Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 225

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:1-484/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1810003540141 дугаартай, 187/2018/0206/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дүгээр хорооны .......-н ...... тоотод оршин суух иргэн Д.Б-ны монгол гэрийн хаалгыг эвдэн, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн “Самсунг” маркийн зурагт, манан хөөрөг, ул боов зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 339.800 төгрөгийн хохирол, гэрийн хаалгыг эвдэн 150.000 төгрөгийн гэм хор учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.А-н Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны .......-н ...... тоотод байх монгол гэрийн хаалгыг эвдэн 150.000 төгрөгийг хохирол, гэрт байсан 339.800 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн “Самсунг” маркийн зурагт, манан хөөрөг, ул боов зэрэг эд зүйлийг авч бусдад нийт 489.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Б-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Би зурагт, хөөрөг, ул боов зэрэг эд зүйл авсан...Би буцааж өгсөн...Би хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон...Би хохирогчоос уучлалт гуйсан...Би гэмшиж байна...Миний буруутай үйлдлийн улмаас би хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/

            3. Хохирогч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо .......-н ...... тоотод нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаа. Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг өнгөрч байхад охин н.О-н хамт зээ хүүгийн төрсөн өдөрт очиж байж байгаад орой 23 цаг 40 минутын үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэх үед гэрийн хаалга эвдэрчихсэн байхаар нь гайхаад дотогш ороход манай гэрээс 32 инчийн Самсунг маркийн зурагт, хэвийн боов 20 ширхэг, манан хөөрөг зэрэг эд зүйл алга болсон байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юмаа...Би зурагтаа Нэкст электроникс дэлгүүрээс 599.999 төгрөгөөр авч байсан. Манан хөөргийг Нарантуул захаас 40.000 төгрөгөөр, хэвийн боовыг 2 ширхэгийг нь 2300 төгрөгөөр авч байсан..Зурагт нь хар өнгийн хавтгай ЛСД зурагт байсан. Хөөрөг улаан чулуун толгойтой, гуулийн нуухтай бор өнгийн чулуун хөөрөг байгаа. Даалимба нь ногоон өнгийн торго материалтай...Надад гомдол санал байхгүй. Харин гэрийнхээ хаалгыг нэхэмжилж байна...120.000 төгрөгөөр үнэлж байна...Би цагдаагийн байгууллагаас өөрийн эд зүйлс боло Самсунг маркийн 32 инчийн зурагт, хэвийн боов 10 ширхэг, улаан өнгийн ууттай цагаан самар 1 ширхэг, гуулин нуухтай шинэ хөөрөг 1 ширхэг, хөөрөгний даалимба 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүлээж авсан...Манай гэрээс 21 ширхэг хэвийн боов алдагдсан. Үүнээс 10 ширхэгийг буцааж авсан...Би үлдэгдэл 11 ширхэг хэвийн боовыг үнэлүүлэхгүй...Д.Б нь манай нөхөр юмаа. Би анх дуудлага өгөхдөө нөхрийнхөө нэрийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 16, 17/

            4. Гэрч И.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуучны танил Б.Б-тай Хан-Уул дүүргийн .....-ын автобусны буудал дээр тааралдсан. Тэгээд удаан уулзаагүй байсан учраас хамт манай гэрт архи уухаар болж бид хоёр дэлгүүрээс нэг шил Хараа архи аваад хувааж уусан. Тэгээд би Б.Б-тай хамт Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо .....-н .... дугаар буудалд байх эмээгийндээ очсон юмаа. Тэгээд эмээгийн гэрт бид хоёр дахин нэг шил Хараа архи авч уусан. Тэгээд уг архийг ууж дуусгаад Б.Б дахин архи авчирхаар дэлгүүр гарсан юмаа. Тэгээд эргэж ирэхгүй удаад байхаар нь араас нь гараад хартал яг миний өөдөөс хашааны үүдээр зурагт тэврээд орж ирсэн. Тэгэхээр нь би түүнээс ямар учиртай зурагт вэ, хулгай хийчихсэн юм уу гэж асуухад үгүй гудамжны буланд хэвтэж байна тэгэхээр нь авчихлаа гэж хэлсэн. Тухайн үед би түүнээс 2-3 удаа хулгайн эд зүйл биш биздээ гэж лавлаж асуусан. Би Б.Б-г хулгай хийчихлээ гэж мэдээгүй...Тэгээд Б.Б уг зурагтаа манай дүү И.Г-д 50.000 төгрөгөөр зарсан ба уг мөнгөөр бид хоёр архи авч уусан...Хэрэв хулгайн эд зүйл гэж мэдсэн бол би шууд л цагдаагийн байгууллагад мэдэгдэх байсан...Хар өнгийн 32 инчийн зурагт тэврээд нуруундаа цүнх үүрсэн байсан. Өөр эд зүйл бариагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

            5. Гэрч И.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...И.С ах гаднаас орж ирээд ахын дүү чи энэ зурагтыг авах уу манай найзын зурагт байгаа юмаа хямдхан өгчихнө гэж хэлэхээр нь би 50.000 төгрөгөөр авсан. Мөнгийг нь өөрийн төрсөн дүү н.Б-с зээлж аваад И.С ахад өгсөн. Манай зурагтгүй байсан юм, өмнөх зурагтаа хагалчихсан, зурагтын хэрэгцээ байсан юм...Гэрт эмээ З.П, дүү И.А, И.С ах 3 байсан...Мөн надад нэг найзтайгаа ирсэн дэлгүүр явж архи авчирхаар явсан гэж хэлсэн...Тэгэээд удагүй И.С ахыг гэрийн гаднаас хүн дуудсан ба И.С ах гараад 10 орчим минутын дараа эргэж гэрт орж ирэхдээ хар өнгийн зурагт тэвэрсэн залуутай хамт орж ирсэн ба гэрийнхэнд манай найзын зурагт гэж хэлж байсан, харин надад манай энэ найз архинд явж байгаад гудамжнаас олсон юм байна архи уух гэсэн юм хямдхан авчих гээд гуйгаад байхаар нь...авчихсан юм...Бараан өнгийн үүргэвч нуруундаа үүрсэн байсан. Үүргэвчиндээ нилээн их зүйл хийсэн юм шиг харагдаж байсан. Хүнд овор ихтэй харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23, 24-25/

            6. Гэрч И.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчим гэртээ байж байх үед үеэл ах И.С нэг эрэгтэй хүний хамт орж ирсэн. Тэгээд манай гэрт Хараа архи нэг шилийг хамт ирсэн хүнтэйгээ хувааж уучихаад...Тэгсэн чинь И.С ахтай хамт ирсэн хүн нь И.С ахад хандан “би ийшээ гарчихаад ирье” гэж хэлээд гараад явсан, харин И.С ах гэрийн хойморт орон дээр унтсан. Тэгээд нөгөө хамт ирсэн хүн нь 20-30 минут болоод эргэж ирээд И.С ахыг гэрийн гаднаас дуудсан ба И.С ах гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй хамт буцаж орж ирсэн ба орж ирэхдээ хар өнгийн хавтгай зурагт тэврээд орж ирсэн. Тэгээд И.С ах манай эмээд зурагт авах уу, манай найз зурагт зарах гэж байгаа юм гэж хэлээд 50.000 төгрөгөөр зарсан. Тэгээд уг мөнгөөрөө манай гэрт архи ууж байгаад орой 22 цагийн орчим явсан. Манай гэрт зурагт тэвэрч орж ирсэн залуу нь И.С ахад ногоон өнгийн хөөрөг үзүүлээд байсан. Тэгээд тэр хоёрыг явсаны дараа удалгүй цагдаа нар манай гэрт ирээд худалдаж авсан зурагтыг хурааж аваад явсан. Тэр үед бид нар хулгайн зурагт авсан гэдгэ мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

            7. Гэрч З.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр намайг гэртээ байх үед манай том охины банди И.С нэг танихгүй хүүгийн хамт 18 цагийн орчим архи үнэртүүлчихсэн орж ирсэн. И.С найзтайгаа манай гэрт нэг шил архи хувааж уусан...Тэгсэн чинь тэр хамт байсан хүү нь дахиж архи авчиръя гэж хэлээд И.С-с дэлгүүр заалгаж байгаад гарч явсан. Тэгээд байж байтал манай зээ хүү И.Г ажлаа тараад ирсэн юм. Тэгээд...И.С-г гаднаас хүн дуудаад байсан ба И.С гарч яваад эргэж 10 орчим минутын дараа хамт ирсэн хүүтэйгээ хамт манайд хар өнгийн зурагт тэврээд ороод ирсэн. Тэгээд уг зурагтыг худалдаад авчих мөнгөний хэрэг гараад байна гээд гуйгаад байхаар нь манай зээ хүү И.Г тэр зурагтыг нь 50.000 төгрөгөөр худалдаж авсан юм...И.С надад уг зурагтыг манай найзын зурагт гэж хэлсэн. Би түүнийг надад хулгайн зурагт зарж байна гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/

             8. Эд зүйл хураан авсан тэмдэглэл: “...Хар өнгийн инч тодорхойгүй, дэлгэцний доод хэсэгт Самсунг гэсэн бичиглэлтэй, дэлгэц болон зурагтны бусад хэсэгт ил харагдах эвдрэл гэмтэлгүй, ар талд TH-I 32 c2s гэсэн бичигтэй зурагт 1 ширхэг...Улаан өнгийн чулуун толгойтой шаргал өнгийн металл нуухтай бор өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг /10х6 см хэмжээтэй/, 4 буландаа ногоон өнгийн хээтэй, бор шаргал өнгийн даалимба 1 ширхэг /32х15 см хэмжээтэй/...” /хх-ийн 8, 11/

            9. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “...Самсунг маркийн 32 инчийн хар өнгийн зурагт 1 ширхэг, ул боов 10 ширхэг, улаан өнгийн ууттай 700 гр цагаан самар 1 уут...Бор өнгийн даавуун материалтай үүрдэг цүнх 1 ширхэг...Улаан өнгийн чулуун толгойтой шаргал өнгийн металл нуухтай бор өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг /10х6 см хэмжээтэй/, 4 буландаа ногоон өнгийн хээтэй, бор шаргал өнгийн даалимба 1 ширхэг /32х15 см хэмжээтэй/...” /хх-ийн 9, 10, 12/

             10. Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Зурагт /samsung маркийн 32I LCD/ 222.000, Хөөрөг /Улаан чулуун толгойтой шинэ цагийн/ 50.000, Боов /хэвийн/ 37.800, Даалин /хуучин/ 30.000,...2018 оны 02 дугаар сарын зах зээлийн үэнлгээгээр нийт 339.800 /гурван зуун гучин есөн мянга найман зуун/ төгрөгөөр үнэлэгдэв...” /хх-ийн 38-39, 41-42/

            11. Шүүгдэгч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гадуур Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ..... дүгээр хорооллын автобусны буудал дээр явж байгаад өөрийн танил И.С ахтай тааралдсан. Тэгээд би И.С ахыг ойр уулзаагүй ганц юм ууя гэж хэлэхэд И.С ах зөвшөөрч тэгээд бид 2 дэлгүүрээс нэг шил Хараа архи авч И.С ахын гэрт нь очиж уусан. Тэгээд бид хоёр гараад Хан-Уул дүүргийн .... дүгээр хороонд байдаг И.С ахын эмээгийнх нь гэрт ирсэн. Тэгээд И.С ах бид хоёр эмээгийнх нь гэрт дахин нэг шил Хараа архи хувааж уусан юм. Тэгсэн чинь И.С ах нилээн согтож эхэлсэн ба би түүнд дэлгүүр явж дахин нэг шил архи аваад ирье гэж хэлээд гарсан. Тэр үед И.С ах гэрт байсан орон дээр хэвтэж байсан. Тэгээд би И.С ахын эмээгийн гэрээс гараад ертөнцийн зүгээр баруун тийшээ яваад тэнд байх сургуулийн хажуугаар өнгөрч явахдаа уг сургуулийн хажууд хашаан дотор нэг гэр байхаар нь хашааг нь давж ороод хаалгыг нь таттал хаалга нь онгойчихсон. Тухайн үед гэрт хүн байгаагүй, харанхуй байсан. Тэгэхээр нь би дотогш нэвтэрч ороод гэрийн хойд хэсгээс хар өнгийн хавтгай зурагт 1 ширхэг, гэрийн баруун хэсэгт байсан шүүгээнээс даалинтай хөөрөг 1 ширхэг, тэгээд гарахдаа хөлдөөгчин дотор байсан 2 уут ул боов, ууттай цагаан самар зэрэг эд зүйлийг аваад гарсан. Тэгээд И.С ахын эмээгийн гэрийн гадаа ирээд И.С ахыг дуудсан. Удалгүй И.С ах гарч ирээд надаас юу барьчихсан явж байгаа юм бэ гэж асуухаар нь би түүнд гудамжнаас олсон гэж хэлсэн. Тэгсэн чинь худлаа яриад байгаарай хулгайлчихсан юм уу гэхээр нь би түүнд хулгай хийгээгүй гудамжинд байсан гэж хэлээд танай эмээгийнх чинь зурагтгүй юм байна лээ энийг та хямдхан зарчих гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уг зурагтыг И.С ахын эмээд нь 50.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид хоёр уг мөнгөөр архи аваад эмээгийн гэрт ууж байгаад тэгээд И.С ахын гэрт нь очиж хоносон...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь ...................... болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, суллагдсан тухай лавлагаа /хх-ийн 69, 72-76, 77-81, 82-83, 107-111/-ны хуулбар зэргээр тогтоогдлоо.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж зааснаар шүүгдэгч Б.Б-ны ялгүй болох 5 жилийн хугацаа дуусаагүй боловч 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн ойлголт хуульчлагдаагүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.А-н Хан-Уул дүүргийн ..... дүгээр хорооны А-н ...... тоотод байх монгол гэрийн хаалгыг эвдэн 150.000 төгрөгийг хохирол, гэрт байсан 339.800 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн “Самсунг” маркийн зурагт, манан хөөрөг, ул боов зэрэг эд зүйлийг авч бусдад нийт 489.800 төгрөгийн хохирол учруулсныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ны бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж...болно” гэж заасан нь заавал хэрэглэх хуулийн зохицуулалт биш бөгөөд өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүхээс харгалзан үзвэл зохих нөхцөл байдлууд буюу хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийгээд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан хэдий ч шүүгдэгчийн өмнө хулгайх гэмт хэрэгт 3 удаа, дээрэмдэх гэмт хэрэг 1 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал, өмнө үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийхгүй, засарч хүмүүжихгүй байгаа зэргийг нь харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуягийн санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-ны анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Н.А-н “...хулгайд алдсан эд зүйлсийг авсан Б овогтой Б нь гэрт учирсан 150.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул ямар нэгэн санал гомдолгүй болно...” гэсэн хүсэлт /хх-ийн 114-115/, түүний хувийн байдал /...26 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б-ны үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Б.Б-ны гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзээд шүүгдэгчийн эдлэх 2 жил 2 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт Б.Б-г 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-ны эдлэх 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Б.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР