Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Хохирогч Б.Б-,

Гэрч Ганхуяг,

Шүүгдэгч С.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.М-т холбогдох эрүүгийн 1738003080126 дугаар хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.М-,

Шүүгдэгч С.М- нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг ...тоотод иргэн Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.М- нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг ...тоотод иргэн Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017оны 10 дугаар сарын 11-ний оройн 19 цагийн орчимд би Мөрөн сумын 3 дугаар хороонд өөрийн танил хүн болох Цог гэх айлын гэрт өөрийн найз Ганчимэгийн хамт сууж байсан чинь гаднаас С.М-, Мягмарсүрэн гэх хүнтэй хамт орж ирсэн. Тэгээд С.М- орж ирээд надтай юу ч яриагүй, чи ингэж явдаг юм уу гээд миний нүүр лүү нэг удаа алгадсан. Тэгээд би С.М-ыг намайг зодох нь гэж айгаад гэрээс гарах гэсэн чинь араас түлхээд, Мягмарсүрэн гэх айл руу авч явсан. Миний урд Мягмарсүрэн гэх хүн явсан. Миний хойно С.М- явсан. Тэгээд Мягмарсүрэнгийн гэрт нь бид нарыг ороход Мягмарсүрэнгийн баруун талын орон дээр нь Шинэбаяр гэх залуу доошоогоо харсан байдалтай унтаж байсан. Тэгээд Мягмарсүрэн гуайн гэрт нь ороод байж байсан чинь Ганчимэг, С.М- нар хоорондоо маргалдаад Ганчимэг, С.М-т хандан бид хоёр архи уусан биш чи яагаад бид хоёр луу уурлаад байгаа юм бэ гээд маргалдаад сууж байсан чинь С.М- чи бас энэ хүүхэнтэй адилхан байгаа гээд гараа атгаж байгаад миний баруун талын нүд рүү цохисон. Тухайн үед миний хамраас цус гараад нүд хавдахаар нь би С.М-т хандан чамайг цагдаад өгнө гээд гэрээс гарсан чинь С.М- миний араас гарч ирээд би чамд мөнгө өгье чи наадахаа засуулчих гэж байсан. С.М- бид хоёрыг гадаа зогсож байхад Ганчимэг болон түүний найз залуу Шинэбаяр нэр нэгдүгээр хорооны чиглэлд явж байсан. Ингээд би С.М-т чи намайг гэрт маань хүргэж өг аль эсвэл би чамайг цагдаад мэдэгдлээ ийм л хоёр зам байна гэсэн чинь С.М- юм хэлэлгүй гүйгээд явчихсан. Тэгээд би танихгүй хүний дугаараас ээжийг дуудаад С.М- намайг зодчихлоо гудамжинд хаяад явчихлаа ирж ав гэсэн чинь ээж за гэж хэлчихээд удаад байхаар нь би гудамжнаас такси аваад гэртээ хүргүүлж харьсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дугаар хуудас/,

Гэрч З.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…2017 оны дугаар сарын 11-ний утаснаас над руу залгаад би Мөрөн сумын 2 дугаар гудамжны 2 тоот хашаанд С.М-т зодуулчихдаа гэсэн. Тэгээд би такси бариад Мөрөн сумын 2-27-02 тоотод очиход уг хашаан дотор нэг байшин байсан ба уг байшин гэрэлгүй, цоожтой байсан. Ингээд одоо би харанхуй шөнө хаа гэж явах вэ гэж бодоод буцаад гэртээ харихад манай охин Б.Б- нь гэртээ харьчихсан байсан бөгөөд Б.Б-ийн баруун талын нүд нь маш их хавдаад улаан туяа суучихсан байсан. С.М- нь удаа дараа манай охиныг зодож биед нь гэмтэл учруулж байгаа болохоор хуулийн байгууллагад хандсан. Өмнө нь 2-3 удаа гомдол гаргаад хэрэгсэхгүй болгосон байсан. Одоо миний охины энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын хэдний өдөр байсныг би сайн санахгүй байна. Намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-0...тоотод өөрийн гэртээ байж байхад Шинэбаяр, Ганчимэг, Б.Б- нар ар араасаа цувраад ирсэн. Тэгээд С.М- нь Б.Б-ийг манайд ирэхэд чи муу гайтай хүүхэн яах гэж энд ирээд байгаа юм бэ гэж байсан. Б.Б- 2-3 хоноод л манайд байнга ирдэг юм. Ингээд С.М-, Б.Б- нар манайд байж байхдаа юунаас болсон юм мэдэхгүй хоорондоо жоохон маргалдаад С.М- нь Б.Б-ийн нүүр лүү нь цохисон гээд Б.Б-ийн нүд хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Маргааш нь би хамтран амьдардаг Шинэбаярын хамт төв халуун усны цаанаас ирэхэд Мягмарсүрэн гуайн гудамжны үзүүрт Б.Б- нүдний шил зүүчихсэн, С.М-аас сугадчихсан Ганхуяг гэдэг ахын хамт зогсож байхаар нь би Б.Б- яагаад нүдний шил зүүчхээ вэ нүд нь яасан юм гэхэд, өчигдөр харин С.М- цохичихсон гэхээр нь С.М-т нүд рүүгээ цохиулж дээ гэж бодоод өнгөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/ Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 622 дугаартай: 1. Б.Б-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Б.Б-ийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад хуралт бүхий гэмтэл учирсан байна. 3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 6. Гэмтэлтэй холбоотой сэдэрсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 39 дугаар хуудас/,

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч С.М- нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг ...тоотод иргэн Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Б-, гэрч З.Агар, О.Мягмарсүрэн, Б.Ганчимэг нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч С.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.М- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч С.М-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Хохирогч Б.Б- нь шүүгдэгч С.М-т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх, мөн эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч С.М- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлсэн болох нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/479 дугаартай тоот, шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 04- ний өдрийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор тогтоогдож байна.

Эрүүгийн 1738003080126 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ын цагдан хоригдсон 02 /хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгчийн ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн 1738003080126 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 02 /хоёр/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-т урьд авсан цагдан хорих арга хэмээг өөрчилж хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.НЯМСҮРЭН