| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2419000310076 |
| Дугаар | 2024/ДШМ/42 |
| Огноо | 2024-09-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/42
Д.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Дашням,
Хохирогчийн өмгөөлөгч С.Ш,
Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/387 дугаартай шүүгчийн захирамжтай, Д.Б холбогдох 2419000310076 дугаартай эрүүгийн хэргийг, прокурорын эсэргүүцэлд үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Б,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
3.Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Б холбогдох эрүүгийн 2419000310076 дугаартай хэргийг прокурорт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 138154 дугаартай жолоочийн үнэмлэхийг хэргийн хамт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Б.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Яллагдагч Б холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Осол болсон гэх газар болон Дорноговь аймгийн Хатанбулаг сум хоорондоо 240 км зайтай. 12 цагийн орчимд Сайншанд сумаас гарсан талаар хэргийн оролцогч нар болон бусад оролцогчид мэдүүлдэг. Мөн гэмт хэрэг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд үйлдэгдсэн бөгөөд тухайн үед согтолтын зэрэг ямар байсан болон түүнээс өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтууралтай байхдаа тээврийн хэрэгслийг жолоодсон гэж үзэх нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Учир нь хохирогч Б “машин дотроо задалсан архиа М, Б нар уусан байх, машин дотор хэл ам нь орооцолдож ярьж чадахгүй болсон байсан” гэх мэдүүлэг болон Амартүвшин, М нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт “тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, Сайншанд сумаас гарахдаа 500 граммын шилтэй архи уусан талаар мэдүүлдэг. Сайншандаас Хатанбулаг сумын * багийн нутаг дэвсгэр хүртэл 240 км замын турш яллагдагчийг 0,20 хувийн согтолттой байсан гэж үзэх нотлох баримт хангалтгүй байсан. Яллагдагч болон хохирогчийн өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцуулаагүй талаар гомдол, хүсэлт гаргаагүй байхад хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, өмгөөлөгч нарт хэргийн материал танилцуулаагүй оролцогч нарын эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-т шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэж заасны дагуу хэргийг 60 хүртэлх хоногоор хойшлуулах ёстой. Өөрөөр хэлбэл яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх тухай асуудал нь яллагдагчийн гэм буруутай холбоотой асуудалд гагцхүү гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэрлэх байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-т зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэсэн заалтыг зөрчиж байна. Иймээс шүүгчийн дугаар захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. Дүгнэлтийн тухайд захирамжид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ямар ажиллагаа явуулах талаар тодорхой заагаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Хэргийн оролцогч нарын зүгээс хэргийн материалтай танилцуулаагүй талаар гомдол гаргаагүй. Тэдгээрийн ямар нэгэн эрхийг мөрдөн байцаалт болон хэрэг бүртгэлтийн шатанд хязгаарласан зүйл байхгүй тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхэд хэргийг прокурорт буцаах тухай ойлголт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд байхгүй зохицуулалт тиймээс хуульд байхгүй үндэслэлээр хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байх тул эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.
6.Хохирогчийн өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Өмгөөлөгч болон хохирогчийн эрхийг хязгаарласан. Хэргийн материалтай танилцуулаагүй, бид нар хэрэг хаана байгааг мэдэхгүй, прокуророос тодруулахад хэрэг байхгүй, шүүхэд шилжсэн байсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарласан өдөр хэрэг шүүхэд шилжсэн талаар мэдсэн. Тухайн үед энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцоно гэдэг мэдэгдэх хуудас, албан бичиг, хохирол төлбөрийн баримтаа өгсөн. Тухайн үед хэргийн материал танилцуулах болоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна гэсэн боловч хэд хоногийн дараа шүүх рүү хэргээ шилжүүлсэн байсан. Энэ дээр ямар нэгэн байдлаар гомдол санал гаргах эрхийг маань хязгаарласан байсан. Мөн хэргийн материалтай танилцахад үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг яллах дүгнэлт гардуулах өдөр өөрчилсөн байсан. Энэ талаар мөн хэргийн оролцогч нарт танилцуулаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т зааснаар зүйлчилж байсан хэргийг яллах дүгнэлт үйлддэг өдрөө согтуурсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн байсан. Хохирогчийн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулах ажиллагаа хангалтгүй болсон. Сүүлийн үед дандаа хэргийн материал танилцуулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Мөн хохирол төлбөр огт төлөгдөөгүй, хохирлыг хэн төлөх нь тодорхойгүй. Иргэний хариуцагчаар компанийг татсан боловч энэ итгэмжлэгдсэн төлөөлөгч яг ямар эрх үүрэгтэй оролцох юм. Хохирол төлбөр төлөх юм уу, үгүй юу талаар итгэмжлэл дээр юу ч байхгүй. Энэ хэрэг дээр авто замын компанитай холбоотой асуудал ч яригдах боломжтой. Анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавихгүйгээр осол гарах нөхцөл бүрдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа маш хангалтгүй хийгдсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж оролцогчийн эрхийг хангах шаардлагатай. Хохирол төлбөрийн асуудал мөн яригдана. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.” гэв.
7.Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж эхэлсэн цагаас яллагдагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Миний хувьд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа. Хохирогчийн өмгөөлөгч драгер багажаар согтуурал шалгасан нь хэргийн материалд авагдсан гэж байна. Яллагдагч мэдүүлэхдээ хохирогчийн эмнэлэгт хүргээд айсандаа тэнд байсан архинаас уусан, тэр талаар гэрчүүд мэдүүлээгүй байна гэдэг. Хэрэв тийм бол жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал үед жолоогоо шилжүүлсэн асуудал гарна. Бүрэнжаргал гэдэг хүн юу гэдэг гэхээр ХАБ ын инженер гэдэг хүн та ийм мэдүүлэг өгөхгүй бол өөрөө энэ хэрэгт хариуцлага хүлээх гээд байна гэдэг зүйлийг ярьсан гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэд хэдэн хүсэлтийг гаргасан ч прокуророос миний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хохирогчийн эрхийг зөрчиж хэргийн материал танилцуулаагүй гэж байна. Хэргийн материал танилцуулсан хуудсан дээр хэн хэнд хэргийн материал танилцуулсан нь тодорхой авагдсан байгаа. Хохирогч хэргийн материалтайгаа танилцлаа, хохирлын баримтуудаа өгсөн гээд байж байсан. Тэгэхээр хохирогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах нэмэлт ажиллагаатай хэргийн материал шүүхэд шилжиж ирэхэд нь танилцсан. Хохирогчид учирсан гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг хуульд зааснаар хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээж авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:
1.Хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн *сумын * багийн нутаг дэвсгэрт * улсын дугаартай Тоёота Ланд крузейр загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас зорчигч Ц.Б эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон.
2.Анхан шатны шүүх яллагдагч Д.Б холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...түүнийг уг гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон, энэ нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна” гэсэн агуулга бүхий үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба прокурор эс зөвшөөрч Б.Дашням “...шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах боломжтой, ...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэснийг зөрчсөн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн үндэслэлүүдээр эсэргүүцэл бичжээ.
3.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулахаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан.
Ингэхдээ шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар хянан хэлэлцэж шийдвэр гаргах асуудлууд болох нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-д зааснаар,
мөн хуулийн 6.14-д зааснаар “...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол гарсан бол,
- хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал үүссэн” гэсэн тодорхой нөхцөлүүдийг бий болсон тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлгийн болон гэм буруугийн шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж болох нарийвчилсан зохицуулалт гэж ойлгоно.
Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ц.Б өмгөөлөгч С.Шинэбаярын зүгээс “...хэргийн зүйлчлэлийг хохирогчид мэдэгдэхгүйгээр хөнгөрүүлсэн, иргэний хариуцагчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зөв тогтоож чадаагүй, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч эрх хэмжээний талаар хязгаарлалттай буюу зөвхөн гарын үсэг зурах гэсэн эрхийн хязгаарлалттай итгэмжлэл олгосон, ... хохирогч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчтэй оролцсон байхад өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй шүүхэд шилжүүлсэн” гэсэн үндэслэлүүдээр гомдол гаргасан,
мөн яллагдагч Д.Б өмгөөлөгч Ж.Чимэг мөрдөн байцаалтын шатанд цугларсан шинээр цугларсан нэмэлт нотлох баримтуудтай танилцуулаагүй гэсэн үндэслэлүүдийг шүүгч захирамждаа дурдсан.
Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-д заасан яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд гарсан гомдол, хүсэлт байх ба эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудыг шийдвэрлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хугацаа зааж хойшлуулах үндэслэл болж байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.
4.Хэрэгт “Тахилт хайрхан транс” ХХК-ныг * улсын дугаартай Тоёота Ланд крузейр загварын тээврийн хэрэгсэлд учирсан эд хөрөнгийн хохирол дээр хохирогчоор тогтоосон.
Гэтэл “Тахилт хайрхан транс” ХХК нь яллагдагч Д.Б, хохирогч Ц.Б нарын ажил олгогч бөгөөд Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд буюу иргэний хариуцагчаар тогтоогдох мөн үндэслэл байхад иргэний хариуцагчаар татаагүй байна.
5.Хохирогч Ц.Б зүгээс хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэнээс хэрхэн яаж гаргуулахаар нэхэмжилж байгаа /яллагдагч Д.Б, ажил олгогч “Тахилт хайрхан транс” ХХК/ нь тодорхойгүй /1хх 195/,
хохирогч Ц.Б гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол учирсан гэж үзэж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эсэх, эмчийн заавар зөвлөгөөний дагуу сэтгэц, мэдрэлийн эмчилгээ хийгдсэнтэй холбоотой нотлох баримтуудад үндэслэн уг хохирлыг нэхэмжлэх үндэслэлийг цаашид мөрдөгч, прокуророос анхаарах нь зүйтэй байна.
5.Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/387 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтад “...урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 30 хүртэл хоногоор хойшлуулсугай” гэж өөрчилж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БОЛОРМАА