Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/45

 

Т.Н-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Н-т холбогдох эрүүгийн 2313003710047 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор Я.Дина, шүүгдэгч Т.Н- /цахим сүлжээгээр/, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хохирогч Баян-Өлгий аймгийн Татварын газрын хууль ёсны төлөөлөгч М.Айбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс *****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, ********* хамт ********************* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт Т-ын Н-, РД:************;

 

2. Шүүгдэгч Т.Н- нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд “Р-” ХХК-ийн “Р-” шатахуун түгээх станцын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын салбарын түгээгчээр ажиллаж байхдаа шатахуун түгээх станцаас бензин борлуулаагүй атлаа борлуулсан мэтээр санхүүгийн /төлбөрийн/ баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг төхөөрөмжөөс хэвлэн авч, уг төлбөрийн баримтыг нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын системд буюу татварын албаны е-баримт системд өөрийн болон эхнэрийн нэр дээр бүртгүүлэн ашиглаж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаар яллах дүгнэлтээр Т.Н-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн  2024/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолоор:    

4.1. Шүүгдэгч Х овогт Т.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ийг 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т оногдуулсан 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

4.5. Шүүгдэгч Т.Н- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

4.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ээс 2.096.646 төгрөг гаргуулан Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн санд төвлөрүүлж, мөн шүүгдэгч Т.Н-ээс 17.800.000 төгрөг гаргуулан хохирогч “Р-” ХХК-д олгож,

4.7. Шүүгдэгч Т.Н- нь 17.800.000 төгрөгийг төрд үндэслэлгүй төлөгдсөн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд:

5.1. Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, шүүгдэгч Т.Н- нар бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024\ШЦТ\177 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар “...мөн шүүгдэгч Т.Н-ээс 17,800,000 төгрөг гаргуулан хохирогч “Р-” ХХК-д олгосугай” гэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.2. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Т.Н-ээс 17,800,000 төгрөг гаргуулан хохирогч “Р-” ХХК-д олгосугай гэсэн хэсгийг дараах хууль зүйн болон бусад үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.

5.3. Яллагдагч Т.Н-т холбогдох эрүүгийн хэрэгт хийгдсэн нэмэлт ажиллагаатай танилцаад гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх “Р-” ХХК-д төлөх 17,800,000 төгрөгийг яллагдагч Т.Н-т шууд хариуцуулан төлүүлэхээр болсон хууль бус асуудлыг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт, гомдлуудыг шат шатны прокурорын байгууллагад гаргаж байсан боловч харамсалтай нь уг хүсэлт, гомдлуудыг хүлээж аваагүй юм. Уг хүсэлтийг анхан шатны шүүхэд дахин гаргасан боловч бас л хүлээж аваагүй явдалд гомдолтой байна.

5.4. Хувийн хэвшлийн статустай гэх “Р-” ХХК нь эрх бүхий байгууллагаас ямар нэгэн шийдвэр гараагүй байхад чухам хэний зөвшөөрлөөр, ямар үндэслэлээр 17,800,000 төгрөгийн НӨТ-ын татварыг улсын төсөвт буюу татварын байгууллагын дансанд шилжүүлэх болсон нөхцөл байдлыг нарийвчлан тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр Т.Н- нь бодит байдалд иргэд, байгууллагад их хэмжээний шатахуун худалдаагүй байхад түүний хуурамчаар бүрдүүлсэн гэх НӨТ-ын баримтыг тухайн компанийн зүгээс нягтлаагүй нөхцөл байдал, уг журмаар бол тухайн шатахуун түгээгч Т.Н-ийн ээлжид гарсан өдөр бүрийн борлуулсан шатахуунд НӨТ-ын баримт заавал бичигдэх ёстой ба Т.Н-ээс хуурамчаар гаргаж өгсөн гэх баримт бичиг нь тухайн өдрийн гүйлгээтэй тохирч байсан уу, тэр өдөр тийм хэмжээний шатахуун худалдагдсан уу гэх мэт асуудалд компанийн зүгээс тухайн бүрд хяналт тавьж ажиллах ёстой үүргээ биелүүлээгүй байна. Иймд компанийн өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн үр дагаврыг буюу 17,800,000 төгрөгийг шүүгдэгч Т.Н- шууд хариуцах ёсгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар шүүгдэгч Т.Н-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсгийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг нарийвчлан тогтоогоогүй байна.

5.5. Хохирогч гэх “Р-” ХХК-аас уг хохирлыг Т.Н-ээр төлүүлж авах талаар ямар нэгэн хүчин чармайлт гаргахгүй байгаа буюу анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, өөрөөр хэлбэл маш их идэвхгүй байр суурьтай байгаа. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тухайн үед өдөр бүр Т.Н-тэй шатахуун худалдсаны тооцоо, НӨТ-ын татварын тооцоог хийж байгаагүй байгууллагын буруутай үйл ажиллагааг сайн мэдэж байгаа юм.

5.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2024\ШЦТ\177 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6-д заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар “...мөн шүүгдэгч Т.Н-ээс 17,800,000 төгрөг гаргуулан хохирогч “Р-” ХХК-д олгосугай’’ гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гарган тайлбарт:

6.1. Прокурорын зүгээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хохирол, хор уршигтай холбоотой давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар “Р-” ХХК нь нийтдээ шүүгдэгч Т.Н-ийн борлуулаагүй шатахууны нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гаргасан 17,800,000 төгрөгийн 10 хувийн татварыг төлсөн, “Р-” ХХК-д хохирол, хор уршиг учирсан тухай үйл баримт тогтоогдсон.  Мөрдөн шалгах ажиллагаанд тухайн компанид хохирол, хор уршиг тогтоогдсон учраас гэмт буруутай этгээдэд учирсан хохирлыг гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлтэй. Тиймээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдуулан гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            8. Ийнхүү хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол, хор уршигтай холбогдуулж шүүгдэгч Т.Н-т 17,800,000 төгрөгийг бусдаас шаардах эрх олгож “...түүнээс 17,800,000 төгрөг гаргуулан хохирогч Р ХХК-д олгож, Т.Н- нь 17,800,000 төгрөгийг төрд үндэслэлгүй төлөгдсөн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж дүгнэж шийдвэрлэхдээ тухайн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох “холбогдох этгээдийг иргэний хариуцагчаар тогтоогоогүй” нөхцөл байдлыг анхаараагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, тус хуулийн хэрэглэвэл зохих зүйл, хэсгийг хэрэглээгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

 

            9. Шүүгдэгч Т.Н- нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, “Р-” ХХК-ийн “Р-” шатахуун түгээх станцын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын салбарын түгээгчээр ажиллаж байх хугацаанд бензин, шатахуун борлуулаагүй атлаа борлуулсан мэтээр санхүүгийн /төлбөрийн/ баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг төхөөрөмжөөс хэвлэн авч, уг төлбөрийн баримтыг нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын систем буюу татварын албаны е-баримт системд өөрийн болон эхнэрийн нэр дээр бүртгүүлэн ашиглаж санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

10. Мөрдөгчийн тэмдэглэлд Т.Н-ийн дээрх хугацаанд “Р-” шатахуун түгээх станцын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын салбарын “бүртгэлийн машин[1]”-аас бензин, шатахуун борлуулаагүй атлаа борлуулсан мэтээр хэвлэсэн 52 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын улмаас шүүгдэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтоор 2,096,645.5 төгрөг авч нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн санд хохирол учруулснаас гадна “Р-” ХХК нь уг 52 ширхэг, 178,800,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтад харгалзах 17,880,000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварт төлж хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдсон талаар дурдаж /хэргийн 1 дүгээр хавтасны 204 дэх тал/, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 4-т энэ талаар тодорхой тусгасан байна.

 

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, мөрдөгчийн тогтоолоор “Р-” ХХК болон Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийг тус тус хохирогчоор, мөн тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоосон байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас өөртөө авсан гэх нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын талаар Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаартай албан бичигт тодорхой баримтат мэдээлэл тусгагдсан /хэргийн 1 дүгээр хавтасны 147 дахь тал/;

харин тус хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 173 дугаар албан бичиг болон түүнд хавсаргасан баримтуудаар /1 дүгээр хавтасны 83-94 дэх тал/ бүртгэлийн машинаас Т.Н-ийн хуурамчаар хэвлэсэн гэх 52 ширхэг, 178,800,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтад харгалзах 17,880,000 төгрөгийг хохирогч “Р-” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварт тооцож өөрийн данснаас нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн санд, эсхүл татварын албаны бусад дансанд бодитой төлсөн, шилжүүлсэн эсэх нь хангалттай тогтоогдоогүй тул Т.Н-ийн үйлдлийн улмаас “Р-” ХХК-д учирсан гэх хохирлын хэр хэмжээ, шинж чанарыг тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан болон бусад санхүүгийн баримтуудыг үндэслэж бодитой тогтоох шаардлагатай.

 

12. Хохирогч “Р-” ХХК нь борлуулалт хийгээгүй атлаа тухайн үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн гэх 17,880,000 төгрөг тухайн компанийн данснаас татварын албаны зохих дансанд бодитой төлөгдсөн эсэх нь тогтоогдоогүй нөхцөл байдлыг шүүх анхаараагүй, мөн албан татвар суутган төлөгч нь үйл ажиллагаа явуулаагүй буюу борлуулалт хийгээгүй атлаа албан татвар төлсөн буюу илүү татвар төлсөн тохиолдолд албан татварыг буцаан олгох талаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан зохицуулалтаас үзвэл, Т.Н-т холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч “Р-” ХХК-д учирсан гэх хохирол, төлбөртэй холбогдуулан, үндэслэлгүй илүү төлөгдсөн гэх татварыг хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хариуцвал зохих татварын байгууллага /Татварын ерөнхий газар, эсхүл түүний холбогдох нэгж, эсхүл Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс гэх мэт хуулиар чиг үүргийнхээ хүрээнд хариуцвал зохих байгууллага/-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад тус тус нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж хуульчилсан.

 

13. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанарыг ялгамжтай, бодитой, үндэслэлтэй тогтооход ач холбогдол бүхий, мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагаануудыг анхаараагүй, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч “Р-” ХХК-д 17,800,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж, хохирлыг эхлээд шүүгдэгчээр нөхөн төлүүлж, дараа нь шүүгдэгчийг “17,800,000 төгрөгийг төрд үндэслэлгүй төлөгдсөн” гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардах эрхтэй гэж шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид шаардах эрх олгож шийдвэрлэхдээ түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхийг эдэлнэ гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

14. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нарийвчилж тогтоогоогүй” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгч Т.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээж авсугай.

 

2. Шүүгдэгч Т.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

[1] Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17 дахь заалтад зааснаар “бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг” ойлгоно.