| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0408/э |
| Дугаар | 435 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Хэрээд овгийн Мишигдоржийн Батсүхэд холбогдох эрүүгийн 1811004650319 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн М.Б, 1984 оны 4 дүгээр сарын 17-ны Сүхбаатар аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3 дугаар баг, Амар гудамж 1-12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЛЮ84041716.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 24-211 тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаатарын гэрт А.Байгалмааг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой ажил дээрээ нилээн оройтоод Мөнхбаатар бид нар пиво уусан. Дараа нь Мөнхбаатар ахынд очоод 2 литрийн пиво уусан. Тэгээд Байгалмаатай муудаад цохисон нь үнэн. Хохирогчийг олж уулзаад хохиролд 250.000 төгрөг төлсөн. Би дандаа архи пиво уудаггүй учир согтсон байна лээ. Миний буруу...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч А.Байгалмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Батсүх шударгаар хэлэхэд би чамтай унтмаар байна. Ямар жаахан хүүхдүүд байгаа биш гээд байхаар нь би юу яриад байгаа юм бэ гээд уурласан чинь Мөнхбаатар ах чи бид хоёрын алийг нь сонгох вэ гээд байсан. Батсүх тэгсэн чинь юун сүртэй юм бэ гээд над руу ойртоод ирэхээр нь би түлхсэн чинь намайг шууд гараараа зүүн нүд, чих рүү цохиод миний зүүж явсан мөнгөн гинжийг тасдаад цээжин хэсэг хумсаараа маажсан байсан...” гэжээ /хх-12/.
Гэрч Д.Мөнхбаатар мэдүүлэхдээ: “...Тэр өдөр Байгалмаа манай ажил дээр ирэхэд нүүр болон биеийн ил харагдах хэсэгт гэмтэл шарх байгаагүй. М.Б, А.Байгалмаа хоёр зууралдчихсан зогсож байхынхаа 10 орчим минутын өмнө Батсүх Байгалмааг унтъя гэж хэлээд тэр хоёр муудалцаж байсан. Тухайн өдөр манай ажил дээр ирэхэд нүүр нь гэмтэл шархгүй байсан. Манайхаас гарахад нь анзаараагүй, хоёр өдрийн дараа ажил дээр ирэхэд зүүн нүд нь хавдсан байсан...” гэжээ /хх-19-20/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн № 2099 дүгээр дүгнэлтэд:
“1. А.Байгалмаагийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус харвалт, баруун эгэмний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэжээ /хх-29/.
Шүүгдэгч М.Бээс хохирогч А.Байгалмаад хохирлын 250.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-6/.
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-7/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-44-45/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 24-211 тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаатарын гэрт А.Байгалмааг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Байгалмаагийн “…Батсүх тэгсэн чинь юун сүртэй юм бэ гээд над руу ойртоод ирэхээр нь би түлхсэн чинь намайг шууд гараараа зүүн нүд, чих рүү цохиод миний зүүж явсан мөнгөн гинжийг тасдаад цээжин хэсэг хумсаараа маажсан байсан…” гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнхбаатарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн № 2099 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч М.Бэд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав.
Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч А.Байгалмаа нь “…250.000 төгрөг хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэж мэдүүлсэн байх тул гэм хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч М.Бийг бусдад төлөх төлбөргүй болсон байна гэж үзлээ.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, мөн хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бэд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН