| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0207/Э |
| Дугаар | 226 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 226
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,
улсын яллагч А.Оюунгэрэл,
хохирогч Т.Э,
шүүгдэгч А.Л, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл /ҮД:0-086/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Т овогт А.Л-д холбогдох эрүүгийн 1810005590263 дугаартай, 187/2018/0207/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт А.Л
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Л нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........-н ажлын байранд иргэн Т.Э-н нүүр, чихэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн чихний хэнгэрэгний цоорол, тархи доргилт, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч А.Л нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .........-н ажлын байранд хохирогч Т.Э-тай “захиалга өгөөгүй байхад өөр ажилд явлаа” гэх шалтгаанаар маргалдан түүний нүүр, чихэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч А.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Би аж ахуйн хэсгийн авто инженер, механик ажилтай байсан...Миний удирдлага доор даалгасан ажлыг хариуцдаг байсан...Хохирогч тухайн үед ямар нэгэн захиалгагүй явсан, би хаана явж байгаад ирэв гэхэд битгий хуцаад бай, би дэмий тэнэж явж байгаад ирээгүй гэсэн...Би гараараа цохьсон...Хохирогч тэсэхийн аргагүй хорон үгтэй байсан, намайг хэл амаар доромжилсон...Миний буруу...Би тухайн үед биеэ барилгүй, хүний эрх чөлөөнд халдсандаа харамсаж байна. Хохирогч хамгийн бага цалин авдаг хүн байсан, би их тусалдаг байсан. Удирдлагаас хохирогчийг ажлаас хал гэж байсан боловч би халаагүй. Тухайн үед хүч хэрэглэхгүйгээр шаардлага тавьж, арга хэмжээ авч болох байсан...Би төлж барагдуулна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Би хохирогчоос уучлалт гуйхаар холбогдсон боловч миний дуудлаганд хариу өгөхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Т.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн өглөө механик А.Л ажилд яв гэхээр нь явж ирсэн. Дараа нь хангамжийн хэлтсээс өөр газар яваад ир гэхээр нь яваад 16:40 цагийн үед орж ирсэн. Би А.Л-д ирэхээсээ өмнө утсаар холбогдоод хэлсэн. Намайг орж ирэхэд А.Л чи хаашаа яваад ирсэн бэ гэхэд чиний хэлсэн ажлаар яваад ирлээ гэсэн. Миний томилсон ажил руу яваагүй гэсэн асуудлаар бухимдал үүсээд сүүлдээ маргаан гарсан. Би хувцас солих гээд байж байхад А.Л үгийн зөрүүгүй цохьсон, миний нүүрэн тус газар цохьсон. Миний хамарнаас цус гараад байхаар нь угаах гэж очоод толинд хартал хамар сонин болсон байсан. Цусаа угаагаад дээшээ гараад явж байхад дахиад цохьсон. Тэгэхээр нь би чи ёстой тэнэг залуу юм гэж хэлэхэд араас утсаа шидсэн. Тэгээд бид хоёр барилцаад авахад манай ажлынхан ирээд бид хоёрыг салгасан ба жолооч залуу татаад А.Л-н цамцыг нь урсан байсан...Би А.Л-н хэлснээр нь явсан...Би эмчилгээний зардлыг нэхэмжилж байна, гомдол саналгүй...Бие, эрүүл мэндийн байдал хэвийн байгаа...Миний эмчилгээний зардлыг төлж барагдуулвал надад гомдол санал байхгүй.../Та Нийгмийн Даатгалын сангаас тэтгэмжийн мөнгө авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна уу/ Тийм, би хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Т.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өглөө борлуулалтын даргатай явж байгаад цайны цагаас хойш хангамжийн ажилтан гэх охинтой ажил хөөцөлдөөд явсан юм. Тэгтэл санхүүгийн хэлтсээс н.Г нягтлан миний гар утасруу залгаад та хаана явна гарах ажил байна гэж хэлэхэд нь би хангамжийн хэлтсийн ажилтантай явж байна энэ ажлаа дуусгаад очъё гэж хэлсэн. Тэгээд 16 цаг 10 минут гэхэд ажил дээр ирэхэд санхүүгийн ажилтан н.Г-тай хамт Төрийн банк ороод гүйлгээг нь хийгээд буцаад ажил дээр 16 цаг 40 минут гэхэд ирээд автомашинаа тавиад хувцасаа солих гээд хувцас солих өрөөнд 16 цаг 45 минутад...байж байтал манай ажлын механик А.Л хаа хүрээд ирэв гэж асуусан. Тэгэхээр нь өнөөдрийн явсан талаар хэлсэн. Тэгтэл чи санхүүтэй намайг хэлээгүй байхад явлаа намайг хэлээгүй байхад яваад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ би явах ёсгүй байсан юм уу гээд багахан маргаан гарсан. Тэгээд хувцасаа солих гэж байтал гэнэт миний нүүрлүү баруун гараараа нүдний зүүн хэсэгт нэг удаа цохьсон. Тэгтэл хамраас цус гарсан цусаа угаах гээд угаалтуур дээр ирсэн тэгтэл араас ирээд ахиад баруун чихрүү гараараа нэг удаа цохьсон тэгээд манай ажлын хүмүүс салгасан. Тэгээд хэсэг салаад байж байгаад А.Л-д хандаад “Би чамд хэлэх үг алга чи ёстой тэнэг юм даа” гэж хэлсэн тэгтэл А.Л “чи явдаг газраараа яв” гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг яваад өөрийгөө үзүүлж цагдаагийн байгууллагад хандсан...өөрөөс нь асуулгүй явлаа гэх шалтгаанаар зодсон байх...Хамар мурийсан, нүд хөхөрсөн, ухархайн яс цөмөрсөн, гэмтэл учирсан тархи доргисон, чихний хэнгэрэг цоорсон байсан...Гомдолтой байна миний эм эмчилгээний зардалд гаргасан зардлаа гаргуулан авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14/
4. Гэрч Д.Р-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 16 цаг 40 минутын орчим санагдаж байна жолооч нар ажлаа тарах гээд хувцасаа сольж байсан тэр үед Т.Э гаднаас орж ирэхэд жолооч Ш.Н чамайг ажилд явуулах гэж байсан биз дээ гэж байх шиг сонсогдсон тэр үед А.Л үүдний хэсэгт Т.Э луу уурлаад байх шиг байсан шуугиантай байсан болохоор юу ярьж байгаа нь сонсогдоогүй. Тэгтэл цаад талын өрөөнд Т.Э А.Л-г чи чаддаг юм бол цохьчих гээд байсан. Тэгтэл А.Л нүүрэн тус газарт нь тоог нь санахгүй байна хэд хэдэн удаа цохьсон. Ойрхон байсан хүмүүс салгасан Т.Э ариун цэврийн өрөөнд ороод нүүр гараа угааж байгаад хамраа хараад “өө чи ямар тэнэг залуу вэ би чамайг гайгүй залуу байна гэж бодсон тэнэг залуу байна” гэж хэлсэн. Тэгтэл А.Л өөрийнхөө гарт барьсан байсан гар утсыг чиглүүлээд шидсэн би хаана нь онсоныг хараагүй манай жолооч нар чихрүү нь шидсэн тэр гар утас нь чихийг нь оносон гэж байсан би хараагүй ийм л зүйл болсон...Ш.Н гэх хүн Т.Э-г ажилд яв гэж хэлсэн тэр үед Т.Э яваагүй тэрнээс болж А.Л-тай муудалцсан байх өөр муудалцах шалтгаан байхгүй...Харьцаа муутай түргэн зантай хүн шиг санагдсан бид хамтран ажиллаад 1 жил гаран болж байна одоо А.Л ажиллахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/
5. Гэрч Л.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг 30-40 минутын орчим ажил дээрээ хувцасаа солих гээд байж байтал Т.Э гаднаас орж ирэхэд А.Л чи ажил өгч байхад яагаад санхүүгийнхэнтэй яваад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн Т.Э намайг санхүүгийнхэнтэй явуулж байгаа гэж бодсон, санхүүгийнхэн захиалга өгсөн гэж бодсон...тэр 2 хоорондоо маргалдсан тэрнээс болоод А.Л Т.Э нар зодолдож байх шиг сонсогдсон тэр үед би хажуугийн өрөөнд байсан дуу гарахаар нь ортол А.Л Т.Э-н нүүрэн тус газарт нь цохьсон байсан. Т.Э-н нүүрнээс цус гарсан байсан бид нар салгасан. Тэгтэл удалгүй А.Л угаалгын өрөөнд байсан Т.Э-г гар утастай гараараа чихрүү нэг удаа цохиж байхыг харсан дахин цохихыг хараагүй. А.Л-н гар утас газарт бутарч унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/
6. Гэрч Ш.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр механик инженер А.Л захиргаа руу орсон байхад ажлын захиалга ирсэн. Яам руу яаралтай бичиг хүргэх ажлын захиалга ирсэн. Тухайн захиалгыг өгөхөөр байж байтал Т.Э ариун цэврийн өрөө ороод буцаад гарахаар нь би араас нь 3-4 метр зайтай байхдаа “Т.Э-аа чи яам руу яаралтай бичиг байгаа н.Б-с аваарай” гэж хэлсэн. Т.Э цаашаа хараад яваад байсан би хэлчихээд буцаад ажлын байрлуугаа явсан. Орой 16 цаг 30-40 минутын орчим ажил дээрээ орж ирэхэд Т.Э байсан би Т.Э-аа чи бичиг авч явсан уу гэж асуухад үгүй..гэж хэлэхээр нь би чиний араас хэлсэн биз дээ гэж хэлтэл Т.Э би сонсоогүй гэж хэлсэн. Тэр үед А.Л Т.Э-т хандаад чи хаа хүрээд ирэв гэж асуусан тэгтэл Т.Э би санхүүгийнхэнтэй явж байгаад ирлээ гэж хэлсэн. А.Л хэн чамд захиалга өгсөн юм бэ гэж асуухад Т.Э надруу санхүүгээс ярьсан тэгээд би яваад ирлээ гэж хэлсэн. А.Л санхүүгээс захиалга өгөөгүй чи удаа дараа ажлаа хийдүүлээд яваад байгаа утсаар ярихаар яваад байдаг гэж хэлсэн. Тэгтэл Т.Э А.Л-д хандаад би явахгүй бол хэн явдаг юм гэж бодоод яваад ирлээ гэж хэлсэн. А.Л Т.Э-т чи тэгж явахгүй чамд захиалга өгнө тэр ажилд л чи явна гэж хэлсэн. Тэгтэл Т.Э А.Л-д хандаад битгий хуцаад бай би ажилд л явж байгаад ирлээ би захиалсан юм байх гэж бодоод явсан би явахгүй байх ёстой юу гэж хэлсэн. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдсан. Т.Э А.Л-г үгээр өдөөд чи намайг цохьчих харъя май гээд шанаагаа өгөөд хорон үгээр идээд байсан. Тэгтэл А.Л Т.Э-н зүүн шанаанд баруун гараараа нэг удаа цохьтол хоорондоо зууралцсан. Тэр үед А.Л-н цамц урагдсан, Т.Э-н нүүрнээс цус гарсан байсан. Т.Э угаалгын өрөөнд ороод гар нүүрээ угааж байхдаа дахин хэл амаар өдөөд доромжлоод байсан. А.Л-д хандаад “чи ёстой тэнэг мангар хүн юм даа” гэж хэлж байсан. Тэр үед А.Л Т.Э луу өөрийн гар утсаа шидсэн. Тухайн гар утас нь угаалгын тавиур оноод утас нь унасан. Т.Э ариун цэврийн өрөөнөөс гарахдаа дахин өдөөд байсан А.Л дахин цохих гэж зангаж байгаад мөр хэсэгрүү нь араас нь нэг удаа цохьсон тэгээд өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3044/-ний дүгнэлт:
-Т.Э-н биед зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-ийн 6/
8. Шүүгдэгч А.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би тухайн өдөр ажлаа хийж байсан миний хийх ажил бол жолооч нарын цаг ашиглалт ажил хувиарлалтыг хийдэг ирсэн захиалгын дагуу олголт хийдэг тухайн үед 16 цагийн үед гүйцэтгэх захирал дээр ажил танилцуулахаар орсон намайг Ш.Н гэх хүн намайг эзгүйд орлож ажил хувиарлалт хийдэг 16 цагийн үед үйлчилгээ аж ахуй ашиглалтын дарга н.Б .......... яам руу яаралтай бичиг хүргэх шаардлагатай байна гэж захиалга өгсөн тэр үед машин байхгүй байна машин ирэхээр яаралтай гаргаж өгье гэж хэлсэн байсан. 16 цаг 10 минутын үед Т.Э гаднаас орж ирсэн Ш.Н гэх хүн надад ......... яам руу яаралтай бичиг хүргэх ажил байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Э-т хаагуур яваад ирж байгаа юм бэ гэж асуутал санхүү бүртгэлийн хэлтсийнхэнтэй явж байгаад ирлээ гэж хэлсэн би хэн чамайг яв гэж хэлсэн юм, хэн захиалга өгсөн юм бэ гэж асуутал надруу өөрсдөө залгасан тэгээд би яваад ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь чи захиалга авч байж тухайн ажилд явах ёстой хувиараа өөрийн утсаар захиалга авч явах ёсгүй гэсэн утгатай зүйл хэлсэн. Чи өөрөө удаа дараа надад хэлэлгүй явлаа дандаа л санхүүгийнхэн ярьлаа гэх шалтгаанаар надад мэдэгдэлгүй явж байх юм гэж хэлсэн тэгтэл “чи битгий хуцаад бай би ямар дэмий тэнэж байгаад ирсэн биш” гэж хэлсэн. Чиний энэ үйлдэл олон удаа болж байна шүү гэж дахин Т.Э-т хэлэхэд “чи битгий хуцаад солиороод бай” гэж хэлэхээр нь би Т.Э-т хандаад “чи ямар их хүн солиоруулдаг юм” гэж хэлээд цохих гээд гараа далайтал Т.Э чи яах гээд байгаа юм чаддаг юм бол цохьчих харъя чи чадахгүй шдээ” гээд шанаагаа өгөөд байсан. Надан хандаад “Чи хэзээ ч цохиж чадахгүй, чаддаг юм бол цохь, би чамайг цохьвол чи үхнэ шдээ” гэх мэтээр хорон үгээр өдөөд байсан. Тэгээд би тэсгэл алдаад баруун гараараа зүүн шанаа орчим нэг удаа цохьсон тэр үед Т.Э-н хамраас цус гарсан нүүрээ угаахаар явсан тэгэхдээ надад хандаад “чи ёстой мал юм даа, чамайг ийм гэж бодсонгүй” гээд өдөөд байсан би Т.Э луу өөрийн гар утсаа шидсэн. Т.Э-н хажууд утас унасан. Тэгээд би Т.Э луу дөхөж очоод заамдалцаад баруун гараараа нэг удаа алгадсан. Намайг боох гээд байсан тэр үед ажлын газрын хүмүүс салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18/
9. Шүүгдэгч А.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед ажилтай байхдаа хэвлэж гаргаж өгч байсан баримт байна тухайн хуудсан дээр бусад тасаг хэлтсүүдээс автомашин хэрэглэж гадуур ажилтай явах үед өгсөн захиалга нь байна. Тухайн захиалгыг миний нэр дээр ирүүлж би ирсэн захиалгаас машин томилж өгч гаргадаг байсан хуудас байна. Энэ захиалгын хуудас дээр тухайн өдөр Т.Э-н унаж явсан машинд 3 захиалга өгснөөс 2 захиалгат ажилд яваад нэг захиалгат ажилд яваагүй хаашаа явсан нь тодорхойгүй алга болж ажлыг тасалдуулсан тэрнээс болж маргалдах нөхцөл үүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Л нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№3044/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч А.Л нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................-н ажлын байранд хохирогч Т.Э-тай “захиалга өгөөгүй байхад өөр ажилд явлаа” гэх шалтгаанаар маргалдан түүний нүүр, чихэн тус газарт нь гараараа цохиж биед нь зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, тархи доргилт, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Л-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирогч Т.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бие, эрүүл мэндийн байдал хэвийн байгаа...Миний эмчилгээний зардлыг төлж барагдуулвал надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /................, “.............” ХХК-д ..................... ажилтай, .................... хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч А.Лхагважав нь “....................” ХХК-д .................-р ажилдаг буюу тодорхой хэмжээний цалин хөлс авдаг болох нь “..................” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн албан тоот /хх-ийн 78/-оор тогтоогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.
Мөн шүүгдэгч А.Л-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Т.Э-с эмчилгээний зардал 1.744.510 төгрөг, ажилгүй байсан үеийн цалин 1.212.346 төгрөг буюу нийт 2.986.856 төгрөг нэхэмжилсний эмчилгээний зардал 1.744.510 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул хохирлын баримтаар үнэлж, харин ажилгүй байсан үеийн цалин болох 1.212.346 төгрөгөөс нийгмийн даатгалын сангаас 628.289 төгрөгөөр 1 удаа, 125.647 төгрөгөөр 2 удаа нийт 879.583 төгрөгийг тэтгэмжээр хохирогчид олгосон болох нь тэтгэмж олголтын баримт /хх-ийн 79-80/-аар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасны дагуу дээрх хохирогчид нийгмийн даатгалын сангаас олгосон гэх 879.583 төгрөгийг хасч тооцон ажилгүй байсан үеийн цалингийн үлдэгдэл 332.763 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын 1.774.510 төгрөг дээр нэмж шүүгдэгч А.Л-с нийт 2.107.273 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Э-т олгох нь зүйтэй.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт А.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт А.Л-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Л-д оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. А.Л-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Л-д сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч А.Л-с 2.107.273 /хоёр сая нэг зуун долоон мянга хоёр зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Э-т олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР