| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00157/И |
| Дугаар | 302/ШШ2025/00164 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 302/ШШ2025/00164
| 2025 02 24 | 302/ШШ2025/00164 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 02 дугаар багт оршин суудаг, М овогт Х.Г,
Хариуцагч: Б аймгийн Ц сумын 02 дугаар багт оршин суудаг, С овогт Х.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Х.Б, Х.Г бид хоёрын гэрлэлтийг цуцлах, хүү Н, охин Н, хүү Б нарыг эх А.Г миний асрамжинд үлдээх, эцэг Х.Б-аас хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Г нь Х.Б-д холбогдуулан гэрлэлтийг цуцлах, хүү Н, охин Н, хүү Б нарыг эх А.Г миний асрамжинд үлдээх, эцэг Х.Баас хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Х.Г би 2014 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр сайн дурын үндсэн дээр Х.Бтай гэр бүл болж, гэрлэлтээ 2018 оны 1 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн.
Бид хоёрын дундаас 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдөр хүү Нуржол, 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр охин Нурсауле, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү Бектөре нар төрсөн. Одоо гурван хүүхэд маань миний асрамжинд эрүүл саруул бойжиж байна.
Бид хоёр гэр бүл болсноос хойш нөхөр Х.Б нь архи уудаг болсон. 2020 оноос хойш түүний архи уух явдал нь ихсэж, гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил гаргадаг болсон. Х.Г би эхний үед Х.Бын гэр бүлийн хүчийрхлэлд тэсэж, хэд хэдэн удаа уучилж ирсэн боловч сүүлд түүний архи уух нь ихсэж, гэр бүлийн хүчийрхийлэл байнга үйлддэг болсон юм.
Хамгийн сүүлд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байхдаа эхнэр намайг өөр хүнтэй хардаж, эрх чөлөөнд нь халдаж, гэрээс хөөж гэр бүлийн хүчийрхлэл үзүүлсэн асуудлыг цагдаад мэдэгдсэн юм. Тэр өдөр намайг мориор хөөж аргамжаар цохисон юм. Ингээд цагдаагийн байгууллага уг асуудлыг шалган зөрчил гаргагч Х.Бад холбогдох зөрчлийн материалыг Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шийтгэвэрээр 8 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан юм.
Ингээд би цаашид амар тайван амьдрах боломжгүй болсон тул Х.Бтай цаашид хамтарч амьдрахгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бид хоёрын дундын хуваарьт болон дундын өмчийн асуудлаар жич нэхэмжпэл гаргах болно.
Иймд Х.Б, Х.Г бид хоёрын гэрлэлтийг цуцлах, хүү Нуржол, охин Нурсауле, хүү Бектере нарыг эх Х.Г миний асрамжинд үлдээх, эцэг Х.Баас хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Х.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ Миний бие Х.Г Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нөхөр болох Х.Баас гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэл гагасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш нөхөртэйгөө эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Х.Б-д холбогдуулан бид хоёрын гэрлэлтийг цуцлах, хүү Н, охин Н, хүү Б нарыг эх Х.Г миний асрамжинд үлдээх, эцэг Х.Б-аас хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Г нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Гий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Г хариуцагч Х.Бад холбогдуулан гаргасан бид хоёрын гэрлэлтийг цуцлах, хүү Нуржол, охин Нурсауле, хүү Бектере нарыг эх Х.Г миний асрамжинд үлдээх, эцэг Х.Баас хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК