Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/17

 

Б.Б, Б.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Г.Баярдаваа, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд: 

         прокурор Т.Түмэнжаргал,

         хохирогч “Д Л” ХХК-ийн төлөөлөгч Л.С өмгөөлөгч Х.Ургаа /цахимаар/,

         шүүгдэгч Б.Б, Б.Г нарын өмгөөлөгч Б.Билгүүн,

      шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан,

      Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, Б.Г нарт холбогдох 2317000550027 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Монгол Улсын иргэн, Б овогт Б Б - оны - дугаар сарын -нд Х аймгийн Х суманд төрсөн, - настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт У хотын Б дүүргийн - дугаар хороо, - дугаар хороолол, - дугаар байрны - тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Х-У- дүүрэг, - дүгээр хороо, Т - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх /РД: /,

           Монгол Улсын иргэн, Б овогт Б Г - оны - дүгээр сарын -нд Х аймгийн Х суманд төрсөн, - настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “С х” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Х-У дүүргийн - дугаар хороо, - дугаар байрны - тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Х-У дүүрэг, - дүгээр хороо, - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх /РД: /

           Шүүгдэгч Б.Б нь өөрийн төрсөн дүү болох Б.Г бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “А О” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайд байрлах “С х” ХХК-ийн 3312 тонн нүүрсийг БНХАУ руу вагоноор тээвэрлэж гаргахаар “Д Л” ХХК-тай холбогдон тээвэрлэлтийн хөлсийг 390 000 000 төгрөгөөр тохиролцож, тээвэрлэлтийн хөлс болох 390 000 000 төгрөгнөөс 210 000 000 төгрөгийг төлж, 180 000 000 төгрөгийг төлж барагдуулсны дараа 50  вагоныг Эрээн боомт руу хөдөлгөх талаар “Д Л” ХХК-аас мэдэгдэхэд дээрх төлбөрийг төлж барагдуулахгүйгээр 50 вагонд ачсан нүүрсийг Эрээн боомт руу тээвэрлэхийн тулд, үлдэгдэл төлбөр болох 180 000 000 төгрөг буюу 350 000 юанийг БНХАУ-ын “T Sh L T” Co., Ltd компанийн олон улсын мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн гэх хуурамч баримтыг “Д Л” ХХК-д өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж 180 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах,

        шүүгдэгч Б.Г нь өөрийн төрсөн эгч болох Б.Б бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “А О” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайд байрлах “С х” ХХК-ийн 3312 тонн нүүрсийг БНХАУ руу вагоноор тээвэрлэж гаргахаар “Д Л” ХХК-тай холбогдон тээвэрлэлтийн хөлсийг 390 000 000 төгрөгөөр тохиролцож, тээвэрлэлтийн хөлс болох 390 000 000 төгрөгнөөс 210 000 000 төгрөгийг төлж, 180 000 000 төгрөгийг төлж барагдуулсны дараа 50  вагоныг Эрээн боомт руу хөдөлгөх талаар “Д Л” ХХК-аас мэдэгдэхэд дээрх төлбөрийг төлж барагдуулахгүйгээр 50 вагонд ачсан нүүрсийг Эрээн боомт руу тээвэрлэхийн тулд, үлдэгдэл төлбөр болох 180 000 000 төгрөг буюу 350 000 юанийг БНХАУ-ын “T S L T” Co., Ltd компанийн олон улсын мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн гэх хуурамч баримтыг “Д Л” ХХК-д өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж 180 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Б.Б, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

      Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

         шүүгдэгч Б овогт Б Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

       шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12 000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,

         шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 12 000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Б.Г оногдуулсан 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Г нарын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь хохирогч “Д Л” ХХК-д 140 000 000 /нэг зуун дөчин сая/ төгрөг нөхөн төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Г нараас 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 20 000 000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж “Д Л” ХХК-д олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Манай үйлчлүүлэгч Б.Б, Б.Г нарыг тус шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй,” мөн хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,” гэж зааснаар тус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан хууран мэхлэх арга гэдгийг тайлбарлахдаа “...180 000 000 төгрөг буюу 350 000 юанийг БНХАУ-ын “T S L T” Со.,Ltd компанийн олон улсын мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн гэх хуурамч баримтыг “Д Л” ХХК-д өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж 180 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан үйл баримт тус тус тогтоогдож байна.” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон.  Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ харилцаанд оролцогч талуудын үйлдэл оролцоо, харилцан хамаарал, үйлдлийн шинж чанар зэргийг нэг бүрчлэн дүгнэж хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоогдсон тохиолдолд гэм буруугийн дүгнэлтийг хийх учиртай. Өөрөөр хэлбэл гэм буруутайд тооцогдсон Б.Б, Б.Г нар БНХАУ-ын  T S L T” Со.,Ltd компанид нүүрс худалдан борлуулахаар тохиролцсон буюу худалдагч тал, нүүрс тээвэр, төлбөр тооцоотой асуудлыг БНХАУ-ын компанийн эрх бүхий албан тушаалтан Ф Ж Х шийдвэрлэхээр БНХАУ-ын компанитай нүүрс худалдах, худалдан авах халхавчилсан гэрээг байгуулсан, хуурамч гэх баримт нь БНХАУ-ын компанийн эрх бүхий албан тушаалтан Ф Ж Х-гийн wechat харилцаа холбооны хэрэгслээр дамжин Б.Б, Buhebilige нарт ирж байсан зэрэг нөхцөл байдлыг хэрхэн дүгнэсэн, нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Манай үйлчлүүлэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар батлах, үгүйсгэх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй. Талуудын хооронд үүссэн гурвалсан харилцааг тусгаарлан, нотлох баримтын эх сурвалжийг тогтоох, нарийвчлан шалгах ажиллагааг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан гэмт хэргийн ул мөр, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэн, түүний эх сурвалжийг магадлах аргаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг эргэлзээгүй нотлох үүргийг хуулиар хүлээсэн боловч “... Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан нотлох баримт биш байна...” гэж үзэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн үгүйсгэсэн. Зүй нь тус үйл баримтыг хэрэгт хамааралгүй гэж дүгнээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай юм. Хэрэгт вагон тээврийн үйл ажиллагаа нь хэрхэн ямар журмын дагуу явагддаг, вагоны тээврийн үнийг 390 000 000 төгрөгөөр тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн эсэх, үнийг хэт өндөрөөр тогтоосон явдал нь төлбөрийг төлөхгүй байх маргаан бий болсон эсэхийг нарийвчлан тогтоох ёстой атал хэт өндөр үнэ тогтоож монополь үйл ажиллагаа явуулсныг харгалзах, талуудын тохиролцоондоо маргах эрхийг хязгаарлан хэргийг шийдвэрлэсэн. Энэ гэмт хэргийн улмаас хэн нэгэн ашиг олох үндэслэл байх ёсгүй, хууль журмын дагуу үүссэн эрхийг хуульд заасан аргаар хамгаалах үндэслэл үүснэ гэх хуулийн зарчмыг зөрчсөн үйл явдал мөн.

          Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хохирогчийн өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа шиг нөхцөл байдал байдаггүй. “С х” ХХК болон “Д Л” ХХК нь БНХАУлсын Эрээн боомт руу нүүрс тээвэрлэхээр харилцан тохиролцсон. “С х” ХХК нь 390 000 000 төгрөгийг “Д Л” ХХК-д өгөхөөр болж уг төлбөрөөс 210 000 000 төгрөгийг өгч, 180 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Шүүгдэгч нар бол маргахгүй байна. Харин шүүгдэгч Б.Б зүгээс 180 000 000 төгрөгийг төлөхгүй бол тухайн вагоныг хөдөлгөхгүй гэсэн гэрээний нөхцөлтэй байсан. Гэтэл хуурамч баримт үзүүлж тухайн вагоныг хөдөлгөсөн, ийм л үйл баримт болсон. Энэ нь өөрөө зохиомол байдлыг бий болгож, огт мөнгө орж ирээгүй байхад төлбөрийг орсон мэтээр харуулсан. Энэ нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа. Хохирогчийн зүгээс 180 000 000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаан хүртэл төлөөгүй байж байгаад завсарлага аваад 140 000 000 төгрөгийг төлсөн. Шүүх хуралдааны дараа 40 000 000 төгрөгийг төлсөн. Манай компанийн зүгээс ямар нэгэн төлбөр тооцооны үлдэгдэлгүй байгаа. Энэ нь өөрөө иргэний эрх зүйн харилцаа гэж ярьж байна. Иргэний эрх зүйн харилцаа анх үүссэн. Иргэний эрх зүйн харилцаа үүсээд явж байхад хохирогчид үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байх санаа зорилготойгоор хуурамчаар, анхнаасаа төлбөрийг төлөхгүй гэсэн санаа зорилгыг агуулдаг. Энэ нь өөрөө шүүх гэм буруутайд тооцсоны дараа хохирол төлбөрөө төлж байгаагаар асуудал шийдэгдэж байгаа. 2-т шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирсэн хэргийн хүрээнд шийддэг. Хятад улсаас нотлох баримтыг цуглуулаад ирэхэд шүүх үнэлээгүй гэдэг. Үнэхээр тийм байсан бол энэ ажиллагаагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зохицуулалтаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжтой байсан. Ийм нөхцөл байдал гаргаагүй. Хурал дээр хэн гэдэг нь тодорхойгүй хүн авчирч яриулчихаад нотлох баримтын шаардлага хангаж байгаа, энэ нь үндэслэлтэй гэж байгаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Хуульч хүн баримттай ярих ёстой. 210 хувийн ашиг гэж хаанаас ийм тоо бодож гаргаад яриад байгааг ойлгомжгүй байна. Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөөч гэсэн саналтай байна гэв.

       Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: 2023 оноос мөрдөн шалгах ажиллагаа 1 жил 6 сарын хугацаанд явагдсан. Энэ хугацаанд Б.Б, Б.Г нарын зүгээс дээрх буюу сүүлд гаргаж өгсөн гэх Хятадын нотариатаар батлуулж өгсөн гэх нэг ч хүсэлт, санал гаргадаггүй. Өөрөөр хэлбэл энэ хэргийг Улсын ерөнхий прокурор шалгасан асуудал байгаа. Яагаад гэхээр энэ асуудал анхан шатны шүүх хурал дээр яригдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Энэ шаардлагыг хангаагүй учраас нотлох баримтын хүрээнд үнэлэх ямар ч боломжгүй. Үнэллээ гэсэн ч хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Өмгөөлөгчийн хэлснээр 3-4 удаа явж байж 390 000 000 төгрөг гэсэн агуулга гарсан. Үгүй, Б.Б, Б.Г нар хоёулаа анхан шатны шүүх хуралдаанд, мэдүүлэг дээрээ 1 цуваа 50 ширхэг вагоныг нэг удаа хөдөлгөхөд 390 000 000 төгрөг шүү гэж тохиролцож, гэрээ хийж мөнгийг шилжүүлэх асуудал дээрээ 210 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг нь вагон хөдлөхөөс өмнө зохицуулна гэж ярьсан асуудал байдаг гэж мэдүүлдэг. Б.Б нь үлдэгдэл 180 000 000 төгрөгийг төлөх болоход  тэр мөнгөөр өөрөө Улаанбаатар хотод байр авсан. Өөрөөр хэлбэл тээвэрлэлтийн зардалд зарцуулах ёстой байсан мөнгийг өөрөө хувьдаа завшиж байр аваад, мөнгийг өгөх боломжгүй болохоороо өмнө өгсөн баримтын сери дугаартай яг адилхан баримтын үнийн дүнг засаад, он сарыг нь засаад мөнгө ирсэн, гадаад улсын мөнгөн гуйвуулга 1,2 хоногтоо орно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгосон. “Д Л” ХХК итгээд вагоныг хөдөлгөж асуудлыг шийдсэн. 3-4 вагон явна гэсэн ямар ч ойлголт байхгүй. Б.Б 1 вагоныг тэгж хэлсэн юм уу, 3-4 удаа гэж тохироод байгаа юм уу гэхэд үгүй прокурор оо 1 цувааг 390 000 000 төгрөгөөр тохирсон, хамгийн гол нь дараа дараагийн тээвэрлэлтийг хийгээд өгөх болов уу гэсэн найдлага байсан юмаа, тэр бол дараагийн асуудал гэдэг. Хамгийн гол нь 180 000 000 төгрөгийг өгөхгүйгээр яаж вагоныг хөдөлгөх вэ гэдэг гол санаа гарч ирж байгаа. Энэ дээр нөгөө тал мөнгөө өгөхгүйн тулд баримтаа өгөөд, энэ баримтыг хуурамч гэдгийг Б.Б мэдэж байсан учраас хүн итгэхгүй байх юм бол энэ баримтыг давхар өгье гээд компанийхаа нэрээр Б.Г гарын үсэг зуруулж би төлнө шүү гээд баталгаажуулж өгч байгаа. Ингэж залилах гэмт хэрэг төгсөөд вагоныг хөдөлгөж байгаа. Өмгөөлөгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Б.Б, Б.Г нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх агуулга нотлогддог. Сэдэл санаа зорилго нь юу байсан, ямар үйл баримт тогтоогдоод байгаа, ямар бичгийн нотлох баримтаар тогтоогдоод байгаа бүгд байгаа. Иргэний хуулийн энэ, энэ заалт, залилах гэмт хэрэг энэ үед үүсчээ гэж шийтгэх тогтоол дээр тодорхой заагаад өгчихсөн. Өмгөөлөгчийн яриад байгаа аль ч үндэслэл тогтоогдоогүй. Иймд, 66 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гэдэг нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөөч гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

      Шүүгдэгч Б.Б Б.Г нар нь бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “А О” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайд байрлах “С х” ХХК-ийн 3312 тонн нүүрсийг БНХАУ руу вагоноор тээвэрлэж гаргахаар “Д Л” ХХК-тай холбогдон тээвэрлэлтийн хөлсийг 390 000 000 төгрөгөөр тохиролцож, тээвэрлэлтийн хөлс болох 390 000 000 төгрөгнөөс 210 000 000 төгрөгийг төлж, 180 000 000 төгрөгийг төлж барагдуулсны дараа 50  вагоныг Эрээн боомт руу хөдөлгөх талаар “Д Л” ХХК-аас мэдэгдэхэд дээрх төлбөрийг төлж барагдуулахгүйгээр 50 вагонд ачсан нүүрсийг Эрээн боомт руу тээвэрлэхийн тулд, үлдэгдэл төлбөр болох 180 000 000 төгрөг буюу 350 000 юанийг БНХАУ-ын “T S L T” Co., Ltd компанийн олон улсын мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн гэх хуурамч баримтыг “Д Л” ХХК-д өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж 180 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Хэргийн үйл баримт болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг харьцуулан дүгнэвэл “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул дараах ажиллагаануудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

        1. “T S L T /Т Ш Л Т/ компанийн талаас 2024 оны 04 сарын 11-нд “Д Л” ХХК-нд шилжүүлсэн гэх 350 000 юанийн баримтыг шүүгдэгч Б.Б гаргаж өгсөн байх тул түүний Ви чатанд /Wechat/ үзлэг хийж, уг хуурамч гэх баримтыг хэн нэгэн ирүүлсэн байна уу эсвэл Б.Б хуурамчаар үйлдэж явуулсан уу гэдгийг шалгаж тогтоох

       2. Дээрх баримтын бар код нь өөр баримтын кодтой давхцаж байгаа нь ямар учиртай болохыг шалгаж тогтоох 

         3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн нь шаардлагатай бол “T S L T” компанийн төлөөлөгч гэх Ф Ж Х Монголд авчирч гэрчээр асуулгах талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хүсэлт тавьж байсан боловч прокурорын зүгээс хүсэлтийг хангахаас татгалзаж байсан гэж мэдүүлж байх тул түүнээс дээрх хуурамч гэх баримтын талаар асууж тодруулан уг баримтыг хэн үйлдсэн, 350 000 юань шилжүүлсэн эсэхийг тогтоох

       4. Тээвэрлэлтийн хөлсийг  390 000 000  төгрөгөөр тохиролцсон гэх тул энэ зардалд юу юу орж байгаа болохыг тооцох, тээвэрлэлтийн бодит зардлыг Улаанбаатар Төмөр замын удирдах газраар гаргуулан зайлшгүй шаардлагатай байна.

          Учир нь, Шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахын тулд шүүхээс хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримттай шалтгаант холбоотой, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байх ёстой.  

        Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримт, бусад нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд тогтоогоогүй, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулж, тогтоолгүй хэргийг шүүхэд  шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй”  гэх үндэслэлд хамаарна.

         Түүнчлэн прокуророос, шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг бүлэглэн “...180 000 000 төгрөг буюу 350 000 юанийг БНХАУ-ын “T S L T” Co., Ltd компанийн олон улсын мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн гэх хуурамч баримтыг “Д Л” ХХК-д өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж 180 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүх “...шүүгдэгч нар нь T S L T компаниас нүүрс тээврийн төлбөрийг урьдчилан авсан, уг урьдчилж авсан мөнгөөрөө орон сууц худалдан авч зориулалтын бусаар зарцуулсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна” гэж,

         мөн “...шүүгдэгч Б.Г зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/27 дугаартай Д Л ХХК-д гаргасан “Вагон тээврийн үлдэгдэл  төлбөр болох  350 000 юанийг БНХАУлсаас шилжүүлсэн. Дээрх төлбөр шилжиж ороогүй тохиолдолд С х ХХК нь төлбөрийг бүрэн төлж барагдуулна” гэх бичгийг гаргаж өгсөн үйлдэл нь баримт бичиг ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт хамтран оролцсон байна” гэж тус тус дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэснийг зөрчсөн байна.

          Өөрөөр хэлбэл, прокурор дээрх үйлдлүүдийг “залилах” гэмт хэргийн объектив талын шинжид хамааруулан зүйлчлээгүй, зөвхөн “350 000 юанийн хуурамч баримт гаргаж өгсөн” гэж яллах дүгнэлт үйлдэгдсэн байхад анхан шатны шүүх дээрх үйл баримтыг нотлох баримтын хүрээнд дүгнэн, хэргийг хэлэлцсэн нь буруу байгааг дурдах нь зүйтэй байна. 

         Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангаж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

           2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                      

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.НАРАНЧИМЭГ

             ШҮҮГЧ                                         Г.БАЯРДАВАА

             ШҮҮГЧ                                         О.ОДНЯМАА