Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2022/00021

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Б...........д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б...........цэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/01248 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Б...........д холбогдох,

 

 “Зээлийн гэрээний үүрэг 989.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагч Б...........ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б...........цэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль цахимаар, хариуцагч Б..........., нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б ХХК нь Капитрон банк ХХК-тай Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, тэтгэвэр барьцаалан олгож буй зээлийг даатгалд хамруулан даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд гэрээний дагуу даатгалын нөхөн олговор олгож ирсэн. Энэхүү гэрээний 10 дугаар зүйлийн 10.6, Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу шилжиж ирсэн шаардах эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Капитрон банк ХХК-тай 2018 оны 08 сарын 15-ны өдөр зээлдэгч С.Базаррагчаа хамтран зээлдэгч Б........... нар нь 3007029518 тоот Барьцаат тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 4 140 000 /дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг, 18 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан байна. С.Базаррагчаа нь 2019 оны 08 сарын 25-ны өдөр нас барсны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөн, зээл төлөх хугацаа хэтэрч Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.5.1-д заасан даатгалын тохиолдол үүссэн. Ийнхүү Капитрон банк ХХК нь 2019 оны 09 сарын 23-ны өдөр даатгалын нөхөн төлбөр нэхэмжилснийг хүлээн авч Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 сарын 17-ны өдрийн В/619 тоот тушаалаар 1.051.555 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож Капитрон банк ХХК-д олгосон. Үүнээс хойш 2019 оны 10 сарын 31-ны өдөр тухайн тэтгэврийн зээлд 131.919 төгрөг төлөгдсөнийг Капитрон банк ХХК нь манай дансанд шилжүүлсэн байх тул тус дүнг хасаж үлдэгдэл 919.636 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч болох Б...........аас гаргуулахаар шаардаж байна. Тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг 2020 оны 06 сарын 29-ны өдөр гаргаж байсан бөгөөд 2020 оны 07 сарын 10-ны өдөр 142/Ш32020/03671 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон тул 2020 оны 07 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч өөрийн харьяа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг 2020 оны 08 сарын 25-ны өдөр 181/ШШ2020/02148 тоот шийдвэрээр шийдвэрлэж Орхон аймаг дахь цагдаагийн хэлтэс Б...........ыг эрэн сурвалжилж Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-24-84 тоот хаягт оршин суудаг болохыг тогтоосон тул эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Б...........аас гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд даатгалын нөхөн төлбөрт төлсөн 919.636 төгрөг, эрэн сурвалжлах улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 989.836 төгрөгийг Б...........аас гаргуулж, Б ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б........... шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б........... 3-12-98 тоотод оршин суудаг. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр аав маань өөд болсон юм. Капитрон банкны эдийн засагч эрэгтэй хүн 9 сарын эхээр тэтгэврийн үлдэгдэл төлбөр 1.200.000 байна бага багаар төлөөд яваарай гэсэн 9 сард 200.000 төлсөн 10 сарын сүүл хавиар аавын маань тэтгэврийн өр төлөгдсөн тэглэгдсэн гэсэн хариуг мөн 9990 дугаартай эдийн засагч эрэгтэй утсаар мэдэгдсэн. Гэтэл 2020 оны 09 сард Б тэтгэврийн зөрүү мөнгө төл гэж жилийн дараа ярьсан. Капитрон банк амь даатгалын мөнгийг даатгалын газраас аваад охин болох би тэр төлбөрийг төлнө гэсэн баримт бичигт гарын үсэг зураагүй бөгөөд уг төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/01248 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 242 дугаар зүйлийн 242.2.2., 242.3., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б...........аас 919.636 төгрөг гаргуулан Б ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.307 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б...........аас 28.307 төгрөг гаргуулан Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б........... давж заалдсан гомдолдоо:

"Б" ХХК нэхэмжилж буй тэтгэврийн зээлийн үлдэгдэл мөнгийг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь миний аав 2019-8-25-нд насан эцэслэсэн бөгөөд би үүргийнхээ дагуу 2019 оны 9 сард 200.000 төгрөг, 10 сард 130.000 төгрөгийг Капитрон банканд тушааж байсан. Банкны ажилтан эдийн засагч залуу аавын маань зээл тэглэгдсэн гэсэн тул би цаашид төлбөр төлөөгүй тэр үед Улс ахмадуудын зээд тэглэж магад гэсэн яриа гарсан байсан. Хэд хэдэн шүүх хурлаар Банк даатгалын компани 2 хооронд эрсдэлийн гэрээ гэж байгуулаад 2019-10 сард, зээлийн үлдэгдэл төлбөрийг гэрээнийхээ дагуу Банк авсан гэж тайлбарлаад байдаг гэтэл бодит байдал дээр эрсдэл гараагүй байхад яаж эрсдэлээ үнэлээд иргэн надад мэдэгдэлгүй 2 байгууллага 2 хоорондоо тохиролцоод улсаас өөд болсон болоогүй бүх ахмадуудын тэтгэврийг тэглэж болох байсан боломжийг хаан боогдуулах ямар шалтгаан байсан юм бэ. Тухайн үед аав маань тэтгэврийн зээл авах шалтгаан нь бага дүү УБ хотод 3 эмнэлэгт нойр булчирхайн хүнд өвчин тусаад эмчлүүлж байсан ба ар гэрээс нь нийгмийн даатгал төлдөг хүн иргээд гарын үсэг зураад зээл гарлаа гээд би очиж гарын үсэг зурсан бөгөөд аав маань хот явсан. Би уг зээлээс мөнгө аваагүй. Иймд би эрсдэл үүссэн болохоор гэсэн шалтгаанаар Б ХХК нэхэмжилж буй төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Шүүх ахин шалгаж үзэн шударгаар шийдвэрлэж өнгө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б ХХК нь шүүхэд Зээлийн гэрээний үүрэг 989.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Б...........  “...банкнаас зээл тэглэсэн гэж ярьсан, би амь даатгалын мөнгийг даатгалын газраас аваад төлбөр төлнө гэсэн баримт бичигт гарын үсэг зураагүй, төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх тайлбар гаргаж,  мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүх 919.636 төгрөг гаргуулж,  үлдэх  70.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б...........ы  гаргасан “...нийгмийн даатгал төлдөг хүн ирээд гарын үсэг зураад зээл гарлаа гэхээр очиж гарын үсэг зурсан, уг зээлээс би мөнгө аваагүй. эрсдэл үүссэн гэх шалтгаанаар Б ХХК-ны нэхэмжилж буй төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

1. Зээлдэгч асан С.Базаррагчаа, Капитрон банк ХХК нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, тэрээр тэтгэврийн зээл -4.140.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй  авсан, 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч нас барснаар үндсэн зээлийн төлбөрөөс 1.051.555 төгрөг төлөгдөөгүй,  Б ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Нөхөн төлбөрийн шийдвэр /№0311909023/-ийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийг хэрэгжихээс өмнө нөхөн төлбөр-1.051.555 төгрөгийг Капитрон банканд төлжээ.

2. Хариуцагч Б........... нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон,  Капитрон банк ХХК  болон Б ХХК нарын хооронд байгуулсан  2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч тал зээлийн өр төлбөрийг нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан  болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Капитрон банк ХХК, Б ХХК нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний 5.1-д “Энэхүү гэрээ нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ”, 5.7.-д “...саналаа 30 хоногийн өмнө тавиагүй бол дахин 1 /нэг/ жилээр сунгагдсанд тооцно” Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээний 4.1.-д “Энэхүү гэрээний хугацаа нь Даатгалын гэрээний дагуу олгогдсон бүх нөхөн төлбөр, зардлыг зээлдэгч төлж барагдуулснаар дуусгавар болно” гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан Даатгалын гэрээ  хүчин төгөлдөр байна

4. Түүнчлэн үүрэг гүйцэтгэгч Б........... өөрийн оршин суух хаягт байхгүй, хаягаа өөрчилсөн тул Б ХХК нь 2020 оны 7 сарын  02-ны өдөр нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн № 181/ШШ/2020/02148 дугаар шийдвэрээр Б...........ыг Эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсний дагуу түүний хаягийг тогтоосны дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь байна.

5.Хариуцагч Б........... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг  үгүйсгэж буй “...банкнаас зээл тэглэсэн гэж хэлсэн...” гэх тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэхээр  байна.

6.Нөгөө талаар хариуцагч Б........... Тэтгэврийн зээлийн гэрээний 5.3-т    “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь  зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж зааснаар зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч Б...........ы гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/01248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б...........ы гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б...........ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.222 төгрөг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР    

                                                ШҮҮГЧ                                               Б...........ЦЭЦЭГ