| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 2217000220034 |
| Дугаар | 2024/ДШМ/16 |
| Огноо | 2024-10-04 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2024/ДШМ/16
Б.Б холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Г.Баярдаваа, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
прокурор Т.Түмэнжаргал,
яллагдагч Б.Б,
түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/109 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Т.Түмэнжаргалын гаргасан эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.Б холбогдох 2217000220034 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, - оны - дугаар сарын -ний өдөр Ө аймгийн Т суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Б З Б” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Б дүүрэг, - дугаар хороо, - дугаар хороолол, - тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл үгүй гэх Б овогт Б Б /РД: /,
Яллагдагч “Б З Б” ХХК-ийн захирал Б.Б нь 2020 онд үйл ажиллагаа явуулж 19,692,720 кг буюу 19,692.7 тонн нүүрс БНХАУ руу экспортолж, 2,216,108,841.84 төгрөгийн нүүрсний борлуулалтыг тайлагнах байсан боловч татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 250,000,000 төгрөгийн татвар ногдох орлоготой гэж худал мэдүүлж, 1,966,108,841.84 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд, мөн 2,216,108,841.84 төгрөгийн борлуулалтаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж тус тус тайлагналгүй орхигдуулж татвар ногдуулан төсөвт төлөөгүйн улмаас 221,766,120.69 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Яллагдагч Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх: Яллагдагч Б овогт Б Б холбогдох эрүүгийн 2217000220034 дугаартай хэргийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 109 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт дараах 5 мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлтэй байна гэж үзээд буцаасан. Прокурорын зүгээс хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.О, гэрч Б.Б, Гаалийн ерөнхий газрын харъяа Сайншанд дахь гаалийн газрын 101/100 дугаартай албан тоот, гаалийн экспортод гарсан бүтээгдэхүүн барааны мэдүүлэг, Гаалийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/143 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан гаалийн бүрдүүлэлтийн мэдүүлэг, Нийслэлийн татварын газрын 2223000064 дугаартай нөхөн ногдуулсан акт, мөн дээрээс нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 19 дугаартай дүгнэлт, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, “Б З Б” ХХК-ийн 2019-2022 оны татварын тайлан зэрэг нотлох баримтуудаар “Б З Б” ХХК-ийн захирал Б.Б нь 19,692,720 кг буюу 19,692.7 тонн нүүрсийг Хятад улс руу экспортолж 2,216,108,841.84 төгрөгийн нүүрсний борлуулалтыг тайлагнах байсан боловч татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 250,000,000 төгрөгийн татвар ногдох орлоготой гэж худал мэдүүлж, 1,966,108,841.84 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд, мөн 2,216,108,841.84 төгрөгийн борлуулалтаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж тус тус тайлагналгүй орхигдуулж татвар ногдуулан төсөвт төлөөгүйн улмаас 221,766,120.69 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Шүүгчийн захирамжийн 1-р заалтын тухайд, хавтаст хэрэгт авагдсан, сая дурдагдсан баримтууд болон гаалийн мэдүүлгийн хамт хүргүүлж байгаа албан тоот дээр “Б З Б” ХХК 2019 онд бараа экспортлоогүй, 2020 онд экспортолсон барааны мэдээлэл, гаалийн мэдүүлгийн хуулбарыг хамт хүргүүлсэн албан бичиг, барааны жин, экспортод гаргасан бүтээгдэхүүний мэдээ, гаалийн хилээр нэвтрэх барааны мэдүүлэг, Гаалийн ерөнхий газрын албан бичиг зэрэг нотлох баримтуудаар “Б З Б” ХХК холбогдох шалгуурыг хангаж, гаалийн бүрдүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгээд Хятад улс руу нүүрсийг экспортод гаргасан нь дээрх нотлох баримтаар тогтоогддог. “Б З Б” ХХК 2020 онд 19,000 тонн нүүрсийг Хятад улс руу экспортод гаргасан нь тогтоогдоод байхад ямар журмаар тухайн нүүрсийг гаргасан эсэхийг тогтоох гэсэн нь хэргийг хянан шийдвэрлэхэд тодорхой ач холбогдол байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд “Б З Б” ХХК нь Гаалийн ерөнхий газарт тавьсан шаардлага журмын дагуу тухайн нүүрсийг экспортод гаргаад харин татвар төлөөгүй болох нь тухайн баримтуудаар тогтоогддог. Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.1, 47.1.2-т татвар төлөх этгээдийг тодорхойлсон “П” ХХК болон “Б З Б” ХХК аль нь уг татварыг төлөх этгээд болохыг санхүүгийн баримтыг үндэслэн зөв тогтоогоод байгаа. “...Захирал Б.Б татвар нөхөн ногдуулалтын актыг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр танилцуулахад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Татварын маргаан таслах зөвлөлд хуулийн хугацаанд хандаагүй болно” гэх татварын өрийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлгүүд байдаг. Нийслэлийн татварын газрын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай НА22230000064 дугаартай акт хавтаст хэрэгт авагдсан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр дээрх акт үндэслэлтэй байна гэж гарсан. Эдгээрээс харахаар “Б З Б” ХХК нь дээрх байдлаар 221,766,120.69 төгрөгийн хохирол учруулсан болох нь, татвар ногдуулах эрх бүхий байгууллагын шийдвэр, хөндлөнгийн байгууллага буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Б.Б хэрвээ актыг хүлээн зөвшөөрөөгүй асуудал яригдаж байгаа бол тухайн акттай маргах хууль зүйн боломж нь мэдээжийн хэрэг, энэ татварыг төлүүлэх ажиллагаа тусдаа хуулиар явагддаг, тэр хуулийнх нь дагуу байсан. Гэтэл Б.Б өөрийнхөө буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч нэг ёсондоо тухайн татварыг “Б З Б” ХХК төлөх ёстой гэдгийг ойлгоод хүлээн зөвшөөрсөн асуудал байдаг. Энэ асуудал дээр маргаан таслан шийдвэрлэх зөвлөлдөө бас хандаагүй, маргаан үүсээгүй, хүлээн зөвшөөрч байна, гарын үсэг зурсан байдлаас энэ бүхэн бас давхар нотлогддог. Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.1 дээр нь болохоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий эзэмшигч 47.1.2 дээр нь болохоор ашигт малтмалыг экспортолсон этгээд гэсэн хуулийн 2 заалт байгаа. Энэ дээр толгой эргэх ч юм уу, ямар нэгэн байдлаар эргэлзээ төрөх үндэслэл байхгүй. Нийслэлийн татварын газрын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай акт дээр энийг баталгаажуулаад тайлагнаагүй гэж мөн дурдаж өгсөн. ...Яллах дүгнэлтэд “Б З Б” ХХК-ийг 2 төрлийн татвар төлөөгүй гэх маргаан байгаа. Энэ асуудал дээр Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ноогдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн байдаг. “П” ХХК, “Б З Б” ХХК-тай нүүрс худалдан худалдан авах 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ННГ1903 дугаартай гэрээний төлбөрийн нөхцөл болон шилжүүлэн авсан нүүрсний орлогын талаарх дүгнэлт хийж татварын нөхөн ногдуулалтын акт гаргасан ба дээрх акт нь үндэслэлтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод байхад М хуулийн этгээд төлөөлөх гэрчээр мэдүүлэг авах нь хэргийг шийдвэрлэхэд огт хамааралгүй. “П” ХХК хэдэн тонн нүүрс гаалийн талбайд буулгасан эсэх нь хэрэгт ямар ч хамааралгүй. “П” ХХК нь 19,692,720 кг буюу 19,692.7 тонн нүүрснээс өөр хэмжээний нүүрс гаалийн талбайд буулгасан гэж үзэх юм бол хэрхэн яаж олборлож авчирсан, ямар хууль журмын дагуу гаалийн талбайд буулгасан эсэх нь тусдаа гэмт хэрэг эсхүл Зөрчил шалган шийдвэрлэх журмын дагуу шалгагдах болохоос биш прокурорын яллах дүгнэлт үйлдсэн, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгтэй хамааралгүй. Нүүрс дамжуулан худалдах гэрээ хийсэнтэй холбогдуулаад “Б З Б” ХХК-аар дамжуулж экспортод гаргасан нүүрсний үнийн зөрүүг зөв тогтоож татвар ногдуулах тухай, татварын нөхөн ногдуулалтын акт гаргасан байхад үнийн зөрүүнээс хамааралтай татвар ногдох орлогыг нуун дарагдуулах нөхцөл байдлыг шалгах гэсэн нь бас ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл тэр татварын байгууллага өөрөө тэрийгээ тогтоогоод, хуулийн этгээдийн төлөөлөл нь өөрөө зөвшөөрөөд энийг нь баталгаажуулаад шүүх шинжилгээний дүгнэлт гарчихаад байхад энийг зөв тогтоо гээд байгаа юм. Зөв тогтоочихсон юмыг дахиад зөв тогтоо гэдэг нь өөрөө ямар ч агуулгын хувьд ойлгомжгүй. ...татвар яаж шалгадаг юм гэхээр тухайн банк, хуулийн этгээд болон иргэн санхүүгийн гаргаж өгсөн болон холбогдох баримтуудад үндэслээд дээрх шийдвэр актаа гаргаад шийдсэн байгаа. Нэгэнт шийдээд тодорхой болсон асуудал дээр баримт нь үндэслэлгүй байна гээд байгаа нь ойлгомжгүй. Эцэст нь хэлэхэд дээрх баримтуудаар юу тогтоогдоод байгаа гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна. Иймд, анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн 109 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах саналтай байгаа гэв.
Яллагдагч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч хэлэх байх. ...Зуучлалын гэрээгээр бүх юм зохицуулагдана гэж ойлгосон. Татварыг олборлогч компани төлөх ёстой. Шууд экспортолсон бол тэрүүгээрээ төлдөг. Энэ бас маргаантай байгаа юм байна лээ гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэхээр шүүгчийн захирамж хэргийн бодит байдлыг тогтоож гарсан. Прокурор яллах дүгнэлтийнхээ үндэслэлд Шүүх шинжилгээний газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай дүгнэлтэд дурдсан мөнгөн дүнг хэлж байгаа. Шинжээчийн дүгнэлтийн ард нэг зүйл байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тал талаас нь тогтоох гэдгийг ерөөсөө тогтоогоогүй. Зүгээр гаалиар нүүрс гарсан, нүүрс гарсан бол мөнгө төлөх ёстой гэж яриад байгаа. “Б З Б” ХХК-ийн захирал Б.Б тайлбар өгөхдөө манай компани нүүрс борлуулаагүй, тухайн нүүрсэнд зуучлалын үйл ажиллагаа явуулсан гэсэн боловч эдгээр нь баримтаар тогтоогдохгүй байх тул зуучлалын үйл ажиллагаа явуулсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоох ёстой байна гээд заачихсан. Үүнтэй холбогдуулаад Зуучлалын гэрээний 1.1-т маш тодорхой заагаад өгчихсөн. Нүүрсээ зарж байгаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй “П” компани дотоодын гэрээгээр чамд өгнө гэдэг. Нөгөө Хятадууд нь Б.Б талбай түрээслүүлээд явуулчихдаг. Шүүгчийн захирамжид дурдсан бие төлөөлөгчийг нь асуух, компаниас нь баримтыг гаргуулах зайлшгүй заалт гэрээнд орчихсон байгаа. Ердөө 5 удаагийн гүйлгээгээр мөнгө орж ирсэн. Прокурор ерөөсөө анхаардаггүй. Хамгийн эхэнд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 295 000 000 төгрөг төмөр замын тээврийн хөлс “Б З Б” ХХК-ийн дансанд Хятадаас орж ирсэн. Орж ирэнгүүт нь төмөр замд 5 цуваа ачилт хийлгээд төлбөрөө өдөрт нь төлчихсөн. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 50 000 000 төгрөг түрээсийн төлбөрт “Т М” ХХК-аас, 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 30 000 000 төгрөг түрээсийн төлбөрт Б О орж ирснийг 2021 оны 09 дүгээр 13-ны өдөр 80 000 000 төгрөг болгоод Б Г группийн талбайн түрээсийн төлбөрт төлсөн. Дараа нь 50 000 000 төгрөг орж ирсэн. Үүнийг талбайн түрээсийн төлбөрт төлөөд 10 000 000 төгрөг үлдээж авсан байгаа. 10 000 000 төгрөгөө аваад ажилчдын цалин хөлс, харуул хамгаалалтын цалин өгсөн. 2022 оны 09 дүгээр сарын 09-нд 70 000 000 төгрөг түрээсийн төлбөр “Т М”-аас орж ирсэн. 2020 оны 10 дугаар сарын 12-нд 60 000 000 төгрөгийг Б г г талбайн түрээсэнд төлбөр төлөөд 10 000 000 төгрөгийг аваад ус, цахилгаан, харуул хамгаалалтын ажилчдын цалинд өгсөн байгаа. Энийг шүүхэд гомдол гаргахдаа гаргаж өгсөн. Энэ дээр нүүрсний мөнгө хэнд ороод байгаан, хэн нүүрс худалдаад байгаан гэдэг нь харагдана. Нүүрс худалдаад байгаа П татвараас зугтаад байгаа юм уу, аль эсхүл татвараа төлчихсөн байгаа юм уу энийгээ тогтоочих. Шүүгдэгч ч хэлнэ, хэрэгт авагдсан баримтуудаар ч хэлнэ. Хятадаас мөнгө орж ирэхээр “П” руу ордог, Б.Б орж ирсэн мөнгө бол вагоны зардал, түрээсийн төлбөр төлдөг. Б.Б очоод П нүүрс аваад зараад хилээр гаргаад дундаас нь ашиг олчихсон бол татвар төлөх ёстой хүн. Гэтэл шүүхээс тогтоо гээд байгаа юм нь П яагаад үлдчихвээ, жинхэнэ худалдагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.1, 47.1.2-т зааснаар тогтоогоогүй, нэг нь гаалийн ... гээд Б.Б гаргачихаж байгаа. Нөгөө нь тусгай зөвшөөрөл эзэмшээгүй гээд шударга ёсны зарчим гэдэг юм хаана байна. П шалгахгүй, Б.Б дансны үлдэгдэл, дансанд шалгалт сайн хийхгүйгээр, энэ нэг хүн нь тэнэг юм шиг би түрээсийн гэрээ хийсэн гээд явсаар байгаад шүүх дээр ирээд өмгөөлөгч аваад юмаа зааглуулж, шүүхээр шийдвэрлүүлээд явж байгаа. Нүүрс худалдсан этгээд бол П. Худалдаж авсан нь Хятадын компани. Гэрээнүүд дээр тодорхой заачихсан. ...Цаад утга учрыг нь олъё, мөнгө мөртэй прокурор оо. Мөнгө хаашаа ороод хаашаа явсан нь харагддаг. Энийг тогтоохгүйгээр хялбаршуулсан журмаар хэргийг шийдэж гэж байгаа юм шиг оруулж ирснийг нь шүүх буцаасан нь үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдана. Хятадтай байгуулсан зуучлалын гэрээ, П шаардсны дагуу дотоодын гэрээ хийсэн, хэрэгт гэрээнүүд авагдчихсан байхад баримтуудад нь үзлэг хийгээд шинжээчийн дүгнэлт гаргуулах юм бол ашиг олсон хүн чинь П юм уу, “Б З Б” юм уу, жинхэнэ 221,000,000 төгрөгийг төлөх этгээд хэн бэ гэдгийг тогтооно. Шүүх маш ултай суурьтай хэргийг хэлэлцсэний үндсэн дээр захирамж гаргасан. Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцлийн агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй зөв болжээ.
Яллагдагч “Б З Б” ХХК-ийн захирал Б.Б нь 2020 онд үйл ажиллагаа явуулж 19,692,720 кг буюу 19,692.7 тонн нүүрс БНХАУ руу экспортолж, 2,216,108,841.84 төгрөгийн нүүрсний борлуулалтыг тайлагнах байсан боловч татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 250,000,000 төгрөгийн татвар ногдох орлоготой гэж худал мэдүүлж, 1,966,108,841.84 төгрөгийн борлуулалтыг орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд, мөн 2,216,108,841.84 төгрөгийн борлуулалтаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж тус тус тайлагналгүй орхигдуулж татвар ногдуулан төсөвт төлөөгүйн улмаас 221,108,841.84 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс:
- “П” ХХК болон “Б З Б” ХХК-ийн аль нь уг татварыг төлөх этгээд болохыг санхүүгийн баримт үндэслэн зөв тогтоох, нөөц ашигласны татварыг “П” ХХК төлсөн эсэхийг тогтоох, ямар тохиолдолд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг экспортод гаргасан хуулийн этгээд төлдөг талаар тодруулах,
- “П” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдээс “Б З Б” ХХК-тай нүүрс худалдах худалдан авах 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ННГ 19/03 дугаартай гэрээний төлбөрийн нөхцөл болон шилжүүлэн авсан нүүрсний орлогын талаар гэрээг хийсэн гэх О.М болон хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий хүнээс гэрчийн мэдүүлэг авах,
- “П” ХХК-ийн зүгээс нүүрс дамжуулан худалдах гэрээ хийсэнтэй холбогдуулан “Б З Б” ХХК-аар дамжуулж экспортод гаргасан нүүрсний үнийг зөв тогтоож, татвар ногдох орлогыг тодорхойлж, татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан нөхцөл байдал байгаа эсэхийг шалгах, гэсэн 2-4 дэх заалтыг зайлшгүй шалгаж тогтоох нь зүйтэй байна. Харин бусад 1,5 дахь заалтыг шалгах шаардлагагүй байна гэж үзлээ.
Мөн тухайн хэргийг шалгахдаа нэмж:
1. “Б З Б” ХХК-ийн захирал Б.Б нь “ манай компани нь “П” ХХК-ийн нүүрсийг өөрийн нэрээр экспортолж хилээр гаргасан нь үнэн. Харин нүүрс борлуулсны орлого нь “П” ХХК-д орсон болохоос манай компани орлого олоогүй. Тиймээс манай компани татвар төлөхөөс зайлсхийсэн зүйлгүй” гэж мэдүүлж байх тул уг нүүрсний орлого “П” ХХК, “Б З Б” ХХК хоёрын алинд орсон, хэн нь нүүрсний борлуулалтыг тайлагнаагүй болох, хэн нь татвар төлөхөөс зайлсхийж байгааг шалгаж тогтоох,
2. Мөн дээрх хоёр компани нь АМНАТ-ыг хоёулаа төлөх ёстой юу, эсвэл орлого олсон нь төлөх ёстой юу, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч, экспортолсон этгээд нэг компани байгаа тохиолдолд хоёр удаа төлөх ёстой юу гэдгийг тодруулж, татвараас зайлсхийсэн этгээд нь хэн болохыг зөв тогтоож, хэрэгт шаардлагатай ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй.
Иймд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/109 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА
ШҮҮГЧ О.ОДНЯМАА