| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2319004020009 |
| Дугаар | 2024/ДШМ/44 |
| Огноо | 2024-09-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Болор |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/44
М.С, Б.Б, Б.Ч,
С.Т нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
прокурор: Б.Болор,
өсвөр насны шүүгдэгч Б.Б
өсвөр насны шүүгдэгч М.С,
өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангоо,
өсвөр насны шүүгдэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баяржавхлан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, прокурор Б.Ариунтөрийн эсэргүүцэл, өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангоогийн давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч М.С, Б.Б, Б.Ч, С.Т нарт холбогдох эрүүгийн 2319004020009 дугаар хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1.2.С.Т,
1.3. Б.Б,
1.4. М.С,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нар нь насанд хүрээгүй О.Ц, А.М нартай бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн *багт үйл ажиллагаа явуулдаг "Мини маркет" гэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 569,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч "Хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.С, Б.Б, Б.Ч, С.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...Өсвөр насны шүүгдэгч ... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.С, Б.Б нарт 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.Ч нарт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Ч, С.Т нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.С, Б.Б нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсгээс өсвөр насны шүүгдэгч М.С холбогдох хэсгийг, 5, 6 дахь заалтыг, мөн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.С, Б.Б нарт тус бүрийг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.С, Б.Б нарт оногдуулсан 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 07 сарын хугацаагаар тус тус тогтоосугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.С, Б.Б нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.С, Б.Б нарт оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.Ч нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорноговь аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Э.Р, Ц.Ц нарт даалгаж,
Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди- г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.Ч нарт сэргийлэх хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5.Өсвөр насны шүүгдэгч нарыг өмгөөлөгч Т.Урангоо давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөн М.С хувьд сүүлд 2 дахь удаагаа шүүх хурлаар орохын өмнө 12 хоног цагдан хоригдсон байдаг. Энэ хугацааг хорих ялын хугацаанд оруулж тооцуулах гэсэн саналтай байна. 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гээд 2 өдөр М.С, Б.Б нар ял шийтгэл эдэлсэн. Энэ хугацааг хүмүүжлийн чанартай арга хэмжээг тодорхой хугацаанд эдэлсэн учраас нийт эдлэх хугацаанаас хасагдаад түүнээс дахин 2 удаагийн хөнгөрүүлэх заалтыг хэрэглэх ёстой гэсэн утгаар мөн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр М.С шийдүүлээд дахиад 11 дүгээр сарын 21-ний өдөр шийдүүлэхдээ анхан шатын шүүхээс М.С өмнө нь 1 жилийн хугацаагаар авсан байсан хүмүүжлийн чанартай арга хэмжээг 2 жил болгож өөрчилсөн. Үүнтэй адилхан хүмүүжлийн чанартай арга хэмжээний нийт эдлэх хугацаа 3 жил хүртэл байдаг учраас уг хугацаагаар болгож нэмж тооцох боломжтой гэсэн утгаар гомдол гаргасан. Мөн одоо нэмэгдэж байгаа зүйл нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд гэсэн байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авсан тодорхойлолтоор шийтгэх тогтоолууд нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болон 25-ны өдөр хүчин төгөлдөр болжээ гэж үзэхээр байгаа. Хэрвээ хүчин төгөлдөр болсноос хойш гэх юм бол өмнө нь авсан 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр авсан шийтгэх тогтоол болон 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр авсан шийтгэх тогтоолууд нь хүчин төгөлдөр болоогүй байсан байна гэсэн утга гарч ирж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ авсан тогтоолууд нь хүчин төгөлдөр болоогүй байсан учраас хамгийн сүүлийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор хүмүүжлийн чанартай арга хэмжээ авсан тогтоолыг хүчингүй болгох асуудал байхгүй. Дахин хүмүүжлийн чанартай арга хэмжээ авах боломжтой гэж харсан.” гэв.
6.Өсвөр насны шүүдэгч Б.Б, М.С нар шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
7.Өсвөр насны шүүгдэгч Б.Б хууль ёсны төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Б.Б нь багаасаа ясны сийрэгжилттэй бөгөөд эмчийн хяналтад байдаг. Тиймээс ялыг нь хөнгөвчилж хүмүүжлийн арга хэмжээ болгож өгөөч гэсэн хүсэлттэй байна.” гэв.
8.Прокурор Э.Болор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд заасан цагдан хоригдсон 12 хоногийг хасаж тооцох нь зүйтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нарт эдлэх ялыг эдлэх ялаас нь дээрх цагдан хоригдсон хугацааг эдэлж тооцох үндэслэлтэй. Өмгөөлөгчөөс гарч байгаа гомдолд өмнөх гарсан, шийдэгдэх тухай хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгааг эдэлж эхлээгүй байсан гэсэн байна гэхээр шүүхээс явахад тухайн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болчихсон. Энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэгдсэн учраас хүчингүй болгох үндэслэлтэй байсан гэж үзэж байгаа. ...шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзсэн. Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоол гарах үед өсвөр насны шүүгдэгч М.С тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан зан үйл засах, хөдөлмөр дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээсэн. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа бүхий байгууллагад урьдчилан мэдэх үүрэг хүлээсэн. Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 191 дугаартай шийдэх тогтоолоор 1 жилийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авагдаж зан үйл засах, хөдөлмөр дадал холбох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллага нь урьдчилан мэдэх үүрэг хүлээсэн байсан. Анхан шатын шүүх өсвөр насны шүүгч Б.Б, М.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 148, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоос шүүгдэгч нарт холбогдох хэргийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэм бурууг ухамсарлаж, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах гэмт хэргийг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ. Мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах алдаа, арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэргийг дахин үйлдсэн бол шүүх алдаа, арга хэмжээг авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулна гэж заасныг зөрчсөн. Шүүх өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчиж, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял оногдуулсан нь буруу байна гэж үзсэн. Ингээд Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 152 дугаартай шийтгэх талыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэргийг хэлэлцүүлэх эсэргүүцэл бичсэн.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишигийн эсэргүүцэл, өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангоогийн давж заалдсан гомдолд тус тус үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эсэргүүцэл болон давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч нарт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн шинжид бүрэн нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, С.Т, Б.Ч нар нь насанд хүрээгүй Б.Т бүлэглэн хулгайлах гэмт хэргийг,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нар нь насанд хүрээгүй О.Ц, А.М нартай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт болсон тул өсвөр насны шүүгдэгч М.С, Б.Б, С.Т, Б.Ч нарыг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
3.Анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нарын өмгөөлөгч Т.Урангоо “...шүүгдэгч нарт урьд нь авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгож хорих ял оногдуулахдаа эдэлсэн хугацааг хасч тооцох, ...эсхүл хүмүүжлийн чанартай арга хэмжээг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 3 жил болгож тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр гомдол гаргасан,
Прокурор эс зөвшөөрч “...шүүх өмнөх шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нарт хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял оногдуулсан нь буруу болсон тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.
4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж үзсэн.
Учир нь: Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тусгайлан зааж, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчид уг журмаар ял оногдуулах, оногдуулсан ялыг багасгах, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болох бүх нөхцөлүүдийг нь заасан ба шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ журмыг дангаар хэрэглэх байтал Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх журмыг давхар хэрэглэсэн нь буруу болсон, ингэхдээ шүүх мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчиж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй, хорих ялыг хуульд зааснаас өөр буюу “...01 жил, 01 жил 02 сар, 01 жил 01 сарын” гэх мэтчилэнээр тогтоосон зэрэг нөхцөл байдлууд нь шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй болгох үндэслэлүүд болсон.
Өөрөөр хэлбэл: Шийтгэх тогтоолд “... өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялыг хөнгөрүүлж 01 жилийн хорих ял оногдуулсны дараа нь Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялаа хоёр дахин багаж 06 сарын хорих ял болгож, багасгасан,
өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нар өмнөх шийтгэх тогтоолоор хулгайн гэмт хэргийн улмаас шүүхээр шийтгүүлж, шүүхээс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд дахин бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт урьд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн дахин Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ялыг багасга:ж 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулсны дараа Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялаа дахин хоёр дахин багасгасан ба Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг шүүгдэгч тус бүрт 01 жил 01 сарын хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэг буюу “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” үндэслэл, журам, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам,
эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим зэрэгтээ тус тус зөрчилдсөн байна.
Шүүгдэгч нар хэдий өсвөр насны хүүхдүүд боловч шүүхээр шийтгүүлсний дараа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байхад үйлдэл болгонд нь ялыг хөнгөрүүлэх, багасгах нөхцөлийг давхар хэрэглэж байгаа нь гэм буруутай хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэхэд муу нөлөөлөл үзүүлсэн зохимжтой биш ял болсон.
5.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хэрэглэгдэхгүй, Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэг буюу “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” үндэслэл, журам дангаараа хэрэглэгдэнэ гэж ойлгоно.
6.Өсвөр насны шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг ... үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол ... хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад хуульд заасан үндэслэлээс доогуур ...нэг жил, ... нэг жил хоёр сарын, зургаан сарын гэх мэтээр энэ хуульд зааснаас доогуур ялыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж ял оногдуулсан.
Мөн Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-д хорих ялын хугацааг “ ... зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар” гэж буюу ялын хугацааг үсгээр бичихээр заасан байхад шүүгч “ ... 01 жил, 01 жил 02 сарын, 01 жил 01 сарын” гэх мэтчилэнгээр хуульд зааснаар өөрөөр ойлгомжгүй бичсэн нь буруу болсон.
7.Зүй нь анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүх өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эхлээд ялаа оногдуулсныхаа дараа Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар ялаа оногдуулна.
Үүний дараа нь Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялуудыг нэмж нэгтгэсний дараа Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаа багасгах байдлаар ял оногдуулах ажиллагаа нь хуульд заасан дэс дараалалтайгаар явуулах байсан.
8.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д “...үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.
Өмнөх шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгохдоо хугацааг хасч тооцох, эсхүл хүчингүй болгохгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дахин өгч, нэмж нэгтгэх гэсэн зохицуулалт энэ хуульд байхгүй тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангоогийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.
9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд “…шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж заасан нь шүүхээс тогтоосон ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлэх, шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй байгууллага.
Гэтэл Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмгөөлөгч Т.Урангоод гаргаж өгсөн тодорхойлолтод “...өсвөр насны шүүгдэгч М.С Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолоор ... ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, М.С энэ тогтоолоор оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнээс тусад нь эдлүүлэхээр заасан тул Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг эдэлж эхлээгүй байгаа болно” гэсэн нь шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын гүйцэтгэлийн гүйцэтгэх ажиллагааг хийгээгүй, шүүхээс хүлээлгээгүй, хуульд заагдаагүй эрх хэмжээг эдэлж байгаа хариуцлагагүй нөхцөл байдал үүссэн байгааг прокурор анхааралдаа авах нь зүйтэй байна.
10.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх үндэслэл, журам өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгтэй хамт давхар хэрэглэгдэхгүй гэж давж заалдах шатны шүүх үзэж байгаа, үндэслэлээ магадлалын тодорхойлох хэсгийн эхлэлд тодорхойлсон тул прокурорын эсэргүүцэлд бичигдсэн “...шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж болно, гэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нарт хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг давхар журамлан ял оногдуулсан нь буруу болсон” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийн үндэслэл мөн үндэслэлгүй юм.
11.Иймд эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, шүүгдэгчийн өмгөөлөгч, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
12.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-д тус тус заасан анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлүүдэд хамаарч байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/151 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5, 14.9 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очтол шүүгдэгч М.С, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С, Б.Б нарын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 105 /нэг зуун тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС