| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 101/2024/07990/И |
| Дугаар | 191/ШШ2025/01689 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/01689
2025 02 25 191/ШШ2025/01689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, дүгээр хороо, Ц да хүрээ гудамж, байр, тоотод оршин суух, Бо овогт Жи-гийн Ба /РД:....../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: У хот, Б дүүрэг, дугаар хороо, дугаар хэсэг, тоотод оршин суух хаягтай, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид оршин байх, Бо овогт На-ийн Ал /РД:....../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.Ба
Хаируцагч Н.Ал /цахимаар/
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Ба нь хариуцагч Н.Ал-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Бид 2016 онд танилцаж, 2018 онд хамт амьдарч, гэрлэлтээ 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бүртгүүлсэн. Хамтын амьдралын хугацаанд охин А.Ою, 2010 онд охин А.Ая төрсөн. Бид хамтдаа 8 жил амьдарсан.
Анх би дагавар охин Б.Эн-Ам г 7 настай байхад нь Н.Ал-тай гэр бүл болж хамт амьдарсан. Хамт амьдраад 3 жилийн дараа бидний эхний хүүхэд мэндэлсэн.
Хамтын амьдралын хугацаанд бидний хооронд хэрүүл маргаан бараг байхгүй байдаг байсан. Гэтэл нөхөр 2022 оноос тоглоом тоглоод байгааг мэдсэн. Тухайн үедээ тоглоомын дондолтоос нь салгачих юмсан гээд хичээж байсан. Гэтэл энэ хугацаанд миний том охиныг хүчирхийлж байсныг 2024 оны 3 дугаар сард мэдсэн. Нөхөр миний хажууд тоглохоо больчихсон болохоор нь тоглохоо больсон гэж бодоод явж байсан чинь надад маш их өрийн мессеж ирээд би цочирдсон. Тэгээд тоглоомын өрийн тухай мэдээд том охиндоо ааваас нь салах бодолтой байгаа тухайгаа хэлтэл би энэ хүний царайг дахин харахгүй баймаар байна гэж хэлээд асгартал уйлсан. Юу болсон талаа асууж цагдаад бүх болсон зүйлээ үнэнээр нь хэлээрэй гэтэл 2021 оноос хойш миний охиныг хүчирхийлдэг болж таарсан. Цагдаагийн байгууллага энэ талаар шалгаж тогтоогоод шүүх рүү шилжүүлсэн.
Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор Н.Ал-ийг гэм буруутайд тооцон 14 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоон тогтоол хүчин төгөлдөр болж, одоо хаалттай хорих ангид хоригдож байна.
Би Н.Ал-т маш их итгэж, өөрийнх нь хоёр хүүхдийг цэцэрлэгт зөөгөөд ажил хийгээд болнодоо гээд явдаг байсан. Гэтэл Н.Ал нь миний энэ хичээл зүтгэлийг хөсөр хаян итгэл эвдэж 30-40 сая төгрөгөөр мөрийтэй тоглон насанд хүрээгүй миний том охиныг 2 жил гаран айлган сүрдүүлж, хүчирхийлж байсныг мэдээд хэцүү байсан. Гэвч 3 охиноо бодоод би цаашдаа амьдралаа авч явахаас өөр аргагүй байна. Энэ үйл явдал болсноос хойш миний охин сэтгэлзүйн хувьд аймхай, цочимтгой, нээлттэй биш дотогшоо дуугай байх болсон.
Нэгэнт ийм байдалд хүрсэн учраас цаашдаа Н.Ал-тай эхнэр нөхрийн харьцаатай байх ямар ч боломж байхгүй, гэрлэлтээ цуцлуулна. Мөн хариуцагч Н.Ал анхнаасаа миний том охины эцэг байхыг зөвшөөрсөн учраас тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна.
Иймд Н.Алаас гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй охин Б.Эн-Ам, А.Ою, А.Ая нарыг өөрийн асрамжид авч, эцэг Н.Ал-аас тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
2. Хариуцагч Н.Ал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр гэр бүл болоод хүчээр амьдарч байсан зүйл байхгүй. Нэхэмжлэл дээр худлаа мэдүүлэг их байна. Салах хүсэлтэй байгаа бол ядаж худал хэлж болохгүй. Нэхэмжлэл гаргасан, гаргаагүй хариуцлагаа хүлээж байгаа. Хүүхдүүдтэйгээ уулзаж байж болохгүй юм уу?
Тэтгэлэг, гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл алга байна. Энд байгаа хугацаандаа боломжоороо өгнө. Гарч байгаад үлдэгдлийг нь гүйцээгээд өгөх боломж олдох байлгүй. Хүүхдүүдтэйгээ уулздаг баймаар байна. Зургийг нь авчихмаар байна гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Ж.Ба-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/
3.2 хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-5-7/
3.3 Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-8/
3.4 Ж.Ба-ийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-9/
3.5 Эмнэлгийн магадлагаа /хх-10-12/
3.6 Сургуулийн тодорхойлолт /хх-13/
3.7 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-14-18/ зэрэг баримт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Ба нь хариуцагч Н.Ал-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Ба-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ...хариуцагч нь том охиноо 3 жилийн хугацаанд хүчирхийлж байсан нь илэрч, шүүхээс 14 жилийн хорих ял авсан. Энэ нь миний охины сэтгэл зүйд нөлөөлж аймхай, цочимтгой, нээлттэй биш дотогшоо дуугай болгосон. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Би одоо ганцаараа ажиллаж хүүдүүдээ тэжээж байгаа учраас 3 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно. Миний том охин хариуцагчийн дагавар хүүхэд хэдий ч гэрлэх үед өөрийн хүүхэд болохыг зөвшөөрсөн учраас түүнээс хуульд заасан хүүхдийн тэтгэлэгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Том охиндоо төрсөн эцгээс нь тэтгэлэг тогтоолгож байгаагүй, шүүхийн шийдвэр байхгүй. гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ худал зүйл их бичсэн байна. Бид гэр бүл болоод хүчээр амьдарч байсан зүйл байхгүй. Салах хүсэлтэй байгаа бол ядаж худал хэлж болохгүй. Том охин миний хүүхэд биш, бусдаар хүүхдийн тэтгэлэг, гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Энд байх хугацаандаа боломжоороо ажил хийж олсон цалингаа явуулж байгаа, хүүхдүүдтэйгээ уулзах хүсэлтэй байна гэх агуулгаар тайлбар гаргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Н.Ал, Ж.Ба нар нь 2016 онд танилцаж, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин Бо овогт Ал-ийн Ою, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Бо овогт Ал-ийн Ая нар төрж, охин Б.Эн-Ам, А.Ою, А.Ая нарын хамт эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн хамтран амьдарсан болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
4.2 Нэхэмжлэгч Ж.Ба нь хариуцагч Н.Ал-ийн хүчирхийлэлээс болж гэр бүлийн гишүүнд хохирол учирсан нь тогтоогдсон байна гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тайлбарласан тул шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн.
4.3 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/876 дугаартай шийтгэх тогтоолоор ...Шүүгдэгч Бо овогт На-ийн Ал үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхдийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж Н.Ал нь хамт амьдарч байсан дагавар охин Б.Эн-Ам гийн эсрэг гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хууль зөрчсөн гэм буруутай нь тогтоогджээ.
Энэ талаар зохигч талууд шүүх хуралдаанд ...шүүхийн шийдвэрийн дагуу Н.Ал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа... гэх тайлбар гаргасан.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт Харин Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж зохицуулжээ.
Охин Б.Эн-Ам нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар гэрлэгчидтэй хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн ба хариуцагчаас түүний эсрэг гэмт хэрэг үйлдэж, хохирол учирсан болох нь дээрх баримтаар тогтоогдсон тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.
Мөн, гэрлэгчид цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох боломжтой.
Нэхэмжлэгч Ж.Ба нь хүүхдүүдийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Ал нь хүлээн зөвшөөрч, тайлбар гаргаж байх тул охин Б.Эн-Ам, А.Ою, А.Ая нарыг эх Ж.Ба-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
7. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж зохицуулжээ.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлж, Н.Ал нь дагавар охин Б.Эн-Ам гийн хамт амьдарснаар тэдгээрийн хооронд эцэг, хүүхдийн эрх, үүрэг үүсэж байхад шүүх хариуцагчийг биологийн эцэг нь биш гэж дүгнэн эцгийг тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.
Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул хариуцагч Н.Ал нь охин Б.Эн-Ам, А.Ою, А.Ая нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь охин Б.Эн-Ам д хүүхдийн тэтгэлэг тогтоолгож байгаагүй, хүүхдийн тэтгэлэг авдаггүй талаар тайлбар гаргаж байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр охин Б.Эн-Ам, А.Ою, А.Ая нарт тэтгэлэг тогтоож, эцэг Н.Алаар сар бүр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 205,184 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бо овогт На-ийн Ал /РД:....../, Бо овогт Жи-гийн Ба /РД:....../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Бо овогт Ба-ийн Эн-Ам /РД:....../, Бо овогт Ал-ийн Ою /РД:....../, Бо овогт Ал-ийн Ая /РД:......./ нарыг эх Ж.Ба-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин А.Ою, А.Ая нарыг 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, охин Б.Эн-Ам, А.Ою, А.Ая нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Ал-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ба-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Алаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ба-д олгож, хариуцагч Н.Ал-аас хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 205,184 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Ж.Ба, хариуцагч Н.Ал нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ