Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 445

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Б.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харалт овгийн Батбаярын Энхдөлд холбогдох эрүүгийн 1811007760300 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Б.Э, 1979 оны 5 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, хүйс эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 10 дугаар гудамж 161/б тоотод суух хаягтай,

2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 12 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сар хорих,

2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар ХЙ79050519.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Э нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 10 дугаар гудамж 162 тоотод суух Ц.Чинбаярын эзэмшлийн байшингийн үүдний амбаараас 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр усны тэрэг, мөн байшингаас 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 2 ширхэг унадаг дугуй хулгайлж нийт 300.000 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, нэмж мэдүүлэх зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Ц.Чинбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад манай эхнэр М.Саруултуяа миний 91119105 дугаарын утас руу залгаад манай байшингийн хаалга болон хашааны хаалга онгорхой байна гээд манай гэрийн хажууд байдаг дэлгүүрийн худалдагч залгаад байна гэж хэлсэн. Тэгээд би хашааны хаалгыг нь хаагаад орхичих гэж хэлсэн чи гэртээ очоод үзээдэх гэж хэлэхээр нь манай ахынх манай гэрийн ойролцоо байдаг болохоор би ах руугаа залгаад та очоод үзээдэх гэж хэлээд ажлаасаа гараад гэртээ ирэхэд манай ах бид хоёр зэрэгцэж ирээд хашаа руу ороход манай хуучин амьдарч байсан одоо хүн амьдрахгүй байгаа байшингийн хаалганы зүүдэг хятад цоожийг нь эвдсэн байдалтай байсан. Тэгээд дотогш ороод үзэхэд 2 ширхэг хүүхдийн унадаг дугуй алдагдсан байсан, ...манай ахын эхнэр Байгалмаа гадаа машиндаа сууж байгаад манай байшингаас алдагдсан хүүхдийн жижиг дугуйг нэг залуу түрээд явж байхыг нь хараад барьж авсан, ...Тэгээд цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгч тэр залууг барьж өгсөн...” гэжээ /хх-18-22/. 

              Гэрч Ц.Байгалмаа мэдүүлэхдээ: “...Ц.Чинбаяр нь манай гэрийг ухсан байна та очоод үзээдэх би одоо ажлаасаа гараад явлаа гэж ярьсан, ...бид хоёр тухайн үед хажууханд нь явж байсан болохоор гэрт нь очиход хашааных нь нэг ширхэг банз нь унасан, дотогш ороод үзэхэд одоо амьдрахгүй байгаа жижиг байшингийнх нь хаалганы цоожийг эвдсэн, хаалга нь онгорхой байсан. Тэгээд дотогш ороод үзэхэд эмх цэгцгүй байсан юу алга болсон талаар мэдэхгүй учир гэрийнх нь гадаа дүү Ц.Чинбаярыг хүлээгээд зогсож байсан чинь дүү Ц.Чинбаяр ирээд бид нарын хүүхдэд нь бэлэглэж байсан унадаг дугуй болон өөрийнх унадаг байсан дугуй зэрэг алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд Ц.Чинбаяр манай нөхөр Ц.Чинтогтох нар хаалганы цоожийг нь янзлаад хашааны унасан банз зэргийг нь янзлаад байж байхад нь би гараад машин дотроо сууж байсан чинь хажуу талынх нь дэлгүүрийн үүдэнд миний охины унаж байсан хуучин ягаан өнгийн раамтай унадаг дугуй дэлгүүрийн гадаа архи уудаг байрын хоёр залуу хажуудаа тавиад зогсоосон тэгээд өөр нэг хоёр хүнээс авах уу зарна гэсэн зогсож байхаар нь би өөрийн нөхөр Ц.Чинтогтох болон дүү Ц.Чинбаяр нар руу залгаад энд нөгөө ягаан унадаг дугуй байна гэж хэлээд нөхөр дүү хоёр гарч ирээд юун дугуй гээд очоод авсан чинь нөгөө хоёр залуугийн нэг нь болох арай хөгшин хар өнгийн куртиктэй бараан хувцастай нь гялс гэр рүүгээ ороод гараад ирье гэж хэлээд зугтаагаад яваад өгсөн. Тэгээд цуг байсан залууг нь авч үлдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа ирээд нөгөө залуугаас нь асуусан чинь намайг гэрт нь орсон чинь зарах уу гээд байхаар нь би цуг гарч зарах гээд зогсож байна би хулгайн унадаг дугуй гэж мэдээгүй надад өөрийнх нь хүүхдийн дугуй гэж хэлж байсан. Тэгээд цагдаа нарт нөгөө хүнийг хүлээлгэж өгөөд манай дүү нөхөр хоёр унадаг дугуйгаа бүрэн бүтэн байдлаар нь аваад гэртээ оруулсан...” гэжээ /хх-28-29/.

              Дамно ХХК-ний хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-32-33/.

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, тогтоолын хуулбар /хх-55, 58-65/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлол /хх-53, 66/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 10 дугаар гудамж 162 тоотод суух Ц.Чинбаярын эзэмшлийн байшингийн үүдний амбаараас 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр усны тэрэг, мөн байшингаас 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 2 ширхэг унадаг дугуй хулгайлж нийт 300.000 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Чинбаярын  “…ирээд хашаа руу ороход манай хуучин амьдарч байсан одоо хүн амьдрахгүй байгаа байшингийн хаалганы зүүдэг хятад цоожийг нь эвдсэн байдалтай байсан. Тэгээд дотогш ороод үзэхэд 2 ширхэг хүүхдийн унадаг дугуй алдагдсан байсан, ...манай ахын эхнэр Байгалмаа гадаа машиндаа сууж байгаад манай байшингаас алдагдсан хүүхдийн жижиг дугуйг нэг залуу түрээд явж байхыг нь хараад барьж авсан, ...Тэгээд цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгч тэр залууг барьж өгсөн…” гэх мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Б.Э-ийг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Чинбаяр нь “...Б.Эөөс хохирлоо бүрэн авч хохиролгүй болсон тул гомдол санал байхгүй болно. Иймд Б.Э-д гомдол санал нэхэмжлэх зүйлгүй учраас хуульд заасан хамгийн ял оногдуулж өгнө үү. …Шүүх хуралд оролцохгүй…” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзав. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Эийн нийт цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Эд 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Эд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

4. Шүүгдэгч Б.Эийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН