Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 126/ШШ2026/0026

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б***********-ийн   дүгнэлттэй, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга М.Д***********-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга М.Д*********** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хамгаалалтын захиргааны дарга М.Д*********** би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаартай Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Прокурор дүгнэлтдээ ...Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шаардлага зөрчиж нэг үйлдэлд 2 шийтгэлийн хуудас үйлдэж торгох шийтгэл оногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр болгожээ... гэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга М.Д*********** нь ...2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0741230, 0741231 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.У***********-ын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0741230, 0741231 дугаартай шийтгэлийн хуудсанд прокурорын дүгнэлтэд бичсэний дагуу хүчингүй болно гэж ойлгох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б***********-ийн   гаргасан 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0741230, 0741231 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР