2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/02570

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 27 191/ШШ2025/02570

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг,  дугаар хороо, С  дугаар гудамж,  тоотод оршин суух бүртгэлтэй, А Нэгдсэн Улсын, W C,  C Dr A 1 хаягт оршин суух, Со овогт Цо-гийн Од /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У хот, Ч дүүрэг,  дугаар хороо, С  дугаар гудамж,  тоотод оршин суух бүртгэлтэй, А Нэгдсэн Улсын, W C,  C Dr A  хаягт оршин суух, Бо овогт Ту-ын Бэ /РД:....../-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өл-Оч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ху

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Од нь хариуцагч Т.Бэ-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь Т.Бэ-тэй 2004 онд танилцаж, 2007 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр охин Б.Та, 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.Би, 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Кэ, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр охин Б.Кр нар маань тус тус мэндэлсэн. Бид гэрлэлтээ 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор батлуулж байсан. Зан байдлын хувьд Т.Бэ-тэй хамт амьдарч байх хугацаанд сүртэй асуудлууд гардаггүй байсан боловч 2018 оноос хойш гэр бүлээрээ АНУ-д ажиллаж амьдрахаар шийдэж суурьшсанаас хойш зан ааш нь өөрчлөгдөж эхэлсэн.

Бидний хооронд гэр бүлийн хэрүүл маргаан ихсэж, зан байдлын хувьд ч таарч тохирохгүй байх болсон. Мөн хариуцагч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тухайн байдал нь бага охин болон Б.Кр-г төрснөөр өөрчлөгдөх болов уу гэж найдаж байсан ч дээрдээгүй бидний харилцаа эргэж сэргээгүй. Улмаар 2023 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Бид харилцан тохиролцож гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн.

Ц.Од миний хувьд охин Б.Та, Б.Би, Б.Кэ нарыг өөрийн асрамжид авч, харин Т.Бэ нь Б.Кр-аг асрамжидаа авч өсгөн хүмүүжүүлэх болсон. Т.Бэ-гээс хүүхдийн тэтгэмж авахгүй, мөн бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.

Иймд Ц.Од, Т.Бэ бид хоёрын гэрлэлтийг цуцалж, Б.Та, Б.Би, Б.Кэ нарыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ц.Од, Т.Бэ нар нь дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Салах болсон шалтгаан нь зан харилцаа нь таарч тохирохгүй байсан учраас салж байна. Тусдаа амьдраад удаан хугацаа өнгөрсөн. Эхнэр Ц.Од нь өөр хүнтэй болсон.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б.Та, Б.Би, Б.Кэ нарыг эх Ц.Од-гийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-4/

3.2 Б.Та, Б.Би, Б.Кэ, Б.Кристин нарын төрсний гэрчилгээний хуулбар, гадаад пасторын хуулбар /хх-5-9/

3.3 Зохигчдын гадаад пасторын хуулбар /хх-10-11/

3.4 Эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл /хх-12 /зэрэг баримт авагдсан байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Од нь хариуцагч Т.Бэ-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Од-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ... Бидний хамтын амьдралын эхэн үед сүртэй асуудал гардаггүй байсан боловч 2018 оноос хойш гэр бүлээрээ АНУ-д ажиллаж амьдрахаар шийдэн суурьшсан үеэс Т.Бэ-гийн зан ааш нь өөрчлөгдөж эхэлсэн. Гэр бүлийн хэрүүл маргаан, зан байдлын хувьд ч таарч тохирохгүй байх болж, хариуцагч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Тухайн байдал нь бага охин төрснөөр өөрчлөгдөх болов уу гэж найдаж байсан ч дээрдээгүй бидний харилцаа эргэж сэргээгүй. Улмаар 2023 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Бид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, ...Салах болсон шалтгаан нь зан харилцааны таарамжгүй байдал байсан. Гэрлэгчид тусдаа амьдраад удаан хугацаа өнгөрсөн. Эхнэр Ц.Од нь өөр хүнтэй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б.Та, Б.Би, Б.Кэ нарыг эх Ц.Од-гийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Харин охин Б.Кр-аг асрамждаа авахаар тохиролцсон ... гэж тайлбар гаргажээ.

 

4.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Т.Бэ, Ц.Од, нар нь 2004 онд танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр охин Б.Та, 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.Би, 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Кэ /Ca Se Be/, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр охин Б.Кр /Cr Kh Be/ нар төрж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн хамтран амьдарсан болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

5. Хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх үүргээ биелүүлээгүй, хоорондын таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023 оноос тусдаа амьдрах болсон нь гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болжээ.

 

Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 285 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж заажээ.

 

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүйг хэн аль нь илэрхийлж байх тул тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох боломжтой.

Нэхэмжлэгч нь охин Б.Та, хүү Б.Би, охин Б.Кэ нарыг өөрийн асрамжид авах, охин Б.Кр-г хариуцагчийн асрамжид үлдээх шаардлага гаргасныг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, тайлбар гаргасан байх тул охин Б.Та, хүү Б.Би, охин Б.Кэ нарыг эх Ц.Од-гийн асрамжид, охин Б.Кр-г эцэг Т.Бэ-гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдээ сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг талуудад мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг даалгав.

 

8. Зохигч талууд хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдаж байна.

 

9. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 140,400 төгрөг төлсөн тул үүнийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бо овогт Ту-ын Бэ /РД:....../, Со овогт Цо-гийн Од /РД:....../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Боржигон овогт Бэлгүтэйн Танхилуун, хүү Боржигон овогт Бэлгүтэйн Билгүүн, Сэцэн овогт Бэлгүтэйн Кэтрин /Ca Se Be/ нарыг эх Ц.Одгийн асрамжид, Хотулун овогт Бэлгүтэйн Кристина /Cr Kh Be/-г эцэг Т.Бэн асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Одгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бэгээс 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Одд олгосугай.

 

5. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч Ц.Од, хариуцагч Т.Бэ нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ