Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 443

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Н.Булганчимэг,

  шүүгдэгч Г.Н /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Цорс овгийн Гантулгын Нямбаярт холбогдох эрүүгийн 1811000000493 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овгийн Г.Н, 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр хэсэг СКЭ 2-р байрны 09 тоот хаягт бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 11 дугаар хороо Нуурын 7-90 тоотод түр оршин суудаг гэх,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1189 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр торгох ялыг эдлэж дууссан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ШЖ80060162.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 00:05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хулан пабын гадна иргэн Ч.Оюунчимэгтэй маргалдсаны улмаас түүний цээжийг маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ч.Оюунчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 23:00 цагийн үед гэртээ байж байгаад гараад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хулан пабад  ороод найз Нямбаярыг хүрээд ир гэж дуудсан. Цагийн дараа Нямбаяр Батчимэгтэй цуг орж ирсэн. Тэр хоёрыг хүлээнгээ би 2 пиво уусан. Тэгээд бид 3 хэсэг юм ярьж сууж байгаад 01:00 цагийн үед пабаас гараад гэр рүүгээ явах гэтэл Нямбаяр “манай гэрт орчих уу” гэхээр нь би “очихгүй, шууд харьлаа” гэтэл “чи ямар овоо болчихсон юм бэ” гээд хүзүүнээс татаж байгаад цээж урчхаар нь “чи яаж байгаа юм бэ, цээж хорсоод байна” гэтэл чи муу ямар том болчихсон юм бэ, хохино гээд дахиад цээж маажаад, толгой тархи руу цохиод байсан....” гэжээ /хх-7-9х/.

Гэрч Г.Батчимэг мэдүүлэхдээ: “...Гадаа утсаар ярьчхаад ороод иртэл Нямбаяр, Оюунчимэг хоёр нэг нэгнээ заамдчихсан, маргалдаад байж байхаар нь хүүе ээ та хоёр юу болж байна гээд боль боль гээд салгасан. Тэгээд удалгүй тооцоогоо хийгээд гадаа гартал тэр хоёр дахиад маргалдаад барьцалдчихаад салахгүй байхаар нь дундуур нь орж салгаад бид гурав гурван тийшээ салаад явсан. ...Нямбаяр Оюунчимэгтэй ноцолдож байхдаа цээжийг маажчихсан байсан, дундуур нь орж салгахад Оюунчимэгийн цээж улаан эрээн болсон байсан...” гэжээ /хх-10-11/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №6321 дүгээр дүгнэлтэд: 

“1. Ч.Оюунчимэгийн биед хүзүү, цээжний цус хуралт, зулгаралтууд, зүүн бугалга, баруун шууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-15/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-2340-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/, хохирогч Ч.Оюунчимэгт хохирлын 250.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-33/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 00:05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хулан пабын гадна иргэн Ч.Оюунчимэгтэй маргалдсаны улмаас түүний цээжийг маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ч.Оюунчимэгийн “...“чи ямар овоо болчихсон юм бэ” гээд хүзүүнээс татаж байгаад цээж урчхаар нь “чи яаж байгаа юм бэ, цээж хорсоод байна” гэтэл чи муу ямар том болчихсон юм бэ, хохино гээд дахиад цээж маажаад, толгой тархи руу цохиод байсан...” гэх мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №6321 дүгээр дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Г.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. 

Мөн шүүгдэгч Г.Н ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Ч.Оюунчимэг нь “...Нямбаяраас эмчилгээний зардалд 250.000 төгрөг хүлээн авсан. Нямбаяртай эв зүйгээ олсон, гомдол санал байхгүй тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цорс овгийн Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН