2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/02571

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 27 191/ШШ2025/02571

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: С аймаг, Б-У сум,  дүгээр баг, А, Ч Д  дугаар гудамж,  тоотод байрлах, Та за ТӨХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У хот, Ч дүүрэг,  дүгээр хороо, Д салхитын  дугаар гудамж,  тоотод оршин суух бүртгэлтэй, С дүүрэг,  дугаар хороо,  дүгээр гудамж,  тоотод оршин суух, Ня овогтой Мө /РД:......./-т холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 27,544,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Та за ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Н.Мө-ээс Ланд 200 маркийн автомашины моторыг 17,000,000 төгрөгөөр худалдаж авсан.

Уг моторыг иргэн Н.Мө нь Прадо-120 с Япон улсад байхад нь задалж оруулж ирсэн мотор гэж танилцуулсан. Гэвч уг мотор нь угсруулаад С аймагт ирээд л тагны жийргээрээ тос гоожоод эхэлсэн. Бид тухайн үед нь утсаар мэдэгдсэн, мөн бичлэг хийгээд явуулсан. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр диск нь эвдэрснийг манай байгууллага солиулсан. Мөн 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр уг машины гоожсон тосны угаар нь машины кабин дотор орж ирээд байхаар нь засварын газар үзүүлтэл арын 1 боолт байхгүй жийрэг нь хатаад тасарсан байсан. 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс л засвар үйлчилгээний хөлс гэж 3,824,000 төгрөгийг шилжүүлж уг авто машиныг янзуулсан. Бид хотоос ирээд 3 хоногийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө аймгийн төвөөс М сум руу шуурхай бүлэг замын хяналтын инженерийн хамт явж байтал мотор цохисон. Тухай бүрд мотор худалдсан талд утсаар болон чатаар бичлэгийг нь хийж явуулан дүрсээр харилцан ярьж мэдэгдэж байсан.

Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бид өөрийн зардлаар буюу 1,000,000 төгрөгөөр У хот руу ачуулсан. Мотор очсоноос хойш буюу 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр худалдагч тал машиныг хүлээн авсан. Авто машин очоод засварт ороход Дискний мөнгө гэж 700,000 төгрөг, ачилтын хөлс 120,000 төгрөг, тосны мөнгө 300,000 төгрөг, помпны мөнгө 600,000 төгрөгийг тус тус авсан. Энэ засвар хийгдсэн дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр моторын үйл ажиллагаа ерөөсөө болохгүй байна. Мотор боомоор байна гээд боолтны хөлс гэж 4,000,000 төгрөг авсан.

Үүнээс хойш 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр моторыг янзалж манай байгууллагад хүлээлгэн өгсөн. Гэтэл 20 хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр авто машины мотор эвдэрч ажиллагаагүй болсон.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 27,544,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж V6-4000 мотортой орж ирсэн Ланд-200 автомашины моторыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: тус иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын зүгээс моторын үнэ болох 27,544,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, V6-4000 моторыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс Ланд-200 автомашинд суурьлуулсан гэрээний дагуу шилжүүлсэн V6-4000 моторыг хариуцагчид буцаан өгөхөөр харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ши, нөгөө талаас хариуцагч Н.Мө нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Та за ТӨХК нь хариуцагч Н.Мө-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 27,544,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгслийн мотор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Талууд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд, V6-4000 моторыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс Ланд-200 автомашинд суурьлуулсан гэрээний дагуу шилжүүлсэн V6-4000 моторыг хариуцагчид буцаан өгөхөөр харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,670 төгрөгөөс 147,835 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 147,835 төгрөг болон хариуцагч Н.Мө-ээс улсын тэмдэгтийн хураамжид 147,835 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Та за ТӨХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Та за ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Мө-д холбогдох иргэний хэрэгт V6-4000 моторыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс Ланд-200 автомашинд суурьлуулсан гэрээний дагуу шилжүүлсэн V6-4000 моторыг хариуцагчид буцаан өгөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Та за ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,670 төгрөгөөс 147,835 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 147,835 төгрөг болон хариуцагч Н.Мө-ээс улсын тэмдэгтийн хураамжид 147,835 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Та за ТӨХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ