Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 

Э.Б-О холбогдох эрүүгийн

хэргийн тухай

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

         прокурор Б.Ануужин,            

         шүүгдэгч Э.Б-О, 

         түүний өмгөөлөгч Г.Энхжаргал, 

         шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нарыг оролцуулан,

      Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Б-О холбогдох 2417000530074 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Монгол Улсын иргэн, - оны - дүгээр сарын-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, - настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт У хот, Б дүүрэг, - тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх С овогт Э Б-О /РД: -/,

         Шүүгдэгч Э.Б-О нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал замын 192 дахь километр шонгийн орчим - улсын дугаартай - загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 дугаар зүйлийг зөрчиж, зам дээр тогтсон цасыг тойрч гарах зорилгоор эсрэг хөдөлгөөний урсгал руу жолоог эргүүлж хохирогч Г.Г эзэмшлийн - улсын дугаартай - маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас хохирогч Г.Г баруун хөлийн эрхий хурууны угийн шивнүүр ясны хугарал, зүүн шилбэний язарсан шарх, хүзүү, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан хохирогч Л.Г биед хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэс, бүдүүн гэдэсний уруудах хэсэг, чацархайн урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, зүүн хөлийн улны шивнүүр ясны хугарал гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Яллагдагч Э.Б-О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

     Анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Э Б-О “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-О нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг 1 жил 1 сарын хугацаагаар хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-О оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаанд хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тооцож эхлэхийг дурдаж, шүүгдэгч Э.Б-О оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан шүүхийн шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б-О 14 500 000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-О 3 014 000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг, мөн хохирогч нар нь сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Э.Б-О тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Уг хэргийн зүйчлэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ... хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэнэ” гэсэн заалтад хамаарч байгаа учраас түүнд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг миний үйлчлүүлэгчийн анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулалгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч амьдралын хувьд маш хүнд, эхнэрээсээ салаад 10 гаран жил болсон, охинтойгоо хамт амьдардаг. 2023 оноос өнөөдрийг хүртэл өмссөн хувцаснаас өөр юмгүй машиндаа унтаад явж байгаа. Тээврээ хийж л хохирол төлбөрөө төлөх боломжтой. Тийм учраас хувь хүнийх нь байдал, амьдралынх нь аргагүй байдлыг харгалзан үзэж тэнсэж өгөөч гэв.

    Шүүгдэгч Э.Б-О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн ярьсан зүйлийг дэмжиж байна. Ялыг минь хөнгөрүүлж тэнсэж өгнө үү. Би 15 настай охинтойгоо хоёулаа амьдардаг. Энэ машинаараа орлого олдог. Одоо эрхээ хасуулсан болохоор хүнээр машинаа бариулаад хамт явна. Хаана ажил байна тэр газар руу явж ажил хийдэг. Яг тогтсон ажлын чиглэл байхгүй гэв.

      Прокурор Б.Ануужин давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Гомдолтой холбогдуулан тайлбар, дүгнэлт хэлэхэд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Б-О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа тухайн зүйл ангид заасан хамгийн хөнгөн ял буюу 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж тогтоож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримталсан. Мөн шүүгдэгчийн хувийн байдал болон учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шийтгэл оногдуулсан энэ шийдвэр нь өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шаардлагад нийцэж гарсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал, дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Давж заалдах шатны шүүх, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалын давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

     1. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.

         2. Шүүгдэгч Э.Б-О нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замын 192 дахь километр шонгийн орчим - улсын дугаартай - маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 дугаар зүйлийг зөрчиж, зам дээр тогтсон цасыг тойрч гарах зорилгоор эсрэг хөдөлгөөний урсгал руу жолоог эргүүлж Г.Г эзэмшлийн - улсын дугаартай - маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас хохирогч Г.Г баруун хөлийн эрхий хурууны угийн шивнүүр ясны хугарал, зүүн шилбэний язарсан шарх, хүзүү, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан хохиогч Л.Г биед хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэс, бүдүүн гэдэсний уруудах хэсэг, чацархайн урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, зүүн хөлийн улны шивнүүр ясны хугарал гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

    шүүгдэгч Э.Б-О “ ...Мөрдөгчийн магадлагааг хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 155/ гэсэн,

          хохирогч Г.Г “...Тухайн өдөр цас ороод хальтиргаа гулгаа үүссэн байсан. ...приус маркийн машин урсгал сөрж орж ирээд хамраараа манай машиныг мөргөсөн. Би бол эмчилгээний мөнгө гэж баримт цуглуулаагүй учир байхгүй. Харин өөрийн машины мөнгө болох 17,500,000 төгрөгийг нэмжилнэ” /хх-ийн 22/ гэсэн,

        хохирогч Л.Г “...найз Г жолооны эрхээ хасуулсан байсан учраас миний хажууд суугаад би машиныг нь бариад Улаанбаатараас гарсан. ...урсгал сөрж орж ирээд хамраараа манай машиныг мөргөөд зогссон. Надад эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг өгсөн, одоо 1,500,000 төгрөг өгчихвөл болно. Сэтгэл санааны болон өөр зүйл нэхэмжлэхгүй, миний бие одоо зүгээр ажлаа хийгээд явж байгаа” /хх-ийн 26/ гэсэн мэдүүлгүүд,

      Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4114 дугаар, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4090 дугаар дүгнэлтүүд /хх-ийн 35-36, 44-45/, Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/, “А” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 58-59/, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 001/2024 дугаартай Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 70-71/ зэргээр тогтоогдож байна.

    Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Б-О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна

       3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалаас “...анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн  зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.

          Анхан шатны шүүх, шүүгдэгч Э.Б-О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацагаар хасаж, нэг жил нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

       Гэхдээ шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогч Г.Г 14,500,000 төгрөгийн хохирлыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулахаа бичгээр илэрхийлж, нотариатаар гэрчлүүлсэн, Эрүүл мэндийн даатгалын санд 3,014,000 төгрөгийг нөхөн төлсөн баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй ганц бие эцэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Түүнчлэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул шүүх ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцлүүдээс гадна эрүүгийн хариуцлагын нийтлэг үндэслэл болох мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтална.

         Иймд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

     2 дугаар заалтын “...1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

     3 дугаар заалтыг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э.Б-О тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,   

     4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-О оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай” гэж,

     5 дахь заалтаас “, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан” гэснийг хасч, өөрчилсүгэй.

       2. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй” гэсэн заалт нэмсүгэй.

     3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалын давж заалдах гомдлыг хангасугай.

     4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       О.ОДНЯМАА

               ШҮҮГЧ                                             Н.БОЛОРМАА

                   ШҮҮГЧ                                              Б.НАРАНЧИМЭГ