| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Болормаа |
| Хэргийн индекс | 119/2026/0019/з |
| Дугаар | 119/ШШ2026/0033 |
| Огноо | 2026-05-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 119/ШШ2026/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэн **
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурал /дарга **/,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга /**/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн **,
Гуравдагч этгээд: **,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг иргэдийн нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05, 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох”,
“Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн “Уртбулаг” багийн Засаг дарга **д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагч **, **, гуравдагч этгээд **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, гэрч **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Уртбулаг багийн 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан багийн Засаг даргаар **ыг сонгох тухай 05 дугаартай тогтоол болон Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны “Санал хураалтын дүнгийн тухай” 06 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж маргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч **эс “Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн Уртбулаг багийн Засаг дарга **д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг шийдвэрлэж, шүүгчийн захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулж Уртбулаг багийн Засаг даргад **, ** нар нэр дэвшсэн бөгөөд Засаг даргыг сонгох санал хураалтаар ** сонгогчдын олонхийн буюу 51.5 хувийн санал авч багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, түүнийг “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаартай тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан байна.
4. Нэхэмжлэгч ** нь 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан.
5. Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргыг томилуулахаар уламжилсны дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Уртбулаг багийн Засаг даргаар **ыг томилжээ.
6. Нэхэмжлэгч ** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан багийн Засаг даргаар уламжлах тухай 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаартай багийн Засаг даргыг томилох тухай захирамжийн **д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Дээрх 2 тогтоол болон захирамжийг хүчингүй болгуулах 2 том үндсэн шалтгаан байгаа.
Нэгдүгээрт 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал, багийн Засаг даргын сонгуулийн үйл ажиллагааг тухайн үеийн Засаг дарга **, түүний удирдаж байгаа ажлын алба зохион байгуулж, бүртгэлийг хийсэн. Өглөө 378 хүний бүртгэлийг багийн ажлын албаныхан хариуцаж хийсэн. Энэ бүртгэлтэй холбоотой тухайн сонгуулийн өдөр манай багийн ард иргэдээс надад “Энд харьяаллын бус хүмүүс байна” гэсэн мэдээлэл ирж байсан. Мөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой асуудлууд бас надад ажиглагдаж байсан. Өмнөх сонгуулийн туршлагаас харахад өглөө 8 цаг гэхэд хүмүүсээ бүртгэж оруулаад хаалгаа барьдаг тогтолцоотой байсан. Гэтэл тухайн өдрийн өглөө 8 цаг 30 минут хүртэл бүртгэлийг үргэлжлүүлж нэмж хүмүүс бүртгэсэн. Бүртгэснээс хойш заалны хаалгыг хааж сонгууль явуулдаг байтал хаалгыг хаагаагүй, өдөржин нээлттэй хүмүүс орж гарсан байдалтай байсан. Бүртгэлтэй холбоотойгоор хүмүүсээс ирсэн мэдээллийн дагуу нийт 39 хүний нэрс гаргаж харьяаллыг шалгуулах хүсэлт шүүхэд гаргасан. Энэ 39 хүнээс 12 хүн өөр харьяалалтай болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс нотлогдсон. Мөн 15 хүн нэр, регистр зөрүүтэй гэсэн мэдээлэл ирсэн байгаа. Нийт 27 хүн зөрчилтэй бүртгэгдсэн байна гэж харж байгаа. Бусад багийн хүмүүс өөр багт саналаа өгнө гэхэд би гайхаж байна. Тиймээс үүнийг би зохион байгуулалттай өөр багийн иргэд оруулж ирсэн байх магадлалтай гэж хардаж байгаа.
Хоёрдугаарт тухайн өдөр сонгууль явахад өглөө 378 хүн бүртгэгдлээ гэсэн бүртгэл гарсан. 50 минутын дараа иргэдийн Нийтийн Хурлын сонгууль болоход 306 хүн санал өгсөн. Бүртгэлд байсан 378 хүнээс 306 хүн санал өгөхөөр 72 хүн сонгууль өгөөгүй байна. Энэхүү 72 хүн тэнд байсан уу, хоосон бүртгэгдсэн үү гэсэн хардлага төрүүлж байгаа. Үдээс хойш Засаг даргын сонгуульд 378 хүнээс 323 хүн санал өгсөн байгаа юм. Тэгэхэд тооллогын комиссын бүртгэл дээр өглөө нь иргэдийн Хурлын даргын сонгууль болоход хүний урд байгаа дугаарыг дугуйлсан байсан. Засаг даргын сонгууль явахад сонгууль өгсөн хүмүүсийг 2 удаа зөвлөж тэмдэглэсэн. 323 хүн санал өгсөн гэж байгаа боловч тооллогын бүртгэл дээр 285 хүнийг зөвлөж бүртгэсэн байгаа юм. Үүн дээр 38 хүний зөрүү гарсан. Энэ бүртгэл дээр байхгүй. Бүртгэлд байхгүй гадны хүмүүс нэмж орж ирж сонгууль өгсөн байх магадлалтай гэж хардаж байгаа. Мөн өглөө бүртгэлд орсон боловч иргэдийн Нийтийн Хурлын даргын сонгуульд оролцоогүй. Үдээс хойш Засаг даргын сонгуульд саналаа өгсөн 41 хүн байгаа. 71 хүн огт оролцоогүй дотор энэ 41 хүн бас байх магадлалтай. Багийн ажлын албаны хүмүүс энэ хүмүүсийг ирээгүй байхад нь бүртгээд үдээс хойш ирсэн, эсвэл оронд нь өөр хүмүүс оруулсан, эсвэл 41 хүнийг урьдчилан бэлдсэн байх магадлалтай гэсэн хардлага төрж байгаа. Өглөө хүн гишгэх газаргүй заал битүү дүүрэн байхад 306 хүн санал өгч байхад үдээс хойш зааланд хүн сийрэг, зөвхөн сандал дээр л хүмүүс сууж байхад 323 хүн буюу өглөөнийхөөс олон хүн санал өгсөн. Хаалга нээлттэй байсан, гаднаас олон хүн орж гарсан, иргэний үнэмлэхээ барьсан хүн цөөхөн байсан. Нэг бол и-монголиа лавлагаа гэсэн хэвлэмэл цаас барьсан, эсвэл утсан дээрээ файл татаж харуулсан хүмүүс л байсан. Технологи хөгжсөн үед наад захын хүүхэд зургийг өөрчлөх боломжтой. Канондсон цаасыг ямар ч байдлаар урвуулан ашиглах боломжтой гэж харж байгаа. Хамгийн гол шалтгаан нь тооллогын комисс эцэслэн шийдвэр гаргаагүй. Иргэдийн Нийтийн Хурлын бланк дээр 05 дугаартай дугаар давхацсан, гарын үсэггүй бичвэргүй баримт бичиг гаргасан. Үүнийг нь Баян-Өндөр сумын иргэдийн Нийтийн Хуралд аваачиж өгөөд, түүнийг нь үндэслээд Баян-Өндөр сумын Засаг дарга захирамж гаргасан. Ийм хүчин төгөлдөр бус актууд яваад байна. Эцэслэн шийдсэн тухайн сонгуулийн тооллогын комиссын шийдвэр байхгүй. Ийм байхад хурлын дарга ** 05 дугаартай тогтоол гаргаж иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлсэн.
Иймд үндэслэлгүй гарсан тогтоол учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. Мөн энэ хүчингүй тогтоолд үндэслэж Баян-Өндөр сумын Засаг даргын захирамж гарсан тул захирамжийн **д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.” гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөд байгаа. Яагаад гэвэл тооллогын комиссын дүн баталгаажиж гараагүй байсан. Тийм учраас тогтоолыг гаргах боломжгүй байж байтал Баян-Өндөр сумаас шаардсаны дагуу тогтоол гаргаад явуулсан гэж үндэслэлээ тайлбарлаж байна. Энэ үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна гэж харж байна. Хэрэгт тооллогын комиссын тогтоол авагдсан байгаа. Тооллогын комисст ажилласан хүмүүсийн гарын үсэг бүрэн зурагдаагүй нь дээрх баримтаас харагдаж байна. Тооллогын комисс тооллогоо хийгээд, нэгдсэн нэг дүгнэлтэд хүрээд, эндээс тооллогын комиссын тогтоол албажиж гарсны үндсэн дээр Засаг даргын захирамж гарах ёстой байсан. Улс төрийн асуудал яригдаад байна гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгч ярьж байна. Гэтэл өмнөх тооллогын комиссын тогтоол албажиж амжаагүй байхад би энэ тогтоолыг гаргасан нь буруу юм гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоод байгаа гэдгийг дурдъя. Энд 12 иргэн өөр багийн бүртгэлтэй гэдэг нь тодорхой харагдаж байна. Улсын бүртгэлээс сүүлд хүснэгт маягаар ирсэн байсан. Үүний өмнө лавлагаа нь албан ёсоор ирсэн байсан. Үүн дээр 11 дугаарт дугаарлагдсан ** гэдэг хүн 5-6 дугаар орон сууцны 54 тоот буюу Бүрэнбүст багийн харьяалалтай байсан. Урд нь **гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа ирсэн байгаа. Нэр дэвшигчдийн саналын зөрүү 10 байна. Өөр багийн иргэд 12 байна гэдэг нь нотлогдож байгаа. Энэ хүмүүс хэнд санал өгсөн нь тодорхойгүй. Ийм учраас сонгуулийн үр дүнд нөлөөлсөн нөхцөл байдал байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс харж байна. Урд нь тэмдэглэсэн, тэмдэглээгүй гэдэг бүртгэлийн асуудал яригдаад байна. Гэхдээ ирцийн бүртгэлийг харахад үүн дээр бүх иргэд гарын үсэг зурсан байдаг. Гуравдагч этгээдийн яриад байгаа тэмдэглэгдээгүй гэдэг хүмүүс гарын үсэг зурсан байдаг. Тиймээс энэ хүмүүс саналын хуудас хүлээн авч гарын үсэг зурсан, санал өгсөн байна гэж харагдаж байна. Тиймээс энэ 12 иргэн саналаа өгсөн байна. Хэнд саналаа өгсөн нь тодорхойгүй байна. Сонгуулийн үр дүнд нөлөөлсөн нөхцөл байдал байгаа тул тухайн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж харж байна. Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжийн хувьд мэдээж тогтоолыг үндэслэж гарч байгаа. Гэтэл энэ тогтоол нь өөрөө үндэслэл бүхий болоогүй байхад захирамж гараад байгаа учраас дээрх захирамж хүчингүй болох үндэслэл байна.” гэв.
8. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Тус өдөр буюу 01 дүгээр сарын 31-ний өдөр багийн Иргэдийн Нийтийн хурал болсон. 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан юм байна. Миний хувьд анх удаа багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон. Тооллогын комиссын гарын үсэг дутуу байна, хүлээлгэж өгч болох уу, болохгүй юу гэж асуухад Баян-Өндөр сумын иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичгийн дарга нь “Өнөөдөр бүх материалыг аваачиж өг гэсэн шаардлага тавьсан байна. Та аваачиж өгөх ёстой” гэж хэлсэн. Би гарын үсэг дутуу байсан учраас аваачиж өгч болохгүй байх гээд тус танхимд 1 цаг гаруй хугацаанд хүлээж суусан. Надад гарын үсгийг бүрэн болгож өг гэж нэлээд орой болтол хүлээсэн. Орой болоход Баян-Өндөр сумаас материалаа аваад ир гэсэн. Гарын үсэг дутуу байгаа гэхэд юу ч гэсэн хүрээд ир гэсэн. Гарын үсэг дутуу байгаа шүү хүлээлгэж өглөө шүү гэхэд та үлдээгээд яв гэсэн. Тиймээс би нарийн бичгийн даргын ширээн дээр гарын үсэг дутуу буюу албажаагүй материалыг үлдээгээд гарсан. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Би тухайн багт олон жил амьдарч байгаа, иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож ажилладаг хүний хувьд манай багт амьдардаггүй хүмүүсийг өөрөө нүдээр харж байсан. Хүмүүс ч их хэлж байсан. Хамгийн гол нь энэ хүмүүсийг оруулсан бүртгэлтэй холбоотой асуудлыг ** Засаг дарга болон түүний ажлын алба зохион байгуулж, багт амьдардаггүй олон тооны хүнийг оруулж саналд нөлөөлсөн байна гэдгийг хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
9. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Багийн ажлын алба гэдэг бол Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын нэг хэлтэс, нэг бүрэлдэхүүн гэж явдаг. Үүнтэй холбоотойгоор хаалга барих ёстой байсан гэдэг зүйл бол Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд сонгуулийг хаалттай болон нээлттэй хэлбэрээр явуулна гэж заасан зүйл байдаггүй. Хаалттай явуулах асуудал нь хуралдааны дэг тогтоох явцад оролцогчдоос санал гаргасан тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой байсан. Мөн багийн ажлын албанаас бүртгэл буруу хийж байгаа тухайд Монгол улсын иргэн 16, 25, 45 насандаа иргэний үнэмлэхээ солих боломжтой. 16 насандаа Уртбулаг багт амьдардаг байж байгаад одоо өөр хаягт амьдардаг байхыг үгүйсгэхгүй. Багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгуулийн үед Улсын бүртгэлийн газраас ямар ч нэр ирдэггүй. Иргэний үнэмлэхээ авч ирээд, сонгох эрхээ эдлээд саналаа өгье гэж байгаа хүнийг бид оруулах л ёстой. И-монголиа лавлагаа гэдэг бол бүх л салбарт үзүүлээд үйлчилгээ авч байгаа. Үүнд аль нэг талын буруутай гэдэг өнцгийг барих боломжгүй. Иргэн өөрөө ч тэрийгээ мэдээгүй ирсэн байхыг үгүйсгэхгүй. Баян-Өндөр сумын Засаг даргын 05 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгууль дууссаны дараа Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргад тогтоолууд ирсэн. Энэхүү тогтоолууд дээр нэр дэвшсэн иргэдийн нэрс болон бусад мэдээллүүд ирсэн байгаа. Үүнийг үндэслээд Авлигатай тэмцэх газар руу тухайн хүний урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар илгээгээд ашиг сонирхлын зөрчил байхгүй гэсний үндсэн дээр сумын Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд батламжилсан.” гэв.
10. Гуравдагч этгээд ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ирцийн бүртгэл дээр улсын бүртгэлээс хурууны хээ уншдаг төхөөрөмж багийн ажлын алба ч юм уу, иргэдийн Нийтийн Хурлын өмнөх зөвлөлд ирээгүй. Сонгуулийг зөвлөл зохион байгуулна, ажлын алба туслах чиг үүрэг гүйцэтгэж л оролцож байгаа. Ийм болохоор нийт 400 гаруй иргэн дугаарлаад хэл ам хийгээд, дайраад байгаа нөхцөл байдалд хүн иргэний үнэмлэхээ үзүүлээд оръё гэж байхад оруулахгүй гэх нөхцөл боломж байхгүй. 4-5 хүн бүртгэл хийгээд арай гэж цагт нь амжсан байгаа. Хаалга барих асуудлын хувьд дэгийн дагуу явуулсан. Харьяаллын бус гэдэг зүйлийг бид мэдэх боломж байхгүй. Үүнийг тооллогын комисс бий болоод санал өгөхөд тооллогын комисс дахиад бүгдийг нь хянаж байгаа. И-монголиа болон иргэний үнэмлэхийг нь шалгаад тухайн заалнаас томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс хяналтаа тавьж бүртгэсэн. 378 байж байгаад 306, 326 боллоо гэдэг тухайд заалны хаалга нээлттэй байсан. Өглөө 6 цагт хүмүүс ирчихсэн байсан. 8 цаг гэхэд хүмүүсээ оруулаад 8 цаг 30 минутын үед хурал эхлээд 14, 15 цагийн үед иргэдийн Нийтийн Хурлын сонгууль болсон. 16 цагийн үед Засаг даргын сонгууль болсон. Бид материалаа аваачиж өгөхөд бараг 19 цаг өнгөрч байсан. Ийм нөхцөлд заалыг хаалттай зохион байгуулна гэсэн зүйл байхгүй. Тэр хооронд хүмүүс гарч орох, ариун цэврийн өрөө орох, ажлаа амжуулаад буцаад ирэх гэх зэрэг байдлаар өөрсдийн боломжоор оролцсон байх гэж үзэж байна.” гэв.
11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндэслэл дотор хэд хэдэн зүйл байгаа. 8 цаг 30 минут болсон байхад огт хаалгаа бариагүй гэж байна. Хуульд хурлын үйл ажиллагаа эхлээгүй байхад хүмүүсийг оруулж гаргахгүй гэдэг зүйл байхгүй. Ямар адуу мал байгаа биш, хүн өдөржин тэнд хашигдаад суухгүй. Хаалга барина гэдэг нь харин эсрэгээрээ хуулийн зөрчил болно. 378 хүн байж байгаад 323 нь Засаг даргын сонгуульд 306 нь иргэдийн Нийтийн Хурлын даргын сонгуульд оролцсон нь будилаантай байна гэсэн. Энэ бол байж болох л зүйл. Өглөө хурал эхлэхэд 378 хүн байсан байж болно. Өглөө 8 цаг 30 минутад хурал эхлээд үүнээс хойш бараг 6-7 цагийн дараа сонгууль явагдаж байна. Энэ хооронд 378 хүний гарч орох эрхийг хэн нэгэн хязгаарлах ямар ч боломж байхгүй. Харьяаллын бус иргэн олон байна гэж байна. Улсын бүртгэлээс 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгийн хавсралтаар ирүүлсэн мэдээлэлд 11 хүн байна. Энэ хүмүүсийг саналаа ямар нэг байдлаар өгсөн бол дугуйлах, зөвлөх байдлаар бүртгэсэн гэж байна. Энэ 11 хүнээс 4 хүн нь ямар нэг байдлаар санал хураалтад оролцоогүй, огт тэмдэглэгээгүй гэж байна. Жишээлбэл 303 дугаарт байгаа ** гэдэг хүн ирцийн бүртгэлд орсон боловч ямар нэг тэмдэглэгээгүй, сонгуульд оролцоогүй байгаа. Үүнтэй адил 304 дугаарт **, 323 дугаарт **, 306 дугаарт ** гэсэн нийт 4 хүн сонгуулийн санал хураалтад ямар ч оролцоо байхгүй. Тооллогын комисс иргэний үнэмлэх, байхгүй бол и-монголиаг давхар шалгаад харьяаллын бус, зөрчил илэрсэн иргэдийн саналыг өгүүлээгүй гэж байна. Энэ бол үндэслэлтэй. 11 хүнээс дээр дурдсан 4 хүн санал хураалтад аливаа хэлбэрээр оролцоогүй. Иймд 7 хүн болж байна. Энэ хоёр хүний хоорондын саналын зөрүү 10 байгаа. Ийм Энэ 7 хүнийг **д санал өгсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Эдгээр 7 хүний санал эцсийн дүнд нөлөөлөхгүй. Нэхэмжлэгч дандаа баримтаар биш ингэж тэгж хардаж байна гэдэг байдлаар тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байж шүүх дүгнэнэ. 7 хүний зөрчил байгаа, энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй. ** 165, ** 155 хүний санал авсан буюу 10 хүний саналын зөрүүтэй байгаа. Дээрх 7 хүнийг **д өгсөн байна гэж хасаад тооцсон ч 158 хүний саналтай болно. Иймд ** гэдэг хүний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөд байдаг нь хачирхалтай. Хариуцагч өөрөө энэ хурлаас иргэдийн Нийтийн Хурлын даргад сонгогдсон хүн шүү дээ. Өөрийгөө үгүйсгээд байгаа зүйл яриад байна. Үүнийг улс төрийн шалтгаантай гэж үзэж байна. ** гэдэг хүн Ардчилсан намаас, ** гэдэг хүн Монгол ардын намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Өөрөөр хэлбэл улс төрийн хувьд өөр ашиг сонирхолтой хүмүүс байна. **ийн хувьд улс төрийн өөр ашиг сонирхолтой **ыг Засаг даргаар томилуулахгүй, сонгуулахгүй байх улс төрийн ашиг сонирхолтой учраас хариуцагчийн байр суурийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэдэг агуулгаар тайлбарлаж байна. Энэ хүн өөрөө энэ сонгуулиас сонгогдсон учраас логикийн хувд зөрчилтэй. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн байх ёстой. Хариуцагч ганцхан зөвшөөрлөө гээд энэ захиргааны актуудыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй учраас үүнийг шүүх анхаарах ёстой. Улс төрийн ашиг сонирхлын үүднээс эс зөвшөөрч байгаа нь нийтэд илэрхий үйл баримт юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Хаягийн зөрчилтэй иргэдийн тоо 11, үүнээс 4 нь огт санал өгөөгүй тул нэхэмжлэгчийн сонгох эрхийг шууд зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй байна. Гуравдагч этгээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар оролцож байгаа. Өмгөөлөгчийн хувьд үүнийг нь дэмжиж байна.” гэв.
12. Гэрч ** шүүх хуралдаанд гарсан мэдүүлэгтээ: “ 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон. Эхлээд санал өгөх гэж очсон. Сонгогчид дотроос намайг тооллогын комиссын даргаар томилсон. Засаг даргыг сонгосонтой холбоотой тооллогын комиссын санал хураалтын дүнгийн тухай тогтоолд та гарын үсэг зураагүй. Учир нь би Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын даргаар 4 гишүүнтэй оролцсон. Засаг даргын сонгууль болоход ** ** хоёр бүртгэл хөтлөөд, ** сонгуулийн хайрцагт хяналт тавьж, ** сонгогчдын нэрсийг дуудаж, би саналын хуудас тарааж өгч байсан. **, ** хоёр суугаад орж ирсэн сонгогчдын бичиг баримтыг шалгаад, шалгасны эцэст би саналын хуудас тарааж өгч байсан. Гарын үзэг зураагүй гол шалтгаан нь сонгогчдын нэрсийн жагсаалтыг бид иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгоход сонгууль дугуйлаад, Засаг даргыг сонгоход улаан балаар 2 удаа зөвлөж тэмдэглэж байсан. Сонгууль дуусаад тооллого болоход 285 хүн зөвлөсөн байсан. Гэтэл 323 хүн сонгууль өгсөн байсан. Тэгээд тооллогын комиссын гишүүд “Бүртгэлгүй 38 хүн гараад ирлээ, энэ ямар учиртай юм бэ” гэж ярилцаад бид гарын үсэг зураагүй юм.
Тооллогын комиссын саналыг танилцуулаагүй, гарын үсэг зураагүй.Тухайн үед ийм процесс боллоо гэж тооллогын комиссын тогтоолын дүнг иргэдийн хурлын даргаар сонгогдсон ** танилцуулж байсан санагдаж байна. Сайн санахгүй байна. Тооллогын комиссын тогтоолд бүгдээрээ л зураагүй байх. Тухайн үед тооллогын комиссын гишүүд гарын үсэг зурахгүй гээд гараад явсан.” гэв.
13. Гэрч **ын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Саналын ирцийн бүртгэл гэсэн хүснэгтийн ард байгаа гарын үсэг нь ирц бүртгүүлсэн гэж зуруулсан. Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгоход саналын хуудас авсныг дугуйлаад, Засаг даргыг сонгоход зөвлөж тэмдэглэсэн. Багийн Засаг даргын сонгуулийн санал хураалтын үр дүнг иргэдэд танилцуулсан. Хурал дэг журмын дагуу явж өндөрлөсөн.Тооллогын комисст 5 хүн ажилласны 4 нь эмэгтэй байсан.
Тооллогын дүнг сонсоод комисст ажиллаж байсан хүмүүс стресстсэн байдлаа харуулаад шууд орхиод гараад явсан. Тооллогын комисст ажиллаж байсан 4 эмэгтэй маш их ашиг сонирхолтой мэт харагдаж байсан. ** яллаа гэсэн чинь уурлаад гараад явсан. Та нар ажлаа дуусгаад, үнэнч шударга зарчмын дагуу гарын үсэг зур гэхэд орхиод гараад явсан. Араас нь хурал даргалж байсан ** гэдэг хүн “Энэ хүмүүс рүүгээ яриад, гэрт нь ч юм уу ойрхон байвал очоод зуруулчихъя” гэсэн боловч тэр хүмүүс утсаа аваагүй. Энэ шалтгаанаар гарын үсэг зурагдаагүй. Багийн хуралд ирж байгаа иргэдийг багийн ажлын албанаас бүртгэл хийсэн. Бүртгэлтэй нь и-монголиа лавлагааг тулгаж байхад ямар нэгэн хаягийн бус гэх мэт асуудал байгаагүй. Бүртгэсэн гэдгээ дугуйлаад, эсвэл зөвлөөд иргэний үнэмлэхтэй нь тулгаад явсан. Жишээлбэл ** хотхонд амьдардаг ах эгч хоёрыг буцааж байснаа санаж байна. Би тооллогын комиссын тогтоолд гарын үсгээ зурсан. Тооллогын комиссын 4 гишүүн тогтоол танилцуулсны дараа гараад явсан. 2 процесс байгаа. Тооллогын комисс өөрсдөө албажуулаад, дараа нь иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол гарсныг бас албажуулдаг. Тэр хооронд гараад явсан. Тооллогын комисс нягт ажилласан гэж бодож байна.” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1 Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Уртбулаг багийн иргэдийн нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар “Багийн засаг даргыг томилуулахаар уламжлах тухай”, 06 дугаар “Хурлын зөвлөл байгуулах тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж маргасан.
1.2. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Уртбулаг багийн иргэдийн нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаар “.......” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болно.
1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн “Уртбулаг” багийн Засаг дарга **д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн.
2.2. Тус хуралдаанаар Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай “Хуралдааны дэг батлах тухай” тогтоол, 02 дугаартай “Редакцын комисс сонгох тухай”, 03 дугаартай “Тооллогын комиссын дарга, гишүүд сонгох тухай”, 04 дугаартай “Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга сонгох тухай”, 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай”, 06 дугаартай “Хурлын зөвлөл байгуулах тухай” тогтоолуудыг баталсан.
2.3. Нэхэмжлэгч ** Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийн **д холбогдох хэсэгтэй тус тус маргасан.
2.4. Тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 цаг 40 минутад 378 иргэний ирцтэй эхэлсэн байх бөгөөд багийн Засаг даргын сонгох санал хураалтад 323 сонгогчдод саналын хуудас тараагдаж, 322 саналын хуудас гарч 320 хүчинтэй, 3 хүчингүй хуудас гарсан нь тус хуралдааны тэмдэглэл, тооллогын комиссын 05 дугаартай тогтоолоор тогтоогдож байна.
2.5. Багийн Засаг даргад **гийн **, **гийн ** нэрээ дэвшүүлж, ** 165 хүний санал, ** 155 хүний санал авч 3 хүчингүй саналын хуудас гарсан байна. Үүнийг тооллогын комиссын 05 дугаартай тогтоолоор баталгаажуулжээ.
2.6. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас иргэдийн олонхын санал авсан гэж үзэж **ыг Уртбулаг багийн Засаг даргаар томилуулахаар 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг баталж, Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлсэн.
2.7. Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжаар багийн Засаг дарга нарыг томилсон байх бөгөөд тус захирамжийн 1 дүгээр хавсралтаар Уртбулаг багийн Засаг даргаар **ыг томилсон үйл баримтууд тогтоогдсон.
3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:
3.1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
3.2. Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 цаг 10 минутад бүртгэлээ хийж эхэлсэн ба 377 иргэн бүртгэлд хамрагдсан байна.
Засаг даргын сонгох санал хураалтад 323 иргэн оролцож санал өгсөн нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.”, 32.6-д "Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн... төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд ... аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэж зааснаар ирцийн хувьд хүчинтэйд тооцогдоно.
3.3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд багийн Засаг даргын сонгох санал хураалтад 323 иргэн оролцож, санал хуудас авч, санал өгсөн, багийн Засаг даргад **гийн **, **гийн ** нар нэрээ дэвшүүлж, хоёр нэр дэвшигч дээр санал хураалт явуулсан ба тооллын комиссоос ** 165 буюу 51.5 хувь, ** 155 буюу 48.5 хувийн саналыг тус тус авч 3 хуудсыг хүчингүйд тооцсон байна.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь тухайн багийн хуралд Уртбулаг багт амьдардаггүй, харьяаллын бус 39 хүн санал өгсөн гэж маргасан болно.
Дээрх 39 иргэний оршин суугаа газрын бүртгэлийн талаарх мэдээллийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тодруулсан ба тухайн 39 хүний 15 хүний нэр, регистрийн дугаар зөрүүтэй байгаа учраас хаягийн лавлагааг гаргах боломжгүй, 25 иргэний хаягийн лавлагааг гаргаж ирүүлэхэд 12 иргэн тухайн Уртбулаг багт бүртгэлгүй болох нь бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Багийн иргэдийн нийтийн хурлын ирцийн бүртгэл дээр хийгдсэн дугаарыг дугуйлсан тэмдэглэл нь багийн иргэдийн нийтийн Хурлын даргыг сонгох саналын хуудас авч санал өгсөн иргэдийг, түүний урд хийсэн тэмдэглэл нь багийн засаг даргыг сонгох саналд санал өгсөн иргэдийг тус тус тэмдэглэсэн тэмдэглэгээ гэж шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч нар болон хэргийн оролцогчид тайлбарласан.
Тус тэмдэглэгээгээр багийн засаг дарга сонгох саналд 288 хүн санал өгсөн байхад 323 саналын хуудсаар аймгийн засаг даргаар **ыг сонгосон нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч тал маргасан болно.
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-д “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж зааснаар багийн Засаг даргад нэр дэвшигч ** иргэдийн олонх буюу 165 иргэний саналыг авсан болохыг тооллогын комиссын гишүүнээр ажилласан гэрч **ын “ ... тооллогын комисс Засаг даргад санал өгсөн иргэдийн саналын хуудсыг тоолж байхад **д санал өгсөн хуудсыг засаж байсныг больлуулсан ..., саналын хуудсаар ** олонхийн санал авч тооллогын комиссын тогтоол гарахад тооллогын комиссын дарга ** гэдэг хүн гарын үсэг зураагүй ...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Тодруулбал, Уртбулаг багийн Засаг даргад нэр дэвшигч нар нь санал хураалтад оролцсон 323 иргэдийн олонх буюу 50+1 хувь санал авсан тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасан “...Хуралд оролцсон иргэдийн...олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэсэн шаардлагыг хангасан байна гэж шүүх үзлээ.
Хэдийгээр Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.” заасныг зөрчиж тус багийн харьяаллын бус 12 иргэн санал өгсөн, тооллогын комисс тогтоолоор 320 хүчинтэй саналын хуудас, санал өгсөн гэх тэмдэглэлээр 288 хүн хоёрын хоорондын зөрүү 32 хүний саналын хуудас зэрэг нь Засаг даргад нэр дэвшсэн **, ** нарын саналын тоонд ижил нөлөөлөх, саналын тооны зөрүүнд нөлөөлөхгүй учраас Уртбулаг багийн 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн иргэдийн нийтийн хурлаас багийн засаг дарга сонгох санал хураалтаар ** олонхийн санал авч багийн засаг даргад уламжилсан маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй, нэр дэвшигч **ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Тооллогын комиссын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолд тооллогын комиссын дарга болон нэг гишүүн нь гарын үсэг зураагүй байхад албажуулж, багийн засаг даргад томилуулахаар уламжилсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч тал маргасан боловч Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, ...олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасан ба Уртбулаг багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн хоёр иргэнд багийн иргэд саналаа өгч олонхийн санал авсан **ыг багийн засаг даргад томилуулахаар шийдвэрлэсэн Уртбулаг багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг тооллогын комиссын гишүүд бүрэн гарын үсэг зураагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална: 12.1.6.нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх” гэж заасан тул тухайн багийн нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх зарчимд нийцсэн гэж шүүх үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол нь хууль зөрчөөгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн багийн Засаг даргад нэр дэвшиж, өрсөлдөх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно” гэж зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжаар Уртбулаг багийн Засаг даргаар **ыг томилсон захиргааны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаар “Санал хураалтын дүнгийн тухай” багийн Иргэдийн нийтийн хурлын зөвлөлийн гишүүдийг сонгосон тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан учраас уг тогтоолтой холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч Уртбулаг багийн иргэдийн нийтийн Хурлын дарга ** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан ба шүүх иргэн **ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэдэг үндэслэлээр шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан тул хариуцагчийн зөвшөөрлийг батлаагүй болно.
Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор багийн Засаг даргыг сонгох санал хураалтын хуудсыг нотлох баримтаар шинжлэн судлах шаардлагагүй, саналын хуудастай маргахгүй учраас нотлох баримтаас хасахыг хэргийн оролцогчид зөвшөөрсөн ба нотлох баримтаас хасаж Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд буцаан хүргүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 32 дугаар зүйлийн 32.3, 32.6, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2, 56.6 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч **ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол”, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн **д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч **ийн Уртбулаг багийн иргэдийн нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тухайн захиргааны актад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА