Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00168

 

 

 

 

 

2025 02 24

302/ШШ2025/00168

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн нийгмийн даатгалын газрын дарга М.А, Утас: 00000

Хариуцагч: Б аймгийн Ө суманд үйл ажиллагаа явуулдаг, У ХХК /захирал Б.Е, утас:00000/

Нэхэмжлэлийн шаардлага: 1,975,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б аймгийн нийгмийн даатгалын газар нь У ХХК-д холбогдуулан 1,975,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.У ХХК нь 2023 оны 09 дүгээр сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2024 оны 03 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан.

Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж 1,975,380 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компани захирал, ня-бо нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй.

Иймд У ХХК-ны дутуу төлсөн шимтгэл болох 1,975,380 төгрөгийг төлүүлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч У ХХК-ийн захирал Б.Е хариу тайлбартаа Б аймгийн Нийгмийн даатгалын газраас У ХХК-ны 2024 оны 3 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимэтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан ба улмаар нийгмийн даатгалыг санг хохироосон гэж нэхэмлэл гаргажээ.

Манай компани 2024 онд ямарч үйл ажиллагаа явуулаагүйгээс нийгмийн датгалын санд 1,975,380 төгрөгний өр үүсгэснийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү нийгмийн даатгалын шимэтгэлээ 2025 оны 6 сарын тайлан дуустал аажмаар төлж барагдуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Нэхэмжлэгч Б аймгийн нийгмийн даатгалын газар нь У ХХК-д холбогдуулан гаргасан 1,975,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У ХХК-ийн захирал Б.Е нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 1,975,380 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5. Энэ нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 46,556 төгрөгийн тал нь болох 23,278 төгрөгийг хариуцагч У ХХК-ийн захирал болох Б.Ерболатаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.

6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч У ХХК-ийн захирал болох Б.Е нь 1,975,380 төгрөгийг нэхэмжлэгч Б аймгийн нийгмийн даатгалын газар-т төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 46,556 төгрөгийн тал нь болох 23,278 төгрөгийг хариуцагч У ХХК-ийн захирал болох Б.Ерболатаас гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК