| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0418/э |
| Дугаар | 446 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
иргэдийн төлөөлөгч А.Өнөрбаяр,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овгийн Долгорсүрэнгийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 1811009350259 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө овгийн Д.Г, 1963 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 65 дугаар гудамжны 881 тоотод оршин суух хаягтай, урьд нь 5 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.Г нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б-3-222 тоотод иргэн Л.Отгонбаяртай маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би бөөрний өвчтэй, сахрын өвчтэй. Пунцагбаяр ах байнга модруу цэрээ хаячихдаг. Тухайн өдөр би модруу хаясан цэрийг хутгаар хусаж арилгаад зогсож байтал Г.Отгонбаяр үгийн зөрүүгүй араас өшиглөсөн. Миний өвчтэй бөөр рүү хүчтэй өшиглөсөн болохоор би өөрийн эрхгүй гараа татаад хутгаар хутгалчихсан. Гэмтлийг би учруулсан. Миний буруу...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Л.Отгонбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Ганбаатар ахад тоглоомоор пизда минь би аккумулятороо авна шүү гээд хэлсэн чинь Ганбаатар ах би яаж мэдэх юм бэ гээд босоод ирэхээр нь чамаас өөр хэн авдаг юм бэ гэсэн чинь сүх бариад миний урдаас босоод ирсэн. Тэгэхээр нь би Ганбаатар ахыг барьж аваад хашаа руу түлхээд шахсан чинь гарт нь байсан сүх нь газар унасан. ...Тэр үед ээж надад ядарсан амьтныг яах гэсэн юм бэ гэхээр нь би энэнээс өөр хэн авдаг юм бэ гээд ээжтэй бага зэрэг маргалдаад байж байхад миний цамц, урагдах шиг сонсогдохоор нь гайхаад харахад ээжийн хажууд Ганбаатар ах ирчихсэн зогсож байсан. Тэгсэн чинь ээж хутгалчихлаа гэсэн утгатай зүйл яриад байсан...” гэжээ /хх-14/.
Гэрч Л.Пунцагбаяр мэдүүлэхдээ: “...Ганбаатар хүү Отгонбаярын мод хагалж байсан сүхийг аваад дайрахаар нь Отгонбаяр хөл рүү нь өшиглөхөөр нь би Ганбаатарын гартаа барьсан сүхийг нь бэр Болорцэцэгтэй нийлж байгаад салгаж авсан. Ингээд хүү Отгонбаярыг цааш нь болгоод жорлонгийн хажууд байлгаж байсан чинь Ганбаатар дотогшоо гүйгээд орсон. Ингээд удалгүй 3-5 орчим секундийн дараа гэрээсээ хутга аваад гараад ирсэн. Энэ үед бэр Болорцэцэг хутга аваад гарч ирж байна гэхээр нь эргээд харсан чинь Ганбаатар хүү Отгонбаярыг хэвлий орчим нь нэг удаа хутгалсан байсан...” гэжээ /хх-18/.
Гэрч Д.Лхагва-Очир мэдүүлэхдээ: “...Ганбаатар гэр рүүгээ ороод хутга аваад гараад ирэхээр нь бэр Болорцэцэг бид 2 харчхаад хутгыг нь авах гэтэл Болорцэцэгийг түлхэж унагаагаад намайг түлхчихээд шууд хутгаа бариад хүү Отгонбаяр руу явахаар нь наадах чинь хутгатай явна гэж хэлэхийн хооронд Отгонбаярын урд зогсож байсан ээжийнх нь суган доогуур нь хутгаараа Отгонбаярын хэвлий хэсэгт хүйсний доор нэг удаа хутгалчхаад гэртээ орсон...” гэжээ /хх-21/.
Гэрч Д.Болорцэцэг мэдүүлэхдээ: “...Ганбаа ахыг гэр рүү нь оруулах санаатай гараас нь татаж байхад Ганбаа ах би ална тална гээд аймар уурлаад миний гараас угз татаж тавиулаад гэр рүүгээ явж ороод хутга аваад гараад ирэхээр нь хүүе ээ та ингэж болохгүй ш дээ гэж хэлэхийн завдалгүй Ганбаа ах ээжийн араар Отгонбаярыг гэнэт хутгалчихсан юм байна лээ, би хутгалчихна гэж бодоогүй, хараагүй байтал ээж хүүш ээ чи хүн хутгалчихлаа ш дээ гэж хэлээд Отгонбаярыг ээж цааш нь аваад явсан...” гэжээ /хх-23/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №4251 дүгээр дүгнэлтэд:
“1. Л.Отгонбаярын биед хэвлийн хөндийг нэвтэрсэн нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн хэвлийн урд хэсгийн хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэг болно.
4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэжээ /хх-25/.
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №350 дугаар дүгнэлт:
“1. Д.Г нь хэрэг үйлдэх үедээ Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг. Зан төрхийн өөрчлөлт, шинж тэмдгийн уналт таталт сэтгэцийн эмгэгтэй байна.
2. Д.Г нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Д.Г нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.
3. Д.Г нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлах чадвартай байна.
4. Д.Г нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх-60-63/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-84/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-92/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Г нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б-3-222 тоотод иргэн Л.Отгонбаяртай маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогч Л.Отгонбаярт 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 600.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн байна. /Баримт хх-114/, Мөн хохирогч Л.Отгонбаяр нь “...Д.Гт гомдолгүй...” гэх тул шүүгдэгч Д.Гыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэв.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, хуульд зааснаас доогуур ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Гт 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Гт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХАЛИУН
ШҮҮГЧИД Ё.ЦОГТЗАНДАН
С.БАТЖАРГАЛ