Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 137/ШШ2025/00439

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                               хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,729,096.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... аймгийн ... сум ... баг төв талбай ... банк ХК /ХХД: ..., РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э Э нь 2024 оны 05 дүгээр сарын 14-ний өдөр ...Банктай 1390088216 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 37,000,000 /Гучин долоон сая/ төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, Өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Э Э ...Банк дахь ... дугаартай дансанд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 37,000,000 /гучин долоон сая/ төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2025 оны 04 дүгээр сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүгийн төлбөрийг төлөлгүй 128 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлага: 1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390088216 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 26,058,607.85 төгрөг, зээлийн хүү 1,636,050.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,438.18 төгрөг, нийт 27,729,096.97 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ... аймгийн ... сум ... баг ... тоотод оршин суух, Б овогт Э-ийн Э /РД: ..., утас:.../-ын

итгэмжлэгдсэн төлөөлөгч ... аймгийн ... сум ... баг ... гудамж ... тоотод оршин суух, Я овогт О-ын Э /РД:..., утас:.../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О овогтой Э нь Э.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. ... банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 27,659,641.71 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Э.Э-д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,729,096.97 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь зээлийн гэрээний үүрэг 27,729,096.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,729,096.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч  Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 27,729,096.97 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,595 төгрөгийн 50 хувь болох 148,297.5 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 148,297.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Э-оос 50 хувь болох 148,297.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... банк ХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Э.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б