Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/153

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Б.Амартүвшин

Шүүгдэгч О.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Э-т холбогдох эрүүгийн 1838003780199 дугаар хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, О.Э

 Шүүгдэгч О.Э- нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.О-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч О.Э- нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.О-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч О.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгээд ах дүүгийн хүмүүс гэрийн ганц юм өргөлцөөд өгөхгүй яасан юм бэ гэхэд Х.О- би “Хм, би тэгэх үү тэ” гээд тохуурхаад байхаар нь очоод цохиод авсан. ... Эхнэр бид хоёрыг гадаа зогсож байхад Х.О- дайрах шахаад давхиад ирэхэд нь мотоциклоос нь буугаагүй байхад цохиж унагаад нэг өшиглөсөн. ...Хохирол төлбөрт 500.000 төгрөг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 40- 41 дүгээр хуудас/, Хохирогч Х.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “… 2018 оны 05 дугаар сарын 04-нд өдөр ... гэрт сууж байхад О.Э- намайг гэр нүүлгэж өгсөнгүй гээд, би тэгэхээр нь завгүй байсан гэсэн чинь О.Э- ирээд хэд хэдэн удаа цохиж авахад манай аниа М дундуур орж салгаад ... О.Э- намайг гараад ир гэж дуудсан. Намайг гараад ирэхээр буйл руу мөргөөд, толгой руу, нүүр лүү хэд хэдэн удаа цохиж авсан, барилцаж аваад намайг хавсарч унагаад толгой руу өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Х.О- ... О.Э- ахыг дайрчих шахаад зогсоход О.Э- мотоцикльтой нь цохиж унагаад нэг өшиглөсөн ... гэрт байхад маргалдаж эхлээд нүүр хавьд нь нэг удаа цохиж байсан, амнаас нь цус гарч байсан. Намайг салгаад суулгахад гараад ир үзчихье гээд гарсан... намайг хойноос нь гараад очиход бие биенийгээ энгэрээс нь бариад зууралдсан цохилцож байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,

Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... О.Э- ах нэг цохиж аваад барилцаж аваад гарсан, тэгээд гадаа зодолдож байхаар нь гарч салгаад ... Х.О- буцаад мотоциклиос нь татаж унагаад нэг өшиглөж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Х.О- “тэр үед үнэхээр зав болоогүй юм, ... гэхэд О.Э- нь цохиод авсан , тэгэхэд Х.О- нь яаж байгаа юм бэ та гэхэд угсруулаад дахин хэд хэд цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Гэрч Х.М мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаартай: 1.2 Х.О-ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, зүүн чихний дэлбээнд зулгаралт, доод уруулын салстад язралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. 4. Х.О-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 31 дугаар хуудас/, Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Шүүгдэгч О.Э- нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.О-ыг гэр нүүлгэж өгсөнгүй гэх хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, зодож түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, зүүн чихний дэлбээнд зулгаралт, доод уруулын салстад язралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байна. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Иймд шүүгдэгч О.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн 1838003780199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5,8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. О.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Э-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838003780199 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             М.ЭРДЭНЭ-ОЧИР