Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/46

 

А.Е- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолтой, 

 

шүүгдэгч  А.Е-, А.Б- нарт холбогдох эрүүгийн 2413000000253 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч А.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч А.Б-ы өмгөөлөгч Д.Айбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **хүнтэй, ***** хамт ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт А.Е- /РД:***********/,

 

2. Монгол Улсын иргэн,  яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ********** суманд төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, ****** ажилтай, ам бүл ** хүнтэй, *********хамт ********* багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял, мөн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай  овогт А.Б- /РД:************/,

 

3. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

3.1. Шүүгдэгч А.Б-, А.Е- нар нь бүлэглэж, согтуурсан үедээ 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Толбо сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Ө-тай маргалдаж, улмаар түүний эзэмшлийн ****БӨТ улсын дугаартай “Тоуоtа гаv-4” загварын тээврийн хэрэгслийн урьд салхины шил болон урд буферыг баруун дээд хэсгээр нь хагалж, баруун урд талын хаалгыг хонхойлгох зэргээр устгаж, гэмтээсний улмаас хохирогч Н.Ө-т бага хэмжээнээс дээш буюу 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Прокурорын 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 189 дүгээр яллах дүгнэлтээр А.Б-, А.Е- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн  2024/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолоор: 

5.1.Шүүгдэгч Б овогт А-ийн Е-, Б овогт А.Б- нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.Б-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е-, А.Б- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е-, А.Б- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

5.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е-, А.Б- нар нь хохирогч Н.Ө-т гэмт хэргийн хохирол, хор уршигт нийт 2.304.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Н.Ө-ын өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

5.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт шүүгдэгч А.Е-аас 1.500.000 төгрөг, шүүгдэгч А.Б-аас 1.500.000 төгрөг тус тус гаргуулан хохирогч Н.Ө-т олгож шийдвэрлэжээ.

 

            6. Шүүгдэгч А.Б-ы давж заалдах гомдлын агуулга:

            6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн Эрүүгийн хэрэг үүсгэж аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

            6.2. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь дүгнэж үзээгүй, тухайн үед миний бие А.Б- нь Н.Ө-тай уулзаад зогсож байсан.

            6.3. Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт Ө-ын машины цонхны шилийг хэн хагалсныг би мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг дүгнэж үзээгүй.

            6.4. Гэрч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт хохирогч Ө-ын машиныг Е- нь тойрч, өшиглөж байсан машины урд шилийг эхлээд 2 удаа гараараа цохиж байсан ба харин дахиж нэг удаа цохиход машины шил хагарсан гэж мэдүүлсэн асуудлыг анхан шатны шүүх дүгнэж үзээгүй.

            6.5. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2024 оны 8 дугаар сарын-16-ны өдөр хуралдаж шүүгдэгч А.Б- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 700 нэгж буюу 700 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан.

            6.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/185 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд зохих журмын дагуу өөрчлөлт оруулж, торгуулийг багасгаж өгнө үү.

 

            7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б- давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлын агуулгын үндэслэл нь оногдуулсан эрүүгийн хариуцлагатай холбоотой гомдол гэж ойлголоо.

7.2. Тухайн гэмт хэргийг буюу хохирогч Н.Ө-ын эд зүйлийг устгаж, гэмтээх гэмт хэргийг А.Б-, А.Е- нар бүлэглэн үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Мөн адил хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон.

7.3. Анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч нар гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч оролцсон. Шүүгдэгч А.Б-ы хувьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.  Түүний хувийн байдлыг харгалзан, хэдийгээр хохирогчид учирсан хохирлыг арилгасан, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ч гэсэн, шүүгдэгчид шүүхийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэсэн.

7.4. Шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаад торгох шийтгэл оногдуулсан. Тэгэхээр шүүгдэгч А.Б-ы давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн зүгээс түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж чанар, учруулсан хор уршигт тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулсан. Өөрөөр хэлбэл А.Е-ын хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзаж, түүнд 600,000 төгрөг торгох шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч А.Б-д 700,000 төгрөг торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймээс шүүгдэгч А.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Б-ы гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй.

10. Шүүгдэгч А.Е-, А.Б- нар нь согтуурсан үедээ, бүлэглэж 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Толбо сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Ө-тай маргалдаж, улмаар түүний эзэмшлийн ****БӨТ улсын дугаартай “Toyota rav-4” загварын тээврийн хэрэгслийн урьд салхины шил болон урд буферыг баруун дээд хэсгээр нь хагалж, баруун урд талын хаалгыг хонхойлгох зэргээр устгаж, гэмтээсний улмаас хохирогч Н.Ө-т бага хэмжээнээс дээш буюу 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

-Иргэн Н.Ө-аас бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

-Хохирогч Н.Ө-ын эзэмшлийн ****БӨТ улсын дугаартай “Toyota rav-4” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-23 дахь тал/,

-Хохирогч Н.Ө-аас гаргаж өгсөн СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэг /хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

-Хохирогч Н.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 43-44, 155 дахь тал/,

-Гэрч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

-Гэрч Л.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

-Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

-Гэрч С.Е-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,

-Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн БӨА-24-0176 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 68-72 дахь тал/,

-Шүүгдэгч А.Е-, А.Б- нараас хохирогч Н.Ө-т гэмт хэргийн хохирол, хор уршигт нийт 2.304.000 төгрөг төлж өгсөн тухай баримтын хуулбар /хавтаст хэргийн 132 дахь тал/ болон хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь хэргийн нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор шалгаж хянасан, анхан шатны шүүх яллах ба цагаатгах талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг бүрэн сэргээн тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.   

            11. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэх боловч мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид “бүлэглэсэн” гэж хуульчлагдаагүй байхад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тухайн гэмт хэргийн үндсэн шинжид хамаатуулан шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн эхний заалтыг хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэргийг Эрүүгийн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд нийцээгүй байх тул дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг гагцхүү мөн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчмын агуулгыг хуульчлан тогтоожээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаас судалж үзвэл, А.Е-, А.Б- нар нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч бүлэглэж үйлдсэн гэх энэхүү нөхцөл байдлыг шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинжид хамааруулж хуульчлаагүй байна.

Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцохдоо түүний үйлдсэн, гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжээр нь /эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлаар нь бус/ гэм буруутайд тооцох нь эрүүгийн эрх зүй дэх хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцэх учраас шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “бүлэглэж” гэснийг хасаж өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилжээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, гагцхүү хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ. Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ талаарх хуульд заасан нийтлэг журам, үндэслэлүүдийг баримталсан, шүүгдэгч тус бүрд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн үйлдсэн эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, бүлэглэж үйлдсэн буюу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хохирол, төлбөрийг арилгасан, хохирогчид сэтгэцэд учирсан хор уршигт тооцож 3,000,000 төгрөгийг сайн дураараа хувааж төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч А.Е-, А.Б- нарын тус бүрд оногдуулсан торгох ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон буюу шударга ёсны зарчмыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймээс шүүгдэгч А.Б-ы “надад оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү ” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

14. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тухайн гэмт хэргийн үндсэн шинжид заагаагүй үндэслэлийг дурдсан зэрэг алдааг залруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “бүлэглэж” гэснийг хасаж өөрчлөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “бүлэглэж,” гэснийг хасаж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр нь үлдээж, шүүгдэгч А.Б-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК