэн хамтран оролцож “хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад,
М.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ................. овогт С.................... Э............, ............. овогт М............ Н........ нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар шүүгдэгч М.Н-ийг Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс гарахыг хязгаарлах, шүүгдэгч С.Э-ыг Баянзүрх дүүргийн бүсчлэлээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-аас 5.235.000 төгрөг гаргуулж хохирогч Р.Ү-д олгож, шүүгдэгч С.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 30-ны өдрийн 621 дугаартай шийтгэх тогтоолоор надад 2 жил 8 сарын хугацаагаар оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих эрхтэй байхаар ял шийтгэл оногдуулсан. Гэтэл миний бие зүтгүүрийн механикч буюу машины жолооч мэргэжилтэй бөгөөд 2015-2016 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын депод явах ангийн засварчин, 2018-2020 оны 4 дүгээр cap хүртэл Улаанбаатар Зүтгүүрийн депод туслах машинистаар ажиллаж байсан. Хуучин ажил олгогч байгууллагатай 7 дугаар сард очиж уулзахад ажлын байр гарвал хэлнэ гэсэн. Гэтэл саяхан 8 сарын дундуур төмөр замын тээвэр, ачаа нэмэгдээд чиний мэргэжлээр ажлын орон тоо гарч байгаа 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хооронд явах боломжтой ажилд ороорой гэсэн юм. Улаанбаатар зүтгүүрийн депогийн миний ажиллах ажлын байрны цалин 3.000.000-4.000.000 төгрөг орчим байдаг. Миний ар гэрт бага насны 2 хүүхэд, өндөр настай ээжийн маань амьжиргаа надаас хамааралтай байдаг. Мөн хохирогч нарт төлөх хохирол төлбөр байгаа. Иймд миний зорчих нутаг дэвсгэрийн хязгаарыг Улаанбаатар хот дотор болгон өөрчилж хүрээг нь тэлж намайг мэргэжлээрээ ажиллах боломжоор хангаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Д.Туяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүгдэгч нарын иргэний харьяалал, оршин суугаа газар, эрхэлсэн ажил зэргийг тодруулсан бөгөөд оршин суугаа хаягт өөрчлөлт орж Өмнөговь аймаг, Ханбогд сум 2 дугаар баг Гавилууд хайлааст 6 дугаар гудамж 652 тоот болж өөрчлөгдсөн талаараа шүүгдэгч М.Н мэдүүлсэн. Гэтэл шүүгдэгч М.Н-ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газраар бус “Чингэлтэй дүүрэг” гэж шүүхээс тогтоосныг зөвшөөрөх боломжгүй юм. Шүүгдэгч М.Н нь өсвөр насны хоёр, бага насны нэг нийт гурван хүүхэдтэй бөгөөд эхнэр болон бага насны хүүхэд нь өвчтэй байнгын асаргаанд байдаг, ганцаар хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог байна. Шүүгдэгч нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан Чингэлтэй дүүрэгт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх боломжгүй байна.
Мөн өмгөөлөгч миний бие шүүгдэгч М.Н-т оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгөхийг хүссэн бөгөөд шүүхээс өмгөөлөгч миний хүсэлтэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч М.Н нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад дуудсан цагт байнга хүрэлцэн ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр хуульд заасан шаардлагад нийцэж байх тул гомдлыг хянан үзэж шүүгдэгч М.Н-т оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу 1 жил 4 сар болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... ” гэв.
Шүүгдэгч С.Э-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4-д зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй гэж заасан бөгөөд С.Э-ын хувьд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлуулахаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болох юм. С.Э нь 2 хүүхэд, эхийн хамт амьдардаг учраас ар гэрээ тэжээн тэтгэхийн тулд ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийх шаардлага үүсээд байгаа юм. С.Э-ын дурдсанаар Улаанбаатар өртөө, Толгойт өртөө, Амгалан өртөөгөөр дамжин өнгөрдөг учраас Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрүүдээр дамжих хэрэгцээ шаардлага гарна. Тэгэхээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд буюу зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг тэлж өгөхийг хүсэж байна... ” гэв.
Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Э-ын тухайд бүсчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглоно гэж заасан. Тэгэхээр бүсчлэлийг нийслэлийн хэмжээнд тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Шүүгдэгч М.Н-ийн тухайд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад биеийн байцаалтыг тодруулж асуусан бөгөөд Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, тус хаягтайгаа холбогдуулан өмгөөлөгч болон шүүгдэгч нар санал гаргаагүй байсан. Өмгөөлөгч Д.Туяагийн гаргасан давж заалдах гомдолд Өмнөговь аймгийн Ханбогд суманд амьдардаг талаар мэдүүлсэн гэж дурдсан байна. Энэ талаар баримт байхгүй тул анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоосон нь үндэслэлтэй. Гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт үйлдэлд нь эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа болохоос шүүгдэгчийн хувийн байдалд зохицуулан эрүүгийн хариуцлагыг өөрчлөх хуулийн заалт байхгүй. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хугацаанд хамрагдсан байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй. Өршөөл үзүүлэх тухай хууль нь буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн буюу ялын төрөл агуулгад өөрчлөлт орсон эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заасан. М.Н-т оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж байна... ” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
Хохирогч Р.Ү-ын “...Гэртээ очоод эд зүйлээ ажиж байсан чинь миний мөнгө хийсэн хайрцаг эмх цэгцгүй харагдахаар нь очиж харахад улаан чемодан хажуугаар нь задарсан байхаар нь онгойлгож үзэхэд мөнгө байхгүй байхаар нь дүү эгч нар луугаа яриад цагдаа дуудсан, цагдаа нар их шөнө ирсэн. Тухайн үед миний том охин Б-ийн охин А 19 настай охин цуг байсан юм. Намайг гэртээ байр авах гэж байгаа мөнгө авчирч хадгалсныг Д, нөхөр Н, дүү Ц нар л мэдэж байгаа юм. Мөнгөө цааш нь хийхэд Д, Ц нар хараад байж байсан юм. Манай гэрийн түлхүүр нь хоёрхон хувь байдаг. Манай гэрийн түлхүүрийг Д гэрт хонодог орой авч хувилуулсан гэж хэлж байсан. Тухайн үед манай дүү Ц-гийн охин Д нөхөр Н, Э нар хүрч ирээд мөнгө буцааж төлөхөөр гуйсан…” гэх мэдүүлэг 1хх 62-64,
Гэрч Э.Д-ийн “...2020 оны 01 дүгээр сарын үед манай нөхөр Н нь надад би чамд юм хэлье гээд уйлж байгаад би Э-ын хамт Ү эгчийн гэрийнх нь түлхүүрийг хувилж байгаад Э нь Ү эгчийн гэрт нь ороод тухайн мөнгийг нь хулгайлж авсан юм. Би тухайн мөнгөнөөс 6.000.000 төгрөг бэлнээр авсан одоо яах уу гээд надад бүх зүйлээ ярихаар нь би Э луу залгаад манай нөхөр Нийн ярьж байгаа зүйлс үнэн юм уу?, Тэр хулгайлж авсан мөнгө чинь хаана байгаа юм, одоо хэдэн төгрөг байгаа юм эргүүлж мөнгийг нь өг гэхэд Э надад одоо 11.000.000 төгрөг байгаа гэж хэлсэн…” гэх мэдүүлэг 1хх 87-88,
С.Э-ын яллагдагчаар өгсөн “...Би тухайн Ү гэх айлаас авсан мөнгөө Хүнсний 4 дээр очоод нэг буудалд ороод тоолж үзэхэд 43.750.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг 1хх 228,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл 1хх 35 зэргийг харьцуулан шинжлэн судлахад,
С.Э нь М.Н-тай бүлэглэн .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны .... тоот иргэн Р.Ү-ын гэрт хууль бусаар нэвтэрч 43.750.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,
М.Н нь С.Э-ыг .... оны .. дугаар ..-ны өдөр .......... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны .... тоот иргэн Р.Ү-ын гэрт хууль бусаар нэвтэрч, түүний биет 43.750.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд хохирогч Р.Ү-ын гэрийн хаягийг зааж өгөх, түлхүүрийг нь олж өгөх зэргээр урьдчилан амлаж дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон үйлдэл нь нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.
Шүүгдэгч С.Э-аас “...зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийн хүрээ, хязгаарыг тэлж өгнө үү...”, шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Д.Туяа нараас гаргасан давж заалдах гомдолд “...зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгснийг оршин суугаа хаягт шилжилт хөдөлгөөн орсон байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сумаар тогтоож өгнө үү., ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэж дурджээ.
Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, сэм нууц аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.
Шүүгдэгч М.Н, С.Э нар дээрх гэмт хэрэгт хамтран оролцохдоо М.Н нь С.Э-т хохирогчийн гэрийн хаягийг зааж өгөх, түлхүүрийг нь олж өгөх зэргээр урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн, С.Э нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 43.750.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрсдийн гэм буруутай үйлдэл, оролцооны талаарх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Н, С.Э нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба тэдгээрт тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.
Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлд шүүгдэгч С.Э, М.Н нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг хамаарч байх тул шүүхээс тухайн зүйл, хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал, боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүй.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгч С.Э-аас “...зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийн хүрээ, хязгаарыг тэлж өгнө үү...”, шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Д.Туяагаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Д.Туяагаас “...зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгснийг Өмнөговь аймгийн Ханбогд сумаар тогтоож өгнө үү.” гэх давж заалдах гомдлоо оршин суух газрын лавлагааны хамт ирүүлсэн байх тул түүний зорчих эрхийг хязгаарлах ялын нутаг дэвсгэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч С.Э, М.Н нарыг гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэг, заалтад заасан шинжийг “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн...” хэмээн гэм буруутайд тооцсоныг “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэж хуульд нийцүүлэн зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулан шүүгдэгч С.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Д.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэлээ.
Мөн анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамждаа “Л.Баатарт холбогдох эрүүгийн хэрэг...” гэж хүний нэр буруу бичсэн, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байгааг энэ удаад буруутгаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/621 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтад “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн...” гэснийг “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэж,
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Н-т 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар Чингэлтэй дүүргийн бүсчлэлээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч С.Э-т 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн бүсчлэлээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Н-т 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын бүсчлэлээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч С.Э-т 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн бүсчлэлээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.” гэж нэмж өөрчлөн найруулж бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч С.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Д.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.
3. Шүүгдэгч С.Э, М.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН