Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
Хэргийн индекс | 2419000000094 |
Дугаар | 2024/ДШМ/43 |
Огноо | 2024-09-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/43
Э.А, Г.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
прокурор: Ц.Цэрэндулам
хохирогч, шүүгдэгч Э.А өмгөөлөгч С.Шинэбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, Э.А өмгөөлөгч С.Шинэбаяр, М.Эрдэнэчимэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.А, Г.Г нарт холбогдох эрүүгийн 2419000000094 дугаар хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1.2. Г.Г,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
2.2.Шүүгдэгч Э.А нь 2024 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг * тоотод хохирогч Э.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “...баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн мөр, зүүн шагайн цус хуралт, баруун сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцралт...” бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар” учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Г.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: ... Шүүгдэгч ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Э.А 3.300.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Э, шүүгдэгч Г.Г 3.300.000 төгрөг гаргуулан хохирогч Э.А гаргуулан тус тус олгож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч Э.А өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.А зүгээс Э.Э халдсан гэдгээ зөвшөөрдөг, маргадаггүй. Гэхдээ энэ хэрэг дээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-ийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-т заасан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээгээр бүрэн хангалттай тогтоогоогүй байна гэдэг үндэслэлээр өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан байгаа. Яагаад вэ гэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Э.А учруулаад байгаа гэмтэл Г үйлдлийн улмаас биш Энхсайханы үйлдлийн улмаас учраад байгаа нөхцөл харагддаг. Гэтэл Э.А биед учраад байгаа хамрын таславчийн мурийлт, хамрын таславчийн хугарал мөн тархи доргилт, гэмтлийг Г үйлдлийн улмаас учруулсан гээд дүгнэчихсэн байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа.
Мөн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон эмчийн үзлэгийн баримтаар Э.А биед 6 төрлийн гэмтэл учирсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд 3 төрлийн гэмтлийг дурдсан байгаа. Шинжээчийн дүгнэлтийн эмчийн үзлэгийн үзлэг шинжилгээ хэсэгт ямар гэмтэл учирсан бэ гэдгийг тархины доргилт, хацрын ясны хугарал, хамрын зөөлөн эдийн гэмтэл, уруулын гэмтэл, хамрын таславчийн мурийлт гээд дурдсан хэрнээ шинжээч дүгнэлт гаргахдаа зөвхөн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэдгээр гаргачихсан. Энэ тархи доргилт болон бусад тэр нүүрэндээ учирсан 9 төрлийн шарх гэмтлийг дүгнэлтэд тусгаагүй. Хэдийгээр гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй ч гэсэн шинжээчийн дүгнэлт бүрэн бус гарсан, дутуу гарсан гэж үзэж байгаа. Дээрээс нь энэнтэй холбоотой Э.Э гэдэг хүн энэ хүнд гэмтэл учруулсан уу үгүй юү гэдэг асуудлыг шалгаагүй. Гэрч Зулхүү болон Г мэдүүлэгт байдаг. Э.А захирлын хамраас нь цус гарчихсан байсан, доошоо эрүүгээ дагаад дусалж байсан гээд Э.Э, Э.А 2 ноцолдож байсан, дараа салгахад ийм байсан гэдгээр Зулхүү мэдүүлсэн байдаг. Мөн Г очих үед ямар байсан талаар Гансайхан өөрөө мэдүүлсэн байдаг. А нүүр амнаас нь цус гарчихсан байсан, нулимахад нь цустай байсан гэсэн мэдүүлэг байдаг. Тэгэхээр Э А 2-ын маргааны улмаас А биед гэмтэл учирсан нөхцөл байдал харагддаг. Цус гараад байна, хамраас нь цус гараад нүүр ам нь битүү цус болчихоод байна. Г дараа нь Э энэ 2-ыг ноцолдсоны дараа дахиж салгаж аваад толгой руу нь өшиглөсөн байдаг. Миний үйлчлүүлэгч А тархи доргилт, хамар ясны хугаралт, хамрын мурийлт, уруулын шарх, нүүрэн дэх 9 төрлийн сорви, шарх үүссэн гэмтэл учирсан. Гэтэл хамрыг нь таславч, хамрын мурийлт 2-ыг өнөөдрийн хэрэгт авагдсан баримтаар зөвхөн Г учруулсан гээд дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт хамтран оролцогчийг бүрэн тогтоогоогүй байна. Мөн гэмтлийг шинжээчийн дүгнэлт бүрэн тусгаагүй байна. Э.Э гэмтэл дээр Э дээр гарсан шинжээчийн дүгнэлт байгаа юм. Э шинжээчийн дүгнэлт дээр болохоороо бас үндэслэлгүй гарсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энхсайханы шинжээчийн үзлэгүүдээр толгой өвдөнө, хамар цээжээр өвдөнө, хэвлийн урд хэсэг өвдөнө, дотор муухайрна, хөндүүрлэнэ, зүүн мөр өвдөнө гээд удаа дараагийн үзлэгээр ийм гэмтэлтэй байна гэж байснаа 2024 оны 2 сарын 14-өөс 15-нд гарсан. 4,5 удаагийн эмчийн үзлэгт ерөөсөө баруун нүд өвдөнө гэсэн зүйл байдаггүй. Зүүн нүд өвдөнө гэж ярьдаг. Гадна биеийн үзлэгт зүүн нүд хөхөрсөн, зүүн нүд хавдсан гэсэн үзүүлэлттэй байдаг. Гэтэл томографын зургаар баруун нүдний ухархайн хана хөндий рүүгээ хугарсан хамрын яс хуучин хугаралтай, хамрын таславч баруун тийш мурийлттай гээд энэ баруун нүд хугаралт нь хуучин уу? шинэ үү? гэдэг нь тогтоогдоогүй. Бусад үзлэгийн баримтуудаар дандаа зүүн нүд хөхөрсөн, зүүн нүд хавантай, бусад гэмтлүүд байна гэсэн боловч баруун нүдний талаар ерөөсөө огт үзлэгт байдаггүй. Тэгтэл хамрын баруун талын нүдний ухархайн хугаралтай гэдгээр хөнгөн гэмтэл учирсан гээд дүгнэчихсэн байгаад байгаа юм. Гэтэл энэ баруун нүдний ухархайн гэмтэл нь хуучин уу, шинэ үү? Тухайн үед А үйлдлийн улмаас энэ баруун нүдэнд гэмтэл учирсан уу, үгүй юу? шалгаж тогтоосон зүйл байхгүй. Зүүн нүд хавдсан байдаг. Тэгэхээр Э биед учраад байгаа баруун нүдний ухархайн дотор хананы хугарлыг Ариунбаяр учруулсан уу, үгүй юу, энэ шинэ хуучин уу гэдэг нь үндэслэлгүй тогтоогдохгүй гэж үзэж байгаа. Эмчийн үзлэгээр зөвхөн зүүн нүд яригддаг. Шинжээчийн дүгнэлт дээр баруун нүдний хугарлыг хугаралтай байна. Энэ нь хамрын ясны хуучин хугаралтай, баруун таславч нь баруун тийш мурийлттай байна гэсэн. Эдгээрээс баруун нүдний гэмтэл нь хуучин гэмтэл байх үндэслэлтэй. Гадна биеийн үзлэгээр ерөөсөө баруун нүдэнд хавдар, гэмтэл, улайлт, хөхрөлт байхгүй байгаа. Тэгэхээр эдгээр байдлаас үзэхээр гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогдоогүй байна. А биед гэмтэл учруулсан, хамтран оролцоод шалгаагүй байна. Мөн Э баруун нүдний гэмтэл нь А үйлдлээс учирсангүй гэдэг нь тогтоогдоогүй байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан байгаа” гэв.
6.Прокурор Ц.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...1 дүгээрт шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч оролцоогүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатаас оролцсон учраас санал гомдол, хүсэлтүүдээ гаргаагүй гэдэг тайлбарыг хэлж байх шиг байна. Хэдийгээр өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатаас оролцож байгаа боловч хэргийн хохирогч шүүгдэгч нарт хэргийн материал танилцуулж, шинжээчийн дүгнэлт гарахад шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулж, тэдгээрийн гомдол гаргах эрхийг нь хангаж ажилласан байгаа. Тэгэхээр энэ гэмтлүүдэд миний биед учирсан гэмтэл шинэ байсан, хуучин байсан эс үгүй бол энэ гэмтэл нь дутуу байна ч гэдэг юм уу энэ гомдол байсан бол шинжээчийн дүгнэлт танилцуулах үед гомдлоо мөрдөгч эс үгүй бол прокурорт тавих бүрэн эрх нь байсан. Тухайн үед 4 гомдлоо гаргаагүй. Шүүх хуралдааны шатанд энэ асуудал ярьж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2 дугаарт энэ хэргийн хамтран оролцоог шалгаагүй байгаа. Өөрөөр хэлбэл Э.А Г , Э.Э нар нь бүлэглэн зодсон гэдэг асуудлыг ярьж байна. Шийтгэх тогтоолын шүүгч үндэслэх хэсэг дээр маш ойлгомжтой тайлбарлаж бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ хэргийн гэмт хэрэг үйлдэгдсэн логик дарааллыг тайлбарлаж бичсэн байгаа. Гэмт хэрэг гарахад А эхлээд Э зодож эхэлсэн. Энийг харсан Г өөрийнхөө төрөл садны хүнийг хүнд зодуулж байгаа нөхцөл байдлыг хараад салгах явцдаа дахин энэ гэмт хэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүд үйлдэгдсэн гэдэг логик дарааллыг нь гаргаж ирсэн байгаа. 1 дүгээрт Энхсайхан бол өөрөө эмэгтэй хүн байгаа. 2 дугаарт Ариунбаярт зодуулсан болохоос биш Ариунбаярыг зодсон нөхцөл байдал хэргийн материалаас тогтоогддоггүй байгаа. Ийм учраас Э, Г нар нь нийлж А бүлэглэн зодсон гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Уг шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул 2024 оны 6 сарын 17-ны өдрийн 151 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Э.А өмгөөлөгч С.Ш, М.Э нарын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг үндэслэл бүхий шийдвэрлээгүй байна гэж үзсэн.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2024 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Э.А, Э.Э нар хамт ууж согтуурцгаасан үедээ хоорондоо маргалдсан ба шүүгдэгч Э.А Э.Э нүүрэн тус газар мөргөсний улмаас хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруулын шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Г өөрийн хамаатан болох Э.Э Э.А муудалцсан байдалтай зууралдсан байхад нь салгах гэж оролцохдоо Э.А нүүрэн тус газар нь цохисны улмаас түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруулын шарх “ бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
3.Анхан шатны шүүх шүүгдэгч Э.А, Г.Г нарыг тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
4.Шүүгдэгч Э.А өмгөөлөгч С.Шинэбаяр, М.Эрдэнэчимэг нарын зүгээс анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “ ...Э.А учирсан гэмтэл дан ганц Г.Г үйлдлээс болоогүй, Э.Э биед учирсан гэмтлийг Э.А дангаараа учруулсан гэх боломжгүй, ...Э.А биед учирсан гэмтлийг шинжээчийн дүгнэлтэд бүрэн хамруулаагүй” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохыг хүсч давж заалдах гомдол гаргасан
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх шүүгдэгч Э.А, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Хэрэгт авагдсан хохирогч Э.Э, хохирогч, шүүгдэгч Э.А, гэрч Э.З, гэрч Д.Б, Д.Г, Т.Д нарын мэдүүлгүүд, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 02/098, 02/119 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудад үндэслэн үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
6.Хохирогчоор мөн тогтоогдсон шүүгдэгч Э.А учирсан гэмтэл нь шүүгдэгч Г.Г үйлдлээс дангаараа бий болоогүй, Э.А учирсан гэмтлүүдийг шинжээчийн дүгнэлтэд бүрэн оруулаагүй, хохирогч Э.Э учирсан гэмтлийг учруулаагүй гэж өмгөөлөгч С.Шинэбаяр, М.Эрдэнэчимэг нарын зүгээс маргаж байгаа тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад
-шүүгдэгч Э.А хохирогчоор мэдүүлэхдээ “...намайг Энхсайхан нь нүүр хэсэгт маажсан, сүүлд Гансайхан нь миний дээр гараад нүүр лүү хоёр гурав цохисон, тэгээд миний хамар баруун талдаа цөмөрсөн дээрээс нь дээд уруул сэтэрч 6 оёдол тавиулсан” / хх 51-р тал/ гэж,
-гэрч Д.Б “...машинаас нилээн цаана хоёр хүн дээр доороо орсон байхаар нь би нөгөө хоёрыг дахиад ноцолдож байгаа юм бодоод очиход Э.Э биш Г.Г Э.А дээр нь суучихсан байсан, тэгээд би Г “боль чи” гээд нуруу руу нь цохичхоод тэр хоёрыг салгасан ... хаана яаж зодсон байсан талаар яг тэгж нарийн харж чадаагүй, тэр хоёр ямар ч байсан хувцаснаасаа зууралдаад байсан, ... тухайн үед А нүүр хэсгийг цохиж зодуулсан эсэх юм мэдээгүй” гэж /хх 21-22/ мэдүүлсэн,
-шүүгдэгч Э.А яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “ ... тухайн үед машин дотор Б, Э бид 3 л байсан. Э надтай маргалдаад машинаас буухгүй байхаар нь түүнийг машинаас буухгүй байгаа талаар ээж Г нь хэлэх гээд гэрлүү нь ортол Энхсайхан машины урд суудлаас ар талын суудал руу орж ирээд миний нүүрийг надруу дайрч маажсан. Тэгэхэд нь би өөрийгөө хамгаалж баруун гараараа Э толгойг доош нь дарсан. ... Б болон Э ээж гараад ирэхэд Э машинаас буухад нь би дагаж буугаад Энхсайхан миний нүүрийг маажсан байдлыг ээж Г гэрт нь орж харуулахад Б “яаж байгаа юм бэ, энэ хүн чинь маргааш ажилтай шүү дээ, нүүрийг нь аймаар болгочихсон байна” гэж хэлэхэд нь би гэрээс гарсан ... миний араас Э гарч ирээд ахиад зуураад хэрэлдээд эхэлсэн. Тэгэхэд Э ээж Г ... надруу давхар дайрч нүүр маажаад ... дайрахаар нь би гарыг нь татаж хурууг нь хазаад ноцолдож байх хооронд Г ирсэн бөгөөд намайг цохиж унагааж байгаад дээрээс зодож байхад Г Б авч явсан. Энэ хооронд Г зодуулсны дараа намайг 2 хүн өшиглөсөн бөгөөд намайг З болон Э нар толгой болон мөр орчим луу өшиглөсөн” гэж /хх97-98/ мэдүүлсэн.
-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 02/119 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 55-56/-д:Э.А биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын шарх гэмтлүүд тогтоогдлоо, учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн ба дүгнэлтийг эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн хуудас, үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, дүрс оношилгооны шинжилгээний хариу, тухайн үеийн өвчтөний нүүрний гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэгт тус тус үндэслэн гарсан байна.
Эдгээр нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Э.Ариунбаярт учирсан “...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын шарх” гэмтлүүд нь шүүгдэгч Э.Г үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн ...хүнийг хохирогч гэнэ” гэж заасан ба мөн хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар хохирогчоор тогтоогдсон этгээд ...эрхүүд эдлэхээс гадна ...хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хүлээхээр заасан.
Шүүгдэгч Э.А Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгт “...Г.Г зодуулснаас эрүүл мэндэд хохирол учирсан” гэх үйл баримт нь гэрч Д.Б, хохирогч Э.Э нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, өөрийнх нь хохирогчоор өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.
Мөн Э.А эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон түүнтэй холбоотой эмчилгээ, үйлчилгээний баримтуудад үндэслэн гаргасныг мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлтийг танилцуулахад маргаагүй, нэмэлт санал хүсэлт гаргаагүй болох нь шинжээчийн дүгнэлт /хх65/ болон хавтаст хэрэгтэй танилцуулсан /хх114/ баримтуудаар тогтоогдсон байна.
7.Хохирогч Э.Э учирсан гэмтэл шүүгдэгч Э.А үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь гэрч Д.Б, Э.З , Р.Г нарын мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 02/098 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.
Хохирогч Э.Э нь шүүгдэгч Э.А өөр хүнтэй маргалдсан, зодолдсон гэх нөхцөл байдал хавтаст хэргээс тогтоогдсонгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ
8.Анхан шатын шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Г.Г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх, торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх үүргийг хүлээлгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
9.Харин анхан шатны шүүх хохирогч нарын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ хохирогч нарын зүгээс иргэний нэхэмжлэлийг гаргаагүй, сэтгэцийн гэм хор учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй ба сэтгэцэд гэм хор учирснаас бий болсон эмчилгээний зардлын баримтгүй байхад хохирогч нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцуулсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д үндэслэн шүүх санаачилгаараа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч тус бүрээс 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
Өөрөөр хэлбэл: Иргэн өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй ба нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргаж, гарын үсэг зурсан байх, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх байдлаар нэхэмжлэл гаргах, шүүх түүнийг хүлээж авах журмыг Иргэний хуулийн гурав, зургаадугаар бүлэгт тус тус заасан журмуудад анхан шатны шүүхийн шийдвэр нийцсэнгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэл хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Энэ үндэслэл нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болсон гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.
10.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж, өмгөөлөгч нарын шүүгдэгч Э.А гэм буруу дээр маргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаарт заалтыг “...хохирогч Э.Э, Э.А нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд гэм хор учирсан талаар хохирлыг жичдээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхээр нэхэмжлэх эрхтэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч С.Шинэбаяр, М.Эрдэнэчимэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС