Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 438

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ойдовцогзол,

хохирогч Ч.Галя нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар ирүүлсэн Боржигон овгийн Батсүхийн Нандинболдод холбогдох эрүүгийн 1811006610398 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Б.Н, 1990 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, группт байдаг гэх, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнж 41 дүгээр гудамжны 557 тоотод орших суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТВ90012117.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Н 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамжны 557 тоотод өөрийн эх Ч.Галяг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ээж миний мөнгийг авчихад өгөхгүй байсан. Би гэртээ хоноё гэхээр ээж Баагийнгийнд хононо гэсэн...” гэв.

Хохирогч Ч.Галя нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэдэн төгрөг аваад хоол унданд л хэрэглэдэг юм. Өөрийн төрсөн хүүхэд учраас гомдолгүй л гэж хэлъе. Намайг бол удаа дараа цохиж зодсон. Одоо цаашид эм ээ сайн уугаад тийм байдал гаргахгүй гэж хэлсэн юм чинь гайгүй байх. Төрсөн хүүхэд учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ойдовцогзол нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Нандинболд эмнэлэгт хэвтээд сайгжирдаггүй, улам л бие нь муудсан гарч ирээд ээж асардаг. Энэ хоёр байнга хамт байх нь аюултай байдаг учаас улсын асрамжид өгөхийг бодож, боломж байдаг юм болов уу гэж боддог, Манай ээж архи уудаг байж байгаад 3 жил орчмын өмнөөс архины эмчилгээнд яваад уухаа больсон. Хуулийн шийдвэрийг харъя л гэж бодож байна. Хэзээ үхсэн гэж сонсогдох бол гэсэн айдастай амьдрахад хэцүү байдаг. Бид гэртээ байлгая гэхээр ар гэр, үр хүүхэд гээд амьдралтай болохоор хэцүү. Бидний зүгээс ер нь тусгаарлаж байлгах л хүсэлтэй байна …” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

              Хохирогч Ч.Галя нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Нын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-557 тоотод байдаг гэртээ байсан. Миний 6 дахь хүүхэд болох Б.Н нь сэтгэцийн өвчтэй бөгөөд ямар нэгэн шалтгаангүйгээр уурлахаараа ааш зан нь догшин хэрцгий болдог. Тэр өдөр байнга уурлаад би маш янз бүрээр аргадаж сэтгэл санааг нь засах гэж оролдсон. Юунаас болж уурласан нь мэдэгдэхгүй шалтгаангүйгээр уурлаж надруу галын шилээвэр төмөр шидэж миний зүүн гарын чигчий хуруу орчим оносон. Тэгээд удалгүй би гараа үзүүлэхээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд миний зүүн гарын чигчий хуруу хугарсан байсан. Гэмтлийн эмнэлэгт хуруугаа гипсдүүлээд Б.Ныг цагдаагийн байгууллагаас Шар хадны эмнэлэгт хэвтүүлсэн. ... 2015 оны үеэр цагаан сарын үед хүү Б.Н чихрээс болж миний баруун гарын шуун хэсэгт хутгалсан, дараа нь миний толгойг чулуугаар хагалж би толгойдоо оёдол тавиулж байсан. Ер нь байнга шалтгаангүйгээр уурлаж их бага хэмжээгээр намайг байнга зоддог. Мөн миний зүүн гарыг шалны модоор цохиж хугалсан. Энэ удаагийн маргаанаас хэд хоногийн өмнөхөн надруу сүх авч дайраад миний баруун хөлийг цохиод хөлөндөө 3 оёдол тавиулсан. Урьд нь олон удаа лоом аваад зүүн гар луу хүртэл цохиж байсан. Тухайн үед би өөрийн төрсөн хүү учраас нуугаад өнгөрдөг байсан. Миний баруун гарыг хутгалах үед цагдаагийн байгууллагад хандаж байсан. Хэдэн сарын өмнө миний зүүн гарыг шалны модоор цохиж гарыг минь мушгиж эргүүлээд хугалах үед би цагдаагийн байгууллагад хандаад цагдаагийн ахлах дэслэгч Н.Зөнбилэг шалгаж байсан. Цагдаагийн байгууллагаас хэрэг хариуцах чадваргүй гээд хариуцлага хүлээлгэх боломжгүй гэдгийг мэддэг болсон учраас намайг байнга зоддог болсон. ... Миний хүү Б.Н үргэлж уурлаж өвчин нь хөдлөх бүртээ намайг их бага хэмжээгээр зоддог. Одоо шар хадны эмнэлэгт хэвтэж байгаа удахгүй гаргана гэсэн. Олон удаа зодуулж байсан сэтгэцийн өвчтэй гээд хуулийн байгууллагаас арга хэмжээ авч өгөхгүй юм. ...Миний биед учруулсан гэмтэл шарх, сорвинуудыг миний хүү Нандинболд намайг зодсоноос болж үүссэн гэмтэл шархнууд байгаа юм. ...Одоо би өөрийн төрсөн хүү Б.Ныг дийлэхээ болилоо. Хариуцлага хүлээх чадваргүй гээд ингэж орхимооргүй байна. Хариуцлага хүлээлгэж өгнө үү. Би маш их айдастай байна…” гэжээ /хх-12-13/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №3566 дугаар дүгнэлтэд: 

“1. Ч.Галягийн биед зүүн сарвууны 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-26/. 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт:

“1. Б.Н нь хэргийн талаар өөрийн оюун ухааны түвшинд мэдүүлэг өгөх чадвар сул байна.

2. Б.Н нь сэтгэцийн хувьд F 71.1 Оюуны хүндэвтэр хомсдол, уналт өвчтэй байна.

3. Б.Н нь сэтгэцийн хувьд F 71.1 Оюуны хүндэвтэр хомсдол, уналт өвчтэй байна.

4. Б.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна...” гэжээ /хх-32-34/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-41, 43/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О Б.Н 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41 дүгээр гудамжны 557 тоотод өөрийн эх Ч.Галяг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.Н сэтгэцийн хувьд F 71.1, Оюуны хүндэвтэр хомсдол, уналт өвчтэй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байх тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлд заасан Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал ирүүлснийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд шүүх, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүнд 2 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, уг арга хэмжээг СЭМҮТ-д хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгав.

Хохирогч нь Ч.Галя  мэдүүлэхдээ “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дэх хэсэг, 19.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-д 02 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын сэтгэцийн байдал нь өөртөө, бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлж болохыг тайлбарлсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхийг даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН