Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2022/00023

 

Х...........ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Т...........т холбогдох  

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны  өдрийн 142/ШШ2022/00030 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х...........ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т...........т холбогдох,  

 

 “Эд хөрөнгө үнэ төлбөргүй хөлслүүлснээс машин эвдэж засуулсан зардал 4.870.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Т...........ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х..........., хариуцагч Т..........., /цахимаар/ нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Х........... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х........... миний .......... ОРА улсын дугаартай улаан өнгөтэй SINOTRUK ZZ 3257 HOBO маркийн автомашинаар машинаа чиргүүлтэй нь өгөөч машинаар чинь нэг удаа Тэшиг рүү тээвэр хийгээд ирье ахад нь жаахан мөнгө хэрэгтэй байна гэсэн. Машин өгөөд явуултал 5 хоногийн дараа ирж байна уу гэтэл өөрөө согтуу утас аваад машиныг чинь хээр хроп эвдсэн гэсэн. Та хроп засаж өг гэтэл чи өөрөө хропоо авчих би мөнгийг өгнө гэсэн. Би өөрөө хропоо Улаанбаатараас 3.200.000 төгрөг хроп худалдан авч зассаны дараа ажилд явахаар чиргүүл толгойгүй нүүрс ачаад компанийн хашаанд байхад согтуугаар шөнө очиж машин хулгайлж гарч цагдаад баригдан 400.000 төгрөгийн торгууль гарган намайг хохироосон. Өмнө нь чиргүүлийн эрэг рүү унагааж рам тасарч, нум хугарч, 80 хувьтай дугуйг бөөрийг цөмлөж дахин ашиглагдахгүй болгосон. Чиргүүлд байсан 2 шинэвтэр дугуйг модонд явахдаа хүнээс 1.000.000 авч яваад өрөндөө өгч удаа дараа хохирол үүсгэсэн. Дээрх хохирлуудыг удахгүй барагдуулна гэж хэлдэг боловч одоог хүртэл өгөхгүй байгаа болно. Наран багийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Цагдаагаас иргэний журмаар шийдүүлэх шийдвэр гарсан. Хөрөнгийн үнэлгээгээр гарсан хохирлоос илүү хохирол надад учирсан боловч Банхас ХХК-ны хөрөнгийн үнэлгээгээр надад учруулсан хохирлын хэмжээ болох хропны үнэ 2.700.000 төгрөг, чиргүүлийн засвар болон бусад засварын үнэ 1.770.000 төгрөг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас торгууль 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн торгууль 400.000 төгрөг нийт надад учруулсан хохирол 4.870.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т........... шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 Т........... миний бие нь нутгийн дүү Х........... гэх дүүтэй ямар нэгэн машин болон мөнгөний тооцоо байхгүй болно. Миний бие нь торгууль болон гэрчилгээний үнэ болох 430.000 төгрөгийг төлөх болно. Миний өөрийн эзэмшлийн 47-63 ОРА улсын дугаартай Starex маркийн машины техникийн гэрчилгээг 2021 оны 04 дүгээр сард авч яваад одоог хүртэл өгөхгүй байгаа тул авч өгнө үү. Мөн 31-35 ОРО том машины Starter авч яваад одоог хүртэл хариу байхгүй байгаа болно. Өөр маргаан байхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр  сарын 03-ны өдрийн 142/ШШ2022/00030 дугаар шийдвэрээр:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 340 дүгээр зүйлийн 340.1.1, 340.1.4-д заасныг баримтлан хариуцагч Т...........аас 4.870.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х...........эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х...........ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.870 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т...........аас 92.870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х...........эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т........... давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Т........... миний биед холбогдох Х...........ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд надаас 4.870.000 төгрөг гаргуулах шийдвэр гаргасан ба миний бие энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2022.01.03-ны өдрийн 142/ШШ2022/00030 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн Х........... нь 2021 оны 04 дүгээр сард миний хувийн эзэмшлийн 47-63 ОРА улсын дугаартай starx авто машины техникийн гэрчилгээ, 31-35 ОРО улсын дугаартай даацын авто машины stater авч яваад одоог хүртэл өгөөгүй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х........... нь хариуцагч Т...........аас эд хөрөнгө үнэ төлбөргүй хөлслүүлснээс машин эвдэж засуулсан зардал 4.870.000  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Т........... нь зарим шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчдын хооронд Т........... нь Ч...........ийн  хово маркийн машиныг чиргүүлийн хамт үнэ төлбөргүй хөлсөлж хувийн тээвэр хийж ирэхээр гуйсныг нэхэмжлэгч Х........... зөвшөөрч машинаа өгч явуулснаар зохигчдын хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна. Ийнхүү явахдаа хариуцагч Т........... нь машины кропыг эвдсэнийг засуулсан, шөнийн цагаар хашаанд нь байсан машиныг зөвшөөрөлгүй, согтуугаар унаж яваад цагдаад баригдаж 400.000 төгрөгөөр торгуулсныг нэхэмжлэгч Х........... төлсөн зэрэг үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Т........... нь нэхэмжлэлийн шаардлагын цагдаад торгуулсан 430.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч машины эвдрэл гэмтэлтэй холбоотой өгөө аваа байхгүй гэж маргаж буй боловч нэхэмжлэлийн шаардлагын талаарх өөрийн татгалзал тайлбараа нотлох баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1.-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан. Хариуцагч Т........... нь Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.4.-д зааснаар Эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, ердийн элэгдлээс өөрөөр муутгахгүй байх, эд хөрөнгийг бүрэн бүтэн буцаан өгөх үүргээ зөрчиж Тэшиг сум явж тээвэр хийж ирэхдээ машины кропыг эвдэж, ашиглахааргүй болгосон, түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас торгуулсан 400.0000 төгрөгийг түүний өмнөөс төлсөн, нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийж, “Банхас” ХХК-ийн машины кропыг 2.700.000 төгрөг, чиргүүлийн болон бусад засварын хөлсийг 1.770.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, торгууль төлсөн баримт зэргийг үндэслэн хариуцагч Т...........аас 4.870.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 339, 340 дүгээр зүйлүүдэд нийцжээ.

Хариуцагч Т........... нь машины кроп, чиргүүл зассан хөлсний талаар нэхэмжлэгчийн урьдчилж хийлгэсэн “Банхас” ХХК-ийн хийсэн үнэлгээний талаар маргаагүй байна.

Хариуцагч Т........... нь нэхэмжлэгч Х...........ийн машин тэргийг барьж ажил үүргийг нь гүйцэтгэж цалин авдаг, машиныг гуйж аваагүй гэсэн тайлбар гаргаж татгалзаж буй боловч татгалзал тайлбараа нотлоогүй байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2022/00030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т...........ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Т........... нь улсын тэмдэгтийн хураамжнаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           С.УРАНЧИМЭГ