Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 119/ШШ2026/0032

 

                                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн ** овогтой **,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **,

            Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал /дарга **/,

            Гуравдагч этгээд: **,

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагч **, гуравдагч этгээд **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.  

2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулж, Хүрэнбулаг багийн Засаг даргад **,** нар нэр дэвшжээ.

3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Засаг даргыг сонгох санал хураалтаар нэр дэвшигч ** нь сонгогчдын олонхын буюу 56.4 хувийн санал авч, Хүрэнбулаг багийн Засаг даргаар сонгогдсон тул “Хүрэнбулаг багийн Засаг даргад томилуулахаар уламжлах тухай” 05 дугаартай тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан.

4. Нэхэмжлэгч ** нь 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч ** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

5.1. Ирцэд бүртгэгдсэн 227 иргэнийг бүртгэхдээ нэрийг ирцийн бүртгэлийн хүснэгтэд бичиж оруулсан бөгөөд ийнхүү бүртгэхэд тухайн иргэн нь Хүрэнбулаг багийн иргэн мөн эсэх нь тодорхойгүй, ирцийн бүртгэлийг иргэдээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй, иргэний улсын бүртгэлд өөр хаягт бүртгэлтэй иргэдийг хуралд оролцуулж, тэдгээрийг иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга болон багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцуулсан зэрэг зөрчлүүд гарсан.

5.2. Хуралдааны үеэр иргэд энд ирсэн хүмүүс дотор манай багт бүртгэлгүй, өмнө нь бүртгэлтэй байсан боловч өөр баг руу шилжсэн хүмүүс байна, энэ бол хууль бус гэсэн гомдол, санал гарсан боловч үүнийг үл тоож хурлыг үргэлжлүүлэн явуулсан.

5.3. Хүрэнбулаг багт бүртгэлгүй иргэдийг хуралд оролцуулж санал өгүүлсэн бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэснийг зөрчсөн.

5.4. Хуралдааны ирцийн бүртгэлийг хуралд оролцсон иргэдээр гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй ба тухайн ирцэд бүртгэгдсэн иргэн өөрийн биеэр ирсэн эсэх нь тодорхой бус бөгөөд өөр тухайн ирцийн бүртгэлд бүртгэгдсэн иргэн биеэр ирсэн эсэхийг зөвхөн гарын үсгээр нотлох боломжтой гэж үзэж байна.

5.5. Нэг хүн олон удаа санал өгсөн. Зарим иргэдийг санал хураах ажиллагаанд оролцоогүй байхад оролцсон гэж тэмдэглэн саналыг өгүүлэлгүй сонгох эрхийг зөрчсөн бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 32.5.2. асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох эрхийг зөрчсөн.

5.6. Хурлын ирц 227 иргэн ирснээр хүчинтэй болсон бөгөөд хурлын дэгийг зөрчиж Засаг даргыг сонгох санал хураалт болоход 264 иргэн болж нэмэгдэж 37 иргэнийг ирцэд нэмж оруулан санал хураалтын ажиллагаанд оролцуулсан нь хуралдааны дэгийг зөрчсөн.

5.7. Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн холбогдох заалт болон хуралдааны дэгийг зөрчсөн, Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 9 дэх хэсэгт заасан сонгох, сонгогдох иргэний үндсэн эрхийг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгуулах замаар хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээр үндэслэл нь Хүрэнбулаг багт бүртгэлгүй иргэдийг хуралдаанд оролцуулсан гэж тайлбарлаж байгаа. Энэ нь хаягийн лавлагаагаар тодорхой тооны иргэд Хүрэнбулаг багт бүртгэлгүй тухайн хуралд оролцсон нь тогтоогдож байгаа. Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэж заасныг зөрчиж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн Хүрэнбулаг багийн иргэд тухайн хуралд оролцож, тухайн шийдвэрлэж байгаа асуудлаар саналаа гаргах эрхтэй оролцох ёстой боловч энэ хуралдаанд Хүрэнбулаг багт бүртгэлгүй хүмүүс оролцсон болох нь улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа, тодорхойлолтоор тодорхойлогдож байгаа. Хоёрдугаарт хурлын ирцийн бүртгэлийг хуралд оролцсон иргэдээр гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй ба тухайн ирцэд орсон иргэн өөрийн биеэр ирсэн эсэх нь тодорхой бус байна. Тухайн иргэн биеэр ирсэн эсэхийг зөвхөн гарын үсэг нотлох боломжтой. Ирц бүртгэгдсэн байгаа 264 иргэн ирсэн эсэх асуудал тодорхой бус байдалтай байсан. Зарим иргэдийг санал хураалтад оролцоогүй байхад нь оролцсон гэж тэмдэглэж санал өгүүлэлгүй, сонгох эрхийг нь зөрчсөн. Азжаргал, Ганди, **, Тугсүрэн гэдэг иргэд сонгох эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэдэг үндэслэл бий. Хурлын ирц 227 иргэн ирснээр хүчинтэй болсон. Хурал эхлэхэд ирцэд бүртгэгдсэн иргэдээр ирцийг таслаад цааш хуралдаан үргэлжлэх ёстой байтал хурлын батлагдсан дэгийг зөрчиж Засаг даргыг сонгох санал хураалт болоход 37 иргэнийг ирцэд нэмж бүртгэж оролцуулсан нь хуралдааны дэгийг мөн зөрчиж байгаа юм.

Хэрэгт авагдсан баримтаар улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн лавлагаа мэдээллээр тодорхой тооны хаягийн бус иргэд багийн Иргэдийн Нийтийн хуралд оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Нууцаар санал хураасан учраас тэр иргэд хэнд саналаа өгснийг нь тогтоох бололцоогүй. Энэ хүмүүсийн санал эцсийн сонгуулийн дүнд нөлөөлсөн эсэх асуудал бас тодорхой бус бөгөөд шүүх үүнд нөлөөлсөн эсэх талаар дүгнэхэд бэрх нөхцөл байдал үүсэж байна. Нэгэнт энэ асуудлаар талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд дахин санал хураалт явуулах байдлаар энэ маргаантай асуудлыг шийдэх ёстой. Хэдийгээр И-Монголиа шалгаж хуралд оролцуулсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар хаягийн бүртгэлгүй тодорхой тооны иргэд оролцсон нь тодорхой болж байгаа тул Монгол улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг зөрчсөн байна гэж үзэж байна. Хоёрдугаарт энэ хурлыг багийн ажлын алба зохион байгуулсан гэдэг зүйл ярьж байна. Мэдээж Монгол улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хуучин иргэдийн Нийтийн Хурал, түүний зөвлөл, мөн багийн ажлын алба зохион байгуулсан юм байна. Гэхдээ нэхэмжлэгч нь нэр дэвшигчээр оролцсон учраас сонгуулийн зохион байгуулалтад өөрөө оролцоогүй гэдгээ хэлж байна. Оролцсон тухай баримт ч хэрэгт авагдаагүй. Тийм учраас энэ маргаантай асуудлыг миний хувьд нэгэнт хаягийн бус иргэд энэ хуралдаанд оролцсон тохиолдолд дахин санал хураалт явуулаад, үүнд тухайн багт бүртгэлтэй хүмүүсийг оролцуулаад, эндээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 55, 56 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлага хангасан, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх ёстой. Иймд нэхэмжлэгч багийн Засаг даргыг уламжлах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа. Иймд түүний өмгөөлөгчийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу маргаан бүхий актыг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

7. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Хүрэнбулаг багт бүртгэлгүй иргэдийг хуралд оролцуулж санал өгүүлсэн ....гэжээ. Хурлын бүртгэл нь багийн ажлын албаар зохион байгуулагдсан бөгөөд оролцсон иргэд нь тухай багийн иргэд байсан. Тооллогын комисс иргэдийг санал өгүүлэх явцад е-монголиас хаягийн бүртгэлээр давхар хяналт явуулж санал өгүүлсэн. Мөн ** нь нэр дурдсан “**, **, ** нарыг өөр багт бүртгэлтэй гэдгийг миний бие баттай мэдэж байна” гэжээ. ** нь Хүрэнбулаг багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, сонгуулийг Хүрэнбулаг багийн Засаг даргын ажлын алба зохин байгуулсан, дээр дурдагдсан иргэд тооллогын комисст оролцсон. Тэгсэн атлаа тухай үед эсэргүүцэл гаргаагүй атлаа сонгуулийн үр дүн гарсны дараа маргаж байгаа нь бодит цагийн маргаан биш харин сонгуулийн үр дүнтэй холбоотой хожмын байр суурь гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч нь “Хуралдааны ирцийн бүртгэлийг хуралд оролцсон иргэдээр гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй ба тухай иргэн ирцэд бүртгэгдсэн иргэн өөрийн биеэр ирсэн эсэх нь тодорхой бус бөгөөд өөр тухайн ирцийн бүртгэгдсэн иргэн биеэр ирсэн эсэхийг зөвхөн гарын үсгээр нотлох боломжтой гэж үзэж байна “ гэсэн байна.

1.Ирцийн бүртгэлийг багийн ажлын алба зохион байгуулж, хуралд оролцогчдыг бүртгэсэн.

2.Хурлын үйл ажиллагаа нээлттэй, ил тод явагдсан бөгөөд оролцогчид биечлэн оролцсон. Тооллогын комисс иргэд санал өгөх явцад Е-монголиагаас хаягийн болон иргэний үнэмлэхийн лавлагаатай тулгаж үзэж байсан.

3.Ирцийн бүртгэлд гарын үсэг зуруулаагүй нь Засаг даргын сонгуулийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

4.Нэхэмжлэгч нь ирцэд бүртгэгдсэн ямар иргэн оролцоогүй талаарх баримт, нотолгоо байхгүй байна.  Иймд ирцийн бүртгэлд гарын үсэг зуруулаагүй гэх үндэслэл нь хурлын ирцийг бодит бус гэж үзэх, санал хураалтыг хүчингүйд тооцох хангалттай үндэслэл болохгүй байна гэж үзэж байна.

3. Нэг хүн олон санал өгсөн. Жишээлбэл 4-5 байрны 79 тоот хаалганд бүртгэлтэй ** 2 удаа санал өгсөн нь дуу дүрсний бичлэгт бичигдсэн .... гэжээ.Тооллогын комисс санал хураалтыг хянаж, давхардал үүсгэхгүй байх зарчмаар ажилласан.

4.3арим иргэдийг санал хураах ажиллагаанд оролцоогүй байхад оролцсон гэж тэмдэглэн саналыг өгүүлэлгүй сонгох эрхийг зөрчсөн жишээлбэл **, **, **, **... гэх мэт иргэд сонгох эрхээ хэрэгжүүлээгүй гэжээ. Ирцийн бүртгэлд **, **, **гэх иргэдийн бүртгэл байсан. Бүртгэлтэй 3 иргэний хувьд бүртгэгдсэн нь баримтаар тогтоогдож байна. Харин иргэн **гийн хувьд нэрсийн жагсаалтад анхнаасаа байгаагүй тул юм.

5.Хурал 2026 оны 01 сарын 31-ний өдрийн 08.20 цагт 227 иргэн бүртгэгдсэнээр эхэлсэн бөгөөд бүртгэл үргэлжлэн нийт 282 иргэн бүртгэгдсэн. Иргэдийн Нийтийн Хурлын даргын сонгууль энэ бүртгэлээр явагдаж, тухайн үед маргаан гараагүй. Засаг даргын сонгуульд 264 иргэн санал өгсөн нь бүртгэлтэй иргэдээс 18 хүн санал өгөөгүйг харуулж байгаа бөгөөд санал өгөөгүй энэ нь журам зөрчсөн үйлдэл биш юм.

Нэхэмжлэгч тал саналын хуудсыг нээх хэрэггүй гэсэн учраас саналын дүнг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. 264 хуудас гарч ирсэн, ** 115 санал, 149 санал буюу 34 хүний саналын зөрүүтэй энэхүү болсон бодит сонгуулийн үр дүнг зөвшөөрсөн гэж ойлгож байна. 282 хүнээс иргэд гарч яваад 264 хүн үлдээд санал өгсөн, саналын хуудас нь гарч ирсэн. Тэгээд тооллогын комисс тогтоолоо өгөөд, би тэр тогтоолыг нь үндэслээд 05 дугаартай Засаг даргад уламжлах тухай тогтоолыг иргэдээр батлуулаад, зохих газар нь холбогдох бичиг баримтыг бүгдийг нь тэр орой нь хүргэж өгсөн. Хоёрдугаарт багийн ажлын алба зохион байгуулж байгаа учраас ямар хүмүүс орж ирснийг мэдэхгүй. Ямар ч байсан 282 хүн бүртгэсэн. ** гэдэг хүн **той хурал дуустал хамт сууж байсан хүн мөн биз дээ. Өөр багийн хүн гэдгийг мэдсээр байж, таньдаг байсан хэр нь тухайн үед болиулъя гэж хэлээгүй байж үр дүн гарсны дараа хэлж байгаа юм бэ. Тухайн үед нь хэлсэн бол тэр хүнийг гаргах боломж бүрдсэн байсан шүү дээ. Тэр байтугай тооллогын комиссын дарга хурлын тэмдэглэл дээр “И-Монголиа давхар үзнэ шүү” гээд хэлж байсан. Тооллогын комиссын 7 хүн нэг нэгээр нь нэр дуудаж тулгаад, И-Монголиаг шалгаад санал өгч болно гээд оруулж байсан шүү дээ. Баттай мэдэж байсан **, ** гэх хүмүүс мөн иргэдийн хурлын төлөөлөгч **ын ажлын газрын хүн байна лээ шүү дээ. Мэдэж байсан юм бол яагаад тухайн үедээ гомдол гаргаж хэлж хасуулаагүй юм бэ? Зориудаар оруулчхаад дараа нь ингэж болдог юм уу?. Иймд иргэдийн Нийтийн Хурлын 05 тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэв.

8. Гуравдагч этгээд ** шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Нэхэмжлэлдээ ... Хүрэнбулаг багт бүртгэлгүй иргэдийг хуралд оролцуулж санал өгүүлсэн ... гэж дурджээ. Нэхэмжлэгч ** нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилдаг бөгөөд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч **ын шууд удирдлага доор ажилладаг багийн ажлын алба хурлын бүртгэлийг хийж, иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан өөр багийн иргэд гэх **, **, ** нар нь нэхэмжлэгч **ыг Хүрэнбулаг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн өмнөх Засаг дарга **ийн санал болгосон иргэд юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нэр дурдсан гурван иргэнийг өөр багийн иргэд гэдгийг баттай мэдэж байна гэснээс үзэхэд өөр багийн иргэдийг оруулж ирсэн бол нэхэмжлэгч ** болон түүний ажлын албын санаатай хийсэн ажиллагаа гэж үзэж байна.

2. Нэхэмжлэлд мөн ... хуралдааны ирцийн бүртгэлийг хуралд оролцсон иргэдээр гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй ба тухайн ирцэд бүртгэгдсэн иргэн өөрийн биеэр ирсэн эсэх нь тодорхой бус... гэж дурдсан байна. Орхон аймаг, Баян-Өндөр сумын, Хүрэнбулаг багийн иргэдийн нийтийн хурлын сонгуулийг нэхэмжлэгч **той шууд хамаарал бүхий, түүний удирдлага доор ажилдаг хүмүүс зохион байгуулсан. Хэрвээ хуралдааны ирцийг бүртгээгүй, хуралд оролцсон иргэдээр гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй гэвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох нь зөв гэж үзэж байна.

3. Нэхэмжлэлд ... нэг хүн олон удаа санал өгсөн гэж дурджээ. Сонгуульд оролцсон иргэд нэг л удаа саналаа өгсөн.

4. Нэхэмжлэлд ... **, **, **, **гэх мэт иргэд сонгох эрхээ хэрэгжүүлж чадаагүй... гэж дурдсан байна. Нэхэмжлэлд дурдсан нэр бүхий хүмүүс бүгд саналаа өгсөн бөгөөд зарим иргэд нь согтуу ирсэн байсан.

5. Нэхэмжлэлд ... 37 иргэнийг ирцэд нэмж оруулан санал хураалтын ажиллагаанд оролцуулсан нь хуралдааны дэгийг зөрчсөн... гэж дурджээ. Хуралдаан даргалагч болон тооллогын комиссын шийдвэрээр хоцорсон хүмүүсийг нэмж бүртгэсэн бөгөөд эдгээр асуудлаар хуралдааны явцад ямар нэгэн гомдол гаргаагүй. Хоцорсон хүмүүсийг нэмж бүртгэж байхад тухайн хуралдаанд нэхэмжлэгч ** нь ямар нэгэн санал гомдол гаргаагүй бөгөөд нэмж бүртгэснийг зөвшөөрсөн гэж үзэж байна.

Надад нэг мэдээлэл байна. Үүнийг би нотлох баримт гэж өгөөгүй. Гэхдээ харуулж болох байх. Үүн дээр сая нэр дурдагдаад байгаа хүмүүс дандаа тантай хамт зургаа авхуулсан байна. Тайзан дээр гараад тантай хамт зургаа авхуулаад байсан. Сүүлд 30 гаруй хүний нэрс улсын бүртгэлээс ирлээ. Нас барсан хүн угаас бүртгэлд байгаагүй. Ингээд харахаар 12 хүн нь тооллогын комиссын даргаар ажилласан **, тооллогын комисст ажилласан ** гэх мэт хүмүүс байгаа юм. Энэ хүмүүс тайзан дээр байгаа учраас өөрсдөө бүртгэлгүйгээр саналаа  өгөх боломжтой. Ирц дээр нэр нь бүртгэлтэй. Тэгсэн мөртөө давуу эрхээрээ шууд саналаа өгөх эрхтэй байсан. Үүнийг мэдэн будилаад байгаа юм уу? Шүүхэд нэг санал хэлье. Би тухайн багт маш олон жил амьдарч байгаа. Уулзаж байгаа хүмүүс ажил төрөл яаж байна гэж надаас асуухад би юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа. Иймд шүүх иргэдийн саналыг баталгаажуулж өгнө үү” гэв.

 9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. Засаг даргаар уламжлаад байгаа 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 5 үндэслэл гаргаж байгаа. Нэгдүгээрт хуралдааны ирцийн тухайд ирцийн бүртгэл дээр гарын үсэг зуруулсангүй гэдэг асуудал ярьж байна. Дотоод дэгийг тогтоосон байсан. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.8.2-т зааснаар хуралдааны дэгийг иргэдийн Нийтийн Хурал эрхийн хүрээнд тогтоосон байдаг. Үүний дагуу хуралдааны дэг баталсан нь хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Ирцийг бүртгэж гарын үсэг зуруулж баталгаажуулах талаар тодорхой ажиллагаа хийх нэгэн зүйл дэгд тусгагдаагүй. Хоёрдугаарт хариуцагч өөрөө хэлж байна. И-Монголиа баримттай нь харьцуулан иргэдийг тухайн зохион байгуулж байгаа хүмүүс шалгаж үзээд санал авсан учраас өөр багт харьяалалтай иргэдийг буцааж байсан. Нэг хүн олон удаа санал өгсөн гэж байгаа бол өөрсдөө нотлох ёстой. Хэрэгт авагдсан баримтаар энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Зарим иргэдийг санал хураах ажиллагаанд оролцуулаагүй байхад нь оролцсон гэж тэмдэглээд саналыг нь өгүүлээгүй, сонгох эрхийг зөрчсөн гэсэн байна. Нэг ч иргэн сонгох эрхийг нь зөрчсөн гэдэг асуудлаар санал гомдол гаргаагүй. Тэгэхээр хэн нэгний эрх зөрчигдөөгүй байна гэж харж байна. Өөрсдөө эрх нь зөрчигдөөгүй гэж үзэж байхад нэхэмжлэгч өмнөөс нь эрх нь зөрчигдсөн гэдэг зүйл ярих нь хэр үндэслэлтэй вэ гэдгийг анхаарах нь зүйтэй. Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын ирцийн бүртгэлд 282 хүний бүртгэл байгаа. Үүний дагуу сонгуулийн санал хураах процесс явагдсан байна. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд тухайн иргэн саналын эрхтэй оролцоно. 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно” гэж заасан байна. 282 хүн тухайн үед бүртгүүлээд, санал авах ажиллагааны явцад зарим иргэн хурлын даргыг сонгох үйл ажиллагаанд оролцоод, дараа нь завсарлаад Засаг даргыг сонгох үйл явцад тухайн иргэд өөрсдөө оролцоогүй явсан байж магадгүй. Гэхдээ анх 282 хүн ирцийн бүртгэлд байгаа. 282 иргэд санал өгсөн бөгөөд өөрсдөө биечлэн ирсэн учраас хурлын оролцогч болсон байна. Тухайн иргэдийн санал авах ажиллагаа нь И-Монголиа бүртгэлээр баталгаажуулж санал авсныг Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлээр нотолж байгаа. Хоёрдугаарт хэрэгт авагдсан баримтаас харахад өөр багийн 12 иргэний асуудал байна. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын сонгуулийн саналын зөрүү 34 байгаа. 12 хүн өөр багийн иргэн байсан юм байна. Гэхдээ Хүрэнбулаг багийн Засаг даргыг сонгох санал хураалтын дүнд энэ нь нөлөөлөхгүй гэж үзэж байна. Энэ 12 хүн хэнд санал өгсөн нь тодорхой бус боловч 12-уулаа нэхэмжлэгчид саналаа өгсөн ч сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй нөхцөл байдал харагдаж байна. Гуравдугаарт сонгууль хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байна. Захиргааны үйл ажиллагаа бол Захиргааны ерөнхий хуульд заасан тодорхой тусгай зарчмын хүрээнд явагдана. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай шаардлагуудыг хангасан тогтоол буюу захиргааны акт гарсан гэж харж байна. Яагаад гэвэл хуулийн хүрээнд бичиг баримтуудыг шалгасан байна, иргэдийн саналыг тооллогын комисс тоолоод, үр дүнд нь хэн ч санал гомдол гаргаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Ингээд тогтоол гарсан байна. Тэр тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий, тодорхой шаардлага хангасан байна. Энэ тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж харагдаж байна. Дээрх хүчингүй болгох нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар байхгүй. Нэхэмжлэгч өөрийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна гэж нэхэмжлэл гаргасан байгаа боловч сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр ноцтой зүйл биш гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан. 

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд багийн Засаг даргад **,** нар нэр дэвшжээ.

2.2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 264 иргэн саналын хуудас авч оролцсон байх бөгөөд битүүмжилсэн саналын хайрцагнаас 264 саналын хуудас гарч тоолоход ** 149 хүний санал буюу 56.4 хувийн санал, ** 115 хүний санал буюу 46.4 хувийн санал авсныг тооллогын комиссын 02 дугаартай тогтоолоор баталгаажуулсан. /Хавтаст хэргийн 96 дахь тал/

2.3. Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар 01 дугаартай “Хуралдааны дэг батлах тухай” тогтоол, 02 дугаартай “Редакцын комиссын дарга, гишүүд сонгох тухай”, 03 дугаартай “Тооллогын комиссын дарга, гишүүд сонгох тухай”, 04 дугаартай “Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга сонгох тухай”, 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай”, 06 дугаартай “Хурлын зөвлөл байгуулах тухай” тогтоолуудыг баталсан. /Хавтаст хэргийн 70-78 дахь тал/

2.4. **  нь Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолтой маргасан бөгөөд бусад тогтоолуудтай маргаагүй болно.

2.5. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас иргэдийн олонхын санал авсан **ыг Хүрэнбулаг багийн Засаг даргаар томилуулахаар 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдсон.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:

3.1. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.2. Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 цаг 20 минутад 227 иргэний ирцтэй эхэлсэн бөгөөд сүүлд нэмэгдэж ирсэн иргэдийг нэмж бүртгэн хуралдаанд оролцуулан багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 264 иргэн оролцож санал өгсөн нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.”, 32.6-д "Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн... төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд ... аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэж зааснаар ирцийн хувьд хурал хүчинтэйд тооцогдоно.

3.3. Багийн Засаг даргын сонгох санал хураалтад 264 иргэн биеэр оролцож, саналын хуудас авч, санал өгсөн үйл баримт тогтоогдож байх тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно” гэж зааснаар 264 иргэнийг багийн Засаг даргыг сонгох хуралдаанд оролцсон гэж үзнэ.

3.4. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад **,** нарын нэрийг дэвшүүлж, тухайн хоёр нэр дэвшигч дээр санал хураалт явуулсан байх бөгөөд тооллогын комиссын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаартай тогтоолоос дүгнэхэд хүчингүйд тооцсон саналын хуудас гараагүй, харин нэр дэвшигч ** 149 хүний санал буюу 56.4 хувь, нэр дэвшигч ** 115 хүний санал буюу 46.4 хувийн санал тус тус авсан болохыг тооллогын комиссын тогтоолоор баталгаажуулсан.

3.5. Нэхэмжлэгч ** нь тооллогын комиссын энэхүү тооллогын дүн, саналын хуудасны хүчинтэй эсэх асуудлаар маргаагүй.

3.6. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-т “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана;”, 56.5.2-д “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус зааснаар Хүрэнбулаг иргэдийн Нийтийн Хурлаас тус багийн Засаг даргаар **ыг томилуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

3.7. Тодруулбал, Хүрэнбулаг багийн Засаг даргад нэр дэвшигч ** нь багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонхын буюу 56.4 хувийн саналыг авсан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасан “...Хуралд оролцсон иргэдийн...олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасан шаардлагыг хангасан.

3.8. “Олонх” гэх үгний утга агуулгыг “Монгол хэлний их тайлбар толь”-цахим хувилбар болон **ийн “Монгол хэлний тайлбар толь”-д “Ямар нэгэн зүйлийн хагасаас илүү хувийг эзэлж байгаа”-г хэлнэ гэж тайлбарласан бөгөөд хуульд заасан “олонхын санал” гэдгийг хуралдаанд оролцсон нийт иргэдийн талаас илүү буюу “50+1” саналыг ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, Засаг даргад нэр дэвшигч нь нийт санал өгсөн иргэдийн талаас илүү хүний саналыг авсан байхыг хуулийн дээрх заалтаар шаарджээ.

3.9. Иймд Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулж, хуралд оролцсон иргэдийн олонхын шийдвэрийн үндэслэн гарсан хуульд нийцсэн захиргааны акт гэж дүгнэв.

3.10. Нэхэмжлэгчээс “Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд өөр багийн иргэд оролцсон нь саналын дүнд нөлөөлсөн” гэж маргасан.

3.11. Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон тухайн багт харьяалалгүй иргэдийн талаарх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хоёр удаагийн лавлагаа авахад тухайн лавлагаа авсан иргэдийн мэдээллээс нийт 12 иргэн Хүрэнбулаг багийн харьяалалгүй, 1 иргэн нас барсан бүртгэлтэй лавлагаа ирүүлсэн.

Тодруулбал, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20/482 дугаартай албан бичгийн 1 дэх хавсралтын 3.**, 7.**, 8.**, 9.**, 10.**, 11.**, 14.**, 2 дахь хавсралтын 6.А.**, 7.**, 8.**, 9.**, 19.** гэсэн иргэд 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар тухайн багт харьяалалгүй байжээ. /Хавтаст хэргийн 170-181, 200-216 дахь тал/

3.12. Багийн Засаг даргад нэр дэвшигч нарын саналын дүн 34 хүний саналаар зөрүүтэй байгаа энэ нөхцөлд тухайн багт харьяалалгүй 12 иргэн хуралд оролцож санал өгсөн нь санал хураалтын дүнд нөлөө үзүүлэхгүй байна . Тодруулбал, тухайн багт харьяалалгүй 12 иргэн тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож санал өгсөн нь хоёр нэр дэвшигчийн саналын зөрүүгээс бага, мөн **ы 149 хүний саналаас өөр багт харьяалалтай 12 хүний саналыг хасаж 137 хүнээр саналын дүнг тооцоход ч нийт хуралдаанд оролцсон 264 иргэний 51.8 хувьтай тэнцэж байна.

3.13. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байх бөгөөд уг маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх ,хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй болох нь тогтоогдож байна.

 3.14. Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална: 12.1.6.нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх” гэсэн зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.15. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг үндэслэн **ыг багийн Засаг даргаар томилох асуудлыг Баян-Өндөр сумын Засаг дарга хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

4.  Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгосон шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй бөгөөд багийн Засаг даргыг сонгосон саналын хуудасны хүчинтэй эсэх, буруу тоолсон эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй, шүүх хуралдаанд шинжлэн судлах шаардлагагүй гэсэн тул эдгээр саналыг хуудсыг нотлох баримтаас хасаж, хоёр дугтуй бүхий саналын хуудсыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд буцаан хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 32 дугаар зүйлийн 32.4, 32.6, 32.8.4, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч **ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.УУГАНЦЭЦЭГ