| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2316000340021 |
| Дугаар | 2024/ДШМ/24 |
| Огноо | 2024-08-30 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/24
2024 08 30 2024/ДШМ/24
Э.Д, Т.Л нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Шүүгдэгч Э.Д, Т.Л,
Хохирогчийн өмгөөлөгч М.Э (онлайнаар),
Шүүгдэгч Э.Д-ийн өмгөөлөгч Ж.Д,
Шүүгдэгч Т.Л-ийн өмгөөлөгч Т.Х, Ж.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Т.Л, шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Ж.Д нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Т.Л, Э.Д нарт холбогдох эрүүгийн 2316000340021 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:
Х овогт Э.Д нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ........... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ээж, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн .......... сумын ........... багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д............. регистрийн дугаартай,
Х овогт Т.Л нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ............. сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., аав, ээжийн хамт Говь-Алтай аймгийн .............. сумын .......... багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д............... регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Д, Т.Л нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрийн орчим Говь-Алтай аймгийн ............... сумын ............. багийн нутгаас улаан өнгийн Мустанг-150 маркийн мотоцикл, хөх өнгийн Мустанг-200 маркийн мотоциклуудыг ашиглан, М.А-ын эзэмшлийн 4 тооны буюу олон тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 4,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүгдэгч Х овогт Э.Д, Х овогт Т.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Д, Т.Л нарт тус бүрт 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Д, Т.Л нарт оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д, Т.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн Мустанг-150 маркийн мотоцикл, Т.Л-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөх өнгийн Мустанг-200 маркийн мотоциклийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч Э.Д, Т.Л нар цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирол төлөгдсөн, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт Э.Д-ийн улаан өнгийн Мустанг-150 маркийн мотоцикл, Т.Л-ийн хөх өнгийн Мустанг-200 маркийн мотоциклийг тус тус битүүмжилсэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01, 02 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, эдгээр мотоциклуудыг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг, шүүх хуралдаанд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нараас гаргаж өгсөн 3 хуудас, шүүгдэгч Э.Д-ээс гаргаж өгсөн 1 хуудас Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус хэрэгт хавсаргах, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шүүгдэгч Т.Л миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх болон прокурорын зүгээс Т.Л намайг мал хулгайлах гэмт хэргийг Э.Д-тэй бүлэглэн машин механизм ашиглан олон тооны малыг хулгайлсан гэж дүгнэсэн бөгөөд миний бие тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэрч нарын мэдүүлгийг үндэслэн намайг гэм буруутай гэж үзсэн. Гэвч тухайн тогтоолд дурдсан нэр бүхий гэрч нар нь намайг Баян-Өлгий аймаг руу адуу аваачиж зарах гэж байгааг мэдэж байсан бөгөөд хохирогч М.А-ын адууг туусан гэж яриад байгаа өдөр намайг гэртээ байсан. С.П-ийн гэр рүү яваагүй, өөрийн зарж борлуулах гэж байсан адуугаа услаад, маллаад явж байсныг бүгд мэднэ. Харин хэрэгт гэрчээр орж буй бүх хүмүүс Э.Д-тэй хамааралтай. Э.Д нь гэрч гэх хүмүүстэй бүгдэнтэй нь хуйвалдан анхнаасаа энэ гэмт хэргийг надад тохох сэдэлт санаа зорилгыг агуулан өөрөө уг хэргээс мултрах санаа зорилгыг агуулан мөрдөн шалгах ажиллагаанд өөрөө нэг удаа мултарч байсан. Тус гэмт хэргийг үйлдээгүй гэдгийг дараах нөхцөл байдлуудаар тогтоогдоно гэж үзэж байна.
Хэрэв би хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол яагаад өөрөө нэг ч төгрөгний ашиггүй ажиллаж байгаа юм. Хэдийгээр миний дансаар адууны үнэ орсон боловч Э.Д нь миний дансаар дамжуулаад надаас М.А-ын 4 тооны адууны бүх мөнгийг шилжүүлж авсан. Надад нэг ч төгрөг өгөөгүй байхад анхан шатны шүүх огт авч хэлэлцээгүй. Миний бие хохирогч М.А-ын адууг Э.Д-ийн ачуулсан 11 тооны адуу нь дунд байгааг Баян-Өлгий аймагт очиж адуунд орой өвс тавьж өгөх үедээ мэдээд хээр үрээ 8 тоо тамгатай байхаар нь М.А-ынх байж магадгүй гээд Э.Д-ээс хэнээс авсан гэж асуухад “буруу гарын юм аа” гэж хэлж байсан. Тэр үед өөрөө наадахаа зохицуулаарай гэж хэлж байсан ч мөрдөн байцаалт болон шүүх хурал дээр огт энэ талаар ярихгүй, намайг зохион байгуулсан мэтээр бүх бурууг над руу чихэж тайлбарласан. Анхан шатны шүүх намайг гэмт хэрэгтэн гэж үзэж миний өгсөн мэдүүлгийг огт үнэлээгүй. Би бодит бүх болсон зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлээд байхад гэрч болон Э.Д-ийн мэдүүлгийг үндэслэж байгааг би гайхаж байна. Би М.А адууг тууж яваагүй, байсан гэх газраас нь Э.Д тууж явсан байхад яагаад намайг туусан гэж миний мотоциклийг хурааж байгааг би ойлгохгүй байна. Надад М.А адууг туух ямар ч шаардлага байхгүй. Би өөрийнхөө худалдан авсан адууг л туусан байхад яагаад намайг М.А адууг туусан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Миний мэдүүлгийг худал гэж байгаа бол Э.Д-ийн мэдүүлэг яагаад үнэн гэж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаанаас л эхлээд Э.Д нь миний буруу, би ганцаараа үйлдсэн гэдгээ хэлж байсан ч явцын дундаас өмгөөлөгч аваад л бүгдийг над руу чихэж эхэлсэн гэдгийг прокурор, шүүх огт анхаарч үзэхгүй байгааг гайхаж байна. Шүүх хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, холбогдох хүмүүсийн оролцоог зааглан ялгаж шударга шийдвэр гаргадаг гэдэгт итгэж байсан. Гэвч нэгнийх нь үгэнд итгэж, нөгөөхийг нь яллаж байгаад туйлын их гомдолтой байна. Миний алдаа бол Э.Д-ийг Баян-Өлгий аймагт М.А адууг хулгайлж аваачсаныг мэдсэн атлаа худалдан борлуулж өгсөн нь миний буруу. Би энэ үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг хангалттай дүгнээгүй, тогтоолд дурдсан үндэслэлүүд нь хэргийн жинхэнэ байдлыг тогтоогоогүй, нотолбол зохих байдлууд хангалттай бүрэн дүүрэн тогтоогдоогүй байх тул тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлж, хэн нь уг гэмт хэргийг санаачилж үйлдсэн, хэн хэзээнээс оролцсон, ямар оролцоо хамааралтай зэрэг жинхэнэ нөхцөл байдал болоод нотолбол зохих байдлуудыг тогтоож өгөхийг та бүхнээс хүсч байна. Э.Д-ийн мэдүүлгээр биш, миний өгөх гээд байгаа CD, мессэж зэргийг харж үзээд хэргийн жинхэнэ бодит байдлыг тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Э.Д-ийн өмгөөлөгч Ж.Д нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Эрүүгийн хэргийн шүүгдэгч Э.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Шүүхээс Э.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Э.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урьд ял шийтгэгдэж байгаагүй, өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг аав нь нас барсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:
4.1. Шүүгдэгч Э.Д, Т.Л нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрийн орчим Говь-Алтай аймгийн .......... сумын ........... багийн нутгаас улаан өнгийн Мустанг-150 маркийн мотоцикл, хөх өнгийн Мустанг-200 маркийн мотоциклуудыг ашиглан, М.А-ын эзэмшлийн 4 тооны буюу олон тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 4,600,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:
5.1. Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Л нь маханд адуу авна гэж байсан би түүнд адуу зарна гэж огт хэлээгүй. Манай адуу алга болчихлоо харж үзсэн үү гэж Л-оос асуухад надад огт юм хэлээгүй. Цагдаагаас ирж надаас мэдүүлэг авсан орой нь Л, Д, П нар нь над дээр ирчхээд таны адууг авсан хүн Ховд аймгийн Цэцэг сумын хүн байна гэж надад хэлсэн. Тэгэхэд П нь Л Д нар нь нэлээд согтуу байсан. П таны адууг авсан хүн нэлээн ядарсан залуу байдаг юм. Би адууг нь өмнөөс нь төлөөд өгье гэхээр нь чи яахаараа хүний өмнөөс төлдөг юм. Л, Д нар нь Ховд аймгийн Цэцэг сум руу адуу зарахад зарсан адууны өртөгт таны 4 адуу ирсэн байна. Би таны 4 адууг төлчихье гэж Д хэлсэн. Л нь миний адууг таньж байгаа. Миний найз учраас адуугаа 1 сар гаруй хайж асуухад надад адууны талаар огт хэлээгүй. Тэгтэл Баян-Өлгий аймаг руу авч яваад зарсан байсан. Одоо болохоор Л нь надтай уулзахгүй байгаад байгаа. Д нь надтай уулзахдаа Л нь таны адууг хөл дэрс гэх газраас тууж ирээд надаар туулгуулж П-ийн гадаа очиж 4 адууг барьж бай гэж зааж өгсөн би түүнийг барьж авсан юм. Таны адуу гэдгийг би мэдээгүй гэж хэлсэн. Т.Л манай хоёр 7-8 км зайд байдаг. Л нь над руу адуу ачих гэж байна ирээд ачилцаатах гэхээр нь би “Манай адуу өнөөдөр хөл дэрс дээр байсан чинь алга байна. Би адуугаа хайх гэж байна гэхэд” ирээд адуу ачилцаатах гэхээр нь очиж адууг нь ачиж өгчихөөд адуугаа хайгаад явсан. 6 дахь өдөр буюу хагас сайн өдөр Л гэрийнхээ гаднаас С-ийн машинд адуу ачиж байхад Л, Х, С бид нар байсан. Л надаар адуугаа ачуулсан нь одоо болохоор намайг адуунд явуулахгүй гэсэн санаа зорилготой байсан байна. Хөл дэрс гэх газар нь Л-ийн гэрээс хойшоо 10 км зайд байдаг. Л бид хоёр нэг нутгийн хүмүүс тул миний адууг сайн мэднэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 47 хуудас),
5.2. Гэрч С.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би цаг хугацааг нь сайн санахгүй байна. 2021 оны 10-11 сарын үед байсан. Манайх ....... багийн ....... гэх газарт ганц гэрээр нутаглаж байсан. Э.Д, Т.Л нар мотоциклтой хонгор халзан азаргатай 18 тооны адууг тууж ирээд манай хашаанд хашсан. Дараа нь С ах том шланз дээр адууг ачсан. Хашаанд хашсан адуунаас 4 тооны адууг ачсан. Тухайн үед адууны талаар ямар нэгэн зүйл тэр хоёр яриагүй. Дараа нь А ирээд адуугаа алдсан гээд. 14 тооны адуугаа манай гэрийн ойролцоогоос олж аваад явсан. Надаас 4 тооны адуугаа асуухад нь би хулгайн адуу гэж мэдээгүй байсан учир мэдэхгүй гэж А-т хэлсэн. Манай гаднаас ачсан 4 тооны адууны 2 нь хар морь, 1 бор гүү, тамга нь тодорхой харагдахгүй байсан. Харин хээр үрээ нь 8 тоо тамгатай байсан. Тухайн үед С, Д, Л бид 4 байсан. Д нь шөнийн 04 цагийн үед манайд мотоциклтой ирж хоноод маргааш өглөө нь мотоциклоороо адуу тууж ирээд хашаанд хашиж, 4 адууг нь барьж аваад уяж, бусад адууг нь хашаанаас гаргасан. Дараа нь өөрийнхөө адууг тууж ирээд мөн хашаанд хашсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 49-50 хуудас),
5.3. Гэрч С.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө айхдаа Д, Л нар нь мотоциклоор адуу тууж ирсэн гэж мэдүүлэг өгсөн байна. Д нь ганцаараа шөнө манайд мотоциклтой ирж хоносон. Тэгээд өглөө нь хонгор халзан азаргатай адуу тууж ирээд хашчихаад Л барьж ав гэсэн гээд 4 адуу барьж авчхаад бусдыг нь гаргасан. Тэгээд дахиж өөрөө явж өөрийнхөө адууг тууж ирээд адуу ачсан. Мөрдөгч Б гэдэг хүн мэдүүлэг авсны орой нь Э.Д манайд орж ирчхээд цагдаа дуудаж байна гаръя гэхээр нь би дагаад гарахад Т.Л гадаа машин дотор сууж байсан. Тэгээд бид гурав архи уугаад сууж байтал Л, Д хоёр бид А адууг ачаад явсан юм. 4 адууг нь маргаашийн дотор төлөөд өгчихмөөр байна. Чи 4 адууг нь өгчих. Бид хоёр сүүлд чамд 4 адууг нь буцаагаад өгье гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Чи Ховдын Цэцэг рүү нэг хүнд азарга зарсан чинь өртгөнд нь 4 адуу авсан чинь тэр нь хулгайн адуу байсан байна гээд хэлээд өгөөч гээд намайг гуйгаад байхаар нь би А-т би 4 адууг чинь төлөөд өгье гэхэд А нь нэг гүү нь хээлтэй явсан. Тэгээд унагатай нь 5 адуу авмаар байна гэж хэлсэн. Л нь Д-ийг чи ганцаараа даана шүү гээд тэр хоёр тэгэх юм болоод яриад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 67 хуудас),
5.4. Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн хувийн ...-... улсын дугаартай шланз маркийн тээврийн хэрэгслээр Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд нүүрс тээвэрлэдэг. 2021 оны 10 сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн Хотгорын уурхайгаас нүүрс ачиж Говь-Алтай аймгийн ......... сумд аваачиж зарах болсон. Тэгээд Баян-Өлгий аймаг явах болоод Л, Д нар нь адуу ачуулна гээд нийт 27 тооны адуу ачуулсан. ........ сумын ......... багийн .......-аас Л нь ганцаараа хашаанд ялгаж хашсан 19-20 адууг ачсан. Дараа нь .......... багийн нутаг .......... гэх газраас П-ийн гэрийн гаднаас адуу ачсан. П-ийн гэрийн гаднаас хоёр хур дэлтэй хар гүү, хүрэн халзан гүү, бор гүү, хээр үрээ ачигдсан. Бусдыг нь сайн мэдэхгүй. Дээрх адууг Д, Л, П, Б гэдэг залуучууд ачсан. Сүүлд нь Д гэх хүн нэг морь ачсан. Би ачиж явсан адуугаа Баян-Өлгий аймагт баруун хойд зүгт нэг хашаанд буулгаж орхиод цаашаагаа нүүрсний оочерт орохоор яараад явсан. Тэнд казак эр Д, Л нартай хамт үлдсэн. Би тухайн үед нэг адууг 70,000 төгрөгөөр ачсан. Нийт 30 адуугаар тооцож 2.100.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 54-55 хуудас),
5.5. Гэрч С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2 дугаар удаа өгсөн: “...Би өөрийнхөө дансны хуулгыг харсан чинь Л нь 53.............. дугаарын данснаас миний хаан банкны 53.............. данс руу 20 адууны 1,400,000 төгрөг, Д нь 53............ тоот данснаас миний хаан банкны 53.............. дугаарын данс руу 11 адууны 770,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн хөлсөнд төлсөн байна. Л нь үлдсэн адууг П-ийн гаднаас ачуулна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 73 хуудас),
5.6. “А” ХХК-ны үнэлэгдэж буй 4 тооны адууны нийт зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 10 дугаар сарын байдлаар 4,600,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх 2023 оны 01 сарын 26-ны өдрийн ТХҮ-923/5707 дугаартай хөрөнгийн үнэлгээ (хх-ийн 85 хуудас),
5.7. “А” ХХК-ийн “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мустанг-200 маркийн улсын дугааргүй мотоциклийг 600,000 төгрөгөөр, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мустанг-150 маркийн улсын дугааргүй мотоциклийг 750,000 төгрөгөөр үнэлэв...” үнэлгээ (хх-ийн 184, 194 хуудас),
5.8. Гэрч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т.Л-д 3 адуу өгсөн. Э.Д, Т.Л, Х, Т нар адуугаа ..... худгаас усалсан. Х, Т нар нь түрүүлж гэр лүүгээ явсан. Т.Л Э.Д хоёр мотоциклтой явж байсан. Маргааш өглөө адуугаа ачуулна гэж байсан. Би сум руу явна малын зах харж байгаарай гэж хэлсэн. Сум руу явахдаа би малаа өөрөө хотолж үлдээчхээд явсан. Хагас сайн өдөр байсан... Манай эхнэр хүүхэд ........... сумын төв дээр байсан. Би сум руу явж эхнэр хүүхэд тэр шөнө надтай зөрж ирсэн. Би маргааш нь өдөр гэртээ ирэхэд Т.Л адуугаа ачаад явсан байсан. Би 2021 оны 10 сарын 27-ны өдөр 14 цагийн үед ............ сумын төв рүү явахдаа малаа хотлуулчхаарай гэж захиад явсан. Маргааш нь Л, Д нарыг адуугаа усалж байхад нь малаа өөрөө хотлуулчхаад алсыг нь харж байгаарай гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 82-83-р хуудас),
5.9. Гэрч Р.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 сарын 28-ны орой манайд 23-24 цагийн үед Л.Х, эхнэр Т, манай бага хүү бид нарыг гэртээ байж байтал Т.Л ирээд маргааш адуу ачилцаад өгөөрэй гэж хэлсэн. Маргааш нь Л.Х бид хоёр очиж адуу ачиж өгсөн. Тухайн үед Л, түүний аав ээж хоёр нь байсан. М.А ирээд адуугаа асуугаад адуу ачилцсан. Л, Д нартай 2021 оны 10 сарын 28-ны өдөр адуугаа усалж байхад нь таарсан. 2021 оны 10 сарын 28-ны өдөр Т.Л-ийнд очоогүй. Өмнөх өдөр нь миний мотоциклийн дугуй хагараад дугуйны нөхөөс авах гэж очсон. Өмнөх өдөр нь гэрт нь очиход Т.Л нь С-ыг хонь харж байгаарай гэж хэлсэн гэж хэлж байсан. Гэрт нь очиход Т.Л ганцаараа байж байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 87-р хуудас),
5.10. Гэрч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Л-ийг танина. Э.Д-ийг танихгүй. 2021 оны 10 сард Баян-Өлгий аймагт адуу зарах гээд ирлээ гэж намайг Увс аймагт ажлаар явж байхад ярьсан. Би малын зах дээр ажилладаг Ж гэж хүн байгаа. Тэр хүнтэй холбогд гэж хэлсэн. Тэр хоёр 30 орчим адуу зарах гэж авч ирсэн ба хамгийн сүүлд тооцоо хийхдээ миний дансаар 2021 оны 11 сарын 07-ны өдөр 17,000,000 төгрөгийг Т.Л-ийн данс руу шилжүүлсэн. 2021 оны 11 сарын 09-ний өдөр 50,000 төгрөг дээрээс нь бэлэн 4,000,000 төгрөг аваад өөр хүний данс руу хийж байсан. Гэхдээ хэний данс руу хийсэн талаар мэдэхгүй. Адуу зарах асуудал надтай ямар нэгэн холбоогүй. Би зарж өгөх боломж байна уу гэхээр нь Ж-д холбож өгсөн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 93-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т олон тооны мал хулгайлж; 2.2-т бүлэглэж; 2.4-т машин механизм ашиглаж; бусдын малыг хулгайлсан бол мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцож хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна.
6.2. “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг. Мөн “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус хуульчлан тайлбарлажээ.
6.3. Шүүгдэгч Т.Л нь “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэж, шүүгдэгч Э.Д-ийн өмгөөлөгч Ж.Д нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбар гаргасан байна.
6.4. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Д, Т.Л нарыг мотоцикл ашиглан, бүлэглэн хохирогчийн олон тооны мал буюу 4 адууг хулгайлсан гэж дүгнэсэн нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч М.А, гэрч С.П нарын мэдүүлэг болон дээрх гэрч нарын мэдүүлэгтэй тохирч байгаа, шүүгдэгч Э.Д-ийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
6.5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Д, Т.Л нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д, Т.Л нарт оногдуулсан 2 (Хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6.6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Д, Т.Л нарт оногдуулсан ял шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.7. Шүүгдэгч Э.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мөрдөн шалгах ажиллагааг хөнгөвчилсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Д нь хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлэг өгөөгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх боловч хэн ямар оролцоотой тухайн гэмт хэргийг үйлдсэн талаар мэдүүлээгүй, түүнчлэн энэ хэргийг би ганцаараа үйлдсэн гэж мэдүүлж байсан. Эдгээр байдал нь шүүгдэгч Э.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлэх боломжийг нь хязгаарлаж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6.8. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Л, шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Ж.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э
ШҮҮГЧИД Ш.Б
Ц.О