Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 225/МА2022/00009

 

 

 

 

 

 

  2022        04            06                                         225/МА2022/00009

 

                                                                         

 А.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 155/ШШ2022/00125 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: А.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Баасанд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг, банкинд өөрийн төлсөн, төлөх зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн тал хувь болох 12,820,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай хэргийг хариуцагч М.Баасан, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч М.Баасан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.******* нь М.Баасантай танилцаж, 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд хүү Б.Түвшинзаяаг 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрүүлсэн.

Бид хоёр гэр бүл болсноос хойш М.Баасан нь архи байнга хэрэглэж үүнээс бидний хооронд хэрүүл, маргаан тасралтгүй үргэлжилж цаашид амьдрах нөхцөлгүй болсон. Нөхрийн байнга архи дарс хэрэглэдэг нь үр хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон. Өмнөх жилүүдэд би зодуулж, биедээ гэмтэл авч цагдаагийн байгууллагад хандаж байсан.

... Иймд цаашид М.Баасантай хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна, хүүгээ өөрийн асрамжид авна. Хүүдээ тэтгэлэг гаргуулна. Дундын өмчлөлөөс 8х12 харьцаатай өвлийн сууц, хашааны хамт, приус-11 маркийн суудлын автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмж тодруулахдаа: ... Нөхөр болох М.Баасантай хамтран өмчлөх дундын хөрөнгийн тухайд тохиролцоонд хүрч чадахгүй байгаа тул хамтран эзэмших дундын эд хөрөнгө болох

1. Мөрөн сумын 7-р баг, 03-р гудамж 02А тоотод байгаа Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-17230008908 бүртгэлтэй №000560845 дугаар бүхий гэрчилгээтэй, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000396015 дугаартай гэрчилгээ бүхий 21,591,000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө

2. Prado-95 маркийн 6760 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 11,000,000 төгрөг, Prius-11 маркийн 8303 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 4,500,000 төгрөг, бог мал ... нийт 8,750,000 төгрөгийн бог мал,

Бод мал: ... нийт 13,400,000 төгрөгийн бод мал, нийт малын үнийн дүн 22,150,000 төгрөг, Мөнх-Очир овогтой******* бид хоёрын хамтран зээлдсэн нийт зээл 25,640,000 төгрөг байгаа тул уг зээлийн тал болох 12,820,000 төгрөгийг М.Баасангаар төлүүлэх, мал үл хөдлөх хөрөнгө болон 2 тооны тээврийн хэрэгслийн үнэ болох нийт 29,241,000 төгрөгийг 3 хувааж үүнээс хүү бид хоёрт ногдох 39,494,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Баасан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.*******гийн нэхэмжлэлдээ дурдсан шиг би түүнийг зодож эрх чөлөөнд нь халдаад байнгын хэрүүл маргаан үүсгээд байдаг асуудал байхгүй. Харин эсрэгээрээ А.******* ямар ч шалтгаангүйгээр байнгын уурлаж, уурласан үедээ биеэ хянах чадваргүй болж намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж, миний биед байнгын гар хүрч байдаг.

... А.*******гийн нэхэмжлэлд дурдсан шиг хэрүүл маргаан болж хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх асуудлын тухайд надаас шалтгаалах гэхээсээ илүүтэй эхнэрийн өөрийнх нь ааш авиртай холбож ойлгох байтал нотлогдож тогтоогдоогүй сөрөг зүйлс болгоноо надтай холбон бичсэн байна. Эхнэр бид 2 зах дээр хоёр лангуу ажиллуулан комиссын хувцас зарж амьдрал ахуйгаа авч явдаг ба тэр хавийн наймаа хийдэг хүмүүс намайг ямар хүн болохыг болон бидний хоорондын харьцаа ямар байдгийг сайн мэднэ. Миний бие А.*******тай гэр бүл болж албан ёсоор бүртгүүлснээс хойш нэг хүү төрж, бид арав гаруй жил хамтран амьдрахдаа хашаа байшинтай, 2 машинтай, хамтын бизнестэй болсон. Энэ бүхнийг бүгдийг А.******* авах хууль зүйн үндэслэл ч байхгүй байх. Мөн сургуулийн насны хүүхдийг эцгээс нь салгаад хүмүүжил төлөвшилд нь сайн нөлөө үзүүлнэ гэж байхгүй нь ойлгомжтой гэж эцэг миний зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэгч А.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 155/ШШ2022/00125 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т тус тус зааснаар Тайж Мөнх-Очирын*******, Дархан Аюурзанын ******* нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Тайж*******гийн Түвшинзаяаг эх Дархан Аюурзанын *******гийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар Тайж*******гийн Түвшинзаяаг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Тайж Мөнх-Очирын*******гаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-д тус тус зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 21,591,000 үнэтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны 2а тоотод байрлах 383 м.кв талбайтай хашаа, түүн дотор байрлах 88 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 11,000,000 төгрөгийн үнэтэй 6760 ХӨВ улсын дугаартай Land Cruiser авто машин, 1,000,000 төгрөгийн үнэтэй нас гүйцсэн морь 1 толгой , 1,000,000 төгрөгийн үнэтэй соёолон насны үрээ 1 толгой, тус бүр нь 1,000,000 төгрөгийн үнэтэй нас гүйцсэн гүү 2 толгой, тус бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй шүдлэн байдас 2 толгой, тус бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй шүдлэн үрээ 2 толгой, тус бүр нь 400,000 төгрөгийн үнэтэй даага 2 толгой, тус бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй борлон ямаа 6 толгой, тус бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй эм хонь 2 толгой зэрэг нийт 41,091,000 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.*******, болон хүү Б.Түвшинзаяа нарт, 4,500,000 төгрөгийн үнэтэй 8303 ХӨҮ улсын дугаартай Pruis-11 маркийн авто машин, тус бүр нь 130,000 төгрөгийн үнэтэй нас гүйцсэн эр ямаа 35 толгой, тус бүр нь 80,000 төгрөгийн үнэтэй нас гүйцсэн эм ямаа 20 толгой, тус бүр нь 150,000 төгрөгийн үнэтэй хязаалан эр хонь 8 толгой, тус бүр нь 100,000 төгрөгийн үнэтэй эм хонь 3 толгой, тус бүр нь 80,000 төгрөгийн үнэтэй төлгөн хонь 5 толгой, тус бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй борлон ямаа 4 толгой тус бүр нь 1,000,000 төгрөгийн үнэтэй гүү 3 толгой, тус бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй хязаалан үрээ 2 толгой, 800,000 төгрөгийн үнэтэй хязаалан байдас 1 толгой, тус бүр нь 800,000 төгрөгийн үнэтэй шүдлэн үрээ 3 толгой зэрэг нийт 20,550,000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч М.Баасанд тус тус үлдээж, нэхэмжлэгч Б.*******гийн банкинд төлсөн, төлөх зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн тал хувь болох 12,820,000 төгрөгийг хариуцагч М.Баасангаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийг журамлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,167 төгрөгөөс 687,904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн 269,263 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч М.Баасангаас 467,834 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Хуланд даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг М.Баасанд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.*******д тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Баасан болон түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар давж заалдах гомдолдоо: ... Тус хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 155\ШШ2022\00125 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэн иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө.

Иймд өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар сонгон авсан өмгөөлөгч Б.Манлайбаярын хамтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагч М.Баасан миний хувьд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...дахиж эвлэрэх хугацаа өгвөл авмаар л байна...” гэж эхнэртэйгээ эвлэрэх саналтай байгаагаа илэрхийлсэн боловч шүүх уг хүсэл зоригийг минь үл хайхарсан.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Гэрлэгчдийн хувьд ... гэрлэлт цуцлах ноцтой шалтгааны талаар баримт хэрэгт авагдаагүй ...” гэж дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна” гэх заалтыг ноцтойгоор зөрчиж, мөн хуульд заасан эвлэрлийн гурав хүртэл сарын хугацааг өгөх боломж олгосонгүй.

Хэдий тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Б.Мөнхтуяагийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд эвлэрэх 3 сарын хугацаа өгч, эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлэхээр заасан... гэрлэгчид идэвхи санаачилгагүй хандаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэн, аль нь оролцоогүй..." гэж дүгнэсэн байх боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан эсэх нь тодорхойгүй, тус ажиллагааг шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлээгүй буюу шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 155/Ш32020/03105 дугаартай захирамж нь биелэгдээгүй, хэрэв энэ ажиллагаа явагдсан бол энэ талаар нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байхад маргааныг хэт нэг талаас нь харж, шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн дээр дурдсан шүүгчийн захирамжид заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тус хэргийг урьд шийдвэрлэсэн шүүгч Р.Сарантуяагийн захирамжаар хийгдсэн ажиллагаа бөгөөд Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 225/МА2021/00005 дугаартай магадлалаар “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан...” өдрөөс хойш эрх зүйн үр дагаврын хувьд нотлох баримтын шинжээ алдаж, үгүйсгэгдэх юм.

2. Хариуцагч М.Баасан миний хувьд шүүхийн хэлэлцүүлгийн явцад хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд харин хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн.

Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5779 дугаартай “...М.Баасан нь Б.Түвшинзаяагийн биологийн эцэг байх боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “....биологийн эцэг биш байх нь эцэг байх эрхийг хязгаарлахгүй, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Хүүхэд төрснөөр... Хүүхдийг үрчлэн авснаар... Дагавар хүүхэд хойт эцэг хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх үүрэг үүснэ...” гэж хуульчилсан. Харин хариуцагч М.Баасан надаар овоглогдох 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Түвшинзаяа нь миний төрсөн хүүхэд биш, мөн манай гэр бүл энэ хүүхдийг үрчлэн аваагүй, манай эхнэрийг дагаж ирсэн дагавар хүүхэд ч биш юм. Тийм ч учраас миний бие хүү Б.Түвшинзаяаг өөрийн төрсөн хүү мөн эсэхийг тогтоолгох зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг үндэслэл болгон хүүхдийн эцгийг шүүхийн журмаар эцэг тогтоох шинжилгээг хийлгэх өргөдлийг гаргасан. Дээрх эцэг тогтоох хуульд заасан ажиллагаа нь хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэгдэн явагдахаар хуульчилжээ.

Миний хувьд нэхэмжлэгч А.*******тай хүү Б.Түвшинзаяаг төрөхөөс өмнө эр, эмийн харилцаатай байсан нь үнэн боловч, түүний хууран мэхлэлт, гэр бүлийн гадуур харилцааг мэдэх боломжгүй байснаас шалтгаалж, өдийг хүртэл “өөрийн хүү” мэтээр итгэж ирснийг Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэсээр байтал “эцэг байх үүрэг”-ээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:... Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэп, хариуцагчийн 100 орчим мал байсан, үүнээс тусдаа амьдарснаас хойш Б.******* огт аваагүй гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллого”-ын баримтанд тусгагдсан малын төрөл, нас зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 83 тооны бог мал, 19 тооны бод мал нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв” гэсэн нь мөн л ойлгомжгүй юм.

Өөрөөр хэлбэл, М.Баасан миний хувьд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...ямар, ямар насны бод мал нь хэд, бог мал нь хэд байсан зэрэг тоо толгойг тодорхойлоогүй” гэж мэдүүлсэн бөгөөд өөрийн өмчлөлд байсан цөөн тооны малаас тусдаа амьдарснаас хойш хамтран авсан зээлийг төлөхөд зарцуулсан гэж татгалзлаа тайлбарласан. Мөн зөвхөн Ашид билгүүн ХХК-иас /Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багийн Өвөр хужирт гэх газарт үнэлгээчин өөрийн биеэр очиж хийсэн/ ирж үнэлгээ тогтоох үед байсан малыг хуваахыг зөвшөөрч байна гэж маргасан.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллого”-ын баримтад тусгагдсан малын төрөл, нас зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 83 тооны бог мал, 19 тооны бод малыг бодит хэмээн тооцож, үнэлж байгаа нь үндэслэлгүй юм.

Тодруулбал, энэхүү 83 тооны бог мал, 19 тооны бод мал нь эхнэр А.*******гийн өөрийн төсөөллөөр гаргаж ирсэн хийсвэр тоо бөгөөд 2019 оны мал тооллогын баримтыг үнэн бодит бус тооллогын баримт гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл шүүх хэт нэг талыг баримталж зөвхөн Итгэлт-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчиж шинжилгээний обьектыг огт хараагүй, очиж танилцаагүй/-д дурдсан буюу нэхэмжлэгч А.*******гаас нэрлэн заасан тоогоор малын тоог үнэн бодит хэмээн үнэлж байгаа нь ойлгомжгүй бөгөөд манай гэр бүлийг яг хэдэн тоо, толгой малтай болохыг тодорхойлсон нотлох баримт байхгүй байхад дан ганц нэхэмжлэгчийн үгээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэдий хариуцагч М.Баасан миний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй нь үнэн боловч нөгөө талаас нэхэмжлэгч А.******* нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо огт байхгүй “...83 тооны бог мал, 19 тооны бод мал”- ыг ямар үйл баримтад үндэслэн нэхэмжилж байгаагаа тодорхойлж, нотлоогүй бөгөөд мөн хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу уг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээс өөрт болон хүүхдэдээ ногдох мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан хангалттай үндэслэл байгааг анхаарч үзсэнгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заасныг үндэслэл болгон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 155\ШШ2022\00125 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь М.Баасанд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах, банкинд өөрийн төлсөн, төлөх зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн тал хувь болох 12,820,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хэрэгт цугласан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлж, 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Түвшинзаяа төрсөн үйл баримт хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна /хх-н 5-6/.

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл” /хх-9/-ээс үзвэл уригдсан тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 155/ШЗ2020/03105 дугаартай захирамжаар гэрлэгчдэд эвлэрэх 3 сарын хугацаа өгч, эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлэхээр заасан боловч “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тухай тэмдэглэл” /хх-57/-ээс үзэхэд зохигчид эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх тал дээр идэвх санаачилгагүй хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэн аль нь оролцоогүй байх тул шүүх гэрлэгчдийн хүсэл зоригийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалсан нь үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн шаардлага болон тэдгээрт гаргасан тайлбараас үзвэл, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдүүдээ хэний асрамжид үлдээх талаар маргаагүй бөгөөд харин хариуцагч “би хүүгийн биологийн эцэг нь биш учир төлөхгүй, хүүхдийн төрсөн эцгээс нэхэмжлэх ёстой...” гэсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй гэж маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хүсэлтийн /хх71/ дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 155/ШЗ2020/04558 дугаартай захирамжаар Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаар хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээг хийлгүүлэхээр шийдвэрлэжээ /хх-82/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5779 дугаартай дүгнэлтэд “...М.Баасан нь Б.Түвшинзаяагийн биологийн эцэг байх боломжгүй байна” гэж дүгнэсэн байх боловч гэрлэгчдийн хүү Б.Түвшинзаяаг эцэг М.Баасангаар овоглосон улсын бүртгэл хүчин төгөлдөр байх тул түүнийг эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Түүнчлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг биелүүлэхийн зэрэгцээ хүүхэдтэйгээ уулзах, хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран оролцох эрхтэй. 

Иймд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Б.Түвшинзаяаг эцэг М.Баасангаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцжээ.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А.******* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг ... нийт 37,000,000 төгрөгөөр үнэлж 83 тооны бог малыг 8,750,000 төгрөгөөр, 17 тооны бод малыг 13,400,000 төгрөгөөр үнэлж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тодорхойлон үүнээс хүү Б.Түвшинзаяа болон өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 17 тооны бод мал 13,400,000 төгрөг гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хоёр даагыг тооцоогүй мөн буруу нэмж тооцсон тул нийтдээ 15,800,000 төгрөгөөр үнэлэгдэх 19 толгой бод малыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны 2а тоотод байрлах 383 м.кв талбайтай хашаа, түүн дотор байрлах 88 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,11,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 6760 ХӨВ улсын дугаартай Land Cruiser Prado-95 маркийн авто машин, 4,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн 8303 ХӨҮ улсын дугаартай Prius-11 маркийн авто машин, 8,750,000 төгрөгөөр үнэлж 83 тооны бог мал, 15,800,000 төгрөгөөр үнэлж 19 тооны бод малаас ногдох хэсгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч М.Баасан нь нэхэмжлэлд дурдсан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүлээн зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 39,494,000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй, харин нэхэмжлэгчийн 83 тооны бог, 19 тооны бод малаас ногдох хэсгийг Ашид билгүүн ХХКомпаниас ирж үнэлгээ тогтоох үед байсан малыг хуваахыг зөвшөөрч байна гэж маргасан байх ба татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлоогүй байна.

Шүүх Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримтанд тусгагдсан малын төрөл, нас, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн 21,591,000 төгрөгөөр үнэлэгдсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжны 2а тоотод байрлах 383 м.кв талбайтай хашаа, түүн дотор байрлах 88 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 11,000,000 төгрөгийн үнэлэгдсэн 6760 ХӨВ улсын дугаартай Land Cruiser Prado-95 маркийн авто машин, 4,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн 8303 ХӨҮ улсын дугаартай Pruis-11 маркийн авто машин, нийт 8,750,000 төгрөгөөр үнэлсэн 83 тооны бог мал, 15,800,000 төгрөгөөр үнэлсэн 19 тооны бод малыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хуваарьт хөрөнгө болох талаар тайлбарлаж маргаагүй байна.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно гэж заасны дагуу Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө, авто машин, бог болон бод малыг Итгэлт-Эстимэйт, Ашид билгүүн компанийн үнэлгээгээр нийт 61,641,000 төгрөгөөр тооцон, гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн үнэлгээг 20,547,000 төгрөг гэж үзэн талуудын тайлбар, үнэлгээ хийсэн баримтыг үндэслэн дээрх хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 20,550,000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч М.Баасанд үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Банкинд төлсөн, төлөх зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн тал хувь болох 12.820.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А.*******, хариуцагч М.Баасан нар нь хамт амьдарч байх хугацаандаа 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бизнесийн зээл 15,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мал барьцаалсан зээл 5,000,000 төгрөгийг тус тус авсан үйл баримт тогтоогдож байна /хх-ийн 24-30-р тал/.

Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа мал барьцаалж авсан 5,000,000 төгрөгийн зээлийг бид 2 хоёулаа хувааж төлөөд дууссан гэх бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сараас хойш 15,000,000 төгрөгийн зээлийг би өнөөдрийг болтол ганцаараа төлж байгаа, тиймээс төлсөн болон үлдэж байгаа зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр нийтдээ 25,640,000 төгрөг болсон. Үүний тал хувийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч 15,000,000 төгрөгийн зээлээс би өнөөдрийн байдлаар үлдэгдлийг хувааж төлж болох юм. Гэхдээ үлдсэн зээлээсээ хэтэрсэн хүү тооцсон үлдэгдэл үлдсэн байгаа тул үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дээрх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч нэхэмжлэгч Б.******* нь хэдэн оны хэдэн сараас хойш хэдэн төгрөгийн зээлийг өөрөө төлсөн, одоо ямар үлдэгдэлтэй байгаа болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч хариуцагчийг мал барьцаалсан зээлийг төлсөн учир хасаж тооцож болно гэх боловч хэдэн төгрөгийг хасах, үлдэгдэл нь хэд болох, үүнээс зээлийн үндсэн төлбөр болон хүү хэдэн төгрөгийг тооцож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй энэ талаараа нэхэмжлэгч тодруулаагүй, зээлийн гэрээнээс өөр баримтыг ирүүлээгүй учир шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын бусдад төлөх өрийг хуваах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Гэрлэгчид гэдэг бол гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлэх бөгөөд уг гэрлэлтийг цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох зээлийн үлдэгдэл хэсгийг тодорхойлох үр дагавар бий болдог.

Иймд хамт амьдрах хугацаанд бий болсон зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн тал хувийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардах хууль зүйн үндэслэлтэй хэдий ч энэхүү шаардлагынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн банкинд төлсөн болон төлөх зээлийн төлбөрийн тал хувь болох 12,820,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасан “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна” гэх заалтыг ноцтойгоор зөрчсөн, “....биологийн эцэг биш байх нь эцэг байх эрхийг хязгаарлахгүй, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, яг хэдэн тоо, толгой малтай болохыг тодорхойлсон нотлох баримт байхгүй байхад дан ганц нэхэмжлэгчийн үгээр шийдвэрлэсэн нь буруу” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 155/ШШ2022/00125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

                               ШҮҮГЧИД                                   Б.СОСОРБАРАМ

                                                  Н.БАЯРХҮҮ