Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 302/ШШ2025/00290

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 302/ШШ2025/00290

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт А.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг (ажлын  хэсгийн дарга Х.Ө),

Хариуцагч: Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар (дарга Ж.Е)-т тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Е, Х.Ө,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ж, түүний өмгөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б овогт А.А миний бие 2000 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн Ө сумд төрсөн одоо 25 настай. Миний бие 2024 онд ОХУ-ын Барнаул хотын Алтайн Улсын их сургуулийг Барилгын инженер, техник технологич

мэргэжлээр төгссөн.

1.2.Миний бие 2024 оны 12 дугаар сард Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд томилогдон ажиллах тухай хүсэлтээ тус газрын даргад гаргасан. Үүний дараа 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан.

1.3.Тус сонгон шалгаруулалтад өмнө нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын хяналтын асуудал хариуцсан мэргэжилтнээр түр ажиллаж байсан М.Жийг бүртгэсэн нь  хууль бус юм. Угтаа бол барилгын инженер мэргэжил нь хэд хэдэн төрөлтэй байдаг ба М.Ж-ийн эзэмшсэн мэргэжил нь барилгын инженер үйлдвэр ба иргэний инженер юм. Харин миний эзэмшсэн мэргэжил бол барилгын техник технологич, барилгын материалын үйлдвэрлэл юм. Барилгын инженер үйлдвэрлэл мэргэжил нь бэлэн болсон барилгын материал болох арматур бетон зуурмаг, дулаалгын материал зэргийг барилга угсрах, барилга байгууламжид угсралт хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилгын материал үйлдвэрлэлтэй ямар ч хамааралгүй бөгөөд мэргэжил нь таарахгүй юм.

1.4.Харин барилгын техник технологич, барилгын материалын үйлдвэрлэл мэргэжил нь түүхий эдээр буюу бэлэн болоогүй барилгын материал болох арматур, бетон дулаалга зэргийн үйлдвэрлэлийг хэрхэн хийх, стандартын шаардлагад нийцүүлэх хүрээнд хамаарах юм. Мөн энэ нь Монголын барилгын инженерүүдийн сайтад тавигдсан барилгын инженер мэргэжлийн хүрээнээс тодорхой харагдах ба М.Жийн мэргэжил нь гомдолд хавсаргасан хавсралтын 49-51 дэх хэсэгт заасан хүрээнд харин миний эзэмшсэн мэргэжил 9-15 дугаар хэсэгт заасан хүрээнд тус тус хамаарах юм.

1.5.Мөн сонгон шалгаруулалтын тухай, тус сонгон шалгаруулалт нь дипломын шаардлага, тестийн шалгалт, лабораторийн тоног төхөөрөмжийг тааж зорилгыг нь бичих, асуудал шийдвэрлэх буюу лабораторийн шинжилгээний хариунд дүгнэлт бичих зэрэг үе шатуудаас бүрдсэн ба миний бие тус сонгон шалгаруулалтад нийт 76 оноо авч тэнцсэн.

1.6.Тус сонгон шалгаруулалтын процесс болон үнэлгээг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Сонгон шалгаруулалтын тоног төхөөрөмжийг тааж зорилгыг нь бичих үе шатанд надаас нийт 3 тоног төхөөрөмжийг асуусан ба үүнээс хоёрт нь зөв хариулсан. Гэвч тухайн тоног төхөөрөмжийн зургууд нь А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр Зх4 см харьцаатай байсан ба чанарын нягтаршлын хувьд шаардлага хангахгүй буюу танигдах боломжгүй зургаад байсан юм. Угтаа бол ямар тоног төхөөрөмж юунд ашигладаг болохыг нь таалгах байсан бол тухайн тоног төхөөрөмжүүдэд биет байдлаар ажиллуулсан нь зүйтэй байх байсан ба чанарын шаардлага хангахгүй зураг таалгах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

1.7.Үүний дараагийн үе шат болох асуудал шийдвэрлэх буюу лабораторийн шинжилгээний хариунд дүгнэлт бичих үе шатанд нийт 4 шалгуулагчид тус бүр 2 лабораторийн хариунд дүгнэлт бичих ёстой буюу ямар стандартад нийцэж байгааг бичих ёстой байсан. Гэвч шалгалтын комиссоос ямар даалгавар гүйцэтгэх ёстой байсныг тайлбарлаж өгөөгүй мөн нийт шалгуулагчид дунд 1 стандартын жагсаалт өгсөн ба миний бие үүний улмаас шалгалтын даалгаврыг хугацаанд нь биелүүлж чадаагүй болно. Миний бие тухайн үед шалгалтын комисст энэ тухай гомдлоо мэдүүлсэн ба үүний дараа 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр дахин гомдол гаргасан боловч хүлээж аваагүй болно.

1.8.Иймд Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга Х.Өы хариу тайлбар, татгалзал: Б аймгийн Ө сумын 2 дугаар багийн оршин суугч 000000 регистрийн дугаартай Б овогт А.А-ийн нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг хүргүүлж байна.

2.1.Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг хүссэн байна. Барилгын лабораторийн шинжээчийн сул орон тоог зарлахдаа аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1112 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт холбогдох маягтын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 07 өдрийн 05 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тухайн ажлын байрыг нийтэд зарласан. Тухайн ажлын байрыг зарласан өдрөөс эхлэн ажлын 5 хоногт ажилд орох иргэдийн хүсэлтийг хүлээн авсан ба нийт 5 хүн бүртгүүлсэн.

2.2.Үүний дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Комисс томилох тухай А/05 дугаар тушаалаар томилогдсон 3 хүн аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1112 дугаар захирамжийн дагуу хөндлөнгийн хяналтаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2 хүний төлөөлөл, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн 1 хүн, манай байгууллагын Мэдээлэл технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулсан.

2.3.Нэхэмжлэгч нь  М.Жийн эзэмшсэн мэргэжил Барилгын инженер, Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламжийн бакалавр нь Барилгын лабораторийн шинжээчийн ажлын байранд таарахгүй гэсэн нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01-р сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн баталж өгсөн “Албан тушаалын тодорхойлолт”-ын дагуу сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийг бүртгэсэн болно. Албан тушаалын тодорхойлолтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/146 тушаалаар баталсан Мэргэжлийн чиглэл хөтөлбөрийн нэр, индексийг мөрддөг болохоос Монголын барилгын инженерүүдийн сайтад тавигдсан барилгын инженер мэргэжлийн хүрээнээс тодорхойлох боломжгүй юм. А.А нь “Барилга” мэргэжил эзэмшсэн ба өөрийн нэхэмжлэлд бичсэнээр барилгын техник технологич, барилгын материалын үйлдвэрлэл мэргэжил эзэмшээгүй /өөрийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирүүлсэн өргөдлийн дипломын орчуулгын хэсэгт тусгагдсан/. Тиймээс М.Ж болон А.А нарын мэргэжил нь тус ажлын байранд ажиллах бүрэн боломжтой.

2.4.Сонгон шалгаруулалтын процессын хувьд, шалгалтад оролцогчдод шалгалт авах дэс дараалал болон тухайн бэлтгэсэн материалуудыг нээлттэй танилцуулсан. Тухайн үед шалгалтад оролцогчид болон А.А нь шалгалтын материалыг зөвшөөрөхгүй байгаа талаар санал гомдол хэлээгүй, авсан оноогоо хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан. Тоног төхөөрөмжүүдийн зарим нь 380 кВт-аар ажиллах тул тухайн шалгалт өгч байгаа иргэдийг газар дээр нь ажиллуулах нь Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалтын дагуу хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй ба тухайн ажилд томилогдсон хүн хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн заавар зааварчилгааг авч, ажиллуулж сурсны дараа тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах ёстой. Тиймээс шалгалтад оролцогчдыг хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйг хангах үүднээс лабораторид оруулж ажиллуулаагүй. Лабораторийн тоног төхөөрөмжүүдэд биет байдлаар ажиллуулахад бүх багаж, тоног төхөөрөмжүүдэд ямар багаж, яаж ажиллуулах талаарх зааварчилгааг төхөөрөмжүүдийн хажууд байрлуулсан болохоор лабораторийн тоног төхөөрөмжид ажиллуулах боломжгүй байсан. Мөн тухайн тоног төхөөрөмжийг буруу ажиллуулбал эвдрэх эрсдэлтэй. Иймд А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр Зх4см харьцаатай байсан ба чанарын нягтаршлын хувьд шаардлага хангахгүй буюу танигдах боломжгүй зураг байсан гэдэг нь шалтгаан биш шалтаг байна. Учир нь зөвхөн А.Ат биш шалгалтад оролцогчдын бүгдэд нь ижил хэмжээний материал олгосон болно.

2.5.Асуудал шийдвэрлэх буюу лабораторийн шинжилгээний хариунд дүн шинжилгээ бичих үе шатанд 2 лабораторийн хариунд дүгнэлт бичих ёстой байсныг тухайн үед бүгдэд нь тайлбарлаж өгсөн ба шалгалтын комиссоос дахин тайлбарлаж өг гэсний дагуу дахин шалгалтад оролцогчдод тайлбарласан. Тоосгоны шинжилгээний хариунд шаардлагатай бол стандартаас харж тайлбарлаж болно гэсэн ба стандартыг шалгалтад оролцогчдын дунд өгсөн. Үүнийг зөвхөн шалгалтад оролцогч М.Ө үзэж байсан.

2.6. А.А нь тухайн үед гомдлоо мэдүүлсэн гэж худлаа бичсэн байна. Шалгалтаас авсан бүх оноог хүлээн зөвшөөрч, гомдолгүй гэдгээ мэдэгдэж 4 шатны шалгалтын материалд нэг бүрчлэн тус бүрд нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Шалгалтын комисст 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр гаргасан гомдлын хариуг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А.Аийн 94242999 дугаарт залгахад холбогдох боломжгүй байсан учраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэж өгсөн. Хүлээж авсан тухай он, сар, өдрийг бичиж гарын үсэг зурсан нь нотлогдож байгаа. Иймээс А.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

3.Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Естай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн орон тоо гарсан. Орон тоог хууль тогтоомжийн хүрээнд олон нийтэд хүргэж, холбогдох шалгалтад ажлын комисс томилж, шалгалт авсан байгаа. Ажлын хэсэг шалгалт авч, дүнг танилцуулснаар иргэн М.Жийг тухайн албан тушаалд томилсон байгаа. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: А.Аийн нэхэмжлэлтэй Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Е, Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А\05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Х.Өд холбогдох Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А\05 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж, сонгон шалгаруулалтыг дахин зарлахыг даалгаж өгөх, Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б\02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан М.Ж би уг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Гуравдагч этгээд М.Ж би нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1.Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас  Б аймгийн Засаг даргын 2024 оны А/1112 дугаар захирамжийн дагуу тус газарт гарсан сул орон тоо буюу Барилгын лабораторийн шинжээчийн сул орон тооны тухай мэдээллийг тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна. Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас уг сул орон тооны сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нийтэд мэдээлсэн байна. Харин тус газрын цахим хаягаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нийтэд зарлан мэдээлсэн байна.

4.2.Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагын цахим хаягаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зарласан зарлалд өөрчлөлт оруулсан байна. Ингээд М.Ж би уг зарыг интернэтээс мэдэж, уг сул орон тооны сонгон шалгаруулалтад орохоор холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн ажлын хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн. Ер нь уг сул орон тоонд нийт 5 иргэн бүртгүүлсэн ба үүнээс ажлын хэсэг 1 иргэний материал шаардлага хангахгүй гэж хасаад үлдсэн 4 иргэнийг уг албан тушаалтныг сонгон шалгаруулалтад оруулахаар шийдвэрлэсэн юм.

4.3.Нэхэмжлэгч А.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ОХУ-ын Барнаул хотын Алтайн их сургуулийг Барилгын инженер, техник технологич мэргэжлээр төгссөн гэсэн боловч Баталгаат орчуулагчдын нэгдсэн холбооны орчуулгын товчоонд “Барилга” мэргэжлээр бакалавр эзэмшсэн, харин Нэмэлт мэдээлэлд нь Барилга байгууламжийн материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр өдрийн сургалтад хамрагдсан гэдэг нь тодорхой харагдаж байна.

4.4.М.Ж би 2020 онд Ховд аймаг дахь Монгол улсын их сургуулийн харьяа Баруун бүсийн сургуульд суралцан Барилгын инженер /073202 индекстэй/ Иргэний ба үйлдвэрийн барилга байгууламжийн бакалавр мэргэжил эзэмшсэн ба миний эзэмшсэн Барилгын инженерчлэл мэргэжил нь /073204 индекстэй/ болж өөрчлөгдсөн нь Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/146 дугаар тушаалд болон миний төгссөн “Монгол улсын их сургууль Баруун бүсийн сургуулийн тодорхойлолтуудаас тодорхой харагдаж байна. М.Ж миний эзэмшсэн мэргэжил Барилгын лабораторийн шинжээчийн ажлын байрны аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгийн баталж өгсөн “Албан тушаалын тодорхойлолт”-ын дагуу /Барилгын инженерчлэл 073204/ индекстэй тохирч байна. Албан тушаалын тодорхойлолтыг Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/146 дугаартай тушаалаар баталсан мэргэжил чиглэл индексийг мөрддөг болохоос Монголын барилгын инженерүүдийн сайтад тавигдсан барилгын инженер мэргэжлийн хүрээнээс шууд тодорхойлох боломжгүй гэж үзэж байна.

4.5.Иймд уг сонгон шалгаруулалтад орсон 4 иргэн адилхан А4 хэмжээтэй бичгийн цаас дээр 3x4 см харьцаатай, нягтаршлын хувьд шаардлага хангахгүй буюу таних боломжгүй зураг байсан гэдэг нь шалтгаан биш гэж үзэж байна. Асуудал шийдвэрлэх буюу лабораторийн шинжилгээний хариунд дүн шинжилгээ бичих үе шатанд 2 лабораторийн хариунд дүгнэлт бичих ёстой байсныг тухайн үед шалгалт өгсөн бид дөрөвт тайлбарлаж өгсөн ба тайлбарлаж өгөөгүй байсан бол бид хариулахааргүй байсан.

4.6.Уг сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн комисс томилох тухай А/05 дугаар тушаалаар томилогдсон тус газрын 3 албан тушаалтан, аймгийн Засаг даргын 2024 оны А/1112 дугаартай захирамжийн дагуу хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2 албан тушаалтны төлөөлөл, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн, тус байгууллагын мэдээлэл технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 7 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй нээлттэй явуулсан.

4.7.М.Ж би Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас зарласан тус газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож, эхний байр эзлэн улмаар тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаартай “М.Жийг ажилд томилох тухай” тушаалаар тухайн албан тушаалд томилогдон ажлын байранд ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан одоо хүртэл ажиллаж байна. Уг сонгон шалгаруулалтад сайн дураар оролцсон М.Ө, А.А, Б.Ч нараас шалгалт дууссаны дараахан ямар нэгэн маргаангүй гэдгийг нотолж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.  Иймд уг сонгон шалгаруулалтыг ажил олгогч бүрэн эрхийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нийтэд зарлан ил тод байдлаар явуулсан тул ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч А.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

5.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчийн бакалаврын дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар орчуулгын хамт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс Е.М-т2025 оны 02 дугаар сарын 20-ний өдөр олгосон итгэмжлэл, Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 2/121 дугаартай албан бичиг, тайлбар, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай албан бичгийн хуулбар, Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тавьсан Нээлттэй ажлын байрны зарын фото зураг, ажлын байрны захиалгын мэдээлэл, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн А/146 дугаар тушаал хавсралтын хамтын хуулбар зэргийг,

Хариуцагч  Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс хариу тайлбар, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай албан бичиг, тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаал, барилган лабораторийн шинжээчийн албан тушаалын тодорхойлолт, Монголын Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн А/146 дугаартай тушаал хавсралтын хамт, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/04 дугаартай тушаал хавсралтын хамт, мөн тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаартай тушаал, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Бүртгэл хяналтын карт, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт нэхэмжлэгч А.Аээс 2025 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр гаргасан гомдол, мэргэшлийн зэрэг горилох, сунгах шалгалт зохион байгуулах хуваарь, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Иргэн А.А танаа гэх гомдлын хариу, Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/10 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаар тушаал, тус газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар албан бичиг, барилгын лабораторийн шинжээчийн албан тушаалын тодорхойлолт, мөн тус газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/04 дугаартай тушаал хавсралтын хамт, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаал, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн А/146 дугаар тушаал хавсралтын хамт, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, мөн газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл, тус газраас маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсантай холбоотой холбогдох шалгалтын материал, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Бүртгэл хяналтын карт, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр нэхэмжлэгч А.Аээс гаргасан гомдол, мэргэшлийн зэрэг горилох, сунгах шалгалт зохион байгуулах хуваарь, тус ажлын хэсгээс 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А.Ат өгсөн гомдлын хариу зэргийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Жээс хүсэлт, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаал, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 51 дугаартай Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, түүний бакалаврын дипломын хуулбар, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн А/146 дугаар тушаал хавсралтын хамт, хариу тайлбар, Монгол Улсын Их Сургуулийн Баруун бүсийн сургуулийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17/50 дугаартай тодорхойлолт, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн А/146 дугаартай тушаал зэргийг тус тус гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Нэхэмжлэгч А.Аийн  хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Естай, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга Х.Ө нарт холбогдох Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: А.А миний бие 2024 онд ОХУ-ын Барнаул хотын Алтайн Улсын их сургуулийг Барилгын инженер, техник технологич мэргэжлээр төгссөн. Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан. Тус сонгон шалгаруулалтад М.Жийг бүртгэсэн нь  хууль бус юм. Учир нь, М.Жийн эзэмшсэн мэргэжил нь барилгын инженер үйлдвэр ба иргэний инженер юм. Харин миний эзэмшсэн мэргэжил бол барилгын техник технологич, барилгын материалын үйлдвэрлэл юм. Мөн сонгон шалгаруулалтын тухайд, тус сонгон шалгаруулалт нь дипломын шаардлага, тестийн шалгалт, лабораторийн тоног төхөөрөмжийг тааж зорилгыг нь бичих, асуудал шийдвэрлэх буюу лабораторийн шинжилгээний хариунд дүгнэлт бичих зэрэг үе шатуудаас бүрдсэн ба миний бие тус сонгон шалгаруулалтад нийт 76 оноо авч тэнцсэн. Тус сонгон шалгаруулалтын процесс болон үнэлгээг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Сонгон шалгаруулалтын тоног төхөөрөмжийг тааж зорилгыг нь бичих үе шатанд надаас нийт 3 тоног төхөөрөмжийг асуусан ба үүнээс хоёрт нь зөв хариулсан. Гэвч тухайн тоног төхөөрөмжийн зургууд нь А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр Зх4 см харьцаатай байсан ба чанарын нягтаршлын хувьд шаардлага хангахгүй буюу танигдах боломжгүй зургууд байсан юм. Угтаа бол ямар тоног төхөөрөмж юунд ашигладаг болохыг нь таалгах байсан бол тухайн тоног төхөөрөмжүүдэд биет байдлаар ажиллуулсан нь зүйтэй байх байсан ба чанарын шаардлага хангахгүй зураг таалгах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Үүний дараагийн үе шат болох асуудал шийдвэрлэх буюу лабораторийн шинжилгээний хариунд дүгнэлт бичих үе шатанд нийт 4 шалгуулагчид тус бүр 2 лабораторийн хариунд дүгнэлт бичих ёстой буюу ямар стандартад нийцэж байгааг бичих ёстой байсан. Гэвч шалгалтын комиссоос ямар даалгавар гүйцэтгэх ёстой байсныг тайлбарлаж өгөөгүй мөн нийт шалгуулагчид дунд 1 стандартын жагсаалт өгсөн ба миний бие үүний улмаас шалгалтын даалгаврыг хугацаанд нь биелүүлж чадаагүй болно. Миний бие тухайн үед шалгалтын комисст энэ тухай гомдлоо мэдүүлсэн ба үүний дараа 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр дахин гомдол гаргасан боловч хүлээж аваагүй болно.Иймд Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга Х.Ө нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Барилгын лабораторийн шинжээчийн  ажлын байрыг нийтэд нээлттэй зарласны дагуу нийт 5 хүн бүртгүүлсэн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Комисс томилох тухай А/05 дугаар тушаалаар томилогдсон 3 хүн аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1112 дугаар захирамжийн дагуу хөндлөнгийн хяналтаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2 хүний төлөөлөл, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн 1 хүн, манай байгууллагын Мэдээлэл технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулалтыг  явуулсан. Ажлын байрны тодорхойлолтын дагуу М.Ж болон А.А нарын мэргэжил нь тус ажлын байранд ажиллах бүрэн боломжтой мэргэжлүүд болно. Сонгон шалгаруулалтын процессын хувьд, шалгалтад оролцогчдод шалгалт авах дэс дараалал болон тухайн бэлтгэсэн материалуудыг нээлттэй танилцуулсан. Тухайн үед шалгалтад оролцогчид болон А.А нь шалгалтын материалыг зөвшөөрөхгүй байгаа талаар санал гомдол хэлээгүй, авсан оноогоо хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан. Шалгалтад оролцогчдын бүгдэд нь ижил хэмжээний материал олгосон болно. Асуудал шийдвэрлэх буюу лабораторийн шинжилгээний хариунд дүн шинжилгээ бичих үе шатанд 2 лабораторийн хариунд дүгнэлт бичих ёстой байсныг тухайн үед бүгдэд нь тайлбарлаж өгсөн ба шалгалтын комиссоос дахин тайлбарлаж өг гэсний дагуу дахин шалгалтад оролцогчдод тайлбарласан. Тоосгоны шинжилгээний хариунд шаардлагатай бол стандартаас харж тайлбарлаж болно гэсэн ба стандартыг шалгалтад оролцогчдын дунд өгсөн. Иймээс А.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

9.Хариуцагч Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж.Естай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Тус Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн орон тоо гарсан. Орон тоог хууль тогтоомжийн хүрээнд олон нийтэд хүргэж, холбогдох шалгалтад ажлын комисс томилж, шалгалт авсан байгаа. Ажлын хэсэг шалгалт авч, дүнг танилцуулснаар иргэн М.Жийг тухайн албан тушаалд томилсон байгаа гэжээ.

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд.:

10.1.Оросын холбооны улсын Барнаул хотын “И.И.Ползуновын нэрэмжит Алтайн Техникийн их сургууль”-ийн бакалаврын дипломоор Аын А  нь “Барилга” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн болох нь тогтоогджээ.

10.2. Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Барилгын лабораторийн шинжээчийн сул орон тооны захиалгыг хүргүүлсэн байна.

10.3. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/02 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Барилгын лабораторийн шинжээчийн албан тушаалын тодорхойлолт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байх ба уг ажлын хэсэг нь  2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр боловсруулсан байх ба тухайн тодорхойлолтыг Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаас 2025 оны 01 дүгээр сахрын 06-ны өдөр баталжээ.

10.4. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/04 дугаартай журам батлах тухай тушаалаар “Төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгон шалгаруулах журам”-ыг хавсралтаар баталсан байна. Уг тушаалын  хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгон шалгаруулах журам нь нийтлэг үндэслэл, сул орон тоог нөхөх, нийтэд зарлах, сонгон шалгаруулах комисс, шалгалт өгөх болзол, оролцогчдын бүртгэл, сонгон шалгаруулалтын агуулга хэлбэр, үнэлгээ, нэр дэвшүүлэх, бусад зүйл гэсэн найман зүйлийг журамлажээ.

10.5. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаартай Комисс томилох тухай тушаалаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын лабораторийн  шинжээчийн орон тооны сонгон шалгаруулалтыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулах комиссын ахлагчаар Газрын удирдлагын хэлтсийн дарга Х.Өыг, гишүүдээр Барилгын лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Г, Захиргаа хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Х.А нарыг тус тус томилсон болох нь тогтоогдсон байх ба уг захирамжийн хоёр дахь заалтаар сонгон шалгаруулалтад аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 2 хүний төлөөллийг оролцуулахаар тусгасан байна.

10.6. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Барилгын лабораторийн  шинжээчийн орон тооны сонгон шалгаруулалт явуулах тухай хурлын тэмдэглэлд тухайн сонгон шалгаруулалт явагдсан газар, огноо, оролцсон хүмүүс, сонгон шалгаруулалтын үйл явцын талаар тусгагдсан байна.

10.7. Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд уг хурлаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаартай Комисс томилох тухай тушаалын дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын лабораторийн шинжээчийн орон тооны сонгон шалгаруулалтын дүнгийн тухай хэлэлцэж Барилгын лабораторийн шинжээчийн албан тушаалд сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн М.Жийг томилохоор шийдвэрлэсэн байна.

10.8.Хариуцагчаас Барилгын лабораторийн  шинжээчийн орон тооны сонгон шалгаруулалтад оролцогч бүрийн үнэлгээний хуудас болон шалгалтын материалыг, шалгалтад оролцогчдоос шалгалтын даалгаврыг гүйцэтгэсэн талаарх материалуудыг  гаргаж өгсөн бөгөөд уг шалгалтын материалаас үзэхэд шалгалтад оролцогч нар нь шалгалтын даалгаврыг ямар байдлаар гүйцэтгэсэн болох нь тусгагджээ.

10.9.Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар М.Ж-ийг Барилгын лабораторийн шинжээчээр 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилж, мөн өдрөөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тогтоогджээ.

10.10. Ховд их сургуулийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулиас 2020 оны 06 дугаар сарны 12-ны өдөр олгосон D202019831 дугаартай бакалаврын дипломоор М.Ж нь тус сургуулийн Барилгын инженер мэргэжлээр суралцаж төгссөн болох нь тогтоогджээ.

11.Нэхэмжлэгч А.Аээс тус Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалд сонгон шалгаруулалтад М.Жийг бүртгэсэн нь  хууль бус бөгөөд сонгон шалгаруулалтын үйл явц болон тухайн сонгон шалгаруулалт явуулахад ашигласан материал нь чанарын шаардлага хангаагүй, шалгалтын талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэж тайлбарласан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг эс зөвшөөрч маргажээ.

12.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.5 дахь хэсэгт зааснаар "албан тушаалын тодорхойлолт" гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно. Б аймгийн  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаас 2025 оны 01 дүгээр сахрын 06-ны өдөр Барилгын лабораторийн шинжээчийн албан тушаалын тодорхойлолтыг баталсан байх ба уг албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “мэргэжил” гэх хэсэгт барилгын инженерчлэл, барилгын бүтээц эдлэлийн технологи, барилгын материалын үйлдвэрлэлийн технологи мэргэжилтэй байх шаардлага тавигдсан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаар гомдол гаргагч А.А нь Оросын холбооны улсын Барнаул хотын “И.И.Ползуновын нэрэмжит Алтайн Техникийн их сургууль”-ийн бакалаврын дипломоор А.А  нь “Барилга” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн болох нь, гуравдагч этгээд М.Ж нь Ховд их сургуулийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийг “Барилгын инженер” мэргэжлээр суралцаж төгссөн болох нь тус тус тогтоогдсон байх тул сонгон шалгаруулах комиссоос тусгай шаардлагыг хангасан үзэж сонгон шалгаруулалтад оролцуулсныг буруутгах боломжгүй байна.

13.Тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаартай “Комисс томилох тухай” тушаалаар байгуулагдсан Барилгын лабораторийн  шинжээчийн орон тооны сонгон шалгаруулалтыг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулах комисс нь сонгон шалгаруулалт явуулахдаа шалгалтад оролцогчдын эрхийг хязгаарласан,  шалгалтад оролцогчдод арга зүйн талаар дутуу мэдээлэл өгсөн талаар нотлох баримтгүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаар шалгалтад оролцогч нь шалгалтын явцад шалгалт авах комиссоос  шалгалтын арга зүйн талаар мэдээлэл авах боломж нь нээлттэй байсан гэж үзэхээр байна.

14. Иймд нэхэмжлэгч А.Аийн  Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

15.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Аийн Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн шинжээчийн албан тушаалын сонгон шалгаруулалтыг, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож сонгон шалгаруулалт дахин зарлахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч А.Ат буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК