| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2026/0001/З |
| Дугаар | 116/ШШ2026/0009 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 116/ШШ2026/0009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр *******, , тоотод байрлах, регистрийн дугаартай, “” хязгаарлагдмал хариуцлагатай компани /Цаашид “ХХК” гэх/-ийн[1],
Хариуцагч: Дорнод аймгийн **************т сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/*******7 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Д.Бэлгүүн, хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч Л.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, процессын түүх:
1.1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан, Дорнод аймгийн **************т сумын Засаг даргад холбогдуулж, “Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/*******7 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”[2] шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших, эрх шилжүүлэх тухай” А/*******4 дүгээр захирамжаар “... багийн нутаг “ ” гэх газарт давуу эрхээр үр тарианы зориулалтаар тус бүр 100 га газар эзэмшигч 20 иргэний 2000 га газрыг хавсралтанд дурьдсан иргэдийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг “” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн”, мөн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/*******9 дүгээр захирамжаар “... багийн гэх газарт 2000 га газрыг газар тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн” байна[3].
1.3. Дээрх захирамжуудыг үндэслэн 2016, 2018 онуудад нэгж талбарын дугаартай 2000 га, дугаартай 2000 га нийт 4000 га газрыг газар тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаартай эзэмшүүлж гэрчилгээ[4] олгожээ.
1.4. Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/*******7 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсэг, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасныг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.[5]
Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай “” ХХК нь Дорнод аймгийн **************т суманд тус сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*******4 дүгээр захирамжаар нэгж талбарын дугаар бүхий, 2000 га газрыг 15 жилийн хугацаатай үр тарианы зориулалтаар, Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/*******9 дүгээр захирамжаар, нэгж талбарын дугаар бүхий, 2000 га газрыг 15 жилийн хугацаатай газар тариалан зориулалтаар эзэмших эрхтэй болсон. Гэвч бидэнд тухайн үед газрын гэрээ гэрчилгээг гаргаж өгөөгүй байхад 2017 оны хавраас үйл ажиллагаа эхлэхээр Казакстан улсын түнш компанитайгаа төслөө боловсруулж эхэлсэн. Бид үүний дагуу тухайн үеийн Засаг дарга З.-Одод 2016 болон 2017 онуудад газрын гэрээ, гэрчилгээг гаргаж өгөх талаар хүсэлтүүдийг тавьсан боловч нэг гэрчилгээг 2016 онд, нөгөө гэрчилгээг 2018 онд гаргаж өгч 2019 онд газар эзэмших эрхийн гэрээг байгуулсан.
Засаг дарга З.-Од ийм төсөл хийлгэхгүй, дахиад өөр төсөл танилцуул гэж бидэнд жил болгон хэлсээр 2019 оны сүүлээс дэлхий дахинаа Ковид-19 цар тахал гарч эхэлсэн. 2020 оны хавар гэхэд Ковид-19-ийн нөхцөл байдлаас 2 жилийн хугацаанд манай компани төслөө хэрэгжүүлж чадаагүй бөгөөд Казахстан дахь түлш компани маань цаашид төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон. Үүнээс үүдэн бид дахин өөр хөрөнгө оруулагч хайж эхэлсэн бөгөөд дан ганцаар тухайн газарт үйл ажиллагаа явуулахад манай компанийн хөрөнгө хүрэлцэхгүй байсан. Харин 2023 оны хавраас Казахстаны өөр түнш компаниас хөрөнгө оруулалт татах боломжтой болж төслөө бэлдэж эхэлсэн ба тухайн үед З.-Од даргад дахин танилцуулахад дахин зөвшөөрөөгүй ба бидэнд тухайн газруудыг эзэмшүүлсэн хэрнээ зориулалтын дагуу ашиглахаар хүсэлтээ өгөхөд татгалзаж эс үйлдэхүй гаргаж байсан болно. Бид үүнээс хойш төслөө дахин бэлдэж үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөө худалдан авах ажилчдаа бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж 2025 оны хавар тариалалтаа хийж эхлэхээр төлөвлөн ажиллаж байсан.
Гэвч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрх дуусгавар болж буйг мэдэгдсэн мэдэгдлийг **************т сумын Засаг даргаас бидэнд ирүүлсэн. Үүний дагуу бид **************т сумын Засаг дарга Д.*******тай очиж уулзахад иргэдтэй уулзаж төслөө танилцуул хэрэв иргэд зөвшөөрвөл цаашид үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэний дагуу 2025 оны 05 дугаар сард багийн иргэдэд төслөө танилцуулсан. Бид тухайн хуралд төслөө танилцуулж дуусаад буцаж Улаанбаатар хотыг зорьсон бөгөөд бидэнд ямар нэг хариу мэдэгдээгүй. 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дахин газар эзэмших эрх дуусгавар болж буйг мэдэгдсэн мэдэгдэл ирүүлсэн бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А/*******7 дугаар захирамжаар тус газруудын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба тухайн шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй болно.
Тус Засаг даргын захирамжийн дагуу бид Дорнод аймгийн Засаг даргад гомдол гаргахад 2025 оны ******* дүгээр сарын 07-ны өдөр 4/2391 тоот албан бичгээр “танай байгууллага нь тус асуудлаар өмнө нь аймгийн Засаг даргад хандаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 2/1991 тоот албан бичиг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2025 оны 4/2232 тоот албан бичгүүдээр хариуг нь хүргүүлсэн байх тул таны гаргасан өргөдлийг дахин хянан үзэх боломжгүй байна” гэсэн хариуг бидэнд ирүүлсэн бөгөөд бид тухайн гаргасан гомдлуудад газар эзэмших эрхийг цуцална гэсэн мэдэгдлүүд ирүүлсэн ба тухайн мэдэгдлүүдэд гомдол гаргасан. Бид Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 93.1-д заасны дагуу “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гомдол гаргасан ба шийдвэрлэж өгөхгүй байгаа нь мөн эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэж байна. Мөн 2025 оны ******* дүгээр сарын 07-ны өдрийн 4/2391 тоот албан бичгийг 2025 оны ******* дүгээр сарын 07-нд шуудангаар манай компани руу илгээсэн боловч бидэнд шуудангаар ямар нэг бичиг ирээгүй бөгөөд бид 2025 оны ******* дүгээр сарын 27-ны өдөр холбогдож цахим шуудангаар тухайн албан бичгийг авсан болно.
Мөн **************т сумын өмнөх Засаг даргын эсх үйлдэхүй нь Газрын тухай хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээр байх бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан нь учир дутагдалтай байна. Бид Монгол улсын хууль дүрмийн дагуу тухай бүр нь газрын татвар хураамжаа төлж байсан болно.
Иймд Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/*******7 дугаар захирамжийг хүчингүй болгож, манай компанийн эзэмшиж байсан газруудын газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хувьд анх 2015 онд **************т сумын Засаг даргын А/*******4 тоот захирамжаар тоот гэрчилгээтэй газрыг 2103000426 гэрчилгээтэй нийт 4000 га газрыг тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмших шийдвэр гарсан. Гэвч бидэнд газрын гэрээ, гэрчилгээг гаргаж өгөхгүй удаан хугацаа өнгөрсөн. Тиймээс тухайн газрыг хуулийн дагуу бүрэн дүүрийн эзэмшиж, ашиглах боломжгүй нөхцөл байдал бүрдсэн. Бид анх газар дээр Казакастан улсын түнш байгууллагатай хамтарч ажиллахаар болсон. Төслөө сум орон нутгийн удирдлагад танилцуулсан. Ингээд тухайн ажлыг эхлүүлэх явцад Ковид-19 өвчин дэгдэж тухайн газрыг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд тухайн хөрөнгө оруулагч компаниас энэ хугацаанд төслийг санхүүжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд манай компанийн зүгээс тухайн төслийг дангаар санхүүжүүлэх боломжгүй байсан учир дахин хөрөнгө оруулагч хайж эхэлсэн. Ингээд мөн Казакастан улсын аж ахуй нэгжээс хөрөнгө оруулалт авахаар тохиролцсон. Ингээд эргэж ажилдаа орсон ба Чойбалсан сумын багийн иргэдтэй уулзаж төслөө танилцуулсан. Гэвч энэ хугацаанд шинээр томилогдсон сумын Засаг дарга нь манай газрыг эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргасан. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй. Газар эзэмших эрхийг цуцалсан захирамжтай холбоотой аймгийн Засаг даргад хандсан боловч “өмнө нь энэ асуудлаар хандсан” гэх шалтгаанаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Бид тухайн гаргасан гомдолд газар эзэмших эрхийг цуцална гэсэн шийдвэрийг ирүүлсэн ба тухайн мэдэгдэлд гомдол гаргасан. Ингээд Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын гаргасан шийдвэрт гомдол гаргасан. 4/2391 дүгээр албан бичгийг манай компанид илгээсэн гэдэг боловч бидэнд огт ирээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. **************т сумын Засаг дарга нь тухайн газрыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр жил дарааллан ашиглаагүй” гэж үзсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бид газрын төлбөрийг тухай бүрт нь төлж байсан. Тиймээс газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бэлгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч тал нь бодитоор газрыг хагалсан байх ёстой байсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ үүний өмнө бичиг баримтын бүрдлийн талаар ярих ёстой болж байна. 2016, 2018 онуудад гэрчилгээ олгосонтой хариуцагч талаас маргахгүй байна. Засаг даргын захирамж нь дангаараа хүчингүй байдаг. Заавал газрын гэрчилгээтэй хамт байж хүчинтэй болдог хуулийн зохицуулалттай. Газрын тухайн хуулийн 34.8-д энэ талаар тодорхой дурдсан байдаг. Мөн дараагийн дугаарт сумын даамал нь газрын координатыг тодорхой болгож өгсөн байх ёстой байдаг. Мөн гэрээг зайлшгүй байгуулсан байх ёстой. 2019 оноос хойш л бид үйл ажиллагаа эрхлэх эрх нь нээгдэж байгаа юм. Энэ газрын тухай хуульд заасан “аливаа этгээд нь газрын гэрчилгээгүйгээр газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу нотлогдож байна. Хуулиар зөвшөөрсөн хүрээнд нь өөрийн мэдэлд байлгахыг газар эзэмших гэж ойлгодог. Бидэнд хуулийн дагуу газар эзэмших эрх нь шилжээгүй байсан учраас газрыг хагалах боломжгүй л гэж ойлгож ирсэн. 2019 оны 01 дүгээр сараас л бодитоор газрыг хагалах эрх үүссэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон он сар хугацаа нь хэрэгт тодорхой заагдсан байгаа. Мөн дараагийн дугаарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэж байж гэрээ гэрчилгээг олгоно гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь хэсэгт заасныг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Энэ заалт дээр газар эзэмших эрхийг хүсэгч тал гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан зүйл байхгүй шүү. Ойлгож уншаарай. **************т суманд очиж хурлын тэмдэглэл дээр бүтэн үг үсэггүй дурдагдсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед гэж багийн иргэн нь өөрөө хуралдаан дээр тайлбар гаргахдаа “энэ охин өөрөө ирээд газартай танилцаад төсөл танилцуулж байсан” гэж хэлж байсан. Гэхдээ энэ хэсгийг тэмдэглэл дээр дурдсан эсэхийг мэдэхгүй байна. Дараагийн дугаарт Ковид-19 цар тахал байна. Уг нь бол газрын хянан баталгааг бид нар гаргаж өгөхгүй байсан учраас гэрээ нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл олгохгүй байсан юм байна гэдгээ ойлгосон байх гэж бодож байна. Өнөөдрийн хурал дээр гэнэт Хөдөө аж ахуйн яамнаас нэг албан бичиг авсан юм шиг байна. Энэ бол албан бичиг шүү. Утга нь 2019-2022 оны үед **************т багт ямар нэг аж ахуй нэгж газар тариалангийн үйл ажиллагаа эрхлээгүй байна гэж дурдсан байна. **************т суманд зөвхөн “” ХХК газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэггүй юм. Өөр аж ахуй нэгжүүд ч байгаа. Тухайн багийн иргэдийн нийтийн хурал дээр өөр аж ахуй нэгж ч гэсэн ажлаа танилцуулж байсан. Би тухайн үед яаралтай ажилтай байсан учраас л түрүүлж гарч явсан юм. Одоо л өөрөөр тайлбарлаад байгаа боловч. Мөн тухайн үед энэ хоёр аж ахуй нэгж ч гэсэн үйл ажиллагаа явуулаагүй байна шүү дээ. Тэгвэл яагаад онцолж манай газар эзэмших эрхийг цуцлаад байгаа юм бэ? **************т сум нь өөрөө тусгай бүс буюу хил орчмын бүсд хамаарч байгаа юм. Засгийн газрын тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Бүр тухайн цар тахалтай хамааруулж хууль хүртэл баталж гаргаж байсан. Энэ хуульд үйлчлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж заасан. Эхний ээлжинд хуулийг баримтална, дараа нь журам, тэгж байж албан бичгийг баримтлах ёстой гэж ойлгож байна. Цар тахлын тухай хууль батлагдчихаад байхад бид яаж үйл ажиллаага явуулах ёстой байсан юм бэ? Ажиллах ч хүн байхгүй байхад аж ахуй нэгж яаж ажиллах ёстой байсан бэ? Зарим зүйлд үндэслэлтэй тайлбар гаргаж ойлгох хэрэгтэй байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт Засаг даргын гэрээ байгуулахгүй, гэрчилгээ олгохгүй байгаа үйлдэл хамаарна байх. Дэлхий нийтээр айдаст автсан цар тахал хамаарах байх. Бид нар тухайн газрыг олж авахын тулд дунджаар 300 гаруй сая төгрөгийн зардал гаргасан. Ийм газраа мэдээж ашиглахыг л хүснэ шүү дээ. Бид нар 2015 оны 12 дугаар сард шууд очоод газраа хагалаад эхэлчихсэн байсан бол өөрөө хууль зөрчсөн үйлдэл болох байсан юм. Миний бие өөрийн биеэр багийн хуралд суусан. Гэхдээ энэ нь өөрөө иргэдийн нийтийн хурал биш шүү. Хуульд зааснаар бол тухайн сумын иргэдийн нийтийн хурал гэж заасан байдаг. баг гэж буруу ойлгоод байх шиг байна. Тэр бол зүгээр л иргэдийн хурал байсан. Яг бодит байдал дээр 2025 оны 02 дугаар сард мэдэгдэл хүлээн аваад 3 ч удаа шинэ Засаг даргатай уулзахаар ирсэн. Нэг удаа Солонгос явсан байсан. Хоёр удаа л уулзаж чадсан. Энэ үед “иргэдтэй уулз. Иргэдийн саналын дагуу нааштай шийдвэр гаргах гэж хичээе” гэж хэлсэн. Бид нар тухайн газар дээр 10 жил үйл ажиллагаа явуулах гээд чадаагүй байсан. Ашгүй нэг иргэдтэй уулзах боломж бүрдсэн. Ингээд одоо төлөөлөгч бид хоёр бүтэн 5 өдөр багийн иргэдтэй уулзсан. Нийт 35 айлаар орж уулзсан. Иргэд ч дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хуралдаан дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд их байсан. Над руу хэт их дайрч давшилсан. Бид эхлээд танилцуулгаа иргэдэд танилцуулсан. Ингээд гарч ирэхэд ар иргэд их бухимдуу байсан. Нэг иргэн нь манай машины дугуйг хагалах гээд зогсож байсан. Би эмэгтэй хүн тухайн үед их айсан. Ямар ч байсан хурдан энэ газраас явах ёстой юм байна л гэж ойлгосон. Ингээд удаа дараа албан бичиг, и-мэйлээр хүсэлтээ хүргүүлж байсан. Хурлын тэмдэглэлтэй танилцах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Шийдвэртэй танилцах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Өнөөдрийн байдлаар тус 4000 га газар дээр амьдарч байгаа иргэн бол байхгүй. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийх шаардлагагүй. Өнөөдрийг хүртэл тухайн газар хоосон байгаа. Мөн сонсох ажиллагааны талаар дурдаж байна. Энэ талаар Захиргааны ерөнхий хуульд тодорхой дурдсан байгаа. Эрх ашиг нь хөндөгдөж магадгүй гэж үзсэн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тайлбар гаргах боломжоор хангах шаардлагатай. Мөн хангалттай хугацааг олгох талаар дурдсан. Тухайн тайлбарыг нь захиргааны актад тусгана гэж тодорхой заасан байна. Захиргааны актад “мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн албан бичгээр тогтоогдсон” гэж дурдсан. Ийм албан бичиг байгаа бол энэ албан бичигтэй өнөөдрийг хүртэл танилцаагүй байна. Сая гаргаж өгсөн яамны албан бичгийг хэлээгүй байх гэж бодож байна. Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргад ямар нэг чиглэл өгөөгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл дээрх мэргэжлийн байгууллага гэдэг нь аль байгууллага, ямар утга бүхий албан бичиг байсныг мэдэхийг хүсч байна. Нууцын зэрэглэлтэй мэдээлэл биш гэж бодож байна. Миний бие иргэдтэй уулзахдаа Газрын тухай хуулийн 20.1.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх гэж уулзсан. Ирэх жилийн газар тариалан эрхлэх төлөвлөгөөг танилцуулж уулзсан. Тэрнээс биш сумын нийт иргэдийн төлөвлөгдсөн хуралдаанд суугаагүй юм. Төслөө л танилцуулсан үйлдэл гаргасан. Хоёр өөр ойлголтыг буруугаар ойлгоод сонсох ажиллагаа хийсэн юм шиг зүйл тайлбарлаад байна. Захиргааны акт гарахын өмнөх үйл ажиллагааг сонсох ажиллагаа гэж байгаа юм. Дараагийн дугаарт хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдаж байна. Газрын тухай хууль нь 1992 онд батлагдсан хууль юм. Захиргааны хууль нь 2015 онд батлагдсан хууль. Үйлчлэлийн хувьд аль онд батлагдсан хуулийг баримтлах ёстой вэ? Хариуцагчийн өмгөөлөгч нь Газрын тухай хуулийг баримтлах ёстой гэж тайлбарлаад байх юм. Ажлын 10 хоног гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Манай дээр энэ албан бичиг нь 2025 оны ******* сарын 27-ны өдөр хүлээж авсан. Тиймээс ажлын 10 өдөр нь 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж байгаа юм. Манай талаас 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байх боломжгүй” гэв.
2.4. Хариуцагч **************т сумын Засаг дарга Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“” ХХК нь Дорнод аймгийн **************т сумын нутагт 2015 онд нэгж талбарын , дугаартай 4000 га газрыг үр тариа, газар тариалангийн зориулалтаар эзэмшиж, 2019 оны 01 дүгээр сард газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 6 жил дараалан ашиглаагүй. Энэ нь тухайн газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх гэрээ, Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн 2024.01.07-ны өдрийн акт, “” ХХК-ийн 2025.03.25-ны өдрийн №25/07 тоот албан бичиг, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2025.09.08-ны өдрийн 435 тоот албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон учраас сумын Засаг даргын 2025.10.08-ны өдрийн А/*******7 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
1. Ковьд-19 цар тахал нь “хүндэтгэн үзэх шалтгаан” болох эсэх тухайд:
2019 оны төгсгөлөөс 2021 оны төгсгөл хүртэл үргэлжилсэн Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь тухайн аж ахуйн нэгжийг газраа зориулалтын дагуу ашиглахад нь саад болоогүй. Учир нь: Засгийн газраас цар тахлын үед нэг дор олон хүн цуглуулахгүйн тулд урлаг, соёлын тоглолтыг хориглох, хичээл сургуулийг цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг түр зуур авсан боловч үйлдвэрлэлийг зогсоох арга хэмжээ огт авч байгаагүй. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед газар тариалангийн үйлдвэрлэл болон гадаадын хөрөнгө оруулалтыг хааж, зогсоож байгаагүй.
2. Өмнөх Засаг дарга З.-Одын эс үйлдэл гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь “2023 оны хавар Засаг дарга З.-Одод газар тариалангийн төслөө танилцуулахад зөвшөөрөөгүй эс үйлдэл гаргаж байсан” гэх тайлбараа нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд үүнийн бодит байдалд нийцэхгүй тайлбар гэж үзэж байна.
3. “Сонсох ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлийн тухайд:
Сумын Засаг даргын хувьд Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сумын нутаг дэвсгэрт газар тариалангийн зориулалтаар газар эзэмших эрх эзэмшиж, гэрээ байгуулсан боловч үйл ажиллагаа явуулахгүй олон жил болсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, гэрээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай болсон.
Энэ хүрээнд, 2019 онд гэрээ байгуулсан боловч зориулалтын дагуу ашиглахгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулахгүй байгаа “” ХХК-нд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах нөхцөл байдал бий болсон талаар 2025.02.25-нд мэдэгдсэн.
Мэдэгдлийн хариуд тус компанийн 2025.03.25-ны өдрийн №25/07 тоот албан бичгээр “Ковид хөл хорио болон хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас болж төсөл хэрэгжүүлж чадаагүй, одоогийн байдлаар 2025-2026 онд төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа, 2024 онд өвс прэсслэгч тоног төхөөрөмж худалдан авсан, газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй байж өгнө үү” гэх агуулга бүхий тайлбар, хүсэлт ирүүлсэн.
Засаг даргын хувьд тус компанийн тайлбар, хүсэлттэй танилцаад, хэдийгээр тухайн компани хүндэтгэн үзэх шалтгаангүй газраа ашиглаагүй удсан боловч цаашид хэрэгжүүлэхээр амлаж буй төсөл нь “нутаг оронд үр өгөөжтэй эсэх, тухайн багийн иргэд дэмжих эсэх”-ийг сонсохоор болсон. Ингээд 2025.05.19-нд зохион байгуулагдах багийн Иргэдийн Нийтийн хуралд төслөө танилцуулахыг тухайн компанид санал болгосон.
багийн Иргэдийн Нийтийн хуралд тухайн аж ахуй нэгж төслөө танилцуулсан боловч компанийн төлөөлөгчид иргэдээс тавьж буй асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй, хурлын дундаас хаяж гарах зэргээр иргэдэд хүндэтгэлгүй хандсан. Улмаар багийн Иргэдийн Нийтийн хурлаас тухайн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу цуцлах хүсэлтийг Засаг даргад ирүүлсэн болно.
Мөн Засаг даргын хувьд шийдвэр гаргахаасаа өмнө, сумын нутаг дэвсгэр дэх 2015 оноос хойш тариалалтын талаарх албан ёсны мэдээг Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас лавлахад тус газрын 2025.09.08-ны өдрийн 435 дугаар албан бичгээр “” ХХК-ийн нэр дээр тариалалт бүртгэгдээгүй болохыг нотолсон.
Иймд тухайн асуудлаар захиргааны акт гаргахаас өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэл хүргүүлэх, бичгээр санал авах, санал, хүсэлтийг нь биечлэн сонсох зэргээр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулж, тухайн аж ахуйн нэгжид тайлбар, санал, хүсэлт гаргах боломжийг хангалттай олгосон.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн “40.3.Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гаргасан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” Заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”[6] гэжээ.
2.5. Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2024 онд сумын Засаг даргаар томилогдсон. Ингээд өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулсан. Ер нь газар тариалангийн үр өгөөжийг суманд яаж ашигтайгаар шийдвэрлэх талаар тусгасан. Үүний дагуу тариалангийн газар эзэмшиж байгаа бүх газарт ижил тэгш эрхийг олгохыг хүссэн. Бүхий л газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дагуу “” ХХК-иас Бэлгүүн өмгөөлөгч ирж уулзсан. Миний талаас юу юугүй шууд газар эзэмших эрхийг цуцлах хүсэлгүй байсан. Үнэхээр газар тариалангийн ажил эрхлэх гэж байгаа бол тухайн газар суурьшиж буй иргэдтэй уулзаж, багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулаад төлсөө танилцуулах саналыг тавьсан. Ингээд энэ хуралдаанд Бэлгүүн өмгөөлөгч өөрөө оролцсон. Гэвч хуралдааныг дуусгахгүйгээр дундаас нь орхиод гарсан. Багийн иргэдийн хувьд газар тариалан эрхлэх хүсэлтэй газар биш байгаа нь харагдаж байна. Тиймээс үнэхээр хуулийн дагуу боломж нь байгаа бол газар эзэмших эрхийг нь цуцалж шийдвэрлэж өгнө үү гэдэг хүслийг гаргаж байсан. Мөн сая хэлсэн тайлбартай нь холбогдуулж хэлэхэд надаас “багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл”-ийг нэхэж байгаагүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Миний хувьд өөрт олгогдсон эрхийн дагуу хуулийн хүрээнд газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийг гаргасан. Тухай бүрт нь нэхэмжлэгч талд боломжийг олгож байсан” гэв.
2.6. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““” ХХК нь 2015 оны 12 сарын 23-ны өдрийн захирамжаар 15 жилийн хугацаатайгаар, 2015 оны 12 сарын 25-ны өдрийн сумын Засаг даргын захирамжаар мөн 15 жилийн хугацаатайгаар нийт 4000 га газрыг эзэмших эрхийг олж авсан. Ингээд сүүлд нь гэрээ байгуулж гэрчилгээг олгосон. Газар эзэмших эрхийг цуцлах хүртэл энэ олон жилийн хугацаанд тухайн газрыг ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байна. Энэ хугацаанд өвхөн төсөл л танилцуулсан. Гэвч бодитоор үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Хуулийн хүрээнд эзэмшигч нь тухайн газрыг ашигласан байхыг шаарддаг. Ер нь бол үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрдөг. Энэ үйл баримт нь нотлох баримтуудаар бүрэн тогтоогддог. 2016 оноос 2018 онд гэрээ байгуулагдаж гэрчилгээ олгогдоогүй шалтгааныг тухайн үед Засаг даргад хүсэлтээ өгч байсан. Ингээд 2016, 2018 онуудад гэрчилгээг олгосон гэж тайлбарладаг. Гэвч энэ тайлбар нь баримтаар нотлогдоогүй гэж үзэж байна. Газрын чанарын хянан баталгаа хийгдсэний дараа гэрээ хийгдэж, гэрчилгээ олгогддог гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Бичиг баримтаа бүрдүүлж өгсний дараа л гэрээ хийгддэг. Хэрэв үнэхээр түрүүлж баримтаа өгсөөр байтал ингэж удаан хугацаанд гэрчилгээ олгогдсон бол энэ тайлбараа нотлох хэрэгтэй гэж хэлмээр байна. Тиймээс тухайн үеийн Засаг даргыг буруутгах боломжгүй гэж харж байна. Мөн дараагийн дугаарт Ковид-19 өвчинтэй холбоотой тайлбарлаж байна. Гэвч тухайн үед үйлдвэрлэлийг дэмжиж ажиллаж байсан. Энэ тайлбарыг нийтээр мэдэж байгаа баримт юм. Мөн манай талаас гаргаж өгсөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тодорхойлолт байдаг. 2023 онд -Од даргын эс үйлдэхүйгээс болж үйл ажиллагаа эрхэлж чадаагүй гэж тайлбарладаг. Гэвч мөн л энэ талаар холбогдох нотлох баримт байхгүй байна. Дараагийн дугаарт захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбар, бусад нотлох баримтуудаар энэ тайлбар няцаагддаг. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* Засаг дарга ажил авсны дараа “мэдэгдэл”-ийг өгсөн байдаг. Энэ нь өөрөө сонсох ажиллагааны нэг хэсэг юм. Үүний дагуу төлөөлөгч нь ирж уулзсан. Төлөөлөгч нь тайлбараа гаргасан боловч багийн иргэдийн нийтийн хурлаар төслийг танилцуулах саналыг тавьсан. Ингээд багийн иргэдийн нийтийн хурал товлогдсон ба иргэдэд итгэл төрөөгүй, асуултад бүрэн хариулах боломжгүй, хуралдааныг хаяж гарч иргэдийг үл төөсөн үйлдэл гаргасан талаар сая дурдагдлаа. Газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдчихээд байхад газар эзэмших эрхийг цуцлахгүй байх нь өөрөө хуулийг хэрэгжүүлээгүй үйлдэл болох юм. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн мэдэгдлийн дараа аж ахуй нэгжийн зүгээс хариу тайлбарыг хүргүүлж байсан. Энэ талаар баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Энэ нь өөрөө сонсох ажиллагааны хэлбэр гэж хэлмээр байна. Нэхэмжлэгч талд тайлбар гаргах боломжоор хангаж ажилласан. Иймээс сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлах үндэслэлгүй юм. Захиргааны акт нь 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг дэмжиж оролцож байна. Мөн дараагийн дугаарт хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаад дараа нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Манай талаас газартай холбоотой маргааныг шууд 10 хоногийн дотор шүүхэд хандах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Монгол Улсын хуулийг нэг мөр дагаж ойлгох хэрэгтэй гэж үзэж байна. Дээрх хоёр заалт нь хоорондоо ямар нэгэн зөрчилгүй заалтууд байгаа. Тиймээс 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан 10 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс, тус шүүхэд хандан “Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/*******7 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ, “...Засаг дарга З.-Од ийм төсөл хийлгэхгүй, дахиад өөр төсөл танилцуул гэж бидэнд жил болгон хэлсээр 2019 оны сүүлээс дэлхий дахинаа Ковид-19 цар тахал гарч эхэлсэн. 2020 оны хавар гэхэд Ковид-19-ийн нөхцөл байдлаас 2 жилийн хугацаанд манай компани төслөө хэрэгжүүлж чадаагүй бөгөөд Казахстан дахь түлш компани маань цаашид төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон. ...тухайн шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй болно. ...Бид Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 93.1-д заасны дагуу “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гомдол гаргасан ба шийдвэрлэж өгөхгүй байгаа нь мөн эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэж байна. Мөн 2025 оны ******* дүгээр сарын 07-ны өдрийн 4/2391 тоот албан бичгийг 2025 оны ******* дүгээр сарын 07-нд шуудангаар манай компани руу илгээсэн боловч бидэнд шуудангаар ямар нэг бичиг ирээгүй бөгөөд бид 2025 оны ******* дүгээр сарын 27-ны өдөр холбогдож цахим шуудангаар тухайн албан бичгийг авсан болно.
Мөн **************т сумын өмнөх Засаг даргын эсх үйлдэхүй нь Газрын тухай хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээр байх бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан нь учир дутагдалтай байна. Бид Монгол улсын хууль дүрмийн дагуу тухай бүр нь газрын татвар хураамжаа төлж байсан болно...” гэж тайлбарладаг.
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, “...“” ХХК нь “тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэх үндэслэлээр Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэлд дурдсан шалтгаанууд нь нотлох баримт болон хууль зүйн хувьд “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарах үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: 2019 оны төгсгөлөөс 2021 оны төгсгөл хүртэл үргэлжилсэн Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь тухайн аж ахуйн нэгжийг газраа зориулалтын дагуу ашиглахад нь саад болоогүй. Учир нь: Засгийн газраас цар тахлын үед нэг дор олон хүн цуглуулахгүйн тулд урлаг, соёлын тоглолтыг хориглох, хичээл сургуулийг цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг түр зуур авсан боловч үйлдвэрлэлийг зогсоох арга хэмжээ огт авч байгаагүй. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед газар тариалангийн үйлдвэрлэл болон гадаадын хөрөнгө оруулалтыг хааж, зогсоож байгаагүй. Нэхэмжлэгч нь “2023 оны хавар Засаг дарга З.-Одод газар тариалангийн төслөө танилцуулахад зөвшөөрөөгүй эс үйлдэл гаргаж байсан” гэх тайлбараа нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд үүнийн бодит байдалд нийцэхгүй тайлбар гэж үзэж байна. ...Энэ хүрээнд, 2019 онд гэрээ байгуулсан боловч зориулалтын дагуу ашиглахгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулахгүй байгаа “” ХХК-нд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах нөхцөл байдал бий болсон талаар 2025.02.25-нд мэдэгдсэн. Мэдэгдлийн хариуд тус компанийн 2025.03.25-ны өдрийн №25/07 тоот албан бичгээр “Ковид хөл хорио болон хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас болж төсөл хэрэгжүүлж чадаагүй, одоогийн байдлаар 2025-2026 онд төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа, 2024 онд өвс прэсслэгч тоног төхөөрөмж худалдан авсан, газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй байж өгнө үү” гэх агуулга бүхий тайлбар, хүсэлт ирүүлсэн. Засаг даргын хувьд тус компанийн тайлбар, хүсэлттэй танилцаад, хэдийгээр тухайн компани хүндэтгэн үзэх шалтгаангүй газраа ашиглаагүй удсан боловч цаашид хэрэгжүүлэхээр амлаж буй төсөл нь “нутаг оронд үр өгөөжтэй эсэх, тухайн багийн иргэд дэмжих эсэх”-ийг сонсохоор болсон. Ингээд 2025.05.19-нд зохион байгуулагдах багийн Иргэдийн Нийтийн хуралд төслөө танилцуулахыг тухайн компанид санал болгосон. багийн Иргэдийн Нийтийн хуралд тухайн аж ахуй нэгж төслөө танилцуулсан боловч компанийн төлөөлөгчид иргэдээс тавьж буй асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй, хурлын дундаас хаяж гарах зэргээр иргэдэд хүндэтгэлгүй хандсан. Улмаар багийн Иргэдийн Нийтийн хурлаас тухайн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу цуцлах хүсэлтийг Засаг даргад ирүүлсэн болно. ...Иймд тухайн асуудлаар захиргааны акт гаргахаас өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэл хүргүүлэх, бичгээр санал авах, санал, хүсэлтийг нь биечлэн сонсох зэргээр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулж, тухайн аж ахуйн нэгжид тайлбар, санал, хүсэлт гаргах боломжийг хангалттай олгосон. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн “40.3.Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гаргасан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” Заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байна” гэж маргадаг.
5. Хэргийн үйл баримтын тухайд:
5.1. Хэрэгт авагдсан баримтуудаар, Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших, эрх шилжүүлэх тухай” А/*******4 дүгээр захирамжаар “... багийн нутаг “ ” гэх газарт давуу эрхээр үр тарианы зориулалтаар тус бүр 100 га газар эзэмшигч 20 иргэний 2000 га газрыг хавсралтанд дурьдсан иргэдийн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг “” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн”, мөн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/*******9 дүгээр захирамжаар “... багийн “ ” гэх газарт 2000 га газрыг газар тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн” байна[7].
Мөн дээрх захирамжуудыг үндэслэн 2016, 2018 онуудад нэгж талбарын дугаартай 2000 га, дугаартай 2000 га нийт 4000 га газрыг газар тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаартай эзэмшүүлж гэрчилгээ[8] олгожээ.
5.2. Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/*******7 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсэг, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасныг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.[9]
Энэ хэргийн тухайд, “” ХХК нь Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/*******4 дүгээр захирамжийн дагуу **************т сумын багийн нутаг “ ” гэх газарт үр тарианы зориулалтаар нэгж талбарын дугаартай 2000 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/*******9 дүгээр захирамжийн дагуу **************т сумын багийн “ ” гэх газарт газар тариалангийн зориулалтаар нэгж талбарын дугаартай 2000 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр тус тус авчээ.
Түүнээс хойш Засаг даргын захирамжийн дагуу **************т сумын Газрын даамал ******* 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан байна.[10]
5.3. Хариуцагчаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр, уг хуулийн 40.1.6, 40.2 дахь хэсэг, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шийдвэр гаргажээ.
5.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан бөгөөд дээрх үндэслэлийн урьдчилсан нөхцөл нь, газар эзэмшигч газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа дараалсан 2 жилд ашиглаагүй байх, дээрх ашиглаагүй байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байх утгыг агуулна.
Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд, “... Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
Мөн Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” гэж заасан.
5.5. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-д заасан үндэслэлүүд нь газар эзэмших гэрээг дүгнэж, түүнд үндэслэн шийдвэр гаргахаар байна.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар, “” ХХК-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарч, гэрчилгээ олгогдож, **************т сумын Газрын даамалтай 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан хэдий ч дээрх газрыг 2 жил дараалан ашиглаагүй үйл баримт тогтоогдож байна. Энэ талаар тухайн газар дээр “” ХХК ямар нэгэн тариалалт эрхлээгүй талаар хэргийн оролцогч нар маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй.
5.6. Ковид 19 цар тахлын улмаас 2020 оны ******* дүгээр сараас 2022 оны 02 дугаар сраын 14-ний өдөр хүртэл бүх нийтийг хамарсан хөл хорио, өндөржүүлсэн байдал тогтоосны улмаас ихэнх иргэд, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул энэхүү нөхцөл байдлыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамаарна. Гэвч энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалснаас хойш маргаан бүхий акт болох Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/*******7 дугаар захирамж гартал дараалан 2 жил өнгөрсөн байх тул газрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүйд хүргэсэн хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна.
6. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дээрхи захирамжийг хүчингүй болгуулахаар Дорнод аймгийн Засаг даргад гомдол гаргахад, Дорнод аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга ******* 2025 оны ******* дүгээр сарын 07-ны өдрийн 4/2391 тоот албан бичгээр “...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.3-д “Төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бол хянан үзэхгүй байж болно” гэж заасан. Иймд танай байгууллага тус асуудлаар өмнө аймгийн Засаг даргад хандаж, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга 2025 оны 2/1991 дүгээр албан бичиг, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2025 оны 4/2232 дугаар албан бичгүүдээр хариуг хүргүүлсэн байх тул Таны гаргасан өргөдлийг дахин хянан үзэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн байна.
7. Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй гэж маргадаг, Сонсох ажиллагааны гол зорилго нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө эрх нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх, тайлбар, нотлох баримт гаргах боломж олгох, ингэснээр захиргаа үндэслэл бүхий шийдвэр гаргахад чиглэгддэг. Хариуцагчийн зүгээс шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч маргаан бүхий актын агуулга, үндэслэлийн талаар мэдсэн, түүнд холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргасан байх тул Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.
8. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан Захиргааны байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах зохицуулалт нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимтай нийцэхгүй, өөрөөр хэлбэл дээрхи хуулийн дагуу шийдвэрийг гардан авсан буюу мэдсэнээс 30 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсаны дараа хариу авсанаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
9. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугааар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “” ХХК-ийн “Дорнод аймгийн **************т сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/*******7 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, *******4 дүгээр зүйлийн *******4.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
[1] Хэргийн 5 дугаар хуудас
[2] Хэргийн 1-2 дугаар хуудас
[3] Хэргийн 53, 76-77 дугаар хуудас
[4] Хэргийн 6-7 дугаар хуудас
[5] Хэргийн 10, 91 дүгээр хуудас
[6] Хэргийн 70-71 дүгээр хуудас
[7] Хэргийн 53, 76-77 дугаарр хуудас
[8] Хэргийн 6-7 дугаар хуудас
[9] Хэргийн 10, 91 дүгээр хуудас
[10] Хэргийн 80-81 дүгээр хуудас