Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/29

 


2024         09             13                          2024/ДШМ/29

Г.Б, Т.Б, П.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Яллагдагч Г.Б, П.Б (онлайнаар),
Яллагдагч Г.Б, П.Б нарын өмгөөлөгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/207 дугаар шүүгчийн захирамжийг прокурор Б.Т эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр П.Б, Г.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн 2216002030197 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
 
Яллагдагч нарын хувийн мэдээлэл:

Б овгийн П.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн .............. сумд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .............., ............. мэргэжилтэй, .................... газарт ............. ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт ........... хот, ............ дүүргийн ... дугаар хороо ... - ... - ... тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д........... регистрийн дугаартай, 

Ж овгийн Г.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн .......... сумд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ........... мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ..., нөхөр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ............ сумын, ......... баг, .......... хороолол ... - ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ........... хот, .......... дүүрэг ......... төвийн ... - ... тоотод түр оршин сууж байгаа, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.............. регистрийн дугаартай, 

Ө овгийн Т.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр ......... аймгийн ........... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ............ мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт .............. хот, .......... дүүрэг ... дүгээр хороо ........ таун ... - ... - ... тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Д............ регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч П.Б, Г.Б, Т.Б нар нь бүлэглэн Авлигын эсрэг хуулийн 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь хэсэгт заасан “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Үнэлгээний хорооны гишүүн С.М 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хурал, үнэлгээний хорооны гишүүн Г.У 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №01 дугаартай “Үнэлгээний хорооны хурал”, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №02 дугаартай “Үнэлгээний хорооны хурал”-д оролцуулалгүй хуралдаж, хийх ёсгүй үйлдэл хийж “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлаар баталсан Тендерт А, оролцогчдод өгөх зааварчилгааны:
ТОӨЗ 4.4. /в/ Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх:
БА-8.1 Барилга байгууламжийн засвар, орчны тохижилтын ажил-Тусгай зөвшөөрөл нь гэрээ болон хавсралтын хамт хүчинтэй. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд хэрэв хугацаа нь тендер хүчинтэй байх хугацаанд дууссан бол тусгай зөвшөөрөлгүйд тооцно.
ТОӨЗ 5.2 Тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд захиалагч дараах нэмэлт нотлох баримтыг тендерийн хамт ирүүлэх:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ
2. Тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбар
3. Нийгмийн даатгал
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураамж, шимтгэлээ төлсөн, өр төлбөргүй талаар тодорхойлолт
ТОӨЗ 5.2 /г/ Хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх шаардлагатай жилийн тоо:
Оролцогч нь аль ч онуудад тухайн төрлийн ажлыг хийсэн байж болно.
ТОӨЗ 5.2 /д/ Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Эдгээр онуудад ижил төрлийн ажил хийсэн туршлагатай байх бөгөөд заавал морин тойруулга, алсыг харагч зэрэг тоглоом нийлүүлсэн, суурилуулсан байх шаардлагатай. Түүнийг нотлох баримт гэрээ, акт ирүүлнэ.
ТОӨЗ 5.3 161 Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: аль ч жилд гүйцэтгэсэн байж болно.
ТОӨЗ 5.3 /в/ Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмууд:
Тухайн ажилд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмыг жагсаалт ирүүлнэ. Нотлох баримтын хамт байх.
ТОӨЗ 5.3 /г/ Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх хугацаа:
Гэрээг хэрэгжүүлэх удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээллийг ирүүлнэ.
1. Барилгын инженер
2. ХАБЭА-н ажилтан
Дээрх инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн диплом, иргэний үнэмлэхийн хуулбар, сүүлийн 6 сар тухайн ажлын байран дээрээ тогтвор суурьшилтай ажилласан байх. Инженер техникийн ажилтнуудын мэдээллүүдийг эх хувиас ирүүлэх шалгуур нөхцөлийг хангахгүй бол тендерээс татгалзах үндэслэл болно гэсэн шаардлагыг хангаагүй “................” ХХК /РД: ................/-ийг тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 79,336,366 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 105,781,822 төгрөг, нийт 185,118,188 төгрөгийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д тус тус зааснаар яллагдагч Г.Б, Т.Б нарын өмгөөлөгч Д.Б-ийн гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, яллагдагч Г.Б, Т.Б, П.Б нарт холбогдох эрүүгийн 2216002030197 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Б, Т.Б, П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/207 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүдээр прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийг хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна.

Яллагдагч П.Б, Г.Б нарын өмгөөлөгч Д.Б-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар яллагдагч нарын шалгаруулсан гэх тендерийн баримт бичгийг хуулийн шаардлага хангасан эсэх талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах, тухайн үеийн аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нарыг гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах, иргэний хариуцагчаар татагдсан “................” ХХК-г гэм буруугийн асуудлыг хамтад нь шийдвэрлүүлэх, уг асуудалтай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Шүүхээс яллагдагч нарын шалгаруулсан тендерийн баримт бичгийг хуулийн шаардлага хангасан эсэх талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах гэсэн хүсэлтийг хүлээн авсан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6-д “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно”, Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.9-д “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж, Мөн хуулийн 19.1.8-д “...Шинжээчийн тусгай мэдлэг хүрээнээс хэтэрсэн эсхүл шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй...” гэх заалтуудыг зөрчсөн байна.
Мөн мөрдөгчөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нарт хэргийн материалтай танилцах боломжийг нь олгож хавтаст хэргийн материалтай танилцах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заавал танилцуулсан байна гэж заагаагүй бөгөөд хэргийн материалтай танилцах нөхцөлийг бүрдүүлсэн боловч иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М нар өөрсдөө ирээгүй болох нь тогтоогдож байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-д хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 75-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.М-д хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 73-р хуудас/
Анхан шатны шүүх захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал гэж бичсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагч П.Б, Г.Б, Т.Б нар бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Үнэлгээний хорооны гишүүн С.М  2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хурал, үнэлгээний хорооны гишүүн Г.У 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №01 дугаартай “Үнэлгээний хорооны хурал”, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №02 дугаартай “Үнэлгээний хорооны хурал”-д оролцуулалгүй хуралдаж хийх ёсгүй үйлдэл хийж “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд морин тойруулга, алсыг харагч тоглоом суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлаар баталсан Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааг баримтлалгүй барилгын тусгай зөвшөөрөлгүй “................” ХХК тендерт шалгаруулж улмаар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагч талд хүргүүлсний дагуу 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 79,336,366 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 105,781,822 төгрөг, нийт 185,118,188 төгрөгийг санхүүжилт олгогдсон үйл баримт тогтоогдсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/207 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Яллагдагч нарын өмгөөлөгчөөс Тендерийн үнэлгээний хорооны зөвлөмж хууль зөрчсөн эсэх, үнэлгээний хорооны зөвлөмж эрх олгож байгаа эрх зүйн баримт бичиг мөн эсэх, үнэлгээний хороо субъект мөн эсэхийг тусгай мэдлэг бүхий субъектээр тогтоолгох агуулга бүхий хүсэлт гаргажээ. 

3. Анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч “Хэргийн үйл баримтыг тодруулан шалгах үүднээс яллагдагч нарын шалгаруулсан гэх тендер, тендерийн баримт бичгийг хангасан эсэх талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай.” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаажээ.  

4. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:

4.1. Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд чухал шаардлагатай.

4.2. Яллагдагч нарын шалгаруулсан гэх тендер, тендерийн баримт бичгийн шаардлага хангасан эсэх, үнэлгээний хорооны зөвлөмж хуульд нийцэж байгаа эсэх, эрх зүйн үр дагавар бий болгосон эсэх, үнэлгээний хороо бусдад давуу байдал бий болгосон эсэх зэрэг нь хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримттай шууд хамааралтай хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай  ойлголтууд юм. 

4.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэхийг хориглох бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 19.1.8 дахь заалтад шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй, мөн хуулийн 19.1 дүгээр зүйлийн 19.1.9 дэх заалтад шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд  хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шийдвэр гарсан бол шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзахаар зохицуулсан. 

4.4. Гэтэл анхан шатны шүүх энэ байдлыг анхаарч үзэлгүй, прокуророос энэ талаар гаргасан санал дүгнэлтийн талаар үндэсэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, өмгөөлөгчийн саналыг хүлээн авч тендер хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Шүүх шинжилгээний тухай хуулиар тогтоосон шаардлага, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна. 

5. Мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийг хүлээн авсны дараа гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх, гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдсон эсэх, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх зэргийг хянаж хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх үүргийг прокурор хүлээдэг.

5.1. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүрэгтэй. 

5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоож, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэх боломжтой байна.  

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас эдийн болон эдийн бус хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэх бөгөөд Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргаж, хохирогч нь эрхээ хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлж болохоор тус тус зохицуулсан байна. 

6.1. Мөн шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.8 дахь хэсэгт зааснаар хохирогчид хуулиар олгогдсон эрх юм. 

6.2. Хохирогчийн дээр дурдсан эрхүүдээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан, эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогчийн эрхийг албадан хэрэгжүүлэх боломжгүй.

 6.3. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулахаар зохицуулсан байх бөгөөд шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцох болон бусад эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах нь хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэх боломжгүй.   

7. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/207 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.О 

            ШҮҮГЧИД                            Ш.Б  

                                                  Ч.Э