| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00955/И |
| Дугаар | 302/ШШ2025/00043 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 302/ШШ2025/00043
| 2025 01 15 | 302/ШШ2025/00043 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн У сумын 2 дугаар багт оршин суух, К овогт Зын А
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар Аын Ныг Б.Зт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч З.А, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Т.Б,
Үрчилж авсан эх К.Т,
Орчуулагч М.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч З.А нь Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар Аын Ныг Б.Зт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие З.А болон эхнэр Б.С нар өөрсдийн хоёр дахь хүүхэд болох 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Ныг Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар өөрийнхөө эцэг эх болох Б.З, К.Т нарт үрчлүүлсэн. Улмаар хүүхэд маань хичээлд орох үед өөрийн асрамжид авсан. Учир нь миний эцэг, эх хөдөө сумын төвөөс хол С гэх газарт амьдардаг. Харин би болохоор Хөх-хөтөл гэх газарт багийн төвд амьдардаг. Бага наснаасаа миний асрамжид байгаад сурч боловсорч байна. Үрчлэн авсан эцэг Б.З, эх К.Т нар нь одоо 68 настай, нас нэлээд өндөр болсон, биеийн эрүүл мэнд тааруухан байгаа тул хүүхэд асран хамгаалах чадваргүй болж байгаа учраас хүү Ныг төрүүлсэн эцэг, эх болох эхнэр Б.С бид хоёрт буцаан өгөхөөр болж тохирсон юм. Хүү Н нь одоо манай гэрт бидний гарт хүмүүжигдэж, У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцаж байгаа болно.
1.2. Иймд Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар Аын Ныг Б.Зт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас З.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамж, З.А, Б.З, К.Т нарын иргэний үнэмлэхийн хуулбар, З.Нын төрсний бүртгэлийн лавлагаа, З.А, Б.С нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, З.Нын хүсэлт, Б аймгийн У сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, У сумын 3 дугаар дунд сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, З.А, Б.С нарын хүсэлт, Б.З, К.Т нарын хүсэлт, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн У сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Б.Зын хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/1313 дугаартай албан бичгээр хүргүүлсэн иргэн З.А, Б.С, Б.З, К.Т, З.Н нарын ХААТР маягтууд, З.Нын төрсний, үрчилсний бүртгэлийн журналын хуулбар, З.А, Б.С нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5. Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд Миний бие З.А болон эхнэр Б.С нар өөрсдийн хоёр дахь хүүхэд болох 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Ныг Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар өөрийнхөө эцэг эх болох Б.З, К.Т нарт үрчлүүлсэн. Улмаар хүүхэд маань хичээлд орох үед өөрийн асрамжид авсан. Учир нь миний эцэг, эх хөдөө сумын төвөөс хол С гэх газарт амьдардаг. Харин би болохоор Хөх-хөтөл гэх газарт багийн төвд амьдардаг. Бага наснаасаа миний асрамжид байгаад сурч боловсорч байна. Үрчлэн авсан эцэг Б.З, эх К.Т нар нь одоо 68 настай, нас нэлээд өндөр болсон, биеийн эрүүл мэнд тааруухан байгаа тул хүүхэд асран хамгаалах чадваргүй болсон тул Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар Аын Ныг Б.Зт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
5.1. Хүүхдийг үрчилж авсан эх К.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбар: Анх үрчилж авах үед З.Аын хүүхэд бид нарын хамгийн том ач хүү байсан тул бид нар үрчилж авсан. Мөн тэд нар бид нартай хамт нэг гэр бүлд амьдардаг байлаа. Тэгээд бэр маань Хөх хөтөл багт бага ангийн багшаар ажилд орсон. Дараа нь Н сургуульд орох үед эцэг, эхийн хамт амьдардаг болсон. Мөн бид одоо өндөр настай хүмүүс болсон. Бас хүүхдийг асран хамгаалах боломжгүй байдалд хүрсэн. Тийм учраас хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх хүсэлттэй. Хүүхдийн хичээл сургуульд цаашид эцэг, эх нь анхаарах нь зүйтэй. Иймд би хүсэлт гаргагчийн хүсэлтийг дэмжиж байгаа гэв.
5.2. Хүүхдийн төрсөн эх Б.С шүүхэд гаргасан тайлбар: Б аймгийн У сумын 2 дугаар багийн иргэн З.А, Б.С бид 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү болох Ныг У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар өвөг эцэг Б.З, эмэг эх К.Т нарт үрчлүүлсэн юм. Хүү Н нь одоо У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцаж байгаа ба одоо бид нартай хамт амьдарч байгаа юм. Үрчилж авсан эмээ өвөө хоёр нь өндөр настан болсон учраас түүнийг асран хамгаалах боломжгүй болсон тул өөрсдөө асран хамгаалж, хүмүүжүүлж байгаа юм. Иймд хүү Ныг төрсөн эцэг нь бид өөрсдөө буцааж авах хүсэлттэй байгаа тул хүүхэд үрчилсэн захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
5.3. Хүүхдийг үрчилж авсан эцэг Б.З шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтэд: Б аймгийн У сумын 4 дүгээр багийн иргэн өндөр настан Б.З, К.Т бид хоёр өөрсдийн төрсөн хүү З.А, бэр Б.С нарын 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү болох Ныг У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар үрчилж авсан юм. Хүү Н нь одоо У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцаж байгаа ба одоо өөрийн төрсөн эцэг эхийн хамт амьдарч байгаа юм. Бид хоёр өндөр настай, бие эрүүл мэнд тааруухан хүмүүс тул хүүхэд асрах боломжгүй болж байгаа учраас хүү Ныг өөрийн төрсөн эцэг, эхэд нь буцааж өгөх хүсэлттэй байгаа тул хүүхэд үрчилсэн захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү. Мөн миний бие эрүүл мэндийн шалтгаанаас болж шүүх хуралдаанд оролцож чадахгүй байгаа тул намайг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.4. Үрчлэгдсэн хүүхэд З.Н шүүхэд гаргасан тайлбартаа: З.Н би 2008 онд төрсөн одоо 16 настай, эрэгтэй У сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 10 дугаар ангид суралцаж байгаа бөгөөд намайг 3 настай байхад өвөө эмээ дээрээ үрчлүүлсэн ба тэд асран хамгаалах боломжгүй болсон тул өөрийн төрсөн эцэг, эх болох З.А, Б.С нар нь үрчлэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм. З.Н миний хувьд одоо өөрийн эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа бөгөөд намайг үрчилсэн шийдвэрийг хүчингүй болгуулахыг сайн дураараа зөвшөөрч байгаа болно гэх тайлбарыг тус тус гаргажээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба хүсэлт гаргагч З.А нь мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүхэд хүсэлт гаргасан байна.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
7.1.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдийн 12/1313 дугаартай албан бичгээр ирүүлсэн CVL2483000001003470 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаанд К овогт Зын А, Ш б овогт Бийн С нар нь гэр бүл болсныг 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн дугаарын 40-рт бүртгэсэн байна.
7.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдийн 12/1313 дугаартай албан бичгээр ирүүлсэн CVL2483000001003471 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд К овогт Зын А, Ш б овогт Бийн С нарын гэр бүлд 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү А.Н /РД:АААААА/ төрсөн байна.
7.3. Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар А овогтой Ныг Б овогтой Зт үрчлүүлсэн байна.
7.4. Хүү Аын Ныг өвөг эцэг К овогт Бийн З болон эмэг эх Х овогт Кын Т нарт үрчилснийг 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүртгэлийн дугаарт 0015-рт бүртгэсэн нь CVL24830000010034728 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаагаар, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдийн 12/1313 дугаартай албан бичгээр ирүүлсэн Үрчилсний бүртгэл ИУБ12 /Б/ маягтаар тус тус тогтоогдож байна.
7.5. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6, 55.7, 55.8-д зааснаар үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргах, сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг гаргах, хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ гэжээ.
7.6. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т ... хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна гэж, Иргэний Улсын бүртгэл хөтлөх журмын 12.1-т Үрчилсний бүртгэлийг хөтлөхөд Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэнэ, 12.2-т Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна, 12.3-т Төрсний бүртгэлд бүртгэгдээгүй хүүхдийн үрчилсний бүртгэлийг хөтлөхөд төрсний бүртгэлийг эхэлж хөтөлнө, 12.4-т Үрчилсний бүртгэл хөтөлж, үрчилсэн тухай иргэний улсын бүртгэлийн лавлагаа олгоно. Уг лавлагаа үрчилсний бүртгэл хөтөлсөнтэй холбогдуулан төрсний бүртгэлд өөрчлөлт оруулсан мэдээлэлд үндэслэн сольж олгосон төрсний гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна, 12.5-т Улсын бүртгэгч хүүхэд үрчлүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, архивын хадгаламжийн нэгж үүсгэн аймаг, нийслэл дэх улсын бүртгэлийн газар, хэлтсийн Иргэний баримтын архивд дараа оны эхний сард багтаан хүлээлгэн өгнө гэж тус тус зааж журамласан байх ба хавтаст хэрэгт авагдсан дээрх хүүхэд үрчлүүлэх тухай захирамж нь хууль журмын дагуу гаргасан байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
7.7. Хүсэлт гаргагч З.А, Б.С, Б.З,К.Т нар нь хүүхэд үрчлүүлэх талаарх хүсэлтээ гаргаснаар хүүхэд үрчилсний бүртгэл хийгдсэн болох нь, мөн уг захирамжийн хоёр дахь заалтаар үрчлэгдсэн хүүхдийг ИГББ-д шинэчлэн бүртгэхийг иргэний бүртгэлийн ажилтан /Б.Бгүл/-д зөвшөөрсүгэй гэснээр, мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх гэж зааснаар улсын бүртгэгч хүүхэд үрчлүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэл хийгдсэн байна.
8. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно, мөн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэлд эцэг ,эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа байдлууд хамаарахаас гадна бусад хүндэтгэн үзэх үндэслэл байх журмын дагуу хийгдсэн байна.
8.1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
8.2. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болохоор заасан боловч хүсэлт гаргагч буюу хүүхдийн төрсөн эцэг, хүүхдийг үрчилж авсан өвөг эцэг Б.З, эмэг эх К.Т, үрчлэгдсэн хүүхдийн төрсөн эх Б.С, үрчлэгдсэн хүүхэд З.Н нар нь хүүхэд үрчилж авсан өвөг эцэг, эмэг эх нь одоо өндөр настай болсон тул хүүхдийг цаашдаа асран хамгаалах боломжгүй учир үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна гэж тус тус тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэлээр хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох боломжгүй болно.
8.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлд хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана гэж зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах болсон үндэслэлээ хүсэлт гаргагч өөрөө бичгийн нотлох баримтаар нотлох үүргийг хүлээхээр хуульчилсан байна.
8.4. Үрчлэгдсэн хүүхдийн төрсөн эцэг З.А, эх Б.С нар нь тухайн үед хүү Ныг өвөө, эмээ нь болох Б.З, К.Т нарт сайн дурын үндсэн дээр үрчлүүлсэн, одоо хүүхэд үрчилж авсан өвөг эцэг, эмэг эх нь одоо өндөр настай болсон тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үрчлэлтийг хүчингүйд тооцох дээрх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Иймд хүсэлт гаргагч З.Аын Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар Аын Ныг Б.Зт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч К овогт Зын Аын Б аймгийн У сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 101 дугаартай захирамжаар Аын Ныг Б.Зт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч З.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б