| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 2417000310058 |
| Дугаар | 2024/ДШМ/19 |
| Огноо | 2024-10-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2024/ДШМ/19
С.Б холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
прокурор Т.Түмэнжаргал,
шүүгдэгч С.Б,
түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун /цахимаар/,
иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Э /цахимаар/
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нарыг оролцуулан
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Б холбогдох 2417000310058 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, - оны - дугаар сарын -ны өдөр Д аймгийн З суманд төрсөн, - настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Д аймгийн С сумын - дугаар баг, - дугаар гудамжны - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх Д овогт С Б /РД: /,
Шүүгдэгч С.Б нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өглөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зорчих авто замын чиглэлийн 443/216 дахь километрийн шонгийн ойролцоо Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу зорчихоор “-” улсын дугаартай “-” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж урсгал сөрсний улмаас тухайн замаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “-” улсын дугаартай “-” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган, улмаар У.С амь насыг хохироож, Б.Б биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Яллагдагч С.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт С Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А төлөх гэм хорын төлбөргүй, хохирогч Б.Б гэм хорын хохиролд 307 300 төгрөгийг төлснийг, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн комбизон 1 ширхэг, дотуур өмд 2 ширхэг, биеийн тамирын өмд 1 ширхэг, оймс 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хүрэн өнгийн хүрэм 1 ширхэг, хар өнгийн футволка 1 ширхэг, хүрэн өнгийн гутал 1 ширхэг зэргийг тус тус устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч С.Б 5 715 000 /таван сая долоон зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, хохирогч Б.Б нь ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх “А б” компанийн үнэлгээ үнэн зөв, хөдөлбөргүй тогтоогдсон байна гэж үзэн хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд нь гомдолтой байна. Бидний зүгээс “А б” ХХК-ийн үнэлгээ нь хэт бага, дутуу үнэлсэн байх учраас хуульд заасан эрхийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй этгээд болох “Х с” компаниар тухайн үедээ үнэлгээг дахин хийлгүүлсэн. Энэ талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдлоо гаргаж явсан. “А б” ХХК 5 280 000 төгрөгөөр үнэлсэн бол “Х с” ХХК нь 72 507 000 төгрөгөөр үнэлсэн хэт зөрүүтэй үнэлгээтэй байгаа. Бид дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтээ тухайн үедээ өгч байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээг бүрэн тогтоож чадаагүй байна гэж манай зүгээс үзэж байна. Манай компани уул уурхайн хүнд даацын машин механизмын сэлбэг хэрэгслүүдийн засвар үйлчилгээг үзүүлдэг үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Уг - улсын дугаартай машин нь манай импортын бараа материалыг татан авахад ажиллагаа гүйцэтгэдэг машин байсан. Тухайн үеийн ослоос болж үүссэн эвдрэлийг одоо хүртэл засварлаагүй, үйл ажиллагаануудад доголдол үүсэж нөлөөлсөн, хор уршгууд өдрөөс өдөрт гарсаар байгаа. Энэ бүх хохирлуудаа бүрэн гүйцэд үнэлүүлж чадаагүй гэж үзэж байгаа. Бид нар хохирлоо дахин тогтоолгох хүсэлтэй байгаа. Гарсан хохирлоо шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнөх 5 000 000 төгрөгөө яаж төлье дээ гэж бодож байна. Хөгшинтэйгөө хоёулаа 2 жилийн хугацаагаар тэтгэврийн зээл авчихсан. Гар ийм болсон болохоор би өөрөө ажил хийх боломжгүй, тэтгэвэр ч байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг сонслоо. Би ойлгохдоо эрүүгийн хэрэг дээр иргэний нэхэмжлэлийн асуудлаа хэлэлцэхгүйгээр иргэний журмаар нэхэмжлээд авъя гэж ойлголоо. Анхан шатны тогтоол дээр “А б” компанийн үнэлгээ бодитой гарсан байна гэж иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдсэн байдаг. “Х с” компанийн гаргасан үнэлгээг үзэхээр бодитой биш үнэлгээ байгаа. Яагаад гэвэл бүгдийг нь засварлахгүй, солихоор гаргуулчихсан байгаа. Энэ үнэлгээнүүд хэр бодит, үнэн зөв тооцсон үнэлгээ мөн үү, биш үү гэдэг дээр анхан шатны шүүх дүгнээд “А б” компанийн гаргасан үнэлгээг барьж шийдвэрлэсэн нь оновчтой болсон байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Иргэний нэхэмжлэгч байгууллагаас иргэний нэхэмжлэлийн асуудал дээр анхан шатны шүүх хурал дээр ирж оролцоогүй. Сая давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлын үндэслэлээ тайлбарлах явцдаа энэ асуудлыг шийдүүлэхгүйгээр иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөөч гэдэг байдлаар хандаж байна гэж надад ойлгогдлоо гэв.
Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Иргэний нэхэмжлэгчийн хэлж байгаа зүйл нь үндэслэлгүй байна. “Х с” компанийн зүгээс гаргасан шинжээчийн дүгнэлт гэх зүйл нь мөрдөн шалгах ажиллагаанаас гадуур буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заагдсан ажиллагаа биш, өөрсдөө хувийн байдлаар хийлгэсэн асуудал байгаа. Үүнийг бодитой гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл “А б” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2294 дугаартай автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 5 715 000 төгрөг бодитой хохирол гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр хүлээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдлын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч С.Б нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өглөө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зорчих авто замын чиглэл 443/216 дахь километрийн шонгийн ойролцоо Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу зорчихоор “-” улсын дугаартай “-” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж урсгал сөрсний улмаас тухайн замаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “-” улсын дугаартай “-” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган, улмаар У.С амь насыг хохироож, Б.Б биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Б гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Э, гэрч Д.Э, П.У нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлсөн болон төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь тохирсон ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Э “ ... “А б” ХХК-ийн 5 715 000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг хэт бага, дутуу үнэлсэн байх тул хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй этгээд болох “Х с” ХХК-д хандаж гаргуулсан тайлангийн үнэлгээ болох 72 507 750 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэж давж заалдсан гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, ... тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно.” 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.”, 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.”, 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж зааснаар “А б” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг анхан шатны шүүх үнэлсэн нь хуульд нийцсэн байна.
Учир нь, иргэний нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаас гадуур, өөрсдийн ажил хэргийн харилцаатай этгээд болох “Х с” ХХК-д хандан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг гаргуулсан байх бөгөөд анхан шатны шүүх ‘’ ... иргэний нэхэмжлэгч О. Э нь “Х с” ХХК-ны автомашин техникийн үнэлгээг үндэслэж - улсын дугаартай “ -” загварын тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэлд 72 507 750 төгрөг нэхэмжилснийг хүлээн авах боломжгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох “А б” ХХК-аар хийлгэж тогтоолгосон ... хохирол болох 5 715 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Э давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ О.ОДНЯМАА