| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 102/2024/03846/И |
| Дугаар | 191/ШШ2025/02164 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/02164
2025 03 18 191/ШШ2025/02164
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоотод оршин суух, Бо овогт Лу-ийн Пү /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У хот, Ч дүүрэг, дугаар хороо, С тоотод байрлах, Пр па ХХК /РД:....../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 57,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Пү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Пү нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Пр па ХХК-д мах нийлүүлэхээр харилцан тохиролцож 05 дугаартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу худалдагч тал болох нэхэмжлэгч Л.Пү-гийн зүгээс худалдан авагч талын өгсөн захиалгын дагуу барааг нийлүүлэх үүргийг, худалдан авагч тал болох Пр па ХХК нь зах зээлийн ханшаар тооцон нийлүүлсэн махны үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Ийнхүү гэрээ байгуулагдсаны дараа нэхэмжлэгч Л.Пү нь хариуцагч Пр па ХХК-ийн 5 дугаар сард өгсөн захиалгын дагуу чанарын стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүслийн гэрчилгээ бүхий хонины бүтэн цул 740.7 кг, гуяны цул 198.8 кг, хонины ястай гуя 110.9 кг, хонины хавирга 969.4 кг тус тус захиалагчийн захиалсан тоо, хэмжээгээр цаг тухайд нь нийлүүлж, түүнийг хариуцагч компанийн итгэмжлэгдсэн ажилчид болох нягтлан бодогч Ч.Ба, ахлах тогоочид махны ширхэг бүрээр доголдол байгаа эсэхийг тухай бүр шалгуулж, жинлүүлж хүлээлгэн өгч, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд худалдан авагч тал гэрээний 4.3-т худалдагч талаас нийлүүлэх бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог харилцан тооцоо нийлж тулсны дараа сардаа 2 удаа төлбөр тооцоог шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу төлбөрөө шилжүүлэх ёстой байсан.
Гэтэл хариуцагч Пр па ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 2 дахь төлөлт болон 05 дугаар сарын төлбөрүүдийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бөгөөд нэхэмжлэгч Л.Пү нь удаа дараа утсаар болон хариуцагч компанийн байранд биечлэн очиж НӨАТ-өө шивүүлж, төлбөрөө төлөхийг шаардсан боловч тус компанийн зүгээс янз бүрийн шалтаг, шалтгаан хэлж хугацааг хойшлуулж байсан.
Улмаар нэхэмжлэгч Л.Пү нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Пр па ХХК-ийн ресторан хариуцсан захирал Э.Он-гийн цахим шуудан руу төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлсний эцэст хариуцагч Пр па ХХК-ийн ресторан хариуцсан захирал Э.Он-той уулзахад нийлүүлсэн махны төлбөрт төлөх ёстой байсан нийт 108,298,270 төгрөгийн 58,298,270 төгрөгийг төлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг танай нийлүүлсэн мах ямааны мах байсан, зах зээл дээр ямааны мах хонины махнаас хямд учраас урьд нийлүүлсэн бүх махны мөнгөнөөс зөрүүг хасаж тооцон өгнө гэх үндэслэлгүй тайлбаруудыг хэлж үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй. Дээрх гэрээний зүйл болох махыг нийлүүлэхдээ нэхэмжлэгчийн зүгээс гарал үүслийн гэрчилгээг хавсаргасан бөгөөд нийлүүлж байх үед худалдан авагч тал тухай бүрд нь хяналт шалгалтаа хийж, нийлүүлсэн махыг сайшааж хүлээж авсан байдаг. Ийнхүү нийлүүлсэн махны ширхэг бүрээр шалгаж хүлээн авч, уг асуудлаар нийлүүлэх хугацаанд ямар ч гомдол гаргаж мэдэгдэж байгаагүй бөгөөд нийлүүлсэн махыг аль хэдийн захиран зарцуулчхаад төлбөрөө төлөх болоход ямар махыг шинжлүүлсэн нь үл мэдэгдэх баримт гаргаж гэрээний үүргээ гүйцэтгэхээс зайлсхийж буй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчихөд хүргээд байна.
Дээрх үүрэгтэй холбоотойгоор хохирол учирсан тухайд гэвэл хариуцагч гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж төлбөрөө төлдөггүй байсны улмаас нэхэмжлэгч худалдан авагчийн захиалсан их хэмжээний махыг өдөр тутам бэлтгэхэд санхүүгийн боломжгүй болж улмаар өөрийн танилаас эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр 20,000,000 төгрөгийн зээл авч байж мах нийлүүлэх гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Гэвч хариуцагч Пр па ХХК нь захиалсан махны төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас дээрх зээлийг хугацаанд нь буцаан өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэж нийт 300,000 төгрөгийн хүү төлөх нөхцөл байдал үүссэн.
Мөн хариуцагчтай байгуулсан гэрээний 5.4-д өмгөөлөгчийн хөлс, бусад нэмэлт зардлыг хохирол учирсан хэмээн тооцохоор байгаа тул нэхэмжлэгч дээрх үүргийн зөрчилтэй холбоотой өөрт учирсан хохиролд нийт 7,300,000 төгрөгийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас нэхэмжилж байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэг, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 2.1, 4.3-т тус тус заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 50,000,000 төгрөгийг учирсан хохирол болох 7,300,000 төгрөгийн хамт нийт 57,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнд талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: ...Нэхэмжлэгч Л.Пү нь шүүхэд 57,300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 57,300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Пр па ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №5 дугаартай гэрээний төлбөрт талууд тооцоо нийлж 44,000,000 төгрөгийн өглөгтэй байна. Гэрээний 4.2-т нийлүүлсэн барааны үнийн дүнд НӨАТ багтсан байхаар талууд тохиролцсон. Иймээс НӨАТ-ийн дүн 3,436,673 төгрөгийг хасаад 40,563,327 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр талууд тохиролцлоо. Эвлэрлийг баталж, шүүгчийн захирамж албажин гарсны дараа ажлын 5 хоногт багтаан нэхэмжлэгч Л.Пү-гийн ХА ба-ны ........ тоот дансанд шилжүүлэхээр тохиролцлоо гээд нэг талаас нэхэмжлэгч Л.Пү, нөгөө талаас хариуцагчийн төлөөлөгч Б.Өн нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Пү нь хариуцагч Пр па ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 57,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Пр па ХХК нь гэрээний төлбөрт 44,000,000 төгрөг төлөхөөс НӨАТ-ын дүн болох 3,436,673 төгрөгийг хасаж үлдэх 40,563,327 төгрөгийг эвлэрлийг баталж, шүүгчийн захирамж албажин гарсны дараа ажлын 5 хоногт багтаан нэхэмжлэгч Л.Пү-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч Л.Пү-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444,450 төгрөгөөс 222,225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 222,225 төгрөг болон хариуцагч Пр па ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 180,383.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Пүд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л.Пү-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Пр па ХХК-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 57,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Пр па ХХК нь гэрээний төлбөрт 44,000,000 төгрөг төлөхөөс НӨАТ-ын дүн болох 3,436,673 төгрөгийг хасаж үлдэх 40,563,327 төгрөгийг эвлэрлийг баталж, шүүгчийн захирамж албажин гарсны дараа ажлын 5 хоногт багтаан нэхэмжлэгч Л.Пү-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Л.Пү-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444,450 төгрөгөөс 222,225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 222,225 төгрөг болон хариуцагч Пр па ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 180,383.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Пүд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ